Улс төрийн мэдээ

АТГ: Туулын хурдны замын төсөл дээр Х.Нямбаатараас гадна 5 хүнийг шалгаж байна

Нийслэлийн хэрэгжүүлж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүдэд холбогдох авлига, албан тушаалын гэмт хэрэг дээрх АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан мөрдөн шалгах Ажлын хэсгийн явц, үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.

АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга Х.Буянтүмэн: Нийслэл хэрэгжүүлж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүдэд холбогдох авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх мэдээлэл олон нийтээс ирсэн. Энэ мэдээллийн дагуу шалгаж, энэ оны тавдугаар сард Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт заасан зүйл ангиар хэрэг бүртгэл нээсэн. Мөрдөн шалгах ажиллагааны цар хүрээ, төвөгтэй байдлыг харгалзан мөрдөх байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг байгуулж өгөөч хэмээн УЕП-ын газарт хандсан. УЕП-оос ЦЕГ, ТЕГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулсан.

Энэ ажлын хэсэг Нийслэлд хэрэгжүүлж байгаа 24 төсөл хөтөлбөр, түүний дотор Туулын хурдны зам, Шинэ тойрог зам, Сэлбэ дэд төв гэсэн төслүүдэд холбогдуулан мөрдөн байцаалт явуулж байна. Нийт зургаан хэрэг нээсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад маш олон тендер шалгаруулалтын баримт, санхүүгийн баримт 40 гаруй баримтыг холбогдох нэгж байгууллагуудаас гаргуулан авсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад төсөл нэгж хариуцсан албан тушаалтнууд болон уг төслийг хэрэгжүүлэхэд оролцсон ААН зэрэг 200 орчим хүнээс мэдүүлэг авах, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнүүдийг хязгаарлах, ирүүлсэн файл материалуудад судалгаа шинжилгээ хийх, санхүүгийн мөрдлөг явуулах, хуульд заасны дагуу зарим холбогдох мэргэжлийн байгууллагуудад хандаж зөвлөмж, дүгнэлт гаргуулах замаар мөрдлөг явагдаж байна.

Зургаан хэргээс дөрвөн хүнд холбогдох нэг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг бүрэн дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн. Үлдсэн таван хэрэг дээр эрүүгийн болон санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжлүүлээд явж байна. Эдгээр хэргүүд дээр нийт есөн хүнийг яллагдагчаар татсан. Яллагдагч нарт хууль заасан таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах арга хэмжээ үргэлжилж байгаа.

Нэг. Туулын хурдны замтай холбоотой асуудал.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Х.Нямбаатар Туулын хурдны замын төслийн гүйцэтгэгчээр шалгарсан нэр бүхий хуулийн этгээдэд урьдчилгаа 500 тэрбумыг олгохдоо төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн тодорхой заалтыг зөрчиж, санхүүжилтийн гүйлгээ хийх эрхийг орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалайд шилжүүлж, хуульд заасан шаардлагад нийцээгүй, баталгаа гаргах эрхгүй этгээд баталгаа гаргасан байхад урьдчилгаа төлбөрийн 500 тэрбумыг шилжүүлсэн гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэж энэ оны есдүгээр сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсан.

Санхүүжилтийн эрхийг шилжүүлнэ гэдэг ойлголт нь: Тухайн үед Нийслэлийн Засаг даргын тамгын газарт хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан Б гэдэг албан тушаалтан урьдчилгаа төлбөрийн 500 тэрбум төгрөгийг шилжүүлэх боломжгүй байна. Хуульд заасан үндэс шаардлага хангагдаагүй гэж үзэж санхүүжилтийн эрхийг нээхээс татгалзсан. Гэтэл Х.Нямбаатар энэ хүнээс эрхийг нь Т.Даваадалай руу шилжүүлж гүйлгээг хийлгэжээ. Энэ хэрэг дээрх мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Хуульд заасан хугацаанд яллагдагчид яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулах ёстой байдаг. Энэ хүрээнд сэжигтэн Х.Нямбаатарт дуудан ирүүлэх хуудсыг хүргүүлсэн. Ирээгүй. Шалгаж үзэхэд тухайн албан тушаалтан энэ оны наймдугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын хилээр гадагш нэвтэрсэн байна. Хаяг байршлыг тодруулах үүднээс ЦЕГ-ын интерполын товчооны албаар дамжуулан олон улсын цагдаагийн байгууллагад хандаад байгаа. Албан бус мэдээллээр Канад улсад буй гэх. Монгол Улс Канад улс хооронд эрүүгийн хэрэгт харилцсан туслалцах гэрээ байхгүй. Гэхдээ хоёулаа авлигын эсрэг НҮБ-ын конвенцод нэгдсэн улсууд.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцоор: Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийнх нь нутаг дэвсгэрт байвал тухайн улсад шилжүүлэн өгөх хуулийн зохицуулалттай. Бид албан ёсоор хүсэлтээ өгсөн. Одоогоор хариу ирээгүй.

Туулын хурдны замтай холбоотой хэрэг дээр сэжигтэн Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт буруутгаж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаад байгаа. Энэ төслийн гүйцэтгэгч ААН арилжааны банкны 14 дансанд байгаа 339 тэрбумын хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг зогсоож, царцаасан байгаа. Урьдчилгаа төлбөрт олгогдсон 500 тэрбумаас 339-ийг нь царцаасан. 160 нь төслийн үйл ажиллагаанд зарцуулагдсан нь тогтоосон.

Тус төслийн хүрээнд Улаанбаатар хотын ногоон бүсийн ойн санд 7.2 га талбай өртсөн асуудал үүссэн. Өөрөөр хэлбэл Туул голын бургасан ойг шилжүүлж байж төслийг хэрэгжүүлэх байтал энэ ажлыг хийгээгүй. Нийт талбайд хавтгайруулсан огтлолт хийсэн. Энэ хууль бус үйл ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын ногоон бүсэд 352.2 сая төгрөгийн хохирол учирсныг тогтоосон.

Хоёр. Шинэ тойрог автозамын төсөл

Шинэ тойрог замын техникийн үндэслэл, зураг төсөв нэртэй 16.9 тэрбумын өртөг бүхий тендер зарлагдсан. Т.Даваадалай өөрийн хамаарал бүхий этгээдүүдэд давуу байдал олгож, шалгаруулсан гэж буруутгаж үзсэн. Энэ үндэслэлээр Т.Даваадалай буюу хэрэгт холбоотой гурван этгээдийг эрүүгийн хуулийн 22.1, 18.2 дугаар хэсэгт холбогдуулж яллагдагчаар татсан. Мөрдөн шалгах ажиллагааг бүрэн дуусгаж НПГ-т шилжүүлсэн. НПГ-с шүүхэд шилжүүлсэн, урьдчилсан хэлэлцүүлэг товлогдоогүй. Хэрэгт холбогдох үл хөдлөх болон мөнгөн хөрөнгүүдийг битүүмжилж хамгаалаад байгаа.

Гурав. Сэлбэ дэд төв.

Энэ төслийн хүрээнд нийт долоон багц тендер зарлагдсан байдаг. Үүнээс 4.2 дахь буюу 994 айлын 14 блок барилгын төслийн өртөг 223.4 тэрбум төгрөг. Энэ хүрээнд хуулийн этгээдийг сонгон шалгаруулахдаа сонгон шалгаруулалтыг хариуцаж байсан албан тушаалтнууд бусдад эдийн засгийн давуу байдал олгосон гэх үндэслэлээр ажиллагаа явуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд НИТХ-ын төлөөлөгч өөрийн хамаарал бүхий этгээд хуулийн этгээдийг шалгаруулахад оролцсон гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Х.Нямбаатар өөрийн хамаарал бүхий 20 гаруй этгээдэд давуу байдал олгосон байж болзошгүйд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Тухайлан хэлбэл, Х.Нямбаатар өөрийн хамаарал бүхий этгээд болох С-ийн үүсгэн байгуулсан компанид 2024.02.07-ны өдөр "Сэлбэ дэд төв"-ийн гэр хорооллыг дахин төлөвлөх, барилгын зураг төслийг боловсруулах ажлын 3.8 тэрбумын тендерт хууль бусаар сонгон шалгаруулсан гэдэгт буруутгасан.

Мөн энэ хуулийн этгээдийг 2025 оны дөрөвдүгээр сард зарласан Соёлын төв өргөөний их засварыг засварлах ажлыг 678 саяар гүйцэтгэх ажилд мөн хууль бусаар шалгаруулсан гэж үзэж шалгаж байна. Үүнээс гадна 2023 онд Хэнтий аймгийн Бэрх тосгоны 640 хүүхдийн сургуулийн барилгын ажлыг 1.7 тэрбумаар гүйцэтгэх тендерт хууль бусаар шалгаруулж, санхүүжилт олгосон гэх хэргүүдэд мөрдөн шалгалт явагдаж байна" гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button