Нийгмийн

Чингэлтэй дүүрэгт нарны эрчим хүчээр сургууль, цэцэрлэгийн цахилгааны зардлыг бууруулах “нартай сургууль” төсөл эхэллээ

Нийслэлийн Чингэлтэй дүүрэг дэд бүтцэд бүрэн холбогдоогүй гэр хорооллын бүсийн сургуулиудын ашиглалтын зардлыг бууруулахад чиглэсэн "Нартай сургууль" төслийг 61 дүгээр сургуульд хэрэгжүүлэхээр боллоо. Ингэснээр тус сургууль нь сэргээгдэх эрчим хүчээр цахилгаанаа шийдсэн дүүргийн хоёр дахь жишиг сургууль болж байна.


Ерөнхий боловсролын 61-р сургууль нь 974 гаруй сурагчтай төвийн дэд бүтцэд бүрэн холбогдоогүй учраас өнгөрсөн хугацаанд цахилгаан болон хийн түлш ашиглан дулаанаа шийдэж иржээ. Үүний улмаас өвлийн улиралд зөвхөн цахилгааны зардалд л гэхэд 13–15 сая төгрөг зарцуулдаг байна.
Энэ нь зөвхөн 61-р сургуулийн асуудал биш бөгөөд дэд бүтцэд холбогдоогүй гэр хорооллын бүсийн олон сургууль, цэцэрлэг мөн адил ийм нөхцөлд үйл ажиллагаагаа явуулж буй.

Иймд үр ашиггүй урсгал зардлыг бууруулах, хэмнэх зорилгоор Чингэлтэй дүүрэг “Энх Орчлон Хөгжил” ТББ болон "Prime Solar" компанитай хамтран ᠌”Нартай сургууль төслийг эхлүүлж байна. Төслийн хүрээнд нийт 40 кВт нар, 20 кВт.ц батарей хосолсон нарны системийг нэвтрүүлж, дэд бүтцэд холбогдох хугацааг хүлээлгүйгээр одоогийн урсгал зардлыг бууруулахад чиглэх юм. Тухайлбал, тус дүүргийн хэмжээнд л гэхэд төрийн өмчит сургууль цэцэрлэгийн дулаан, цахилгааны ашиглалтын зардалд жилд 8-9 тэрбум төгрөг зарцуулдаг байна. Иймээс төслөөр дамжуулан ашиглалтын зардлыг бууруулж, хэмнэсэн төсвөөр сургууль цэцэрлэгт чиглэсэн хөрөнгө оруулалтын ажлыг хийхээр төлөвлөжээ.

Төслийн гүйцэтгэгчээр "Prime Solar" компани хөнгөлөлттэй лизингийн үнээр нарны хавтан суурилуулах, систем холболтын ажлыг хийж гүйцэтгэх юм. Өөрөөр хэлбэл сургуулийн одоогийн цахилгааны зардлыг 4 жилийн турш төслийн төлбөрт шилжүүлнэ. Гэрээний хугацаа дуусахад 40 кВт нар, 20 кВт.ц батарей хосолсон нарны систем 100 хувь дүүргийн өмч болж үлдэнэ.

Өнгөрсөн оны 12 дугаар сард нарны системд шилжсэн 49-р сургуулийн хувьд сүүлийн 3 сарын хугацаанд цахилгааны хэрэглээнийхээ гуравны нэгийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж, урсгал зардал хоёр дахин буурсан үзүүлэлттэй байна.

49, 61-р сургуулиас эхэлсэн энэхүү төсөл амжилттай загвар болж хэрэгжвэл дүүргийн бусад боловсролын байгууллагуудад нэвтрүүлэх боломжтойг төслийг санаачлагчдын зүгээс онцолж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Үр ашиггүй төсөлд хайран төсвийн мөнгийг яйран үрж байна даа. Хэдэн жилийн дараа баахан хагарсан нарны хавтангууд, төслийн бөөн өр, цахилгааны зардал нь хэвээрээ үлдэнэ. Үүний оронд 5-р станцаа баривал сургууль, цэцэрлэг гэж нэг бүрчлэн үр ашиггүй нарны хавтан, салих сэнс байршуулахгүй дулаан цахилгааныг нийтээр нь шийднэ. Дэлхий бусад орнуудад ингэж нарны хавтан тавьж сургууль, цэцэрлэгийн эрчим хүчээ шийддэггүй. Өвөл хөлдөөх эрсдэлтэй шүү дээ.

Холбоотой мэдээ

Back to top button