ГЕГ: Турк улсаас ирсэн нэгэн иргэн биедээ 12.2 килограмм алтан эдлэл нууж улсын хилээр нэвтрэхийг оролдсон

Гаалийн ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийж 2026 оны эхний хагас жилийн байдлаар илрүүлсэн зөрчил, албан хаагчдын шилжилт хөдөлгөөн, сахилга, хариуцлагад авсан арга хэмжээний талаар. Мөн үндэсний их баяр наадмын нийтээр амрах өдрүүдэд гаалийн байгууллагын ажиллах зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
ГЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга Б.Мөнх-Амар " Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүд болох долоодугаар сарын 10-20-ны хугацаанд гаалийн газар, хороодод хариуцлагатай жижүүр ажиллана. Энэ хугацаанд зарим хилийн боомт амрах ч хилээр орж ирсэн бараа, тээврийн хэрэгслийн гаалийн бүрдүүлэлтийг тасралтгүй, шуурхай гүйцэтгэнэ. Харин төмөр замын болон агаарын хилийн боомтууд 24 цагаар хэвийн ажиллана. Гаалийн байгууллага энэ оны эхний зургаан сарын байдлаар нийт 2,000 гаруй зөрчлийг илрүүлж хянан шалгасан. Үүний 50 орчим хувь нь татвараас зайлсхийх зөрчил. Мөн 23 хувь нь тарифын бус хязгаарлалттай буюу хориглосон, хязгаарласан бараа, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдэл.
Мөн томоохон боомтуудаар улсын хилээр 1.6 килограмм алт хууль бусаар гаргахыг завдсан хэргийг гаалийн байгууллага бие даан илрүүлсэн. Түүнчлэн Турк улсаас ирсэн нэгэн иргэн биедээ 12.2 килограмм алтан эдлэл нууж улсын хилээр оруулж ирэхийг завдсан зөрчил бүртгэгдсэн. Үүнээс гадна тусгай зөвшөөрөл шаарддаг, чихрийн шижингийн II хэлбэрийн үед хэрэглэдэг инсулин тариаг арилжааны зориулалтаар их хэмжээгээр хууль бусаар оруулж ирсэн тохиолдол илэрсэн. Инсулин нь зөвхөн эмчийн заавар, эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу хэрэглэх эм тул эрүүл мэнддээ эрсдэл учруулж болзошгүй хууль бус худалдаанаас сэрэмжтэй байхыг зөвлөе" гэсэн мэдээлэл өглөө.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.