УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцов

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 чуулганы Ерөнхий санал шүүмжлэл АНУ-ын Нью-Йорк хотноо 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг НҮБ-ын Төв байранд хүрэлцэн ирэхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш албан ёсоор угтан авсан байна.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтэд оролцжээ.

Энэ удаагийн чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд НҮБ-ын гишүүн 150 гаруй орны төр, засгийн тэргүүн оролцож байна.

НҮБ байгуулагдсаны 80 жилийн ойн чуулган болон Ерөнхий санал шүүмжлэлийг “Хамтдаа хүчтэй 80 жил болон энх тайван, хөгжил, дэвшил, хүний эрхийн төлөөх илүү сайхан ирээдүй” сэдвээр зохион байгуулж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлж, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.

​НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулган 2025 оны 09 дүгээр сарын 09-нөөс 12 дугаар сарын сүүлч хүртэл АНУ-ын Нью-Йорк хотноо үргэлжилнэ.

Чуулганы даргаар ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд асан Анналена Бербок ажиллаж байна.

Чуулганаар олон улсын энх тайван, аюулгүй байдал, зэвсэг хураах, энхийг сахиулах ажиллагаа, үндэстэн дамнасан гэмт хэрэг, терроризмтой тэмцэх, олон улсын эрх зүй, нийгэм, эдийн засаг, тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, хүний эрх, НҮБ-аас үзүүлэх хүмүүнлэгийн тусламж, НҮБ-ын үйл ажиллагааны төсвийн санхүүжилт зэрэг дэлхийн улс түмний өмнө чухлаар тавигдаж буй 174 багц асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргана.

Тус чуулганы үндсэн 6 хорооны үйл ажиллагаа 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button