Гадаад мэдээДЭЛХИЙ

Квентин Тарантино: Миний тухай кино хийвэл би үзэхгүй

Холливудын хамгийн шилдэг найруулагчдын нэг гэгддэг Квентин Тарантино "The Talks" сэтгүүлд өгсөн ярилцлагыг орчуулж хүргэе.

Ноён Тарантино, таны кинонуудыг үзээд энийг асуухгүй байхын арга алга. Та эмэгтэй хүний хөлд дуртай юу?

Би үүнийг нуухгүй ээ. Хөлд дуртай гэгддэг найруулагчдыг бодож үзвэл Альфред Хичкок, Бунюэль, Самюэл Фуллер нар багтана. Гоё хамт олон шүү, тэд бүгд камераа хэрхэн байршуулж дүрс бичихийг мэддэг сайн найруулагчид. Гэхдээ миний кинон дээр хөл ч байна, өгзөг ч байна. Хоёуланд нь яг адилхан анхаарал хандуулдаг шүү.

Хүчирхийлэлд ч бас фокус өгч байгаа мэт харагддаг

Зүгээр л өөрийн түүхийг өгүүлж, зүйлсийг өөрийнхөөрөө хийж байгаа хэрэг. Би төрөл бүрийн жанрууд дээр ажиллах дуртай, дотогш нь гүнзгий орж, тэдний доторх дэд жанруудыг судалж, туршиж үздэг. Миний барьж авдаг жанрууд бол хүчирхийлэл, сенсац дүүрэн гэмт хэрэг, күнфү, самүрай, аймшгийн, машинтай хөөцөлддөг кинонууд гээд л их бий. Эдгээр жанруудад мэдээж зүрх зогсохоор хүчирхийлэлтэй кинонд тохиромжтой байдаг. Би үүнд дуртай. Харин “Jackie Brown” бол хүчирхийлэл бус дүр дээр төвлөрсөн кино.

Ийм тод, амьд дүрүүдийг яаж бүтээдэг юм бэ? Таны нууц жор юу вэ?

Миний өгөх гэж буй хариулт ямар нэгэн өөр утгатай биш шүү. Би бол зохиолч хүн. Миний хийх ёстой ажил бол зөвхөн өөрийнхөө тухай бичих биш, бусад хүний ертөнцийг харах, тэдний ярианы өнгө аяс, хэллэгийг анзаарч ажиглах. Миний толгой яг л хөвөн шиг, хүн бүрийн яриаг сонсож, зан араншныг ажиглаж, хүмүүс надад нэг хөгжилтэй зүйл хэлэхэд би тогтоож авна. Тэд амьдралынхаа сонирхолтой түүхийг яривал би ой тойндоо хийдэг.

Зургийн эх сурвалж: The Toilet ov Hell

Хэрвээ санадаггүй бол яах вэ?

Тэгвэл санах хэрэггүй л зүйл байсан гэсэн үг. Хамгийн гол нь, тэр зүйл бүхэн нь миний дотор хадгалагдчихсан байдаг. Зургаан сарын дараа ч бай, арван таван жилийн дараа ч бай, би шинэ дүр зохиох үед бал минь яг л антенна шиг тэр мэдээллийг татаж аваад, дүрүүд маань гараад ирдэг. Би тэдний яриаг зохиож бичдэггүй, тэд зүгээр л хоорондоо ярилцаж эхэлдэг.

Хүчирхийллийн тухай дахин ярья, та хувьдаа юунаас хамгийн их айдаг вэ?

Миний хамгийн том айдас, магадгүй цорын ганц "супер" айдас гэвэл хулгана.

Тийм гэж үү?

Миний ганц айдаг зүйл. Хэрвээ одоо энэ ширээн дээр хулгана гарч ирвэл, би айсандаа болоод нэг эмэгтэйн өвөр рүү үсэрнэ. Магадгүй бүр түүний мөрөн дээр гарч зогсоод хашхирна.

Та аймшгийн зүүд зүүдэлдэг үү?

Би маш удаан хугацаанд аймшгийн зүүд зүүдлээгүй. Бага байхад муу зүүд зүүдэлбэл ээжийнхээ оронд ороод унтчихдаг байсан. Гэхдээ ээж маань нэлээн чанга хатуу хүн байсан. Тодорхой насанд хүрсний дараа намайг өөрийнхөө оронд унт гээд явуулчихдаг болсон. Аймшгийн зүүд зүүдлэх эрх надад байхгүй болжээ гэдгийг би тэр үед л олгосон юм. Тэрнээс хойш бараг зүүдлээгүй.

Та хэзээ нэгэн өдөр хүүхэдтэй болохыг хүсдэг үү, эсвэл хүүхэд чинь таны бүтээлч энергиэс хумсалж магадгүй гэж боддог уу?

Юу болохыг харж л байя. Гэхдээ би үүрд кино хийгээд явах бодолгүй. 60 нас хүрэхээрээ болих хүсэлтэй.

60 хүрээд зогсоно гэдэгтээ үнэхээр итгэлтэй байна уу?

Итгэлтэй хэлж чадахгүй ч, тэгж төлөвлөж байгаа. Би хөгшин найруулагч болоод, хөгшин хүний кино хийж, хэзээ зогсохоо мэддэггүй хүн шиг харагдахыг хүсэхгүй байна. Хөгшин хүний кино хийж, өөрийн намтраа бусниулмааргүй байна. Гэхдээ энэ бодлоо өөрчилж ч магадгүй. 62-тойдоо кино хиймээр байвал хийж чадна. Гэхдээ би тоглоомоос ялагчийн дүрээр гармаар байна. Таны өмнө буй хүн, таны одоо харж буй хүнийг л би хүсэж байгаа. Харин тэр үед би ном бичиж, хүүхэдтэй болж, бичгийн хүн болсон байхыг хүсдэг. Киноны тухай ном, роман бичих ч юм уу.

Тооцоолж үзвэл та амьдралдаа хэдэн кино үзэж байна вэ?

Би үнэндээ мэдэхгүй байна. Гэхдээ 17-гоос 22 нас хүртлээ би тухайн жилд үзсэн бүх киноны жагсаалтыг гаргадаг байсан. Шинэ кино бол дугаарыг нь тойруулж дугуйлдаг. Дараа нь дуртай киногоо сонгоод, өөрийн гэсэн "шагнал" өгдөг. Тэр үед жилд 197 эсвэл 202 кино үзсэн байдаг байлаа. Тэр үед би мөнгөгүй ч гэсэн тасалбар аваад кино үздэг байсан. Миний хамгийн идэвхтэй кино үзсэн цаг үе тэр байсан байх. Жилдээ дунджаар 200 орчим кино үзсэн.

Зургийн эх сурвалж: Den of Geek

Тэгвэл үзсэн киноны тоо өндөр гэдэг нь гарцаагүй юм байна. Таны хамгийн дуртай 3 кино?

Яг одоо энэ мөчид хамгийн таалагдаж буй кинонууд гэвэл би гурван кино хэлнэ. Маргааш, эсвэл 6 цагийн дараа өөрчлөгдөж магадгүй.

Тэгвэл яг одоо таалагдаж байгаа гэвэл?

“Abbott and Costello Meet Frankenstein” гэж хариулъя. Би багадаа энэ киног үзээд хамгийн дуртай кино маань болсон. Учир нь тус киног жанрууд хольж хийсэн. Аббот, Костелло хоёр инээдтэй, харин Франкейнштэйн гарч ирэхэд үнэхээр аймшигтай байсан. Таван настайдаа ч гэсэн би дотроо жанруудыг ялгаад эхэлчихсэн байсан хэрэг. Би өнөөдрийг хүртэл яг үүнийгээ л хийж явна. Жанруудыг холих. Хоёр дахь кино “Taxi Driver”, яагаад гэдгийг хэлэх хэцүү. Энэ киноны хүчийг хоёр өгүүлбэрт багтаах аргагүй. “Taxi Driver” бол уран зохиолд л байдаг шиг гүн гүнзгий дүрийн судалгаа. Гэхдээ маш сонирхолтой, инээдтэй хэсгүүд ч дүүрэн. Харин гурав дахь нь бол мэдээж “The Good, the Bad and the Ugly”.

Танд таалагддаггүй жанр бий юу?

Намайг бүх жанрыг хайрладаг гэж бодож болохгүй. Би түүхэн сэдэвтэй кинонд дуртай ч, гоёлын хувцастай драма бол нэг их сонирхдоггүй. Харин биопик бол бүр ч сонирхолгүй. Би энэ төрлийн киног хүндэтгэдэггүй. Зүгээр л жүжигчид Оскар авах арга, ёс зүйгүй жанр гэж боддог.

Яагаад?

Хамгийн сонирхолтой хүний амьдралыг хүртэл эхнээс нь дуустал нь харуулбал үнэхээр уйтгартай кино болно. Хэрвээ биопик хийх гэж байгаа бол тэр хүний амьдралыг комик ном шиг хий. Жишээ нь Элвис Преслигийн тухай кино хийх гэж байгаа бол бүх амьдралыг нь биш, нэг л өдрийн тухай хий. Элвис “Sun Records” руу орж очсон өдрийг кино болго. Бүхэл өдрийнх нь түүхийг яриад, хаалгаар нь орж ирэх мөч дээр кино дуусах ёстой. Тэр бол жинхэнэ кино.

Таны тухай кино хийвэл бас уйтгартай кино болох уу?

Намайг магтаж байгаа бол баярлах байх. Гэхдээ би бол үзэхгүй.

Эх сурвалж: The Talks

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 2, 2025 12:49

Холливуд асуултууд ийм байдаг бол манай асуултууд: таны идэх дуртай хоолюу вэ, та хэнд баярл�##�аа гэж хэлэх ьэ....гээд л хөвөрч өгнө дөө ккк

Зочин
Зочин
8 сар 2, 2025 15:39
Reply to  Зочин

манай нийгмийн соёлын, мэдлэг боловсролын, ухамсарын түвшин тэр ...

Зочин
Зочин
8 сар 2, 2025 15:40

Тарантиногийн кинонууд бүгд сонирхолтой, уйдаахгүй ... гэхдээ зарим нь аймаар 🙂

Холбоотой мэдээ

Back to top button