Top StoriesНИЙГЭМНийгэм ярилцлага

"Галзуу" Г.Ганбаяр: Багаас нь бэлдсэн шавь нар талбайд гялалзах үед өөрийн мэдэлгүй л босоод гүйчихдэг

"Бага ангиас нь эхлэн бэлдэж, хамтдаа хөдөлмөрлөж, өсөн дэвжиж яваа шавь нараа волейболын улсын аваргын том тайзан дээр гялалзаж буйг хараад өөрийн эрхгүй босоод орилж сэтгэл хөдлөлөө илэрхийлчихсэн байдаг. Үүнээсээ болоод "галзуу" гэх нэр хүртээд байгаа" гэх түүнийг Г.Ганбаяр гэдэг. Тэрбээр 141-р сургуулийн биеийн тамирын багш. Түүний бэлтгэсэн шавь нар Улсын аваргын U14 насны ангилалд хоёр жил дараалан түрүүлээд буй. Түүнчлэн энэ жилийн U17 насны эрэгтэй ангилалд түүний шавь нар аваргалсан.

Видео:

Гурван жил дараалан улсын аваргын цом өргөж, хоёр жил шилдэг дасгалжуулагч болсон түүнийг волейболын хүрээнийхэн "галзуу" Ганбаяр гэж дуудах нь олонтоо. Тэрбээр бага наснаасаа эхлэн спортын гэр бүлд ухаан орж, бөхийн спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд түүний аав Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат Улсын начин Г.Гансүх. Хүүхэд байхын спортоор "өвчилж" заалнаас холдоогүй байсан Г.Ганбаярын энэ зан нь хожим биеийн тамирын багшийн мэргэжил рүү хөтөлжээ. Өдгөө тэрбээр боловсролын салбарт тав дахь жилдээ ажиллаж, олон хүүхдийг волейболын спортод дурлуулж байна. Түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

-Барилгачин барилгаа өндөрсөж буйг хараад баярладаг шиг бэлдсэн шавь өсөж дэвшихийг харах сайхан-

-Багш мэргэжлийг яагаад сонгох болсон талаар ярилцлагаа эхэлье гэж бодлоо?

-Манайх спортын гэр бүл болоод ч тэр үү хүүхэд байхын спортод дуртай байсан. Хөдөөгийн хүүхдүүдийн адилаар барилдаж, хөлбөмбөг тоглож өссөн. Аав маань Монгол Улсын начин, шигшээ багийн тамирчин байсан Г.Гансүх гэж хүн бий. Ойр дотнын садан төрөл бүгд л спорттой амьдралаа холбосон хүмүүс. Нэгдүгээрт өөрийн дур сонирхол байсан. Мөн ойр дотнынхон маань спортын хүмүүс байсан нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байх.

-Багш хүн учраас олон хүүхэдтэй харилцаж, ажилладаг нь мэдээж. Тэдэнд спортоор дамжуулж зааж сургах, ойлголцож ажиллахад хүндрэлтэй зүйл байдаг уу. Боловсролын салбарт хэддэх жилээ ажиллаж байна?

-Хүүхдүүдтэй ажиллах үнэхээр гоё. Барилгачин хүн өөрийн гараар барьсан байшингаа өндөр болохыг нь харах бүрдээ баярладаг шиг бага ангиас нь бэлдэж, суурийг нь тавьсан шавь нар маань улсын болон тивийн чанартай тэмцээн уралдаанд амжилт гаргаж буйг нь харах багш хүнд гайхалтай мэдрэмж байдаг. Би бага байхын л спорт заалнаас салдаггүй, спортод хайртай байсан учир одоо ингээд сууж байгаа биз. Шинэхэн багш 141-р сургуулийнхаа хаалгыг татаж, энэ зааланд орж ирж байлаа. Нэг мэдэхэд л таван жил болж. Энэ хугацаанд аль болох олон хүүхдийг волейболын спортод дуртай болгохын төлөө ажилласан.

-Таны бэлтгэсэн шавь нар U14 насны ангилалд хоёр жил дараалан түрүүлсэн. Мөн саяхан болсон U17 насанд аваргалсан. Нэг ёсондоо сүүлийн гурван жил та улсын аваргаас алтан медаль хүртээд байгаа. Үүгээр ч зогсохгүй хоёр жилд нь шилдэг дасгалжуулагчийн шагнал хүртсэн шүү дээ.

-Хүүхдүүд амжилт гаргахад маш олон зүйл нөлөөлнө. Адаглаад бэлтгэл хийх спорт заал, бөмбөг нь стандартын, тав тухтай байхаас л эхэлнэ. Манай сургууль бол энэ тал дээр санаа зовох зүйлгүй. Мэдээж багийн спорт учир гишүүн бүр хариуцлагатай, сэтгэл зүрхээ зориулж л ялалт ирнэ. Үүнээс гадна эцэг эхчүүдийн дэмжлэг маш чухал нөлөө үзүүлдэг. Энэ мэт нэгээр тогтохгүй олон хүчин зүйлээс шалтгаалж алтан медаль ирдэг.

-Шилдэг дасгалжуулагчийн шагнал авсандаа маш их баяртай байгаа. Залуу хүний хувьд хоёр жил энэ шагналыг хүртэнэ гэдэг бол маш урам. Заримдаа зүүд мэт л санагддаг.

-Хүн бүр сэтгэл гарган хичээж ялалт ирдэг гэж та ярилаа. Нөгөөтэйгүүр спорт хүүхдийг хүмүүжүүлдэг гэж ярьдаг. Тэр тусмаа багийн спорт?

-Үнэн. Ядаж л цаг барьж сурах жишээний. Бүгд ялалтын төлөө талбайд гардаг. Ялахын тулд талбайд нэг хүн шиг тоглох хэрэгтэй. Хэрэвзээ багийн нэг гишүүн л хариуцлага алдаж зааланд хоцорч ирэх юм бол ялалт авах боломжгүй болно гэдгийг бүгд ухамсарлаж байгаа учир яг цагтаа ирнэ. Цагтаа ирэхийн тулд ажлаа төлөвлөж сурах, цагийн зөв менежменттэй болох, мэдээж эрүүл чийрэг өснө. Энэ мэт спортын ач тусыг дурдаад байвал дуусашгүй их.

-Волейбол бол шатрын дараа орох хэмжээний оюун ухаан шаарддаг спорт-

-Волейболын хүрээнийхэн таныг "галзуу" Ганбаяр, "удирдаач" Ганбаяр гэх мэтээр хочилж дууддаг юм байна лээ. Энэ нэрийнхээ тухай яривал?

Бага ангиас нь эхлэн бэлдэж, зааж зөвлөсөн шавь нар минь өсөн дэвжиж волейболын улсын аваргын том тайзан дээр гялалзаж буйг хараад өөрийн эрхгүй босоод орилж сэтгэл хөдлөлөө илэрхийлчихсэн байдаг. Заримдаа түүнийгээ ч мэддэггүй юм. Үүнээсээ болж "галзуу" Ганбаяр гэх нэр зүүчхээд байгаа. Г.Ганбаяр гэх хувь хүнд давлиун, цоглог зан чанар бий л дээ. Ер нь шулуухан үгээ хэлчихдэг, ам гарчхаад байдаг талтай. Анх харсан хүн бол онгироо нөхөр байна гэж бодохоор. Энэ жилийн улсын аваргаар манайх тийм амжилт гаргана даа гэсэн багцаа, баримжаа багш хүнд төрнө. Мэдээж хүүхдүүддээ, өөртөө итгэж байгаа учраас л ам гарна шүү дээ. "Агт алдвал олж болно, ам алдвал барьж болохгүй" гэдэг шиг. Нэгэнт бусдад ам гарсан бол түүнийгээ биелүүлэхийн төлөө хичээх хэрэгтэй. Хэлсэн үгэндээ хүрэхийн тулд улам илүү өөрийгөө шахаж, хичээдэг төрлийн хүн гэж болох юм. Гэхдээ сүүлийн үед аль болох биеэ барих, сэтгэл хөдлөлөө дарахыг хичээдэг болсон.

-Магадгүй таны энэ зан хүүхдүүдэд урам зориг өгдөг байх. Таны багаа удирдаж байгаа харизм багийн амжилтад нөлөөлдөг биз. Волейбол бол ухаан их шаарддаг спорт юм шиг санагддаг. Мэдээж оноо авахыг тулд төлөвлөгөө бэлдэж таарна?

-Волейбол бол шатрын дараа орох хэмжээний оюун ухаан шаарддаг спорт. Багийн спорт учир нэг хүн мэт байж, ухаанаар тоглож чадвал ялна. Бөмбөг агаараас унах маш богино хормын зайд хурдан сэтгэж, зөв шийдвэр гаргаж, ойлголцох л хэрэгтэй. Мэдээж найдвартай оноо авах хувилбар бий. Дийлэнхдээ өрсөлдөгч багийнхаа тоглолтын бичлэгийг үзэж, судалсны дараагаар тохирсон довтолгоо, хамгаалалт бэлдэнэ. Одоо сошиал өндөр хөгжсөн учир судалгаа хийхэд ч харьцангуй амар болж.

-Өнгөрсөн жил шавь нартайгаа Нидерланд улсын Амстердам хотыг зорьж олон улсын тэмцээнд оролцож үзсэн. Монгол хүүхэд европ хүүхдүүдээс биеийн хүч илүү, атлетик чанар сайн. Тиймээс биеийн хүч сайн, өндөр бүрэлдэхүүнээр тоглох нь зөв гээд хожигдсон. Тэр даруй тактикаа өөрчилж хурдаар тоглох хэрэгтэй болсон. Одоогоор хамгийн их туршлага хуримтлуулсан тэмцээн болсон л доо. Энэ мэт өрсөлдөгч багтаа тааруулж арга барилаа хурдан солих хэрэгтэй.

-Манай улсад волейболын спорт хурдацтай хөгжиж байгаа санагддаг. Багш хүний хувьд та санал нийлэх үү?

-Санал нийлнэ, үнэхээр эрчтэй хөгжиж байна. Бараг хүүхдийн үсний найранд зориулж тэмцээн хийх нь холгүй байна. Сонирхогчид ихтэй, тэмцээн уралдаан ч их болдог болж. Бараг бүгд л энэ спортыг сонирхож, дурлаж, хайрлаж буйд багш хүний хувьд баяртай байгаа. Энэ спортын хөгжилд хувь нэмрээ оруулах нь миний үүрэг. Тиймээс бүгд мундаг тамирчин болохгүй ч гэсэн волейболын спортод хайртай хүмүүсийг бий болгохын төлөө ажиллаж байна. Миний хичээл ордог бүх хүүхдүүд волейболын спортод хайртай болдог нь миний ганц давуу тал гэх юм уу. Багш хүний үүрэг юм даа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ymar goy bagsh ve shav nariinhaa toloo ingej setgel gargadag ni uneheer hundetgeltei

Зочин
Зочин

Ёстой сэтгэлтэй багш байна амжилт хүсье

Зочин
Зочин

Goy yariltslaga bn iim bagsh nar olon bh heregtei

Зочин
Зочин

Шавь нар нь ингэж амжилт гаргаж байгаа нь бахархмаар

Зочин
Зочин

Galzuu ch gesen uneheer setgeltei bagsh bn da

Зочин
Зочин

Ийм багштай хүүхдүүд азтай юм аа

Зочин
Зочин

Yg unendee iim bagsh nar l huuhduudiig hugjuuldeg

Зочин
Зочин

Хөдөлмөр нь үр дүнгээ өгч байна даа мундаг

Зочин
Зочин

Үнэхээр бахархмаар багш байна

Зочин
Зочин

Ymar sain bagsh ve iim hunuus olon boloosoi

Зочин
Зочин

Yg iim bagsh nar l sport hugjuulne

Зочин
Зочин

Галзуу гэхээсээ илүү галтай багш байна

Зочин
Зочин

Хүүхдүүдэд маш их нөлөө үзүүлж байгаа багш байна

Зочин
Зочин

Goy energytei bagsh bn shuu

Зочин
Зочин

Ymar mundag hun be uneheer baharhaj bn

Зочин
Зочин

Спорт хүнийг хүмүүжүүлдэг гэдэг үнэн шүү

Холбоотой мэдээ

Back to top button