Нийгэм мэдээ

Монголбанк: "Хар жагсаалт" үгүй болсон ч зээлийн түүх, хугацаа хэтрэлтийн мэдээлэл арилахгүй

УИХ-аас Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг энэ оны тавдугаар сард баталсан. Үүний дагуу иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн мэдээллийг ангиллаар тооцдог байсныг болиулж, олон улсын стандартын дагуу онооны системд шилжихээр болсон юм.

Хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Монголбанкны зүгээс холбогдох журмыг баталсан бөгөөд Монголбанкны Ерөнхийлөгчийн есдүгээр сарын 01-ний өдрийн тушаалаар иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн мэдээллийн лавлагаанд өөрчлөлт оруулаад буй.

Ингэснээр 2025.09.01-ний өдрийн байдлаарх зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй найдваргүй зээлийн ангилалд буй бүх мэдээллийг хүчингүй болгосон. Үүнтэй холбоотойгоор зээлийн мэдээлэл нийлүүлэгч болон банк, санхүүгийн байгууллагууд нь иргэн аж ахуйн нэгжийн зээлжих чадавхыг хуулийн дагуу онооны системээр тооцoхоор болсныг мэдэгдсэн.

Тодруулбал, иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн мэдээллийн лавлагаанд зээлийн ангиллын мэдээллийг тусгахгүй бөгөөд цаашид зээлийн мэдээллийг зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэл тогтооход ашиглана. Харин иргэд хар жагсаалт үгүй болж, өмнөх зээлийн мэдээллүүд байхгүй болсон гэж ойлгоод буй. Энэ тухай Төв банкнаас тодрууллаа.

-Зээлийн ангилал буюу “хар жагсаалт” байхгүй болсон уу?

-Зээлийн мэдээллийн лавлагаанд 2025.09.10-ны өдрөөс эхлэн зээлийн хугацааны ангиллын мэдээллийг тусгахгүй болсноор иргэдийн дунд “хар жагсаалт” гэж яригддаг зүйл байхгүй болсон. Гэхдээ энэ нь “зээлдэгчийн зээлийн түүх бүрмөсөн арилна, зээлийн хугацаа хэтрэлтийн мэдээлэл байхгүй болно, хугацаа хэтрүүлэн төлсөн ч цаашид зээл авахад нөлөөлөхгүй” гэсэн үг биш юм.

-Зээлийн мэдээллийн лавлагаанд ямар мэдээллийг тусгаж байгаа вэ?

Зээлийн мэдээллийн лавлагаанд одоо үлдэгдэлтэй байгаа зээл, төлбөрийн мэдээлэл болон төлөгдсөн зээлийн мэдээлэл хаагдсан өдрөөсөө хойш 5 жилийн хугацаанд тусгагддаг бөгөөд хугацаа хэтрэлтийн хоногийн мэдээллийг 90 хоног хүртэл хугацаа хэтэрсэн зээл, 90-ээс дээш хоногоор хугацаа хэтэрсэн зээл гэсэн хоёр баганад харуулдаг болсон.

-Зээлийн оноогоо хэрхэн дээшлүүлэх вэ?

-Зээлийн оноо нь зээлдэгчийн одоо үлдэгдэлтэй байгаа зээл, төлбөрийн мэдээлэл, зээлээ эргэн төлөх хуваарийн дагуу цаг хугацаандаа төлсөн эсэх зээлийн түүх, хугацаа хоцроож төлсөн байдал, өр орлогын харьцаа, зээлээ эргэн төлөх чадвар, зээлийн эрсдэлийн түвшин, санхүүгийн сахилга бат зэрэгт үндэслэн тодорхойлсон, зээлдэгчийн санхүүгийн харилцаанд орж буй зан төлөвийг илтгэж буй тоон үзүүлэлт юм. Зээлдэгч зээл, төлбөрөө төлөхгүй байх, хоцроож төлөх болгонд зээлийн оноо буурах бөгөөд эргээд зээлээ хэвийн төлж эхлэхэд зээлийн оноо хэвийн түвшинд хүртэл нэмэгдэх магадлалтай юм.

Зээлээ хугацаандаа төлөөгүй иргэдийн хувьд санхүүгийн хариуцлага, сахилга баттай байж, тодорхой хугацаанд зээлээ эргэн төлөлтийн хуваарийн дагуу хоцрогдолгүй төлснөөр зээлийн оноогоо дээшлүүлэх боломж нөхцөл бүрдэнэ. Зээлийн оноо нь нэмэгдсэнээр зээлийн хүү, нөхцөл сайжрах магадлалтай бөгөөд зээлийн хүртээмж нэмэгдэх боломжтой юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ЗочинБат
ЗочинБат

Хар жагса�##�таас гарсан ч зээлийн хэтрэлттэй гээд зээл олдохгүй бна ялгаагүй л юм бншдээ

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button