Залуу яруу найрагчид: Монгол хэлнийхээ ачаар шүлэг бичиж, яруу найргийнхаа буянаар дурсах дурсамжтай явна
Жил бүрийн гуравдугаар сарын 21-ны өдрийг ЮНЕСКО-гоос “Дэлхийн яруу найргийн өдөр” болгож, тэмдэглэн өнгөрөөхийг зарлан тунхагласан байдаг. Эл өдрийг 1999 оноос эхлэн дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж буй.
Тэгвэл тус өдрийг тохиолдуулан өнөө үед шүлэг яруу найраг бичин туурвиж, түүндээ шимтэн дурлаж яваа залуусын төлөөлөлтэй яруу найргийн тухай яриа өрнүүллээ. Тэд МУИС, МУБИС, СУИС-ийн оюутнууд бөгөөд өөр өөрсдийн сургуульд хичээллэдэг утга зохиолын дугуйлангийн гишүүд юм.
-Дундарч дуусашгүй үгийн далайд сэлэх, хөл алдах нь сайхан мэдрэмж-

МУБИС-ийн Утга зохиолын нэгдлийн гишүүн Э.Цэвэлсодном "Мэдлэг гэхээс илүүтэйгээр мэдрэмжийн төлөө амьдрах болсон өнөө үед яруу найраг надад мэдрэмж өгсөн учир түүнд хайртай байдаг. Тэр ч утгаараа яруу найргийг уншигддаг бус мэдрэгддэг гэж тодорхойлоод байгаа шүү дээ. Одоо үед бид нэг алхаад л мэдлэг, мэдээлэлтэй таардаг болсон. Тиймээс хэн надад илүү сайхан мэдрэмж өгч чадах билээ, юунаас би сайхныг мэдэрч болох вэ гэх хандлага руу манай үеийнхэн чиглэх болсон. Магадгүй сайн сайхан мэдрэмж ч биш байж болно. Уйтгар гунигийг мэдрэхийн төлөө шүлэг бичдэг хүн байдаг.
-Их сургуулиудад яруу найргийн дугуйлангууд хичээллэсээр ирсэн. Одоо ч тэр хүн хөл ихтэй хэвээр байгаа. Яруу найргийн юу нь та нарыг нэгтгэж чадаад байна вэ?
-Яруу найргийнхаа буянд дурсах дурсамжтай, мэнд мэдэх хүмүүстэй яваа. Миний амьдралд яруу найраг үгүй сэн бол хар бараан, саарал өдрүүд л байх байсан биз. Магадгүй бусад маань надтай ижил байж мэднэ.
-Мэдээж танай үеийн залуус олон зүйл уншиж байгаа байх. Тухайлбал, Монголын яруу найрагчдаас хэнийг олзолж уншдаг бол?
-Сүүлийн үед залуусын түлхүү хэрэглэдэг инстаграмм дээр гэхэд л шүлэг уншиж богино хэмжээний видео бичлэг хийж түгээдэг, түүнийг нь ч залуус их үзэж сонирхдог болж. Тэдгээрээс харахад Л.Өлзийтөгс, Г.Аюурзана гэх хоёр эрхмийн шүлгүүд зонхилдог. Тэдний шүлгүүд магадгүй хэзээ ч хуучирч мартагдахгүй байх.
-Хүмүүс янз янзын шалтгаанаар л шүлэг бичдэг байх. Таны хувьд юуны тулд шүлэг бичдэг вэ?
-Үг гэдэг чинь өөрөө дундрашгүй сайхан зүйл шүү дээ. Тиймээс үгээр илэрхийлэгдэж байдаг шүлэг, уран зохиолыг бичих гэсэн хүсэл эрмэлзэл байдаг. Дундарч дуусашгүй үгийн далайд сэлэх, хөл алдах нь сайхан мэдрэмжүүдийг нэг. Ингэхдээ бид яруу найрагт хайртай байхаасаа илүү монгол хэлээ хайрлах нь чухал болоод байна.

МУИС-ийн Утга зохиолын нэгдлийн гишүүн А.Жадамба "Яруу найргийг хүмүүс янз бүрээр л ойлгож, хүлээж авдаг байх. Миний хувьд бага ангид орсон цагаасаа эхлээд л уран зохиолын номд байдаг шүлгүүдийн цээжилдэг байлаа. Тэдгээр шүлгүүдээр л яруу найргийг төсөөлдөг байсан гэхэд хилсдэхгүй. Дунд ангид ороод яруу найраг бичиж, сонирхож эхэлсэн. Тухайн үедээ сайн шүлгийг чамин, сайхан үгсийн цуглуулга мэтээр их сургуульд орох хүртлээ ойлгодог байсан. Харин их сургуульд элсэж яруу найрагт дуртай, бичдэг үеийн залуусын тоосонд орсноор миний бодол өөрчлөгдсөн. Яруу найргийн цаана мэдрэмж, далд санаа, бэлгэдэл бий гэдгийг мэдэрсэн.
-Таны бодлоор ямар хүмүүс яруу найргийг сайн бичих бол?
-Минийхээр мэдрэмжийн туйл болсон хүмүүс л шүлэг яруу найраг оролдож, ойлгодог байх гэж боддог. Хүн амьдралдаа заавал нэг удаа дурладаг гэдэг. Тэр үедээ шүлэг бичих нь түгээмэл байдаг шүү дээ. Тэгэхээр хэн нэгэнд дурласан хүний мэдрэмж дээд цэгтэй хүрдэг учир түүний дотроос шүлэг гарч байгаа байх. Харин шүлэг бичдэг хүмүүс өдөр бүр тэдгээр дурласан хүмүүстэй ижил мэдрэмжтэй байдаг байж таарах нь.
-Их сургуулиуд дээр тогтмол утга зохиолын дугуйлан хичээллэж байгаа шүү дээ. Утга зохиолын нэгдлийн талаар яривал?
-Яруу найраг гэдэг зүйл биднийг нэгтгэж долоо хоног бүрийн тогтсон нэг өдөр сургууль дээрээ цуглахад хүргэдэг. Бидний мэдэрч байгаа зүйлс, эмзэглэл нэг байдаг учраас бид цугладаг байх.
-Яруу найрагт өөрчлөлт хэрэгтэй, 1990-ээд оны үе гарч байсан шиг-

МУИС-ийн Утга зохиолын нэгдлийн гишүүн Б.Золбоо "Залуусын бичсэн шүлгийг болж байна уу, болохгүй байна уу гэдгийг нь үзэж, зөвлөх, тэднийг ойлгох орон зай хэрэгтэй. Тухайн дутагдаж буй орон зайг нь нөхөж уран зохиолоор нөхөрлөсөн нөхөрлөл илүү чанд холбоотой байдаг юм шиг санагддаг.
-Яруу найраг хүнд юуг өгч чадах бол?
- Яруу найраг хүний дотоод ертөнцийг илэрхийлж чаддаг. Шүлэг бол урлагийн бүтээл мөн. Хүн тодорхой хэмжээгээр урлагийн бүтээлээс таашаал, цэнгэл эдлэх учиртай. Гэхдээ яруу найрагт танин мэдүүлэх үүрэг байхгүй гэж бодож байна. Харин уран зохиол танин мэдүүлэх, хүмүүжүүлэх, гоо зүйн таашаал өгөх үүрэгтэй. Ер нь яруу найргаас гоо зүйн цэнгэлийг л мэдрэх учиртай.
-Залуусийн төлөөлөл учир асуухад яруу найрагт өөрчлөлт, шинэчлэл хэрэгтэй болов уу?
-Миний харах өнцгөөр бол өөрчлөлт хэрэгтэй байх. 1990-ээд оны үе гарч байсан шиг. Гэхдээ өөрчлөлт, шинэчлэл хийж байна гээд өмнөх үеэ үгүйсгэж болохгүй. Бид өөрсдийн үзэл бодлоо өмнөх үетэйгээ хамтатгаж байж сайн шинэчлэл хийх байх. Угаас нийгэм цаг үеийн нөлөөгөөр хүний үзэл бодол бүрэлдэж байдаг. Уран зохиол ч мөн адил нийгэм цаг үеэсээ шалтгаалж хөгжиж ирсэн. Тиймээс нийгэм цаг үеэ дагаад өөрчлөгдөх ёстой. Залуус бид цаашид өөрсдийн гэсэн үзэл бодолтой байж түүгээрээ нэгдэх нь л чухал байна. Гэхдээ бид яг юуг эрэлхийлэх эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй л болчхоод байгаа.

СУИС-ийн "Эсрэг цаг" яруу найргийн клубийн гишүүн Р.Энхзориг "Яруу найраг бол мэдрэмжийн цогц, бүхэл гэж боддог. Тиймээс нэг үг, өгүүлбэрээр тодорхойлох боломжгүй байх. Залууст яруу найраг үг, үзэл бодлоо хэлэх хамгийн том, чөлөөт индэр нь болдог. Кино, уран зохиол гэлтгүй урлагт залуус хайртай болж эхэлж байна. Мөн яруу найрагт дуртай залуус ч олон байгаа. Миний мэдэхийн гурван их сургууль дээр утга зохиолын нэгдэл, дугуйлан байдаг. Тэнд ирээдүйн яруу найрагчид мэндэлж байгаа гэж би хувьдаа боддог" гэлээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
mongol helniihaa buyand shuleg bichne gedeg ih goy heljee
залуу яруу найрагчид ингэж бодож явна гэдэг сайхан санагдлаа
монгол хэлнийхээ гоё сайхныг ингэж мэдэрч байгаа нь бахархмаар
яруу найраг үнэхээр мэдрэмжийн урлаг шүү
уншиж байхад залуусын бодол их гүн юм байна
ийм залуус байхад утга зохиол тасрахгүй юм байна
шүлэг гэдэг үнэхээр сэтгэлээс гардаг зүйл шүү
яруу найрагчид их эмзэг мэдрэмжтэй хүмүүс байдаг нь мэдрэгдлээ
zaluusiin bodol ih tsever bas unen sanagdlaa
utga zohiol sonirhodog humuus olon bhad saihan bna
ene niitleliig unshaad ih saihan medremj avlaa
ийм клуб дугуйлангууд их хэрэгтэй шүү
medremjiin tuil gedeg helsen ni taalagdlaa
shuleg bol setgel dotroos gardag ni unen
zaluusiin setgelgee ih goy ilerhiilegdsenee
goe sanaa bodluud ih bn
Ene enhzorig geed huu ymar hoorhon huu we