"Урьдчилгаагаа хурдан байршуулахгүй бол өөр хүн түрээслэх гэж байна хэмээн залилдаг"

Наймдугаар сар. Зуны амралт дуусаж, оюутнууд Нийслэлийг зорьж хичээлдээ бэлтгэдэг сар. Энэ үед тэдэнд сургалтын төлбөр, түрээсийн байрны зардал бараг л толгойн өвчин болдог гэхэд хилсдэхгүй. Гэтэл үүний зэрэгцээ хэрхэн залилуулалгүйгээр байр түрээслэж амьдрах вэ гэдэг том асуудал тулгардаг байна.
Иймд орон байрны залилангийн гэмт хэргийн талаар Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх албаны ГХЗУСХ-ийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч М.Мөнхгэрэлтэй ярилцлаа.
-Тохилог байр хямд үнээр түрээслүүлнэ гэх зар сошиал хуудсуудад байршуулж, залилах гэмт хэрэг өсөх хандлагатай байна. Энэ талаар яриагаа эхлэх үү?
Цахим хэрэгсэл ашиглан үйлдэгдэж буй залилах гэмт хэрэг бол нийт гэмт хэргийн 85-90 хувийг эзэлдэг. Цахим сүлжээ ашиглан олон төрлийн гэмт хэрэг үйлдэгддэг бөгөөд үүний нэг нь байр түрээстэй холбоотой залилан.
Өнгөрсөн оны мөн үеийн статистик мэдээллээс харахад орон байрны залилах гэмт хэрэг цагдаагийн байгууллагад 111 бүртгэгдсэн байна. Үүний 56 хувь нь зөвхөн найман сард бүртгэгдсэн тоон мэдээлэл байна. Эл үзүүлэлтээс харахад оюутан сурагчдын хичээл сургууль эхлэхтэй холбоотойгоор орон байрны хэрэгцээ нэмэгддэгтэй холбогдож байгаа хэрэг л дээ.
-Он гарснаас хойш энэ төрлийн залилах гэмт хэрэг хэд бүртгэгдээд байна вэ?
-Энэ оны эхний долоон сарын байдлаар 143 гэмт хэрэг бүртгэгдчихээд байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулан харвал 29 орчим хувиар өссөн хандлагатай харагдаж байгаа юм. Давтан хэлэхэд дээр тоон мэдээлэл бол долоон сарын статистик. Гэтэл энэ төрлийн гэмт хэрэг наймдугаар сард идэвхэждэг гэж үзвэл улам өсөх хандлагатай байгаа гэсэн үг.
-Залилан өнгөрсөн оны мөн үеэс 57.1 хувиар өсөж 11093 удаа үйлдэгдсэн байна-
Улсын хэмжээнд эхний долоон сарын байдлаар Эрүүгийн хуулийн 17.3 дугаар заалт буюу Залилах гэмт хэрэг 11093 бүртгэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4030-аар буюу 57.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнээс Нийслэлд хамгийг олон буюу 9260 хэрэг бүртгэгдсэн байна.
-Дийлэнхдээ ямар аргаар иргэдийг залилаад байна. Иргэд энэ төрлийн гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Энэ төрлийн гэмт хэрэг ямар аргаар үйлдэгддэг вэ гэхээр, Залилагч этгээд бидний хамгийн ихээр хэрэглэж буй сошиал сүлжээгээр дамжуулан зарын групп, сайтуудад хуурамч хаягаас, хуурамч зураг, мэдээлэл ашиглан гэмт хэрэг үйлдэж байна. Ингэхдээ үнэ болон байрны байршил зэргийг хамгийн таатай нөхцөлийг санал болгож итгэл төрүүлэх замаар гэмт хэрэг үйлддэг. Тэд иргэдтэй холбоо тогтоохдоо гарцаагүй байдалд оруулах, заавал сонгох ёстой гэх мессежүүдийг өгдөг. Тухайлбал, "яг одоо та энэ байрыг түрээслэхгүй бол дараагийн түрээслэх хүн бэлэн байна. Тиймээс хурдан урьдчилгаа төлбөрөө шилжүүлэх шаардлагатай" гэх мэт гарцаагүй байдалд оруулж залилдаг.
Нэгдүгээрт: Түрээслэх гэж байгаа орон байраа заавал очиж үзэх шаардлагатай. Иргэдийн хувьд юун дээр алдаад байна вэ гэхээр цахим хаягт байршуулсан зураг, мэдээлэлд шууд итгэж, яарч мөнгөө шилжүүлээд байна.
Тиймээс очиж үзэхдээ тухайн орон байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгэг шалгах, түрээслэх гэж байгаа этгээдийн овог нэр, регистрийн дугаартай таарч байгаа эсэхийг заавал шалгах. Ингэхдээ цаасан байдлаар бус emongolia-р давхар шалгаж, баталгаажуулах хэрэгтэй.
Хоёрдугаарт . Түрээсийн гэрээ байгуулах шаардлагатай. Ингэхдээ тухайн гэрээгээ эрх бүхий байгууллагуудаар баталгаажуулах хэрэгтэй.
Гуравдугаарт. Хэзээ ч дээрх хоёр алхмыг хийгээгүй тохиолдолд урьдчилгаа мөнгө байршуулж болохгүй. Гэрээ байгуулан , нотариатаар баталгаажуулсны дараа төлбөрөө өгөх ёстой гэсэн үг. Иргэдийн хувьд гэрээгээ баталгаажуулахаас өмнө урьдчилгаа 1-3 сая төгрөг өгөөрэй гэх үед нь шилжүүлчихдэг. Энэ нь залилах гэмт хэрэгт шүүлтүүргүйгээр орж байгаагийн нэг хэлбэр.

-Тодорхой кейс дурдвал?
-Хамгийн сүүлийн жишээ гэхэд энэ сарын 08-ны өдөр, Баянгол дүүрэгт нэгэн иргэн нэр бүхий хотхонд байр түрээсэлж амьдарч байтал өөр нэгэн этгээд "энэ байрыг түрээсэлсэн юм" хэмээн ирсэн байдаг. Улмаар тухайн этгээд өөрийгөө залилуулсан тухайгаа мэдмэгцээ цагдаагийн байгууллагад хандсан. Шалгалтын явцад тухайн иргэн цахим сүлжээгээр нэг иргэнтэй холбогдож тухайн байрыг түрээсэлсэн. Ингэхдээ ямар нэгэн гэрээ хийгээгүй, аман байдлаар тохиролцоод 3.9 сая төгрөгийг шилжүүлсэн нь тогтоогдсон. Одоогоор тус хэрэгт холбоотой шалгалтын ажил явагдаж буй.
Залилагч этгээд хэзээ ч хувийн хаяг, дансаа ашиглаж тус үйлдлийг гаргахгүй. Данс, хаягаа алдсан хүний мэдээллийг ашиглан үйлдэгддэг учир илрүүлэхэд хугацаа ихээр шаардагддаг гэсэн үг. Дансны дугаар, эзэмшигчийн нэр байхад цагдаа нар илрүүлж чадахгүй байна гэх гомдол иргэдээс цөөнгүй ирдэг л дээ. Гэтэл залилан үйлдсэн дансны мэдээллээр шалгалтын ажиллагаа явуулахад хувийн мэдээллээ алдсан хүнийх болох нь тогтоогддог. Тиймээс бусдад дансны мэдээллээ алдахгүй байх шаардлагатай.
-Залилагч этгээд болон энэ төрлийн залилах гэмт хэргийн хохирогч болж буй хүмүүсийн дийлэнх нь хэдээс хэдэн насныхан байна вэ?
-Цахимаар залилуулж буй дийлэнх хүмүүсийг насны бүлгээр нь авч үзвэл 18-35 насныхан байна. Тухайлбал, энэ насныхан тогтмол ажил эрхлэлт, орлоготой байгаа юм. Харин залилагч этгээдүүдийн хувьд 18-45 насны, бүрэн дундаас дээш боловсролтой хүмүүс байна.
-Энэ төрлийн гэмт хэрэг олон бүртгэгдээд байхад цагдаагийнхан илрүүлж чадахгүй байна гэх иргэдийн шүүмжлэл цөөнгүй шүү дээ?
-Эхний долоон сарын байдлаар нийт гэмт хэргийн 50 орчим хувийг илрүүлсэн байна. Бид хуулийн хугацаанд шаардлагатай мөрдөн шалгах ажиллагааг явуулж, уг гэмт хэргийг аль болох түргэн шуурхай илрүүлэх тал дээр анхаарч ажилладаг. Гэтэл иргэдийн зүгээс амархнаар сэтгэж, хурдан илрүүлж өгөөгүй гэх гомдол ирдэг.
Иймд иргэн залилуулсан тухайгаа олж мэдмэгцээ цагдаагийн 102 утсанд яаралтай мэдэгдэх шаардлагатай. Ингэснээр Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй холбогдоно. Тухайн хэлтэс нь Монголын арилжааны банкнуудтай хамтарч ажилладаг учир залилагч этгээдийн дансанд барилт хийх боломжтой. Барилт хийснээр залилагч этгээдийн дансанд шилжсэн таны мөнгө гарах боломжгүй болно гэсэн үг. Иймд хэр хурдан мэдээлнэ төдий чинээ хурдан илрэх боломжтой гэж ойлгож болно.
Таны хуулийн мэдлэгт: Эрүүгийн хуулийн 17.3- Залилах
1.Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
- 2.1.албан тушаалын байдлаа ашиглаж;
- 2.2.бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг:
- 3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;
- 3.2.олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн;
- 3.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Урьдчилгаа байршуулж байгаа нь иргэдийн буруу шүү, ямар ч найдвэргүй үйлдэл битгий хий л дээ
З�##�илан газар авчээ
Хүн хүнийхээ амьдр�##�д ингэж гай болж болохгүй шүү дээ хэтэрхий юм
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch