Танилц: Аялал жуулчлалын салбарыг дэмжих 6 хувийн хүүтэй олгох зээлүүд
Монгол Улсын Засгийн газрын өнгөрсөн оны тавдугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийгдэх дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор “Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээл олгох тухай” 255-р тогтоолыг баталсан. Уг тогтоолоор аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхлэгчдэд арилжааны банкнуудын эх үүсвэрт тулгуурлан 6.0 хувийн хүүтэй, 6 жил хүртэлх хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох болж буй юм.
Энэ хөтөлбөрийн хүрээнд:
- Худалдаа хөгжлийн банк
- Хаан банк
- Хас банк
- Төрийн банк
- Голомт банк
- Капитрон банк
- Богд банк
- Тээвэр хөгжлийн банк
- Ариг банк
- М банк зэрэг арилжааны банкнуудаар дамжуулан тус хөнгөлөлттэй зээлийг авах боломжтой юм байна.
Түүнчлэн зочид буудал, аялал жуулчлалын цогцолбор, жуулчны бааз, авто зам дагуух түр буудаллах цэг, зам дагуух үйлчилгээний цогцолбор, жуулчин тээврийн хэрэгсэл болон агаарын тээврийн хэрэгслийн төрлүүдээр хөнгөлөлтэй зээлийг олгох юм. Зээлийн дээд хэмжээ нь ₮2 тэрбум хүртэл аж.
Зээл хүсэгчид дараах тавигдах ерөнхий шаардлагыг хангах юм. Тухайлбал,
- аялал жуулчлал, зочлох үйлчилгээний хоёр ба түүнээс дээш тооны ажилтантай
- НӨАТ суутган төлөгч
- Хугацаа хэтэрсэн чанаргүй зээлийн өр төлбөрийн үлдэгдэлгүй
- Банкнаас зээлийн үйл ажиллагааны журам, зааврын хүрээнд тавигдах бусад шаардлага
- Зээлийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг даатгуулах шаардлагатай.
Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээл олгогдож эхэлснээр улсын агаарын болон газрын тээврийн дэд бүтцийг шинэчилж, жуулчдын урсгалыг саадгүй хүлээн авах орчин бүрдүүлэхээс гадна зочид буудал, жуулчин байршуулах хэрэгслийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанар, тав тухыг сайжруулахад чиглэсэн цогц арга хэмжээнүүдийг санхүүжүүлэхэд зориулагдсан хөрөнгө оруулалт болж байгаагаараа ач холбогдолтой юм. Мөн Монгол орны байгалийн өв, соёлын онцлогт тулгуурласан аялал жуулчлалыг олон улсын түвшинд хүргэн хөгжүүлэх боломжтой болох ажээ.
Б.АЗЖАРГАЛ


















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.