Цагт 700 хүн нэвтэрдэг Төв номын сангийн урд уулзварт гарц нэмнэ

Төв номын сангийн урд буюу Скайтелын явган хүний гарц болон Монголын хүүхдийн ордны баруун хойд уулзварт байрлах явган хүний гарц ачаалал ихтэй байдаг. Учир нь тухайн байршилд өөр явган хүний гарц байдаггүй аж. Тухайлбал, Номын сангийн урд буюу Скайтелын явган хүний гарцаар нэг цагт дунджаар 700 хүн нэвтэрдэг ачаалал ихтэй гарц юм.
Түүнчлэн авто замын оргил ачааллын үед буюу Энхтайваны гүүрнээс Төв шуудангийн уулзвараас урагш, хойш чиглэсэн хөдөлгөөний ачааллыг бууруулж түгжрэлийг татах үед явган зорчигчид тус гарцад хүлээх минут нэмэгддэг. Тиймээс хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан явган зорчигчдын гарц дээр хүлээх хугацааг багасгах, өөр шинэ гарц нэмэгдүүлж ачааллыг бууруулах талаар ажиллаж байна.
Тэрчлэн авто машины хөдөлгөөнд саад учруулж түгжрэл үүсгэхгүй байдлаар Скайтелын явган хүний гарцыг урагшаа шилжүүлэх эсвэл уулзваруудыг холбосон диагональ гарцтай болгох хувилбаруудыг судалж байгаа аж. Мөн Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс явган хүний гүүрэн гарц тавих талаар гаргасан саналыг судалж тооцоолол хийж үзэхийг үүрэгджээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.