Татварын багц хуулийн төслийг өргөн барилаа
Ерөнхий сайд Н.Учрал Татварын багц хуулийн төслүүдийг УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн барилаа. Олон улсын эдийн засгийн хурцадмал байдлаас үүдэлтэйгээр эдийн засгийн идэвхжүүлэх, хувийн хэвшил, бизнес эрхлэг ААН-үүдээ дэмжих хүрээнд Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагалдах хуулиудыг өргөн барьж буй.Үүнд,
- Хувь хүний орлогын албан татварын тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- ААН-тийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтжээ.
Хуулийн агуулгад,
Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд татварын өртэй татвар төлөгчийн дансыг түр хугацаанд битүүмжилдэг байсныг халж, гүйлгээнээс орж ирэх мөнгөн хөрөнгийн 20 хувийг нь дансанд үлдээх, алдангийн дээд хэмжээ 50 хувиас хэтрэхгүй байх зохицуулалтуудыг тусгасан байна.
Мөн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд жилийн 1.0 тэрбум төгрөгөөс бага борлуулалтын орлоготой иргэн борлуулалтын орлогын 1.0 хувиар татвар төлөх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага орлоготой иргэдийн татварыг 100 хувь хөнгөлөх, иргэн анхны өмчилсөн орон сууцаа борлуулсан тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татвараас бүрэн чөлөөлөх зохицуулалтыг тусгажээ.
Түүнчлэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд татварын шатлалын босгыг нэмэгдүүлэх зохицуулалтыг тусгажээ. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар 0-6 тэрбум төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжүүд 15 хувийн татвар төлж буй бол дундын шатлалыг нэмснээр 6-10 тэрбум төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжүүд 15 хувиар татвар төлөх юм. Үүний үр дүнд 180 мянга гаруй аж ахуйн нэгж татварын дарамтаас чөлөөлөгдөнө гэж үзжээ.
Жижиг, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор 1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд 1.0 хувийн татвар төлдөг байсан босгыг 2.5 тэрбум төгрөг болгох зохицуулалтыг тусгажээ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд уг татварын төлөх хугацааг хоёр сар хүртэлх хугацаагаар хойшлуулах зохицуулалтыг мөн орсон аж.
Т.БАТСҮРЭН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud