СПОРТ

“Токио-2020” олимп, паралимпийн эрх аваад буй МОНГОЛ ТАМИРЧИД

2020 оны Токиогийн олимп, паралимпийн салхи хэдийнэ сэвэлзээд эхэллээ. Монгол Улс олимпийн наадамд анх оролцсон улсад, тэгээд бүр яг тэр хотод “Токио-2020” болох гэж буйгаараа онцлогтой. Манай тамирчид түрүүчээсээ олимп, паралимпын эрх аваад буйг уншигч та бүхэнд сонирхуулъя.

Та бүхэнд эхлээд олимпийн эрх аваад буй тамирчдыг танилцуулъя.

Чөлөөт бөх:

BATTSETSEG

Олимпийн хүрэл, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгө, нэг хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин СОРОНЗОНБОЛДЫН БАТЦЭЦЭГ.

Архангай аймгийн Хашаат сумын харьяат, үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин тэрбээр өнгөрсөн жил ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, Токиогийн дэвжээнд зодоглох эрх авсан юм.

Ховд аймгийн Манхан сумын харьяат, өсвөр үе болон 23 хүртэлх насны ангиллын Азийн аварга, насанд хүрэгчдийн УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт ТӨМӨР-ОЧИРЫН ТУЛГА.

Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулгын шавь тэрбээр өнгөрсөн жил ДАШТ-д V байрт шалгарч, Токиогийн олимпийн эрх хүртсэн юм.

Чөлөөт бөхийн олимпийн эрхийг тухайн тамирчинд бус улсад нь олгодог. С.Батцэцэгийг энэ жил УАШТ-д түрүүлснийх дараа олимпод сойхоор болсноо МЧБХ-ноос албан ёсоор мэдэгдсэн. Харин эрэгтэйчүүдийн 65 кг-д Т.Тулга олимпын эрх авсан ч түүнийг “Токио-2020”-д зодоглуулах эсэхийг МЧБХ, үндэсний шигээ багийнхан шийднэ. Сонирхуулахад, энэ жил УАШТ-д ДАШТ-ий хошой хүрэл медальт Г.Мандахнаран Т.Тулгыг 4:3-аар ялсан юм.

Буудлага:

Олимпын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин ОТРЯДЫН ГҮНДЭГМАА.

Тэрбээр өнгөрсөн жил Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэхдээ олимпын эрх авсан. Улмаар долоо дахь олимпдоо онч сорихоор болсон нь давтахад бэрх амжилт. Олимпийн наадамд түүнээс олон удаа өрсөлдсөн монгол тамирчин үгүй.

Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ЭНХТАЙВАНЫ ДАВААХҮҮ.

Буудлагын спортоор 11 жил хичээллэж буй тэрбээр өнгөрсөн онд БНХАУ-д болсон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний хийн гар бууны, эрэгтэйчүүдийн 10 метрийн дасгалд V байрт шалгарч, олимпийн эрх авсан.

Монгол Улсын дээд амжилтыг олон удаа шинэчилсэн Э.Даваахүү оюутны дэлхийн наадамд 2015 онд түрүүлж, Монголын буудлагын спортынхноос анхдагч болсон. Тэгэхдээ төрсөн ах Э.Бадамгарав болон О.Төгөлдөрийн хамт хийн гар бууны, эрэгтэйчүүдийн 10 метр, сонгомол гар бууны 50 метрийн дасгалд мөнгө, хүрэл медаль хүртсэн юм. 

23 настай ЦОЛМОНБААТАРЫН АНУДАРЬ.

Өнгөрсөн жил БНХАУ-д болсон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд V байрт шалгарч, Монгол Улсын дээд амжилтыг шинэчилсэн.

Улмаар ОУХМ цолны болзол хангахын сацуу “Токио-2020”-д онч сорих болзол хангасан юм. Ц.Анударь Токиогийн олимпийн эрх авсан Монголын анхны тамирчин.

Азийн АШТ-ий мөнгөн медальт ОЮУНБАТЫН ЕСҮГЭН.

21 настай, дасгалжуулагч Ж.Ганхуягийн шавь тэрбээр өнгөрсөн жил Азийн дэд аварга болохдоо Токиогийн олимпийн эрх авсан юм.

Хөнгөн атлетик (марафон):

Үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчний 327 дугаар анги, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ БАЯРЦОГТЫН МӨНХЗАЯА.

Бэлтгэлээ хань Б.Доржпаламынхаа удирдлагад хийн, тэмцээнд оролцдог тэрбээр өнгөрсөн оны хоёрдугаар сард Хонконгод болсон олон улсын тэмцээнд VI байрт шалгарахдаа 2019 оны ДАШТ, “Токио-2020” олимпод хурд сорих болзол хангасан юм. Улмаар дараа нь Австралид, хэдхэн хоногийн өмнө Японд болсон тэмцээнд оролцохдоо хоёуланд нь олимпийн эрхийн болзол биелүүлсэн юм.

Монголын үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчний 327 дугаар анги, “Алдар” спорт хорооны тамирчин ЦЭВЭЭНРАВДАНГИЙН БЯМБАЖАВ.

Азийн АШТ-ий хүрэл медальт, “Рио-2016”-д хурд сорьсон туршлагатай тэрбээр уржигдар Японд болсон олон улсын тэмцээнд V байрт шалгарахдаа “Токио-2020” олимпод оролцох болзол хангасан юм.

Уншигч та бүхэн олимпийн эрх авлаа бус авлаа гэж тодотгосныг анзаарсан биз ээ. Учир нь Олон улсын хөнгөн атлетикийн холбоо (IAAF) олимпод оролцуулах тамирчаа албан ёсоор зарладаг учиртай.

Байт харваа:

Өнгөрсөн жил Тайландад болсон байт харвааны олимпийн эрх олгох Азийн АШТ-ий ганцаарчилсан төрөлд “Токио-2020”-д оролцох эрх авсан БААТАРХУЯГИЙН ОТГОНБОЛД.

Тэрбээр улсын хошой аварга, дэлхийн цэргийн спортын их наадмын алт, Азийн цомын тэмцээний мөнгө, хүрэл медальтай.

Сагсан бөмбөг (3х3):

Монгол Улс багийн спортын төрлөөр олимпийн наадамд түүхэндээ анх удаа өрсөлдөхөөр болсон нь яах аргагүй түүхэн үйл явдал. Тэгээд бүр сагсан бөмбөгийн спортын төрлөөр олимпод хүч сорино, медаль хүртэх боломж бүрэн байгаа гээд бодохоор бүр ч бахархмаар.

Манай эмэгтэй тамирчид дэлхийд чансаагаараа эхний дөрөвт багтан, ОХУ, Румын, БНХАУ-ын сагсан бөмбөгчидтэй хамт олимпийн эрх авсан. Токиогийн олимпод оролцох Монголын эмэгтэйчүүдийн багийн бүрэлдэхүүн одоогоор тодорхой болоогүй байгаа юм.

Монголын эрэгтэй сагсан бөмбөгчид уг нь чансаагаараа дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдэн, “Токио-2020”-д оролцох болзол хангачихсан байсан. Гэтэл манайхны ард V-т бичигдсэн япончууд зохион байгуулагч орны давуу эрх эдлэн, цагаан хуудсаар эрэгтэй тамирчдаа сойх болсноор тэд мултарсан юм. Гэхдээ бүх зүйл ингээд дуусаагүй. Монголын эрэгтэй сагсан бөмбөгчид хоёр ч тэмцээнээс “Токио-2020”-д оролцох эрх авах боломжтой.

“Токио-2020” паралимпийн эрх авсан монгол тамирчид:

Пара пауэрлифтинг:

Нийслэл хотын хүндэт иргэн, паралимпын хүрэл медальт, Гавьяат тамирчин ЭНХБАЯРЫН СОДНОМПИЛЖЭЭ.

Паралимпын наадмаас медаль хүртсэн Монголын пауэрлифтингийн анхны тамирчин тэрбээр дэлхийн хошой аварга, дэлхийн дээд амжилт эзэмшдэг.

Э.Содномпилжээ өнгөрсөн жил Казахстанд болсон пара пауэрлифтингийн ДАШТ-д түрүүлэхдээ эрэгтэйчүүдийн -107 кг-д 247 кг өргөн, Гиннесийн дээд амжилт тогтоосон юм.

Пара таеквондо:

Дэлхийн дөрвөн удаагийн аварга ГАНБАТЫН БОЛОР-ЭРДЭНЭ.

Тэрбээр өнгөрсөн жил ДАШТ-д дөрөв дэх удаагаа түрүүлэхдээ эрэгтэйчүүдийн K44 ангиллын 61 кг-д паралимпийн эрх авсан юм. Дэлхийн чансааг тэргүүлдэг Г.Болор-Эрдэнэ Азийн АШТ-ий гурвантүрүү, нэг хүрэл медальтай.

Дэлхийн хошой аварга Х.ЭНХТУЯА.

Пара таэквондогийн төрөлд дэлхийн аварга болсон Монголын анхны тамирчин тэрбээр өнгөрсөн жил ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэхдээ “Токио-2020” паралимпэд оролцох болзол хангасан. Эмэгтэйчүүдийн К44 ангиллын 49 кг-ын жинд өрсөлддөг Х.Энхтуяа Азийн АШТ-ий дөрвөн түрүүтэй.

ПАРА БУУДЛАГА

Пара буудлагаар хичээллэдэг Монголын хуруу дарам тамирчдын нэг нь ОУХМ ЗАНДРААГИЙН ГАНБААТАР.

38 настай тэрбээр өнгөрсөн жил АНЭУ-д болсон пара буудлагын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 50 метрийн сонгомол гар бууны дасгалд оролцохдоо 542 оноогоор шигшээд шалгарчээ. Улмаар эл амжилтаар “Токио-2020” паралимпийн наадамд оролцох эрх авсан юм.

Ховд аймгийн харьяат тэрбээр “Дубай-2011” дэлхийн наадмын мөнгө, “Инчон-2014” Азийн наадмын хүрэл медальт, таван жилийн өмнө ДАШТ-д долдугаар байрт шалгарсан юм.

Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний 10-аад медальтай З.Ганбаатар “Рио-2016”-д өрсөлдсөн туршлагатай.

ПАРА БАЙТ ХАРВАА

Пара байт харвааны тамирчин Н.МӨНХБААТАР.

Спорт мастер цолтой тэрбээр өнгөрсөн жил Тайландад болсон Азийн АШТ-ээс ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртэхдээ “Токио-2020” паралимпэд онч сорих болзол хангасан юм.

Цаашид монголчууд спортын олон төрөлд Токиогийн олимп болон паралимпийн эрх авах боломжтой. Жүдо, бокс, хүндийг өргөлт, буудлага, чөлөөт бөх, хөнгөн атлетик, таеквондогийн төрлөөр олимпийн эрх нэжгээдийг нэмж өвөртлөх нь ойлгомжтой. Мөн сагсан бөмбөгийн 3х3 төрөлд манай эрэгтэй тамирчид Токиог зорих “тийз”-ээ захиалах магадлал тун өндөр. Үүний сацуу пара жүдо, хөнгөн атлетик, байт харваа зэрэг цөөнгүй төрөлд паралимпын эрх нэмж авах бүрэн боломж бий.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Sport demjigch
Sport demjigch
2 сар 4, 2020 12:22

Болор-эрдэнэ гэж энэ з�##�уу гавьяат цол авах ёстой хүн дээ!!! олимпийн аварга болохийг хүсэн ёрөөё

Зочин
Зочин
2 сар 4, 2020 17:07
Reply to  Sport demjigch

zl

Судлаач
Судлаач
2 сар 4, 2020 22:12

Пара төрлииг с�##�гаж ярьж бичиж баймаар байнаа Их спортын олимп бол үнэхээр агуу дэлхиин бүх хүмүүсиин баяр бахд�##� Гэтэл пара гэж оролцогч нь асар цөөн олимп нэртэй цөөхөн хэдэн орны хөгжлиин бэрхшээлтэй хүмүүс өрсөлддөг тэмцээнииг /үнэнииг хэлхэд олон улсын жижгэвтэр тэмцээнтэй адил/ олимп гээд л нээх сүржин ярьж бичих юмаа Асар их ялгаатай шүү энэ 2

Судлаач
Судлаач
2 сар 4, 2020 22:15

Жишээ нь пара пауэр лифтингиин дэлхиин аварга гэж тэмцээнд 17 орон оролцож бн энииг юу гэж ойлгох вэ дэлхиин аварга гэдэг 60с дээш орон оролцсон байх ёстой ат�##� тивиин аваргын хэмжээнд ч хүрэхгүй дэлхиин аварга гэж юу байх вэ

анх удаагаа багийн спортоор орж байгаа тамирчиддаа тусгайлан амжилт хүсье... Нийт монголын тамирчид бүгд чадмаа танар мундаг шүү....
анх удаагаа багийн спортоор орж байгаа тамирчиддаа тусгайлан амжилт хүсье... Нийт монголын тамирчид бүгд чадмаа танар мундаг шүү....
2 сар 8, 2020 01:12

Зочин

Холбоотой мэдээ

Back to top button