30 минутад таван хууль "машиндсан" УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдааны тойм

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан пүрэв, баасан гарагт хуралддаг товтой. Тэгвэл өнөөдөр ээлжит бусар хуралдлаа. Зорилго нь Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг хуулийн хугацаатай уралдан батлах байв. УИХ ирэх жилийнхээ төсвийн хүрээний мэдэгдэл болон хөгжлийн төлөвлөгөөг зургаадугаар сарын 1-ний дотор эцэслэн батлах дэгтэй.
Гэвч С.Бямбацогтын удирдаж буй парламент энэ эрх үүргээ биелүүлж чадахгүйд тулсан. Ямартаа л баасан гарагт дахин санал хураалт явуулж, төсвийн хүрээний мэдэгдлээ арайхийн баталсан. Ээлжит бус хуралдаан 30 орчим минут болж өнгөрөв. Тус хугацаанд нийгэмд хүлээлт үүсгээд байсан УИХ болон чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэд хэдэн хуулийн төслийг "машиндлаа".
Хуралдааны эхэнд өмнө нь УИХ-аар хэлэлцэхийг дэмжсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороодод хуваарилсныг танилцуулав.
Тодруулбал, ХЗБХ-нд П.Сайнзориг нарын санаачилсан Улсын бүртгэлийн ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, С.Одонтуяа нарын ХЭҮК-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг, ХХНББХ-д ЗГ-аас өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг, Д.Ганмаа Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг туё туё шилжүүлэв.
Дараа нь ээлжит бус чуулганы гол зорилго болох Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлгийг явуулав. Уг асуудлаар зургаадугаар сарын 2-ныг хүртэл завсарлага авсан МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал үр хэлээгүй тул залгуулан санал хураалт явуулав. 90 гишүүн оролцсоноос 46 гишүүн дэмжиж саналаа өгсөнөөр тогтоолын төслийг батлав. Энэ үеэр ЭЗХ-ийн сайд Ж.Энхбаярт хөгжлийн төлөвлөгөөнд УИХ-ын гишүүдийг өгсөн саналыг тусгаагүй асуудал гарсан тул цаашид энэ талаар анхаарч ажиллах чиглэл өгсөн юм.
Үргэлжлүүлэн УИХ-ын тухай хуульд болон чуулганы хуралдааны дэгийн хуульд өөрчлөлт оруулах хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэх эсэх санал хураалтыг явууллаа. Санал хураалт хэлэхийн өмнө Х.Тэмүүжин чуулганы дэгтэй холбоотой хуулийн төслүүд дээр АН-аас авсан завсарлагын хугацаа дууссан, УИХ-ын тухай хуулиудыг дэмжихийг гишүүнд хандан хэлсэн юм.
Нэг. Х.Тэмүүжин нарын 40 гишүүн өргөн барьсан УИХ-ын дарга нам бус байх агуулга бүхий хуулийн төслийг нийт гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд дэмжив. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТББХ-нд шилжүүллээ.
Хоёр. УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг 70, 7 хувийн дэмжив. Мөн ТББХ-нд шилжүүлэв.
Гурав. М.Бадамсүрэн нарын гишүүдээс өргөн барьсан Байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжих, дэмжсэн саналыг дэмжихгүй" гэх мэт эргэлзээтэй саналын томъёоллыг халах агуулга бүхий Дэгийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг олонх дэмжээгүй тул хууль санаачлагчид буцаав.
Дөрөв. Д.Энхтүвшин гишүүний санаачилсан УИХ-ын гишүүдийн санал хураалтын дүнг нээлттэй гаргаж тавьдаг болох агуулга бүхий чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг 71.7 хувиар дэмжив. Хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хамт анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТББХ-нд шилжүүлэв.
Тав. Д.Цогтбаатар гишүүний санаачилсан төсвийн хэлэлцүүлгйин үед гишүүдийн үг хэлж, асуулт асуух хугацааг уртасгах агуулга бүхий Дэгийн тухай хуулийн нэмэлт нэмэлт өөрчлөлтийн төслийг олонх дэмжлээ.
УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ижил төстэй хуулийн төслүүдийг нэгтгэн ажлын хэсэг байгуулна гэж байсан. Энэ дагуу өмнө нь хэлэлцэхийг дэмжигдсэн хуулиудтай нэгтгэн, намын бүлгүүдээс ирүүлсэн нэрсийн дагуу 15 хүнтэй ажлын хэсэг байгуулах аж.
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud