УЛС ТӨР

АТГ: С.Баяр, Ч.Сайханбилэг нарын хэргийг шүүх рүү шилжүүлнэ

АТГ-аас сар бүрийн 25-ны өдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийдэг. Мэдээллийн эхэнд АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү “Өнгөрсөн сард Засгийн газрын хүрээнд томилгоо нь явагдсан нийт таван албан тушаалтны ХОМ-ийг хянан шалгасан байгаа. Мөн иргэдийн мэдээлэл болон холбогдох журмаар 23 албан тушаалтны ХОМ-ийг шалгалаа. Үүнээс дөрвөн албан тушаалтны ХОМ холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэж үзэн, арга хэмжээг авч ажиллав. Мөрдөн шалгах хэлтэс 503 хэргийг өнгөрсөн сард шалгаснаас дөрөвний нэгийг нь шүүхэд шилжүүллээ” гэж онцлов.

-М.ЭНХСАЙХАНЫГ ХУУЛЬ ЗӨРЧИЖ, СААТУУЛААГҮЙ-

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.

-АТГ-аас Ерөнхий сайд М.Энхсайханыг саатуулсан ч шүүхээс үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэж үзсэн. Энэ нь хуулийн хүрээнд явагдсан уу? Ер нь ийм байдлаар хоригдсон, тодорхой хүрээнд эрх нь зөрчигдсөн хүмүүсийн тоог нэгдсэн байдлаар хэлэх боломжтой юу?

 -Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 53.1-р заалтад үндэслэн,шүүхийн зөвшөөрөлгүй саатуулж болох эрхийн хүрээнд Ерөнхий сайд асан М.Энхсайханыг саатуулсан. М.Энхсайханыг хууль зөрчиж, саатуулаагүй.  Ер нь шалгагдаж буй этгээдийг саатуулах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд ийм төрлийн арга хэмжээг авдаг. Гэхдээ энэ нь шүүхээр эцэслэн тогтоогоогүй тохиолдолд гэмт хэрэгт хамааруулж ойлгож болохгүй гэдгийг хэлмээр байна.

-М.Энхсайханыг одоо ямар үндэслэлээр үргэлжлүүлэн шалгах вэ?

-Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа.

-Хөгжлийн банктай хамаарах зээлүүд шалгагдаж байгаа юу?

-Хөгжлийн банкны зээлтэй хамаарах асуудлаар хэд хэдэн эрүүгийн хэрэг үүсэн шалгагдаж байгаа.

-“Эрэл”-ийн Д.Эрдэнэбаттай холбоотой хэрэг шалгагдаж байгаа юу?

-Энэ чиглэлд хариулах боломжгүй байна. Прокурор зөвшөөрсөн тохиолдолд эргээд мэдээлэл өгч болно.

-Жастын Ш.Батхүүтэй холбоотой хэрэг ямар шатанд яваа вэ?

-Жастын Ш.Батхүүгийн хэрэг шүүхийн шатанд яваа. АТГ дээр эргэж ирээгүй байна.

-С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг Оюутолгойн асуудлаар саатуулан шалгаад өнгөрсөн. Одоо яг ямар шатанд яваа юм бэ?

-С.Баяр, Ч.Сайханбилэг нарын  хэргийг шүүх рүү шилжүүлнэ.

Г.ИТГЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button