About Mongolia #3 | Маркус Пеш: Галзууран буй дэлхийд Монгол бол амгалан оршиж болох орон
Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын “Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь" (SPACES II) төслийн Хөгжлийн зөвлөх Маркус Пештэй ярилцсаныг хүргэж байна.
- Олон жилийн өмнө та Монголд үүргэвчээ үүрээд л ирсэн гэж дуулсан. Монголтой холбогдсон энэ аялал тань хаанаас эхлэлтэй вэ?
- Их сонирхолтой түүх. Би анх 2003 онд Монгол Улсад ирж байсан. Тэр үед би Германы нэг жижиг хотын их сургуульд антропологи, угсаатны зүйн соёл судлалаар сурч байв. 1999 онд оюутан болоход Монголын талаар тэнд ямар ч мэдээлэл байгаагүй. Тиймээс бөөгийн шашин судлахаар эхлээд Сибирь явахыг хүсэж байсан. Орос хэл сурахаар хоёр ч удаа курст суусан боловч Москвагаас ирсэн багш хүүхэн надад “Чи ер нь манай хэлийг сурахгүй юм байна аа. Дахиж битгий ирээрэй” гэсэн (инээв). Удалгүй би Берлин хот руу нүүж Хумболтын их сургуулийн Төв Ази судлалын салбарт орсноор Монгол хэл сурч эхэлсэн. Удалгүй Монголд хээрийн судалгаа хийх төлөвлөгөө гарснаар анх би энд хөл тавьж байлаа. Монголд ирээд хоёр, гурван сар ганцаараа хөдөө нутгаар аялсан нь адал явдал ихтэй сайхан дурсамж болж үлдсэн. 2004 онд Хөвсгөлийн Дархадын хотгорт мөн л хоёр, гурван сар амьдарч Дархад удган, зайрантай уулзаж ярилцан, бөөгийн зан үйл, засал судлаж байсан.
Би 2018 оноос эхлэн Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын хэрэгжүүлж буй төсөлдажиллаж байна. Үүнээс өмнө 2004 онд би нээрээ л үүргэвчээ үүрээд, хэл ус ч үгүй аялагч маягын оюутанирж байсан. Харин одоо би Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран хэрэгжүүлдэг “Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь" (SPACES II) төсөлд Хөгжлийн зөвлөхөөр ажилладаг. Минийажлын гол түнш байгууллага бол Хан Хэнтийн дархан цаазтай газрын захиргаа юм. Бид аялал жуулчлал, байгаль орчны боловсролыг чиглэлээр хамтран ажилладаг.
- Та Сибирийн бөөг сонирхож байсан гэлээ. Сибирь явж, зорьсондоо хүрсэн үү?
- Олон жилийн дараа амралтаараа Улаанбаатараас автобусаар Байгаль нуурыг үзэхээр Улаан-Үүд, Эрхүү хотуудаар явсан. Яг ч Сибирийг тухайлан зориогүй. Харин хоёр жил Киргизэд ажиллахдаа Орос хэлийг хар ярианы хэмжээнд жаахан сурсан шүү.
- Монгол Улс, ялангуяа Дархадын хотгорын юу нь таны сонирхолыг татсан бэ?
- Бөө мөргөлийн зан үйл, түүгээр дамжин илрэх угсаатны соёлын онцлог зэрэг нь үнэхээр гайхалтай санагдсан. Дархад угсаатан өөрөө ойн иргэд. Амьдрах хэв маяг нь ч хүртэл их ондоо.Тэдний бөөгийн шашин их тайгатай салшгүй холбоотойбайдаг болохоор надад үнэхээр сонирхолтой санагдаж байсан.
- Дархад, Тува бөөгийн зан үйл таны анхаарлыг татсан гэхээр судлаач, эрдэмтэн О.Пүрэв гуайн бөө мөргөл, онгод шүтлэг, зан үйлийн тухай судалгаа их сонирхолтой санагдсан байх. Магадгүй бөө мөргөлийг ойлгоход түлхэц үзүүлсэн болов уу?
- Монголоос би олон ном авч, уншиж судалсан. Би тэр үед оюутан байсан болохоор мөнгө цаас муутай, орчуулагч, жолооч хөлслөх боломжгүй. Дээрээс нь Монгол хэлээр сайн ярьж чаддаггүй байлаа. Нийтийн унаанд суугаад хүмүүсийн яриаг чагнаад л явна. Их өндөр настай, амандаа ганц хоёрхон шүдтэй дархад хүнтэй ярилцах үед аялгыг нь бас сайн ойлгохгүй ээ.Би судлаач Пүрэв багштай уулзаж байсан. “Монгол бөөгийн шашин” номыг нь би мэднэ. Түүний бичиж үлдээсэн судалгаа, ном одоог хүртэл тун сонирхолтой, бас гарын авлага болсон хэвээр байна.
- Бөө, удган хүмүүсийг яг өөрийн нүдээр харахад танд ямар мэдрэмж төрсөн бэ? Монгол бөөгийн онцлог нь юу байв?
- Монгол бөө их онцлогтой. Жишээ нь буриад бөөгийн зан үйл халх бөөгийнхөөс огт өөр. Ер нь нэг сайхан Монгол үг байдаг даа. “Бөө бөөгийн бөөлөх нь өөр, Бүжин туулайн дэгдэх нь өөр” гэж (инээв). Бөөгийн шашинд нэг тийм “изм” шиг коммунизм, капитализмгэсэн шиг заавал “ёстой” гэсэн нарийн баригдмал зүйл байхгүй. Яг тухайн нутгийнхаа, ястан, угсаатны онцлогийг шингээсэн байдаг санагддаг. Энэ сэдвээр яривал их урт яриа болох байх.
- Олон жилийн өмнө та Монголд судалгааны ажлаар боловч жуулчин шиг ирээд буцжээ. Тэр үед танд төрж байсан сэтгэгдэл болон одоо бидний дундамьдарч буй энэ цаг үе хоёрын хоорондын ялгаа, зөрүү хэр их байна?
- Тийм ээ, би оюутан байхдаа 2003 болон 2004 онд анх Монголд ирэхдээ яг бадарчин маягийн жуулчин шиг л байсан. Нийтийн тээврээр ийш тийш яваад л, хээр майхан бариад хоночихдог байв. Харин 2012-2015 онд бараг 5 жил Монголд аялал жуулчлалын хөтөч тайлбарлагчаар ажилласан юм. Дан Герман хэлтэй хүмүүст үйлчилдэг байсан. Тэр үеийн харах өнцөг маань маш их өөрчлөгдсөн. Энэ хооронд суралцаж, 2016 онд тогтвортой аялал жуулчлалын менежментийн чиглэлээр магистрийн зэрэгхамгаалсан. Тэгээд л 2018 оноос өнөөг хүртэл аялал жуулчлалын зөвлөхөөр ажиллаж байна даа.
Таны асуусан анх ирсэн болоод дотор нь ажилласан гэдэг хоёр нөхцлийг одоо ингээд харахад би өөрийн ажиллаж байгаа чиглэлийн хүрээнд хариулах нь зөв байх. Дотоодын аялал жуулчлал мэдээж тухайн үеийг бодвол үлэмж нэмэгдсэн. Монголд 20 жилийн өмнө бартаат зам туулахуйц сайн машин бараг байгаагүй,дан орос машинтай. Одоо бол Монгол хүмүүс туулах чадвар сайтай том машинтай, хөдөө явахад хэрэгтэйбүхий л тоног төхөөрөмжтэй, чанартай майхан, гал тогооны хэрэгсэл гээд юм юмтай болсон байна. Мөн Ковидын дараа Монгол хүмүүс нутаг руугаа, хөдөөгүүр аялах нь ихэссэн. Би 2025 онд найзуудтайгаа хөдөө аялах замд дан Монгол жуулчид таарсан нь их сонин санагдаж байсан. Өөрөөр хэлбэл дотоодын аялал жуулчлал маш сайн сэргэсэн гэсэн үг л дээ. Миний бодлоор Монголын аялал жуучлалын салбарын мэргэжлийн холбоод, хөтөч тайлбарлагчийн холбоо сайн ажилладаг. Тэд мэргэжлийн түвшинг дээшлүүлэх, тухайлбал хөтөч тайлбарлагч нарыг бүртгэлжүүлэх, аттестатчлах, гэрчилгээ олгох талаар байнга ярьдаг. Ер нь монголын аялал жуулчлалыг олон жилийн өмнөхтэй харьцуулахад их сайжирсан, ялгаа их гарсан л гэж би хэлнэ. Гэхдээ огт өөрчлөгдөөгүй, хэвээр байгаа асуудал бий.

- Тухайлбал?
Монголоор хэлэхэд хэцүү юм. Миний бодлоор үнэболон үйлчилгээний чанарын харьцаа төдийлөн өөрчлөгдөхгүй, урьдын хэвээр байна. Монгол Улсынаялал жуулчлалын оршин тогтнох үндэс бол байгаль, өргөн уудам нутгийг хамарсан хангай, говь болон түүнд суурилсан уламжлалт нүүдэлчин өв соёл юм. Энэ хоёр бол монголын аялал жуулчлалын амин чухал үндэс суурь нь болдог. Яг энэ цэгээсээ эхлээсэй гэж боддог. Хэдийгээр Монгол оронд аялал жуулчлалын олон янзын үйл ажиллагаа явагдаж байгаа ч яг тэр нутагтаа, хүмүүстээ ашиг бараг байхгүй. Өөрөөр хэлбэл аялал жуулчлалын орлого ихэвчлэн нийслэл хот эсхүл шууд гадагшаа гардаг байдал урьдын хэвээр байна. Магадгүй орон нутагт бага сага ашиг үлддэг байх. Тиймээс тухайн орон нутаг дахь аялал жуулчлалын нөөц яг тэндээ үлдэх,эдийн засгийн үйл ажиллагаатай илүү уялдуулах,холбох боломжийг эрэлхийлэх, үүнийг ажил хэрэг болгох нь чухал.
Мөн соёлын аялал жуулчлалыг төрөлжүүлэх хэрэгтэй санагддаг. Жуулчид зөвхөн наадам үзэх гэж ирдэггүй. Тэдэнд зориулж дархад үндэстний зан үйл, урианхай, буриад ч юмуу бусад угсаатанд чиглэсэн соёлын аялал жуулчлалыг тодорхой бодлогын түвшинд анхаарч хөгжүүлэх хэрэгтэй санагддаг. Ер нь тийм боломж их бий. Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбар яамнаас бэсрэг наадам,бүргэдийн баяр, түмэн тэмээний баяр гээд маш олонэвэнтүүд зохион байгуулах болсон. Цаатнууд ч бас наадам хийж байна. Тэндээс тэдний соёлын өвөрмөц онцлогийг харах боломжтой.
Гэхдээ соёлын аялал жуулчлалд жаахан болгоомжтой хандах хэрэгтэй. Учир нь энэ бол “niche product” буюу олон нийтийн зах зээлд зориулаагүйюм. Гаднаас ирж буй гадаад хүн Монгол угсаатанхоорондын ялгааг шууд олж харахгүй. ГадаададМонголын брэнд болсон соёлын хоёрхонбүтээгдэхүүн байдаг нь Баян-Өлгийн бүргэдтэйаялал, Хөвсгөлийн цаатан аялал юм. Энэ хоёрыг дэлхийн бараг бүх хүн мэдэх байх. Учир нь энэ тухай маш олон баримтат кино, гэрэл зургийн үзэсгэлэн, зурагт ном ч бий. Бас жаахан өвөрмөц маягийнбайдал нь нөлөөлсөн байх. Монголд өнөөдөр иймэрхүү ховор, сонирхолтой бүтээгдэхүүн цөөн шүү.
- Та одоогийн хийж буй ажил, талбартаа сурсан эрдэмээ хэр гаргаж байна вэ?
- Би одоо улсын тусгай хамгаалалттай газарт ажиллаж байна. Тиймээс яг энэ талаас аялал жуулчлалыг сайжруулах боломж маш их харагддаг. Монголынаялал жуулчлалын бараг 80 гаруй хувь улсын тусгай хамгаалалттай газар нутагт явагдаж байна. Голдуу гадаад жуулчид 2-3 долоо хоног аялахдаа таваасолон тусгай хамгаалалттай газар нутгаар явдаг. Ингэхдээ мориор аялах, тэмээ унах, завиар аялах зэрэг үйлчилгээ авдаг. Гэвч тэнд өрнөж буй аялал жуулчлалын үйл ажиллагаанд тухайн тусгай хамгаалалттай газрын идэвхтэй оролцоо байдаггүй. Уг нь аялалын шинэ бүтээгдэхүүн гаргахад тусгай хамгаалалттай газрын захиргаа, байгаль хамгаалагч нар идэвхийлэн оролцох боломж зөндөө бий.
Ер нь гадаад жуулчид тодорхой мэдээлэл авахсонирхолтой, ялангуяа аяллын төрөл зүйл их асуудаг.Гэвч тусгай хамгаалалттай газрын захиргаа энэ талын хүний нөөцөөр байнга дутмаг байсаар ирсэн. Уг ньхувийн хэвшил, орон нутгийн хүмүүстэй хамтраад шинэ бүтээгдэхүүн гаргах боломжтой санагддаг. Аймаг бүр аялал жуулчлалын мастер төлөвлөгөөтэй, маршрутаа соёлын аялал жуулчлал, түүхийн аялал жуулчлал гэх зэргээр төрөлжүүлсэн нь цаасан дээрбол ёстой гайхалтай харагддаг. Гэвч яг яваад очиход бодит байдал дээр юу ч байдаггүй. Тэмдэг тэмдэглэгээ байхгүй, мэдээлэл байхгүй, баяр байхгүй, наад захын дэд бүтэц байхгүй. Тэгэхээр ингэж юмыг хэт дээрээс нь харж суухаас илүүтэйгээр доороос нь эхэлбэл үр дүн гарна. Хүний нөөц багатай, дэд бүтэц хөгжөөгүй ч унаган байгалиараа Монголын хөдөө нутагт тохирох аялал жуулчлал их бий шүү.
- Хөдөө орон нутагт аялал жуулчлал хөгжүүлэхэд бидэнд бодлого, хэрэгжилт хоёрын дунд ямар зөрүү үүсээд байна вэ? Тухайлбал аймаг, сумын түвшинд?
- Газар бүр харилцан адилгүй, өөрийн онцлогтой байдаг. Наад зах нь тухайн нутаг Улаанбаатар хотоос хэр алслагдасан бэ гээд л. Ер нь сүүлийн 30 жилийн хугацаанд Монголын аялал жуулчлалын гол маршрут ер нь гарсан байна. Хүмүүс Монголд 2-3 долоо хоног аялахдаа Улаанбаатар хотоос гараад шууд Өмнөговь руу явах замдаа Цагаан суварга, Ёлын ам, Хонгорын элс, тэгээд Өвөрхангайд очиж Орхоны хөндий үзээд, Архангайн Тэрхийн цагаан нуур, Хөвсгөл далай гээд тойроод явдаг. Энэ гол маршрутаас өөр, зүүн тийш Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгууд руу гадны жуулчид их цөөхөн явдаг. Сүүлийн жилүүдэд тусгай сонирхлын аялал жуулчлал гэж их ярих болсон. Гэхдээ яг юуг тусгай гээд байна вэ.
Миний хувьд Монголын аялал жуулчлал морин аялал, явган аялал гээд бүх аялал тусгай сонирхлынх гэж би хэлнэ. Харин түүнийг хөгжүүлэхдээ газар нутгийн онцлогийг харгалзан үзэх хэрэгтэй. Жишээлбэл миний ажилладаг Хан Хэнтийн Дархан цаазат газар бол их онцлогтой, өвөрмөц газар. Монгол орон онгон байгалийн нэг сонгодог төлөөлөл бол Хан Хэнтий. Тэнд хүн мал байхгүй, зуны улиралд шумуул, хөх түрүү ихтэй, зам харилцаа бараг үгүй. Энэ нөхцөл байдал нь аялал жуулчлал талаасаа өвөрмөц бүтээгдэхүүн боловсруулах нэг боломж юм. Тэгвэл Орхоны хөндийд маш олон айл өрх нутагладаг, мал ихтэй, замын нөхцөл сайн, бараг Бат-Өлзийт сум хүртэл засмалтай болсон. Харьцуулашгүйбайгаа биз. Монголын аялал жуулчлалын хамгийн чухал зах зээл Азийн зах зээл болж байна. Солонгос, Япон болон дорнын бусад жуулчдын хэрэгцээ шаардлага Америк, Европын жуулчдаас шал өөрбайх магадлалтай. Жишээлбэл Солонгосчууд ихэвчлэн Монголын говийг их сонирхдог. Үүний зэрэгцээ дотоодын аялал жуулчлал бас их чухал байр суурь эзлэх болсон. Тиймээс эдгээр онцлогуудыг ойлгож, түүн дээрээ дөрөөлөн аялал жуулчлалыг хөгжүүлэх нь магадгүй хамгийн оновчтой шийдвэр байж болох юм.
- Бидэнд жуулчдын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн аялал жуучлал хөгжүүлэхэд юу саад тээг болж байна гэж та хардаг вэ?
Яг ямар маягийн аялал жуулчлал хөгжүүлэх гэж буйгаас шалтгаална. Миний бодлоор масс туризм, Тайланд, Ветьнам улс шиг олноор нь хамруулдаг аялал жуулчлал Монголд хэзээ ч хэрэггүй, огт тохирохгүй. Ер нь хүмүүс үнэ цэнтэй аялал жуулчлалд их татагдах болсон. Тэгвэл тийм үнэ цэнтэй аялал бий болгох боломж Монголд бий. Энэ талаар олон жилийн турш цөөнгүй хүмүүс ярьсаар ирсэн. Яг үүнд голчлон ажиллаж ирсэн 30 жилийн туршлагатай компаниуд ч бий. Зарим хүмүүс Бутан улс шиг 7 хоног мөнгө төлж аялдаг болгох талаар ярьдаг. Гэвч өнөөгийн нөхцөлд Монголд тийм боломж байхгүй. Эхлээд үйлчилгээний чанар сайжрах хэрэгтэй. Одоо жуулчид цахимаар аяллын бүтээгдэхүүн захиалдаг болсон. Интернэтээс харахад Монголын аялал их үнэтэй харагддаг. Гэсэн хэдий ч Монгол руу шувуу ажиглах, ирвэсний зураг авах зэрэг сонирхол тээсэн жуулчид ирэх нь бий. Тэдэнд үзүүлэх үйлчилгээ топ, хөтөч нь маш туршлагатай байх хэрэгтэй гэх мэт ийм деталь агуулгуудыг огт гээж үлдээж боломгүй санагддаг.
- Таны ярианаас харвал олон жилийн туршлагатай аялал жуулчлалын компаниудыг төр дэмжих хэрэгтэй юу гэдэг асуулт гарч ирж байна л даа? Олон улсад тийм туршлага бий юу? Эсвэл зүгээр л зах зээлд нь найдаад орхих хэрэгтэй юу?
Миний бодлоор том туршлагатай компаниудад төрөөс дэмжлэг хэрэггүй дээ. Харин тэд нөхцөл байдлаа, үйлчилгээгээ жаахан сайжруулах хэрэгтэй санагддаг. Мөн дотоодын нислэгийн зуны хуваарь 4 сард гардаг нь жилийн өмнөөс төлөвлөдөг гадаад жуулчдыг авчрах компаниудад саад болох жишээтэй. Би хувийн хэвшилд ажилладаггүй болохоор илүү тодорхой хариулт өгч мэдэхгүй нь. Уучлаарай.
- Та тусгай хамгаалалттай газарт аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой гэж хэлсэн шүү дээ?
- Тусгай хамгаалалттай газарт очих жуулчдын тоо харилцан адилгүй. Жуулчид хамгийн их очдог тусгай хамгаалалттай газраар Хөвсгөл нуур, Орхоны хөндий, Горхи-Тэрэлжийг нэрлэж болно. Гэвч тусгай хамгаалалттай газрын санхүүгийн байдал төдийлөн сайнгүй хэвээр байна. Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг шинэчлэн найруулах үйл ажиллагаа явагдаж буй энэ үед тухайн тусгай хамгаалалттай газар нутгаас олсон орлогыг хамгаалалтын захиргаа өөрөө хурааж, хамгааллын үйл ажиллагаанд зарцуулах зохицуулалт хийх нь чухал санагддаг.
Өмнө нь хэлсэнчлэн тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлал хөгжүүлэх маш их боломж бий ч газар нутгийн онцлогоос хамаараад харилцан адилгүй. Зарим тусгай хамгаалалттай газарт аялал жуулчлал хөгжүүлэх шаардлага байхгүй байж ч болно. Үүнийг тусгай хамгаалалттай газрын менежментийн төлөвлөгөөнд сайн тусгах хэрэгтэй. Аль ч тохиолдолд нутгийн иргэд, идэвхтэн байгаль хамгаалагчдыг татан оролцуулах хөшүүрэг хэрэгтэй.Гэхдээ нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал зарим газар амжилттай хэрэгжих атлаа зарим газарт маршрутаас хол байдгийн улмаас хөгжихгүй, хүмүүс нь ч сонирхолгүй байж болно. Тиймээс урьдчилан тухайн нутгийн нөхцөл байдлын үнэлгээ хийх нь чухал.

- Таны ажилладаг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг Монгол Улсад 30 гаруй жил тогвортой үйл ажиллагаа хэрэгжүүлж ирсэн. Энэ олон жилийн хугацаанд Монгол оронд үлдээж буй өвийг нэрлээч гэвэл та юуг нэрлэх вэ?
Манай байгууллага анх Монгол Улсад Германы Техник Хамтын Нийгэмлэг нэртэйгээр ажиллаж эхэлсэн тэр цагаас эхлэн их олон төсөл хөтөлбөр Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байна. Тэдгээрээс байгаль орчин, ялангуяа ойн чиглэлд урт хугацааны хамтын ажиллагаа хэрэгждэг. Энэ хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, сургалт зохион байгуулж, хүмүүсийг сургаж, чадавхжуулж ирсэн.
Тухайлбал, бид байгаль орчны боловсролын чиглэлээр нэлээд хугацаанд ажиллаж байна. Тухайлбал, манай Хан Хэнтийн ДЦГ-т байгаль орчны мэдээллийн 4 төв ажилладаг. Тэдгээр төвийн эрхлэгч бүсгүйчүүд маш гайхалтай ажил хийдэг. Тэд сум, тосгоныхоо ЕБС, эко-клубийн хүүхдүүдтэй хамтран орон нутгийн иргэдийг байгаль орчны мэдээллээр хангаж, соён гэгээрүүлэх ажлыг нугалж байна. Насанд хүрсэн хүмүүсийн бодол санаа, дадал зуршлийг өөрчлөх маш хэцүү. Тиймээс ингэж хүүхдүүдтэй хамтрах замаар томчуудад эерэгээр нөлөөлж, ирээдүйд тусгай хамгаалалттай газар нутагт ажиллах залуу үеийг бэлдэж байна гэж боддог. Өнөөдөр тусгай хамгаалалттай газар нутаг цөөн тооны байгаль хамгаалагчдын нуруун дээр л явж байна шүү дээ.
- Та олон орны тусгай хамгаалалттай газар нутгаар болон Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгаар аялсан байх. Тэдгээрээс таны одоо ажиллаж буй Хан Хэнтийн дархан цаазат газар юугаараа ялгардаг вэ?
Би Монгол орны болон гадаадын 30 орчим тусгай хамгаалалттай газар нутагт очиж байсан. Өмнө хэлсэнчлэн Хан Хэнтий бол маш өвөрмөц нутаг. Тэнд ямар ч айл өрх, мал, зам харгуй, сүлжээ ч байхгүй. Битүү тайга, ой хөвч, намаг балчиг бүхий зэрлэг, онгон, бараг 1.8 сая га том талбайг хамарсан газар.Тэнд явж байхад байгалийн сүр хүчийг мэдэрч, хүн гээч амьтан ямар өчүүхэн, хүний амьдрал ямар хэврэг болохыг ухаардаг. Тэнд төөрвөл хэн ч тантай таарахгүй. Магадгүй баавгай, бас лус савдаг таарч мэднэ. Би нэг удаа төөрч байсан (инээв).
- Онгон байгалийн тэр хүнд замыг туулаад гараад ирэхэд, ер нь Хан Хэнтийн дархан цаазат газрын гүн рүү ажиллаад ирэхэд та юу мэдэрдэг вэ?
Унаган байгалийн оршихуйг өөрийн эрхгүй хүндэтгэх мэдрэмж төрдөг. Хүний нөлөөгүй тийм алслагдсан газар манай дэлхий дээр улам бүр ховор болж байна. Тиймээс тийм онгон тансаг байгалийг заавал хамгаалах хэрэгтэй. Нэмж хэлэхэд Хан Хэнтий бол Монголчуудын хувьд асар чухал. Чингис хааны өлгий нутаг Бурхан Халдун хайрхан тэнд байна. Монголын түүхтэй холбоотой олон үйл явдал тэнд болж байсан. Тухайлбал гурван голын эхийг дурдаж болно.
Хэрлэн, Онон, Туул гээд олон гол мөрөн Хан Хэнтийн нуруунаас эх авдаг. Монгол Улсын дийлэнх хүн ам тэр уснаас ундаалдаг. Тиймээс төрөөс тусгайлан хамгаалдаг. Тиймээс Хан Хэнтийн дархан цаазат газарт ажиллаж буй минь нэр төрийн хэрэг юм. Би 2018 онд ажлын ярилцлагад ороход гурван тусгай хамгаалалттай газар санал болгосон юм. Горхи-Тэрэлж, Орхоны Хөндий, Хан Хэнтий. Хэдийгээр мэдээлэл бага байсан ч би яагаад ч юм шууд Хан Хэнтийн дархан цаазат газрыг сонгосон. Анх хоёр жилийн гэрээтэй ирсэн ч сунгасаар байгаад одоо бараг 8 жил болж байна. Ийм сайхан газар, сайхан хамт олонтой болсон. Би Монголд үүрд үлдмээр байдаг.
- Монголын тухай сайхан дурсамж танд олон байх. Бидэнтэй хуваалцаач?
Би анх Монголд 2003 онд залуу, юм мэдэхгүй хүн ирж байсан талаар ярилцлагын эхэнд хэлсэн дээ. Тухайн үед Монголын бүр юм шинэ, сонирхолтой санагдаж байсан. Берлинд танилцсан Монгол найзын маань ах намайг Буянт-Ухаагийн онгоцны буудалд тосож авсан. Хөдөө явна гэхэд минь тэр ах “Чи юу ярьж байна.Ганцаараа явж болохгүй, аюултай” гэхээр нь би нууцаар Нарантуул ороод хөдөө явах гэж байгаа олон фургоныг хараад зогсож байтал яг далай лам шиг царайтай жолооч Ховд явна гэхээр нь шууд л суугаад явчихсан.
Тэр үед том автобус явдаггүй, бараг замгүй байсан. Бид бараг 54 цаг явж Ховд аймгийн төвд очсон. Тийм юм үзээгүй надад их хэцүү байсан. Хэл мэдэхгүй, хүн танихгүй. Нэг залуу надад бүргэд үзүүлнэ гээд мотоцикльд сундлаад хөдөө айлд очсон чинь бүргэд нь эзгүй байна гээд зураг, малгай хоёр үзүүлж билээ. Би ч хараад гайхаж, биширсэн ч гэж жигтэйхэн. Тэр мэтчилэн 2 сарын турш Ховд, Улаангом, Хархираа Түргэн, Хөвсгөл гээд их сайхан аяласан. Дараа нь 2012 оноос өөрөө хөтөч тайлбарлагчаар ажиллаад зуны 6 сар хөдөө явдаг байлаа. Бас их сайхан хамт олонтой. Их ч юм сурсан даа. Энэ олон сайхан мэдрэмж, дурсамжуудаас хамгийн сайхан нь Монголдэхнэртэйгээ танилцсан, охин минь ч энд төрсөн. Тийм болохоор Монголд байх дуртай. Бид дэлхийн хаана ч очиж амьдарсан Монгол оронтой үргэлж холбоотой байх болно.
- Монгол орны ирээдүйг та хэрхэн төсөөлдөг вэ?
Би үзмэрч хүн биш болохоор ирээдүйг хэлж мэдэхгүй. Гэхдээ орчин үеийн байдал эмх замбараагүй болж байна. Дэлхий даяар галзуурч байна. Харин Монгол хүмүүс их тэсвэр хатуужилтэй. Тийм учраас би үүнд нэг их санаа зовохгүй байна. Монголын ирээдүй сайхан болно гэдэгт итгэдэг. Дэлхийн бусад хэсэгтэй харьцуулахад Монголын энэ их амар амгалан, тайван байдал бол маш том давуу тал юм.
- Цаг гарган ярилцсан танд их баярлалаа.
- Баярлалаа.
Р.БОЛОР
Ц.ТАМИР
Холбоотой агуулгыг эндээс уншина уу















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
монголыг ингэж үнэлж байгааг сонсоход сайхан санагдлаа
гадаад хүний амнаас ингэж сонсоход бахархал төрж байна
байгаль маань үнэхээр давуу тал гэдгийг дахин сануулж байна
монголд амьдрах дуртай гэж хэлсэн нь их гоё санагдлаа
gadaad hunii nudneesee harahaar manai uls uneheer saihan sanagdaj bn
гадаад хүмүүс манай байгалийг илүү үнэлдэг юм шиг санагддаг
манай аялал жуулчлал хөгжсөн ч чанарын асуудал байсаар байна
орон нутгийн иргэдэд ашиг үлдэхгүй байгаа нь үнэхээр асуудал
Жуулчны автобус дүүрэн жуулчин тээвэрлэж яваад хээр зогсоож, энд бие зас гээд буулгадаг. Бөөн шок. Гол замуудаа дагаад амрах, бие засах газар байгуулахгүй бол ичиж үхмээр байна шүү. Аймгийн төвд нь ноль олдохгүй, оруулахгүй, цоожлоод алга болчихсон байдаг. Дундад зууны үеийн модон жорлон, тэр нь бас хаалгагүй.
ene hun mongold uneheer hairtai bololtoi
аялал жуулчлалын орлого орон нутагтаа үлдэхгүй байгаа нь үнэн
соёлын аялал жуулчлал дээр илүү анхаарах хэрэгтэй юм байна
хотжилт нэмэгдэх тусам энэ амгалан байдал алдагдах вий
"Монголын энэ их амар амгалан, тайван байдал" гэж үнэхээр сайхан хэлжээ. Баярлалаа. Бид азаар Монголдоо төрсөн хүмүүс.
Монгол маань сайхан амгалан даа. Үсрээд хэдэн авилгач дарга нараа хараачихаад л сууж байдаг
ene hunii yarisan zuil uneheer bodol turuulj bn shuu
mongol bol amgalan gej helehed bid oorsoo harin yadarch bn uu gej bodogdloo
ene asuudal deer tur zasag iluu anhaarah heregtei
mongol bol busad ornoos oor turliin ayalal hiih bolomjtoi uls
🙂
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Худлаа шаагаад бай