БОЛОВСРОЛ

“Монголчууд” түүхэн цуврал социалист бүтээн байгуулалтыг онцоллоо

Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг "Монголчууд” цувралын зургаа дахь боть хэвлэлтээс гарч худалдаалагдаж эхэлжээ. “Монголчууд” цуврал ном энэ удаа социалист байгуулалтын жилүүд дэх БНМАУ, монголчуудын түүхийг өгүүлэх “Социалист бүтээн байгуулалт” нэрээр та бүхэнд хүрч байна.

Олон зуун жилийн бадрангуй хийгээд харамсам түүхийг туулж ирсэн монголчуудын хувьд энэ үеийг эдүгээ ололт амжилт, оноо алдааны дэнсэн дээр тавин шүүж, судлан хэлэлцэцгээж байна. Юутай ч энэ үе бол өнөө цагийн бидэнд тун ойрхны түүх, бидний аав, ээж, эмээ, өвөө нарын маань туулсан замнал, хөлс хүчээ өгч зүтгэсэн их бүтээн байгуулалтын он жилүүд байсныг үгүйсгэх аргагүй.

Чухамдаа мандах социализмыг бүрэн байгуулна хэмээн зорьж зүтгэсний үр дүнд БНМАУ ямар боловч дэлхий дахинд танигдаж, тэдэнтэй хөл нийлүүлэн алхах хэмжээний бүтээн байгуулалт, дэвшил хөгжлийг Монголдоо цогцлоосон билээ. Энэ л он жилүүдэд нүүдэлчин малчин монголчууд ХАА, Аж үйлдвэр хосолсон, “хоршоолсон ард, ажилчин анги, хөдөлмөрийн сэхээтэн”-ээс бүрдсэн, орчин цагийн, шинэ залуу Монгол болсон юм.

Техник технологид суурилсан аж үйлдвэр, газар тариалангийн бие даасан салбартай, боловсрол, эрүүлийг хамгаалах бүрэн бүтэн тогтолцоотой, соёл, шинжлэх ухааны бүх салбар хөгжсөн, эрдэм боловсролтой, эрүүл чийрэг, шинжлэх ухаанч Монгол, иргэншсэн, соёлжин гэгээрсэн, хотожсон Монгол болсон билээ. Социализм бүхэлдээ дан ганц сайн сайхан цогцолсон, өө сэвгүй нийгэм байсангүй. Эрх баригч нэг нам, нэг үзэл суртал хуваарьгүй ноёрхсон, хүний эрх, эрх чөлөө хэрэг дээрээ хязгаарлагдмал, бараа материалын хомсдолоос гадна хэвлэл мэдээллийн хомсдол нүүрлэсэн, үзэл суртлын хатуу цагдалт хяналт тогтсон, улс төр, эдийн засаг, оюун сэтгэлгээний хувьд ЗХУ-аас хамааралтай оршдог, түүний дагуул улсын нэг байлаа.

Социалист бүтээн байгуулалтын үеийн бодит түүх Монголын түүх судлалд зохих ёсоор байраа эзэлж, бүрэн дүүрэн судлагдаж амжаагүй байна. Үүнд, нэг талаар өмнөх түүх бичлэгийн үндэс улбаа хадгалагдан буй явдал, нөгөө талаар энэ үе түүхийг бүтээлцсэн хүмүүсийн субьектив чиг хандлага арилаагүй, олны дунд социализмын он жилүүдийг сайн сайхнаар дурсах ностальжи сэтгэлгээ цаг хугацаа өнгөрөх тусам улам хүчтэй болж байгаа явдал ч зүй ёсоор нөлөөлж буй.

ЭХ СУРВАЛЖ: MONSUDAR

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x