Гадаад мэдээДЭЛХИЙ

Милли Бобби Браун: Цувралыг дуусгахад яг л хүнээс салж байгаа юм шиг мэдрэмж төрсөн

Аль кино эсвэл цувралын төгсгөлд та хоёрт хамгийн таалагдаж байсан бэ. Тэр төгсгөл "Stranger Things"-ийн төгсгөлтэй харьцуулахад ямар вэ?

Милли Бобби Браун: "Harry Potter"-ын төгсгөл. Миний хамгийн дуртай кино, ялангуяа сүүлийн анги нь их таалагддаг. “Harry Potter”-ын цуврал "Stranger Things"-тэй олон талаараа төстэй юм шиг санагддаг. Киноны дүрүүдийг бага байхаас нь л үзэж, төгсгөлд нь тэдний түүх, хэрхэн өсөж хөгжсөнийг нь харуулдаг. “Stranger Things” цуврал хугацааны хувьд ч адилхан байх. “Harry Potter” ч бас эхний ангиа гаргаснаас арав гаруй жилийн дараа дууссан.

Ноа Шнапп: “Game of Thrones”-ийн төгсгөлд хамгийн дуртай. За за тоглосон шүү.

Милли: Ноа ийм л хүн. Дандаа л хүмүүсийг гайхшируулсан, маргаантай зүйл хэлж байдаг.

Одоо та хоёр дүрүүдээ хэнээс ч илүү мэддэг болсон байгаа. Төгсгөлийн хэсэгт та хоёрын өөрсдийнхөө санаагаар дүрүүддээ нэмсэн зүйл бий юу?

Ноа: Наймдугаар ангид эх зохиол дээр байгаагүй нэг хэсэг гарна. Найруулагчдадаа “Энэ түүхийг сэтгэлд хүрсэн байдлаар дуусгаж чадсангүй” гэж хэлчхээд их айсан . "Бурхан минь, би ингэж болох болов уу? Хэмжээнээсээ хэтэрсэн юм хийж байгаа юм биш биз?" гэж бодсон ч хэлэхээс өөр арга байгаагүй. Тэгээд тэд түүхийг дуусгах жижигхэн хэсэг нэмж бичсэн. Дараа нь би дахиад нэг юм хэлэх гэтэл тэд "За одоо болно оо. Нэг удаа өөрчлөлт хийсэн шүү" гэсэн.

Милли: Хэд хэдэн зүйл байгаа, гэхдээ ихэвчлэн жүжиглэлт дээр нэмэлт зүйл хийсэн. Бид нар үүнээс хойш “Stranger Things” дээр ажиллахгүй. Тийм болохоор бүх дүрүүд, тэдний харилцаа, түүхийг үнэн зөвөөр гаргах нь маш чухал байсан. Элевэн бараг инээдэггүй, тиймээс тавдугаар улиралд түүнийг инээмсэглээсэй гэж хүссэн нэг мөч байсан юм.

Тавдугаар бүлэгт эсвэл өмнөх бүлгүүдэд хажууд чинь суугаа энэ хүний хийсэн зүйл чамд жүжигчний хувьд урам зориг өгсөн тохиолдол бий юу?

Милли: Дөрөвдүгээр улиралд Ноа фургон дотор уйлдаг хэсэгт би үнэхээр дуртай. Харин тавдугаар улиралд нэг хэсэг бий. Зураг авалтын өрөөнд байхдаа "Үнэхээр гоё хэсэг" гэж бодсон.

Ноа: Миллигийн хувьд тийм мөчүүд маш их. Харамсалтай нь бид хамтдаа зураг авалтад төдийлөн ордоггүй болохоор кино гарахаас өмнө ихэнх хэсгийг нь үзэж чаддаггүй. Гэхдээ цацагдсаны дараа дэлгэцээс хараад түүний бараг бүх хэсэгт нь орилж, эсвэл уйлдаг. Би өөрөө түүхийг нь сайн мэддэг болохоор кино үзээд уйлах нь ховор байдаг л даа. Гэхдээ Милли бол дүрдээ орж намайг уйлуулж чаддаг цөөхөн жүжигчдийн нэг. Гуравдугаар бүлэгт Хопперын захидлыг уншдаг хэсэг бий. Хоппер, Элевэн хоёрын бүх хэсэг намайг маш их догдлуулдаг. Тавдугаар бүлэгт нэг хэсэг байдаг. Тэр хэсгийг үзээд би өөрийгөө тэгж их хямарна гэж бодоогүй. Үзээд л шууд уйлчихсан. Милли сэтгэл хөдлөлөө гаргахдаа маш сайн, бүх зүйлийг бодитой, сэтгэл хөдөлгөм болгодог.

Зургийн эх сурвалж: Yahoo News

"Stranger Things"-ийн бүх ангиудаас "Би энд үнэхээр сайн байж чаджээ" гэж боддог, эсвэл "Дахиад нэг оролдоод үзэх юм сан" гэж харамсдаг хэсэг бий юу?

Ноа: Хэрвээ дахиад хийж болдог бол би бүх зураг авалтад дахиад ороход бэлэн байна. Үзсэн бүх анги дээрээ жижиг засвар хиймээр санагддаг.

Милли: Чи тэгж хэлж байгаа ч, тухайн үед бидний хийсэн сонголт дүрийн хувьд зөв байсан. Би ч гэсэн хэдэн зүйлийг засаж болох байсан гэж боддог ч, үнэндээ бүх зүйл дээр тэгж бодож болно. Одоо чамтай ярьж байхдаа ч "Үүний оронд тэгж хэлдэг байж" гэж харамсаж болно. Гэхдээ тэгж амьдрах нь утгагүй. Миний хамгийн дуртай кино бол "About Time". Гол дүр нь шүүгээ рүү ороод гараа зангидахад л тодорхой дурсамж руугаа буцаж очоод өнгөрснөө өөрчилж чаддаг. Гэхдээ киноны төгсгөлд тэр нэг өдрийг өөрчилж, өөр нэг өдрийг зүгээр л байгаагаар нь өнгөрүүлдэг. Ингэснээр одоо цагтаа амьдарч сурдаг юм. Гол дүр кассчин эмэгтэйд баярлалаа гэж хэлж, хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөж, утаснаасаа хөндийрдөг. Би “Stranger Things”-ийн тавдугаар улиралд яг л тэгж амьдарсан. Надад харамсах зүйл байхгүй, хийсэн ажлаараа маш их бахархаж байна. Тийм болохоор би "шүүгээ рүүгээ" буцаж ороод юуг ч өөрчлөхийг хүсэхгүй байна.

Залуу жүжигчдэд өгөх таны хамгийн чухал зөвлөгөө юу вэ?

Ноа: Хэрвээ ажилдаа үнэхээр дуртай, хүсэл тэмүүлэлтэй бол бүх зүйл бүтнэ. Зүгээр л процесс бас цаг хугацаанд итгэх хэрэгтэй. Хүн бүрийн замнал өөр. Хүмүүс үргэлж "Битгий өөрийгөө бусадтай харьцуул" гэдэг. Энэ үнэхээр үнэн. Чи бусдын замыг дагаж чадахгүй. Чи яг байх ёстой газраа байна гэдэгтээ итгэж, хичээсээр байх хэрэгтэй. Татгалзсан хариу бүр чамайг өөр зөв зам руу чиглүүлнэ. Магадгүй мянган удаа татгалзсан хариу авна, энэ бол энэ ажлын л нэг хэсэг. Сонгон шалгаруулалтад орсон дүрүүд магадгүй чинийх биш байсан байж болно. Энэ бүхэн чамайг эцэст нь чамайг байх ёстой газар руу хөтөлнө. Бид нар тэр нэг өдөр "Stranger Things"-ийн шалгаруулалтад ороод амьдрал маань бүрмөсөн өөрчлөгдөнө гэж хэн мэдэх билээ дээ. Боломж хэзээ ирэхийг чи хэзээ ч мэдэхгүй.

Сүүлийн сценарийн зураг авалт ямар байсан талаар та нар ярьсан. Харин түүний маргааш өдөр ямар байсан бэ?

Милли: Би маргааш нь шууд Лондон руу гэр бүлтэйгээ Зул сарын баяр тэмдэглэхээр ниссэн. Саяхан мэндэлсэн дүүтэйгээ уулзсан болохоор маш их догдолсон. Би дэлгэц дээрх гэр бүлтэйгээ төрсөн гэр бүлээсээ ч илүү их цагийг өнгөрүүлсэн шүү дээ. Тиймээс бүгдэд нь баяртай гэж хэлэх гунигтай байсан ч эгчийгээ тэвэрч, дүүгээ харах үнэхээр сайхан байсан. Харин одоо киногоо сурталчлахаар хэвлэлийн бага хурлуудаар явахад л бүх зүйл дуусаж байгаа нь үнэхээр мэдрэгдлээ. Найзуудтайгаа хамгийн сүүлийн удаа ингээд суух, хүүхэд насаа эргэн дурсах нь үнэхээр хүнд юм. Энэ бүгд заримдаа сэтгэл заслын эмчилгээ шиг л санагдаж байна.

Ноа: Миний хувьд маргааш нь Лос Анжелест нэг шалгаруулалтад орсон ч тэнцээгүй. Зочид буудлын өрөөнд ганцаараа суугаад "Бурхан минь, би өөр төсөл дээр ажиллахыг хүсэхгүй байна. Би зүгээр л “Stranger Things”-тээ үүрд баймаар байна" гэж бодсон. Маш их шаналсан, “Stranger Things”-ийн зураг авалтын талбай дээрх мэдрэмжийг хэзээ ч дахиж мэдрэхгүй нь гэхээр л хэцүү санагдсан. Гэхдээ дараагийн өдөр нь гайгүй болсон шүү.

Милли: Цувралыг дуусгахад яг л хүнээс салж байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Охидууд салалтыг арай илүү хурдан мартдаг байх. Би нэг өдөр л уйлаад, дараа нь "За, дараагийнх нь юу билээ?" гэж бодсон. Үгүй ээ, би үргэлжлүүлэн урагшлах ёстой. Өөрийнхөө дотор байгаа Элевэн болон Уиллийн хүч чадлыг гаргаж, "Би хийсэн зүйлээрээ бахархаж байна" гэж хэлэх зоригтой байх хэрэгтэй.

Зургийн эх сурвалж: Business Insider

Нэгдүгээр бүлгийн зураг авалт дуусахад ямар байсан, тавдугаар улиралтай харьцуулахад ямар санагдаж байна вэ. Энэ хоёр мөчийн ялгаа та нарт жүжигчний болон хувь хүний хувьд хэрхэн өөрчлөгдсөнийг тань харуулсан уу?

Милли: Нэгдүгээр бүлгийн зураг авалт дууссан үеийг би санаж байна. Миний анхны үнсэлтийн шөнө байсан юм. Би маш их сандарсан. Зураг авалт дуусахад энэ хүмүүстэй дахиж хэзээ ч уулзахгүй байх гэж үнэхээр бодсон. Учир нь нэгдүгээр бүлгийн төгсгөлд Элевэн. Цуврал үргэлжлэхээр болсон байлаа ч би эргэж ирэхгүй гэдэгтээ итгэлтэй байсан. Тийм болохоор хоёрдугаар улиралд эргэж ирсэндээ үнэхээр баярласан.

Ноа: Нэгдүгээр улиралд би ердөө гурван хэсэгт л гардаг болохоор зураг авалт хэзээ дууссаныг нь ч санадаггүй.

Милли: Бид зарим зүйлийг санадаггүй нь хачирхалтай биш гэж үү? Тэр үед үнэхээр жоохон байж. Зарим хэсэгт тоглож байснаа ч санадаггүй. Нэгдүгээр бүлгийн лабораторийн хэсгүүдийг бараг санадаггүй юм. Мэттью Модиныг анх харж байснаа санаж байна. Намайг тэр нэг хайрцагт түгждэг хэсэг дээр Аделийн "Hello" явж байсныг санадаг. Сургуулиа санадаг. Биеийн тамирын зааланд Хоппер, Жойс хоёртой хамт усанд хөвдөг хэсгийг огт санадаггүй юм. Харин намайг хөвүүлэхийн тулд хийсэн тэр их давс бие загатнуулж байсныг л санаж байна.

Цаашдын карьерт хамгийн хэрэгтэй гэж боддог "Stranger Things"-ээс сурсан чадвар чинь юу вэ?

Ноа: Сэтгэл хөдлөлөө нээлттэй илэрхийлж, харуулах. Бид хоёр энэ цувралын туршид сэтгэл хөдлөлөө маш их илэрхийлж жүжиглэх шаардлага гарсан. Ялангуяа нэгдүгээр улиралд тэр их хашхираан, сэтгэл хөдлөлийг гаргахдаа бусад хүмүүс харж байгааг огт тоолгүй, ичих булчирхайгаа хаалганы цаана үлдээж сурсан.

Милли: Тийм шүү, ичих мэдрэмжээ хаалганы цаана үлдээх хэрэгтэй. Бас би хөгжимд маш мэдрэмтгий болсон. Үүнийгээ цувралд жүжиглэх үедээ олж мэдсэн. Одоо карьерынхаа бусад төслүүдэд ч үүнийг ашиглаж байгаа.

Эх сурвалж: Backstage

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button