"Роснефть" компани импортлогч компаниудтай урт хугацааны гэрээтэй ажиллаж байна гэв

ОХУ-ын Засгийн газраас гаргасан бензин шатахууны экспортод хориг тавих шийдвэр гаргасан бөгөөд уг асуудлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас дараах мэдэгдлийг гаргажээ.
"ОХУ-д зуны урт амралт, аялал жуулчлалын өсөлт, газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд дулааны улиралд хийгддэг засварын ажлуудын удаашрал зэрэгтэй холбоотой дотоодын зах зээл дээрх шатахууны үнэ 30 орчим хувиар нэмэгдсэн байна.
Үүнтэй холбоотой автобензинийн экспортод хориг тавих арга хэмжээ авах болсон талаар ОХУ-ын Засгийн газраас 2025 оны долоодугаар сарын 28-ны өдөр мэдээллээ.
Уг хориг нь 2025 оны наймдугаар сарын 01-нээс наймдугаар сарын 31 хүртэл хэрэгжүүлэх, зөвхөн автобензинийн экспортыг хориглох, ОХУ-тай газрын тосны бүтээгдэхүүний худалдах, худалдан авах Засгийн газар хоорондын хэлэлцээртэй болон ЕвроАзийн эдийн засгийн гишүүн орнуудад үйлчлэхгүй байх заалттай байна.
Манай улсад ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины 2024 оны есдүгээр сард хийсэн албан айлчлалын үеэр “Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай” Монгол Улс болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулсан бөгөөд уг хэлэлцээрийн дагуу манай улсад түлш, шатахууныг тогтмол тасралтгүй худалдах, худалдан авах үүргийг талууд хүлээсэн байдаг.
Нөгөө талаас манай улсын автобензинийн хэрэглээний 75 орчим хувийг ОХУ-ын Роснефть компани дангаар нийлүүлдэг импортлогч компаниудтай урт хугацааны гэрээтэй ажиллаж байна.
Газрын тосны бүтээгдэхүүн, түлш шатахууны импортын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. 2025 оны долоодугаар сарын 29-ний байдлаар улсын хэмжээнд Аи-92 автобензин 20 хоног, Аи-95 автобензин 41 хоног, дизель түлш 20 хоног, ТС-1 онгоцны түлш 50 хоногийн ердийн хэрэглээний үлдэгдэлтэй байна" гэв.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.