Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн ОУ-ын хуралд оролцож байна

БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө засах орны Алтай аймагт Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд Шадар сайд Н.Номтойбаяр оролцож, үг хэлэв. Тэрбээр Алтайн орчмын дэд бүс нутаг нь зөвхөн газарзүйн ойлголт төдий бус, Евразийн худалдаа, тээвэр логистик, эрчим хүч, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, ногоон хөгжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал тавцан болж буйг онцоллоо. Бүс нутгийн эдийн засгийн интеграцийг гүнзгийрүүлэх зорилгоор Монгол Улс Арцсуурь-Цагаан толгойн боомтыг Булган-Такешикены боомттой төмөр замаар холбохоор төлөвлөж, судалгааны ажлыг явуулж байгаа гэв.
Тус хуралд БНХАУ, Монгол Улс, БНКазУ, ОХУ, Киргиз, Туркменистан Улсын төлөөлөл болон Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймгийн удирдлагууд оролцож, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар санал солилцож байна. Энэ удаагийн олон улсын хурал нь тус бүс нутгийн улс орнуудын харилцан ойлголцол, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготой юм.

Энэхүү дэд бүтцийн бүтээн байгуулалт нь ОХУ-ын Тува, Горно-Алтай орчмын Улугхэм, Минусинск, Кузнецкийн сав газар болон Монгол Улсын баруун бүсийн байгалийн нөөц баялгийг БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө засах орны хүнд аж үйлдвэрийн өртгийн сүлжээнд холбох, түүхий эдийн тогтвортой хангалтыг бий болгох стратегийн ач холбогдолтойг тодотгож байна. Үүний зэрэгцээ Булган – Такешекин боомтын холболтыг ашиглан Казахстан Улсаас газрын тосны бүтээгдэхүүн импортлох, тээвэрлэлтийн шинэ сувгийг нээх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Монгол Улсын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг улам боловсронгуй болгож, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, тогтвортой бөгөөд урьдчилан таамаглах боломжтой бизнесийн орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарч байгаа учир төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хамтарсан санхүүжилт, хөрөнгө оруулалтын шинэ механизмуудыг дэмжиж, хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэхэд бэлэн байна гэв.

Үргэлжлүүлэн, БНКазУ-ын Зүүн Казахстаны бүс нутгийн Засаг дарга Нурымбет Сактаганов Алтайн бүс нутагт илүү эрч хүчтэй хамтран ажиллахаа илэрхийлээд, төрийн тэргүүн нарын харилцан айлчлалын дэмжлэгтэйгээр тус бүс нутгийн улс орнууд эдийн засаг, хөрөнгө оруулалт, байгаль орчин, хүмүүнлэг зэрэг салбарт хамтын ажиллагаа улам өргөжиж буйг онцоллоо. Тэрбээр БНКазУ, Монгол Улс, БНХАУ-ын Алтайн бүс нутгууд хамтран хөгжих өргөн боломжтойг тодотгож, гурван улсыг холбосон дэд бүтцийг хөгжүүлж, Төв Ази руу гарах гарцыг хөгжүүлэхэд БНКазУ анхааран ажиллахаа илэрхийлж байна.
Ийнхүү Алтайн бүс нутгийн хамтын өсөлт, хөгжилд чиглэсэн тус форум нь бүс нутгийн ард иргэдийн амьдралд чухал нөлөө үзүүлэх шинэ төсөл хөтөлбөрүүдийг санаачилж, харилцан ойлголцлыг бэхжүүлж, эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.