Сурвалжилга, Нийтлэл

БАГЦ: EGUUR.MN сайтын долоо хоногийн ОНЦЛОХ контентууд

Мэдээ, мэдээллийн EGUUR.MN  сайтын өнгөрөгч долоо хоногийн онцлох контентуудыг нэг дор багцлан хүргэж байна.

Сан Франциско хотын MDT агентлагийн модель найман настай М.Үжин охинтой ярилцлаа

Сан Франциско хотод амьдардаг найман настай монгол охин моделийн  ажилд орж, анхны цалингаа Ид шидийн орны үйл ажиллагаанд хандивласан тухай бахархалт мэдээг нийгмийн сүлжээнээс харж М.Үжинтэй холбогдсон юм.

-Ид шидийн орны багачуудынхаа өмнөөс баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Би хүүхдүүдэд тусалж сайн үйл хийсэндээ их баяртай байгаа. Хүүхдүүд бүгдээрээ аз жаргалтай байх ёстой гэж би боддог.

-Ид шидийн орны тухай хэрхэн мэдсэн бэ?

-Ид шидийн орон болон Лантуун Дохио ТББ-ын тухай анх ээж минь надад ярьж өгч байсан. Өнгөрсөн оны 11 сард Facebook болон PayPal компаниас зарласан өгөх мягмар гариг буюу #GivingTuesday өдөр ээж минь Лантуун дохио АНУ ТББ-д хандивын аян зохион байгуулж 3045 $ цуглуулж байсан юм. Тэр үеэс би зөндөө мөнгөтэй болохоороо хэцүү амьдралтай хүүхдүүдэд туслахад зориулна гэж бодож эхэлсэн.

-Үжин маань ажилд ороод удаагүй байгаа гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

- Би Сан Франциско хотын MDT агентлагтай хоёр жилийн моделийн гэрээ 8 нас хүрэх төрсөн өдрөөрөө байгуулсан. Тэгээд томоохон компани болох StitchFix-д загвар өмсөгчөөр шалгаран ажиллаад анхныхаа цалин 132 $-ын чек авсан юм. Үүнээс 100 $-ыг Ид Шидийн оронд хандивлаад үлдсэн мөнгөөрөө өөртөө болон хоёр дүүдээ зөндөө ном авсан.

-Ажлаа танилцуулаач. Хэдэн цаг хэрхэн ажилладаг вэ? Онцлог нь?

-Шинэ хувцасны коллекцийг худалдаанд гарахаас нь өмнө өмсөж дизайнаруудын багт танилцуулна. Бас надад ямар санагдаж байгаа сэтгэгдлээ хэлдэг юм. Хоёр долоо хоногт нэг удаа очоод нэг цаг орчим загвар өмсдөг.

Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.

СУРВАЛЖИЛГА: Үргэлжилсэн борооны дараах НИЙСЛЭЛИЙН ГУНДУУ ТӨРХ

Улаанбаатарт гурав хоног усархаг бороо орсноос зам талбай ихээхэн эвдэрсэн дүр зураг нүдэнд илхэн. Хэд алхаад л тогтоол ус, шалбааг хаа сайгүй. 

Ойр ойрхон гэнэт орох усархаг бороонд яваа хүмүүсийн дотор усны гутал, өнгө өнгийн борооны цув, шүхэр барьсан бэлтгэл сайтай хүмүүсээс гадна өндөр өсгийттэй, нимгэн хувцастай, шалба норсон хүмүүс ч цөөнгүй.

Их ус тогтсон зам талбайг бага насны хүүхдүүд өндөр настнууд тойрч, үсэрч харайж чадахгүйн улмаас шууд л гутлаараа шал шал хийтэл туулаад гарч байв. Зарим нэг нь “хоёулаа норохоор нэг нь норъё” гээд найзыгаа үүрээд зам гарах аж. Түүнчлэн пүүз, гутлаа норгохгүйн тулд гялгар уут өмсөж амжсан сэргэлэн хүмүүс хэд хэд харагдав. 

Жолооч нар замын хажуугаар тогтсон борооны усыг тоолгүй хурдтай өнгөрснөөс явган хүн рүү ус цацарч, хувцас эд зүйлийг нь бохирдуулахад хүмүүс орилолдон ийш тийш болцгоох нь ч харагдана. Ийм тохиолдолд албаны утсанд мэдэгдэж, торгууль, шийтгэл ноогдуулж болно гэх мэдээллүүд цахим орчинд хөврөх авч, начир дээрээ тэр нь худал. Тиймээс ч замтай ойрхон явж, шавхай цацуулсан иргэний хохь болон үлдэх нэгэн дүр зураг. 

Сурвалжилгыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.

БАРИМТ: С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын 214 айлын газрыг ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ

Хотын дарга С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат Зайсан, Богд уул орчмын ДОЛООН байршил дахь нийт 15.02 га газрыг  өөрийн нэр дээрх  “Собт трейд”, “Юко”, “Өү Юу Жи Си Си Си Си” ХХК-иараа дамжуулан эзэмшиж байна. Эдгээр байршлуудад газар авахдаа БОАЖЯ-тай “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль”-нд үндэслэн, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР  ашиглахаар гэрээ байгуулсан байдаг.

Гэвч өдгөө эдгээр байршлуудын ихэнхэд “Оюуны Ундраа” группийн хувийн бизнесийн төслүүд хэрэгжиж, бизнесийн чиглэлээр ашиглагдаж байгаа юм. Улмаар улсын бүртгэлд Сайнбуягийн Ганбатын нэрээр бүртгэгдсэн “Собт трейд”, “Юко”, “Өү Юу Жи Си Си Си Си” ХХК-ийн газрын төлбөрийг хотын дарга С.Амарсайханы  24 хувийг нь эзэмшдэг “Оюуны Ундраа” групп жил дараалан төлсөөр ирсэн нь анхаарал татна.

Энэ нь хотын дарга С.Амарсайхан төрсөн ах С.Ганбатын компаниудын нэр дээр их хэмжээний газрыг хэсэгчлэн авч, “Оюун Ундраа” группийнхээ бизнес төслүүдийг хэрэгжүүлдэг гэх нотломж өгч буй юм. Тухайлбал, С.Амарсайханы төрсөн ах С.Ганбатын “Собт трейд” ХХК-ийн нэр дээрх газруудад “Оюуны Ундраа” групп “Зайсан Хилл” тэргүүтэй томоохон бизнесийн төслүүдээ хэрэгжүүлсэн байна.

Бичвэрийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.

СУРВАЛЖИЛГА: Манго жимс Барс зах дээр 3000, сүпермаркетуудад 10-15 мянган төгрөгийн үнэтэй байна

Eguur.mn сайт энэ долоо хоногт уншигч та бүхэндээ Барс, Хархорин зэрэг худалдааны төвүүд болон сүпермаркет, гадаах саравчинд худалдаалагдаж буй жимснүүдийн үнийн талаар сурвалжлан хүргэж байна.

Фүжи алимны дундаж үнэ 2017 онд 4200 төгрөг байсан бол өнгөрсөн онд  4140 төгрөгийн үнэтэй байв. Харин энэ онд улсын нийт дундаж үнээр 4189 төгрөг  байгаа ажээ.

Алимны үнэ:

-“Хархорин”, “Барс” зэрэг худалдааны захуудад 4500-5500 төгрөг

-Сүпермаркетад 5000-6550 төгрөгийн үнэтэй байна.

Банананы үнэ:

-“Барс” дээр 3000-4000 төгрөг

-“Хархорин” захад 4500 төгрөг

-Дэлгүүрүүдэд 5500-6300 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байгаа аж.

Саяхан Филиппин улс улирлын онцлогоос болж 2 мянга гаруй тонн мангоны илүүдэлтэй ургац хураажээ. Харин монголд мангоны үнэ газар бүрд харилцан адилгүй үнэтэй байгаа бөгөөд өндөр үнийн зөрүүтэй байгаа нь ажиглагдлаа.

Манго жимсний үнэ:

-Худалдааны захуудад нэг киллограм нь 3000-5000 төгрөг

-Супермаркетуудад 10-15 мянган төгрөг байна.

Манготой харьцуулахад тоор мандарин бүх газар хэвийн ойролцоо үнэтэй байгаа юм.

Сурвалжилгыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.

ТОДРУУЛГА: Зуслангийн замд ЗЭРЛЭГШСЭН нохдод бариулсан янзага олджээ

Сошиал сүлжээнд зуслангийн бүс дэх зэрлэгшсэн ноход гөрөөс барьсан талаар мэдээлэгдсэн. Уг байршил нь Сүхбаатар дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт хамаардаг юм байна. Тодруулбал, Сэлбэ зуслангийн "Гүнжийн ам"-д зэрлэгшсэн нохдод бариулсан гөрөөсний янзага олдсон аж. Энэ талаар тус хэсгийн байгаль хамгаалагч н.Төмөрбаатараас тодруулга авлаа.

-Сэлбийн “Гүнжийн ам”-д байрлах зуслангийн замаас зэрлэгшсэн нохдод бариулсан гөрөөсний янзага олдсон байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Энэ хавиар тав зургаан зэрлэгшсэн нохой үзэгдэх болсон. Уулын аманд байдаг хэдэн гөрөөсийг андахгүй болчхоод янзагыг нь хөөж барьсан байна лээ. Зэрлэг нохдод бариулж үхсэн янзага өнөөдөр /2019.06.17/ өглөө айлын хажуу талын замаас олдсон. Зэрлэг нохойд хөөгдөөд аргагүйн эрхэнд айлын хашаа руу гүйсэн боловч орж амжилгүй бариулсан бололтой байсан.

-Үүнээс өмнө зэрлэг нохойд гөрөөс бариулсан тохиолдол гарч байсан уу?

-Нэг тохиолдол гарч байсан. Тавдугаар сард нэг гөрөөсийг хөлөөс нь хазаж бэртээсэн байсныг бид олсон юм. Одоогоор шархных нь эдгэрэлтийг ажиглаж байгаа. Манай байгаль орчны хамгаалагчид амьтан асрах газартай. Гэвч хөлийн бэртэл нь хүнд биш байсан учраас байгальд нь буцаан тавьсан. Хааяа очиж ажигладаг бөгөөд бэртсэнийхээ маргааш бага зэрэг доголж явж байсан. Одоо бараг эдгэсэн байгаа.

Тодруулгыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.

БИЧВЭР: “Стандарт” банкны 40 сая ам.доллар дундаасаа ЗАМАРСАН гэж үнэн үү, Х.Бадамсүрэн захирал аа

О.Баасанхүү гишүүн нэг сонин юм ярив. Тэр нь “Одоог хүртэл “Стандарт”  банкнаас “Эрдэнэт” үйлдвэр 40 сая ам.доллар төлсөн нь үнэн болно гэсэн бичиг ирээгүй байгаа” гэх өгүүлбэр.  

Үүнээс өмнө бүр ч жигтэй хачин яриа сонсогдож байв. Тэр нь, “Эрдэнэт” үйлдвэрээс 40 сая ам.долларыг зуучлагч “Ocean Partner” компанид шилжүүлэхээр хэлцэл хийсэн. Гэвч 26 сая ам.доллар нь  тус компанийн данс руу шилжиж, 14 сая ам.доллар нь  манай  нэр бүхий улс төрчдийн хармаа руу орсон” гэх яриа хөвөрсөн. Энэ зөвхөн яриа шүү. Батламж ба нотломж байхгүй. Гэхдээ хөшигний ард ингэж яригддаг.

Гэвч “Эрдэнэт” үйлдвэр“ 2019 оны гуравдугаар сарын сүүлээр 40 сая ам.долларыг “Океан Партнер” компани руу шилжүүлсэн талаар албан баримтуудад дурдагдсан. Сонирхолтой нь, албан баримтуудад тодорхой байдлаар он сарыг нь тэмдэглээгүй байна. Улмаар Засгийн газраас хамтарсан ажлын хэсэг оруулж, “Эрдэнэт” үйлдвэрийг сүр дуулиантайгаар шалгахдаа 40 сая ам.долларын асуудлыг зориуд “илж” өнгөрөөсөн мэт хардлага төрүүлдэг билээ.

Жастын Ш.Батхүүгийн өдүүлсэн хэрэг Английн дээд шүүх дээр 2018 оны долдугаар сард унаснаар “Эрдэнэт” үйлдвэрийг гадны банкны зээлийн барьцаанд алдах бодит эрсдэл үүссэн. Тиймээс ч Засгийн газраас Шадар сайд Ө.Энхтүвшинээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, уг асуудалд гарц  хайхаар болсон байдаг.

Гэвч он дамнан хэл чимээгүй, нам гүм байсан ажлын хэсэг өнгөрсөн хавар гэнэт мэдээлэл хийж, “Ээ, гэгээн дарь эх минь. Бид “Эрдэнэт” үйлдвэрийн төлөх ёстой 102 сая ам.долларыг 40 болгон бууруулж,төлөлтөө хийчихлээ” гэж мэдэгдсэн. Ингэхдээ “Биднийг “Стандарт” банкныхан  ойртуулахгүй байсан тул “Океан Партнер” компанийг зуучлагчаар ажиллуулсан” гэх утгатай мэдээлэл өгсөн билээ.

Бичвэрийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.

Ч.Мөнхнаран: “ЧИМЭГЭ” системийг олон мянган хүний дуу хоолойны датаг цуглуулж хийсэн

Болорсофт компани өнгөрсөн жилээс Монгол хэлний дуу яриа боловсруулах системийг хөгжүүлсээр өнөөдөр "ЧИМЭГЭ" хэмээх Монгол ЯРИА ТАНИХ СИСТЕМ буюу ЯРИАНААС БИЧВЭР ҮҮСГЭХ системийн анхны туршилтын хувилбараа энэ даваа /2019.06.17/ гарагт танилцууллаа.

Энэхүү систем нь Монгол хэлний хувьд олон нийтэд турших боломжтойгоор танилцуулж буй анхны хувилбар юм. Одоогоор  энгийн монгол бичвэрийг 86%, англи бичвэрийг 95% зөв таньж байгаа. Хэт ярианы хэлний юм уу гадаад үгсийг сайн танихгүй байх талтай. Бид удахгүй монгол яриа таних чадварыг 95% хүргэнэ. Энэ нь бид компьютертойгоо Монгол хэлээрээ чөлөөтэй ярилцаж харилцах боломжтой болно гэсэн үг юм.

Бид уг шинэ технологийн талаар “Болорсофт” программ хангамж хөгжүүлэгч компанийн Гүйцэтгэх захирал Ч.Мөнхнарантай ярилцлаа.

-Дуу яриа боловсруулах “Чимэгэ” системийг юуны өмнө уншигчдадаа танилцуулаад яриагаа эхлүүлье

-Энэ бол суурь технологи. Яриаг бичвэр рүү хөрвүүлэх, яриа таних буюу Монгол хүний яриаг кирилл бичиг рүү хөрвүүлэх технологи юм. Уг технологид суурилан төрөл бүрийн программууд хийж болно. Тухайлбал, автомат протокол хөтлөлт, “Call center”-ийн автоматжуулалт гэх мэтээр хүний цагийг хэмнэх боломжтой технологиуд. Дэлхий дахинд үүнийг аль хэдийнээ хэрэглээд эхэлчихсэн ч Монгол улсад Монгол хүний яриа таньдаг систем өнөөдрийг хүртэл байсангүй. Манай улс цөөхөн хүн амтай, Монгол хэл өөрөө бусад бүх хэлээс ялгаатай өөрийн тусдаа язгууртай хэл учраас энэ системийг Монголчууд өөрсдөө зохиохоос өөр аргагүй. Бидний харж буй хамгийн гол зүйл бол манайх цөөхөн хүн амтай, цөөхөн боловсон хүчинтэй учир зөв зохион байгуулалт хийх чухал, үүнд уг суурь технологиуд манай улсын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэг утгаар хийсэн. Хийхийн тулд хиймэл оюуны гол технологийн нэг болох Гүн сургалтын систем /deep learning/ -ийг ашигласан. Манай байгууллагын зүгээс найман сарын хугацаанд тасралтгүй ажиллаж, хэдэн мянган хүний дуу хоолойны дата цуглуулж, үүн дээр нь хиймэл оюуны чиглэлээр мэргэшсэн Германы Берлиний их сургуулийн судлаач Төгстөгөлдөр, “Bolorsoft” ХХК-ийн үүсгэн байгуулагч инженер, архитектор Бадрал болон манай компанийн бусад бүх ажилчид ажиллаж байж 86 хувийн гүйцэтгэлтэй технологио олон нийтэд танилцууллаа.

Цаашлаад бид өгөгдлүүдийг байнгын сургалтад оруулж, сайжруулаад явна. Ингэхийн тулд маш олон хүний дэмжлэг хэрэгтэй болох байх.

-Маш олон хүний дуу хоолойны дата дээр суурилсан гэлээ. Ойролцоогоор хэдэн хүний дуу хоолойг ашиглав? Тэдний дуу хоолойны өгөгдлийг хэрхэн цуглуулсан бэ?

-Яг албан ёсоор тоо гараагүй. Манай “Bolorsoft” компани цахим хэл шинжлэлээр түлхүү программ хангамж хөгжүүлдэг компани. Тэр утгаараа ч бид хүний унших ёстой үг, өгүүлбэрүүд, өгүүлбэрийн бүтцийг ялгаад, яг л ийм үг, өгүүлбэрийг уншуулж сургаж байж бүтээгдэхүүн гарах нь гэдгийг тооцсон нь эхний ажил байсан. Цаашлаад хүмүүсээр хэр удаан хугацаанд бичвэрийг уншуулах вэ, нэг хүн хэдий хугацаанд унших боломжтой вэ гэх мэтийг тооцно. Нэг хүн тийм ч удаан хугацаанд уншиж чаддаггүй, үг өгүүлбэрүүдийг алдаатай унших гэх мэт хүндрэлүүд байдаг ч үр дүнг нь бодолцож бид нэлээд нухацтай ажилласан.

Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖуншина уу.

АСУУДАЛ: Малчдын дунд адуу, хониор “АВТОМАШИН” хожих сугалаа нэрээр САНХҮҮГИЙН ЛУЙВАР цэцэглүүлэв үү

Саяхнаас эхлэн малчдын дунд малаа бооцоонд өгч, машин мотоцикл сугалдаг “Ёндоо” хэмээх хонжворт сугалаа болох болж, тэд энэ сугалаандаа ихээр хошуурах болсон байна. Тухайлбал, “Архангай аймгийн Эрдэнэмандал суманд уг уг сугалаа болж, иргэд олноороо санхүүгийн луйварт оролцож байна” хэмээн нэгэн иргэн цахим орчиндоо нийтэлсэн юм. Бид уг асуудлын мөрөөр тухайн сумын засаг даргатай холбогдлоо.

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын засаг дарга Э.Болдбаатар “Ийм сугалаа болоод байгаа нь үнэн. Манай малчид маш ихээр оролцож байна. Яг хохирсон хүн байхгүй болохоор тэднийг “сэргийлэх хэрэгтэй, битгий оролц” л гэж гуйх юм. Одоогийн байдлаар манай суманд 3-4 удаа болчихсон байгаа юм. Анхны удаад нь Сүхбаатар аймгийн иргэн хийсэн. Харин хоёр дах удаагаа болох гэж байхад нь таслан зогсоож зохион байгуулж буй Дорноговь аймгийн иргэн Д.Сайхнаа гэгчийг буцаасан. Гэвч өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2019.06.15/-нд намайг эзгүй, бүсийн уралдаанд явсан хойгуур хийсэн байгаа юм.

Сонсох нь ээ, иргэд хоёр төлөг өгч сугалаанд оролцоно. Сугалааны журам нь ямар ч луйваргүй гэх юм билээ. Бүх оролцож байгаа иргэд нь бүгдээрээ цуглаад нэрээ бичиж шилэн хоргонд хийдэг. Үүний дараа нутгийн хоёр хүүхдийг барилдуулж аль давснаар нь эхний азтанг тодруулдаг. Тодорсон азтан нь дараагийн хүнийхээ  нэрийг сугалж гаргах  журмаар болдог гэсэн. Гэхдээ хонжвор нь юу тавьж байгаа, хэдэн хүн оролцож байгаагаасаа хамаардаг гэж л сонссон. Өөрөө оролцоогүй болохоор мэдэхгүй юм. Ганц манай сум гэлтгүй Жаргалант, Өндөр-Улаан, Булган сумуудаар болж байна гэж сонсогдсон. Ихэвчлэн тухайн орон нутагтаа танилтай хүмүүс нь энд зуншлага сайхан, мал тарган, иргэд ч ийм зүйлийг сонирхоод байна гэх сургаар өөр өөр хүмүүс ирээд яваад байгаа юм шиг байна лээ” хэмээн ярьсан юм. Түүнчлэн яг хохирсон хүнгүй болохоор ямар ч арга хэмжээ авч чадахгүй хэцүү байдалд байна гэдгийг тодотгож байлаа.

Нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.

Б.Дашдондог: Гадныхан “THE HU” хамтлагийг үзэхийн тулд тайзны урдах байраа алдахгүйг хичээдэг

Хүннү рок хэмээх цоо шинэ урсгалаар уран бүтээлээ туурвиж, маш хурдан нэрд гараад буй “The Hu” хамтлагийн продюсер, тус хамтлагийг санаачлагч Б.Дашдондог Европ дахь аялан тоглолтынхоо дундаас өчигдөр /2019.06.18/ эх орондоо эргэж ирсэн юм. Бид түүнийг Чингис хаан нисэх онгоцны буудалд тосон авч, “The Hu” хамтлагийн аялан тоглолтын сонин хачин болон гадны үзэгчид Монгол хамтлагийг хэрхэн хүлээж авч буй талаар ярилцлаа.

-“The Hu” хамтлаг хаана ямар фестивалиудад  оролцон тоглолтоо хийсэн бэ?

-Саяхан Берлинд  “Rock in park”, “Rock am ring” хэмээх фестивалиудад тоглолтоо хийсэн. Дандаа 75-90 мянган үзэгчдийн багтаамжтай фестивалиудад оролцсон. Мөн жижиг хүрээтэй хэдий ч дэлхийд танигдсан, Англиас гаралтай хамтлагуудыг гаргаж ирснээрээ алдартай “Downloads” фестивальд оролцсон. Хамгийн эхний бие даасан тоглолтоо Брайтен хотод хийсэн. Хэдий жижиг хот боловч хүмүүс нь маш сайхан хүлээж авсан. "Брайтенээс хамгийн анхны аялан тоглолтоо эхэлсэн гэдгээ хэзээ ч битгий мартаарай" хэмээн хамтлагийнхандаа хэлсэн. Энэ бол хамгийн дурсгалтай гоё зүйл.

-Цаашид ямар фестивалиудад оролцох вэ?

-Одоогоор манай хамтлагийнхан Англиар аялан тоглолтоо хийж байна. Англид нийтдээ зургаан тоглолт хийнэ. Лондонд “Underworld” хэмээх том фестивальд оролцоно. Энэхүү фестиваль нь томоохон хамтлагуудыг олонд таниулсан гэдгээрээ алдартай. Энэ тоглолтоо хийгээд буцаад Францын Парис руу явна. Европ тивээс ахиад долоо найман орноор аялах, 11 тоглолт хийх дутуу байна.

-Эдгээрээс хэд нь фестиваль, хэд нь бие даасан тоглолтууд байв?

-Европын аялан тоглолтоос долоо нь фестиваль бусад нь бүгд бие даасан тоглолтууд байгаа. Өнгөрсөн арав хоногийн дотор дөрвөн фестивальд оролцож, тав зургаан бие даасан тоглолтоо хийсэн.

Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.

ҮЙЛДВЭРЛЭГЧ Н.Сарангуа: "Морьтой тос" сайн гэдэг хэрнээ Монгол биш Солонгос тосыг авдаг

Энэ удаагийн “ҮЙЛДВЭРЛЭГЧ” буландаа бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжин ажиллаж буй “Инару” брэндийг онцоллоо. Уг брэнд нь үйл ажиллагаа явуулаад хоёр жил болж байгаа хэдий ч бүтээгдэхүүнээ экспортолж, гаднын жуулчдад ихээхэн танигдаж чадсан гэдгээрээ онцлог юм.

-“Инару” брэндийг хэрхэн үүсгэн байгуулсан бэ? Чухам юу нөлөөлөв?

-Манайх үйл ажиллагаагаа 2016 оноос явуулж эхэлсэн. Харин брэндийн нээлтээ 2017 оны 11-р сард хийсэн. Уг брэндийг нээх болсон шалтгаанд  хоёр ч хүчин зүйл бий. Нэгдүгээрт, миний хувьд импортын бүтээгдэхүүн Монголдоо оруулж ирээд 10 жил болсон. Ажлын шаардлагаар гадны хүмүүстэй уулзалт хийж үндэсний үйлдвэрийн бүтэгдэхүүн бэлэглэх шаардлагатай болоход ноолууран бүтээгдэхүүнээс өөр зүйл байдаггүй. Тиймээс эх орныхоо онцлог чанарыг харуулсан зүйл хийх хэрэгтэй юм байна гэж бодсон. Хоёрдугаарт, Би хоёр ойрхон төрсөн, тийм ч учраас бага насны хүүхэдтэй хүн чинь арьс гоо сайхан болон хүүхдийн хэрэглэх зүйлд их анхаарч байлаа. Гэтэл нэг өдөр BBC-ээр гарсан саван, шампунь, ОО гээд ахуйн цэвэрлэгээнд хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдийн талаар нэвтрүүлэг гарав. Уг нэвтрүүлгийг үзсэнээр би бидний алхам тутамдаа хэрэглэдэг ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг ямар хор уршигтай, урагт хэрхэн муу нөлөөлдөг, хүүхдийн эрүүл мэндэд муу, харшил үүсгэдэг, хавдар үүсгэдэг гэдгийг сонсоод итгээгүй. Үүний дараа судалгаа хийж эхэлсэн. Гэвч судалгааны явцад бидний хэрэглэдэг ОО-нд гэхэд арьсанд хэрэглэж болохгүй бодис, хөөсрүүлэгч бодис, цайруулагч бодис, тогтворжуулагч бодис гэх зэрэг олон төрлийн химийн бодис агуулагдсан байдгийг олж мэдсэн. Өдөр тутамдаа хэрэглэдэг бүх бүтээгдэхүүнүүд синтетик химийн бодисоос бүрдэж байгаа. Синтетик химийн бодис гэдэг нь байгалийн аргаар гаргаж аваагүй химийн нэгдлүүдээр гаргаж авсан бүтээгдэхүүнүүд, хүний бидний биед огт шингэдэггүй гэдгийг мэдсэн. Ингэж л гэрийн хэрэглээндээ ч тэр цаашид хийх бүтээгдэхүүнээ органик бүтээгдэхүүн болгосон.

Түүнчлэн Английн “Формула ботаника” гэдэг сургуульд хоёр жил суралцаж органик бүтээгдэхүүн хэрхэн хийдэг талаар мэдлэгтэй болж ОУ-ын технологичийн сертефикат авсан.

-Танай брэндийн нэр их содон санагдлаа, ямар утгатай үг вэ?

-Хүмүүс манай брэндийн нэрийг их гайхаж асуудаг. Гадаад нэр үү ч гэх нь бий. Гэхдээ уг үг нь “Алтан дээд гэрээ” сударт гардаг монгол үг. Инару нь эртний монгол бичгээр “Нар” буюу цөм гэсэн утгатай үг юм. Нар маань өөрөө амьдрал байдаг учраас хүн бүрд сайн сайхныг бэлгэдсэн утгатай билээ. 

-Хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүнтэй вэ? Бүгд гоо сайхны бүтээгдэхүүн үү?

-Одоогоор 26 бүтээгдэхүүнтэй ихэвчлэн гоо сайхан, арьс арчилгаа, үс арчилгааны бүтээгдэхүүнүүд. Удахгүй гэр ахуйн цэвэрлэгээний  бүтээгдэхүүнүүдээ илүү олон төрөлтэй, болгож гаргана.

Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.

СУРВАЛЖИЛГА: Шорлогийг зарим газрууд АДУУНЫ ТОЛГОЙН МАХЫГ ШУЛЖ хийдэг

Улаанбаатарын хаана ч явсан хэд алхаад л “Шорлог аваарай, шорлог аваарай” гэх дуулдана. Томоохон худалдааны төвүүд /Нарантуул, Хархорин/, автобусны буудал дээр оройн цагаар хүмүүсийн их цугладаг парк, хүрээлэн, зайсанд зардаг.

Хүн олноороо цуглаж болох газар хаана л байна тэнд өөрсдийн бэлдсэн түрдэг тэргэн дээрээ шорлогоо ачсан хүмүүс явж л байдаг.

Бид энэ удаагийн сурвалжилгаараа шорлогийг ямар нөхцөлд хэрхэн бэлддэг, хэр удаан хадгалдаг, эрүүл ахуйн шаардлага хангасан эсэх, ямар махаар хийж, юугаар амталдаг талаар мэдээлэхээр боллоо.

Долоон жил энэ төрлийн наймаа хийж байгаа нэгэн иргэнтэй бид ярилцаж тодруулга авсан юм.

-Та бүхэн шорлогоо ямар нөхцөлд хаана хийдэг вэ?

-Гэрийн нөхцөлд бэлддэг. Өглөө нь мах, төмсөө гэртээ чанаж бэлдээд шор төмөртөө шорлоод гал дээр шарахад бэлэн болгодог. Бэлэн болсон шорлогоо цаасан хайрцагт хийгээд зарах газраа авч ирдэг.

-Ямар махаар хийдэг вэ. Махаа хаанаас хэдэн төгрөгөөр авч байна?

-Үхрийн гуяны цул махаар хийдэг, зарим газар адууны толгойн махыг шулж хийдэг. Ихэвчлэн хүмүүс махаа “Шонхор”, “Дэнжийн-1000”-аас юм уу эсвэл аль болох гэртэйгээ ойрхон, үнэ хямдаас авдаг. Нэг килограмм махыг арван мянган төгрөгөөр авч байгаа. Адууны толгойг харин хямдхан авдаг байх.

-Махны үнэ нэмэгдэхэд шорлогны үнээ нэмсэн үү?

-Бүх төрлийн шорлог зардаг газрууд үнээ тодорхой хэмжээгээр нэмсэн. Бид ч мөн адил нэмж 2000 төгрөг болгосон. Харин зах дээрх шорлогийн үнэ л нэмэгдээгүй 1000 хэвээр байгаа.

-Шорлогоо сүвлэж байгаа төмрөө хаанаас авдаг вэ? Хэрхэн цэвэрлэж ариутгадаг вэ?

-Шорлогныхоо шор төмрийг “100 айл”-ын барилгын материалаас боодлоор нь 2500 төгрөгөөр авчихдаг. Хугарахгүй л бол хэрэглэхээ больдоггүй, хэрэглэсээр л байна. Харин цэвэрлэгээний хувьд “Fairy”-тэй халуун усаар угааж цэвэрлэдэг.

Сурвалжилгыг бүрэн эхээр ньЭНД ДАРЖ уншина уу.

СУРВАЛЖИЛГА: Нисэхийн таксинууд Монголчуудад 20 мянгаар, гадаадуудад 10 ам.доллараар үйлчилдэг

“Нисэхийн таксинууд үнэтэй явж байна” гэх гомдол хүмүүсийн дунд тасардаггүй. Үнэхээр Нисэх чиглэлд зорчдог таксинууд үнэтэй явж байна уу эсвэл шатахууны үнэ өссөн энэ үед таксины жолоочид шударга үйлчилж байна уу гэдгийг бид сурвалжлахаар Нисэх онгоцны буудлыг зорьсон юм. Биднийг очиход нисэх онгоцны буудлын урд хэд хэдэн такси зогсож байсан бөгөөд жолооч О.Баавгайтай уулзан дараах тодруулгыг авлаа. 

-Танай ажлын цаг хэд вэ? Өдөрт хэр их хүн үйлчлүүлж байна?

-Ажлын найман цаг байдаг. Нисэх онгоцны буудлаас өдөртөө 2-3 хүн үйлчлүүлдэг.

-Километр нь хэдэн төгрөгөөр явдаг вэ?

-Нисэхийн таксинууд километрээр явдаггүй. Нисэх онгоцны буудлаас Улаанбаатарын төв рүү явахад 20 мянган төгрөг байдаг. Удахгүй нэмэгдээд 25 мянган төгрөг болох гэж байгаа.  Хотын зах руу явах бол 30-35 мянган төгрөг. Улаанбаатараас нисэх онгоцны буудал руу явахад 500 төгрөг нэмэгддэг юм. Учир нь машины зогсоол руу ороход 500 төгрөг авдаг. Бид онгоцны буудлын урд удаан зогсдог учраас өдөртөө 1000 төгрөг тушаадаг.

-Монгол, гадаад хүмүүс адилхан тарифтай байдаг уу?

-Ер нь адилхан. Гэхдээ гадаад хүнийг 10 ам.доллароор хүргэж өгнө гэсэн тариф бий.

-Танай байгууллагын таксинууд бүгд адилхан үнэтэй явдаг уу? Эсвэл хоорондоо зөрүүтэй юу?

-Адилхан тарифаар явдаг. Учир нь онгоцноос буугаад ирж яваа хүмүүст зориулан таксины үнэ тарифыг том самбар дээр бичиж шалган дээр байрлуулсан. Зарим хүмүүс “хэд вэ” гэж асуулгүй шууд суугаад очих газраа хэлдэг.

-Танай байгууллага таксиндаа тоолуур хэрэглэдэг үү?

-Нисэхээс Улаанбаатар ороход хэрэглэдэггүй, тогтсон тарифтай. Хот дотор эхний нэг километр нь 1500 төгрөг, хоёр гуравдах километр нь 1000 төгрөгөөр явдаг. Гэртээ такси дуудвал 1000 төгрөг нэмэгддэг.

Харин хувийн таксины жолоочид үйлчлүүлэгчтэйгээ хаашаа явахаас шалтгаалан үнэ ханшаа тохиролцдог гэлээ. Хот дотор километр нь 1000 төгрөгөөр явдаг бөгөөд ихэнх нь тоолуур ашигладаг байна. Зарим өдрүүдэд хүн үйлчлүүлэхгүй тохиолдол ч байдаг хэмээн тэд ярилаа. 

Сурвалжилгыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.

БАГЦАЛСАН:Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button