ҮХЦ маргааш их суудлаар хуралдаж, Ерөнхий шүүгч улиран томилогдох эсэх маргааныг "хагална"
ҮХЦ-ийн их суудлын хуралдаан маргааш болно. Хуралдаанаар Шүүхийн тухай хуульд "УДШ-ийн Ерөнхий шүүгчийг ... зөвхөн нэг удаа томилно” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хэлэлцэнэ.
Тодруулбал, 2021 онд УИХ-аас батлан мөрдөж буй Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно” гэж заасан байдаг. Тэгвэл уг заалт дахь “... зөвхөн нэг удаа ...” гэсэн нь ҮХЦ-ийн 2016 оны арвандугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар дүгнэлтээр хүчингүй болсон заалтыг агуулгаар нь дахин сэргээж, Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн эсэх маргааныг шийдвэрлэх юм байна. Энэ талаарх мэдээллийг иргэнээс ирүүлсэн аж.
Тэгвэл Үндсэн хуулийн 51.2-т хэрхэн заасныг тодруулъя . Тус заалтад "Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг УИХ-д танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно" гэжээ.
Өөрөөр хэлбэл, ҮХЦ-ийн их суудлын хуралдаанаас "...зөвхөн нэг удаа.." гэдэг нь Үндсэн хууль зөрчиж байна гэж дүгнэвэл Шүүхийн тухай хуулийн тус заалтыг Үндсэн хуульд нийцүүлэх ажил явагдана гэсэн үг.
Нөгөө талд УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа ирэх сарын 2-нд дуусна. Түүнийг улираан томилох тухай асуудал улс төрийн хүрээнд яригдаж эхлээд буй. Энэ цаг үед Цэц дээр УДШ-ийн Ерөнхий шүүгч хэдэн удаа сонгогдох эрхтэй талаар маргаан хэлэлцэгдэх нь.
Хуралдаан тавдугаар сарын 27-ны 09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд эхлэх бөгөөд нээлттэй явуулах аж.
Өмнөх линк:
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.