НИЙГЭМ

Сэлэнгэ нутгаас анх удаа Даян аварга төрж, Монгол даяар "Өргөн сэлэнгэ" дууг эгшиглүүллээ

Сэлэнгэ нутгийнхан төдийгүй Монгол түмний хүсэл биелж, Улсын арслан Б.Орхонбаяр Үндэсний их баяр наадамдаа арав давж, Даян аварга боллоо. Сэлэнгэ аймгийн хоёр дахь аварга, анхны Даян аварга цолтон ийн төрөв.

Б.Орхонбаяр хэдийндэлхийн хүн болчихсон. Түүний оролцсон "Psycial asia" шоу дэлхий дахиныг шуугиулж, Б.Орхонбаярыг олон улс "крашлаж" буй. Энэ наадмаар заавал түрүүлнэ гэж "Psycial asia" шоунд хамт оролцсон найзууддаа амласан. Найзууд нь ч дэмжихээр ирсэн билээ.


Арслан өнгөрсөн жил зургаагийн даваанд Дорнод аймгийн харьяат Улсын харцага Бэлгүтэйд тахим буулгасан. Харин 2024, 2022 онуудад Улсын наадамд үзүүрлэсэн. Энэ жил Б.Орхонбаяр дутуугаа гүйцээж дундуураа ийн дүүргэлээ.

Баавгай заан арслан цол хүртэж, Б.Орхонбаяр Даян аварга болсон барилдааны агшин

Зургийг: Eguur News агентлагийн зураглаач О.Улсболд

Б.Орхонбаяр дөрвийн даваанаас арвын даваа хүртэлх долоон барилдаанд нийт 2 цаг 10 минут 59 секундийг зарцуулжээ

Нэгийн даваа: Архангай аймгийн харьяат залуу бөх Б.Билгүүнийг өвдөг шороодуулав

Хоёрын даваа: Архангай аймгийн харьяат сумын заан Н.Отгонцоожийг өвдөг шороодуулав

Гурвын даваа: Сэлэнгэ аймгийн харьяат аймгийн начин Б.Батжаргалыг өвдөг шороодуулав

Дөрвийн даваа: Архангай аймгийн харьяат аймгийн заан О.Доржсамбууг өвдөг шороодуулав | барилдсан минут 10:10

Тавын даваа: Завхан аймгийн харьяат Улсын харцага Д.Бат-Эрдэнийг өвдөг шороодуулав | барилдсан минут 06:36

Зургаагийн даваа: Сэлэнгэ аймгийн харьяат аймгийн арслан Х.Наранбаярыг өвдөг шороодуулав | барилдсан минут 10:50

Долоогийн даваа: Булган аймгийн харьяат Улсын зааны болзол хангасан Б.Түвшинтөгсийг өвдөг шороодуулав | барилдсан минут 43:20

Наймын даваа: Завхан аймгийн харьяат аймгийн начин Б.Сундуйжавыг өвдөг шороодуулав | барилдсан минут 05:02

Есийн даваа: Завхан аймгийн харьяат Улсын гарди цолны болзол хангасан М.Лхагвагэрэлийг өвдөг шороодуулав | барилдсан минут 28:14

Арвын даваа: Ховд аймгийн харьяат Улсын арслан цолны болзол хангасан Б.Бат-Өлзийг өвдөг шороодуулав | барилдсан минут 26:47

Б.Орхонбаярын тухай баримтууд

НЭГ: Баярсайханы Орхонбаяр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд 1998 оны долдугаар сарын 1-нд төрсөн. 120 кг жинтэй, 183 см өндөр.

ХОЁР: Бэлтгэлээ 2015 оноос хойш улсын харцага Т.Өсөх-Ирээдүйгийн удирдлагад хийж буй Б.Орхонбаяр 2016 онд Цагааннуур сумынхаа наадамд түрүүлж, сумын заан болсон.

ГУРАВ: 2018 онд сумын заан цолтойдоо Сэлэнгэ аймгийн наадамд анх удаа зодоглохдоо наймын даваанд Н.Энхжаргалыг өвдөг шороодуулан, түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн юм.

ДӨРӨВ: Б.Орхонбаяр 2019 онд Сэлэнгэ аймгийн наадамд хоёр дахиа зодоглоод дахин түрүүлж, аймгийн хурц арслан болсон. Тэгж өмнөх жилийн амжилтаа батлахдаа үзүүр, түрүүнд Мандал сумын харьяат, Н.Баярбаатарыг өвдөг шороодуулсан. Тэгснээр Сэлэнгэ аймгийн наадамд хоёр жил дараалан түрүүлсэн гурав дахь бөх болсон юм. Б.Орхонбаярын амжилтыг өмнө нь улсын заан Н.Жаргалбаяр, аймгийн хурц арслан Ж.Сундуй нар гаргасан түүхтэй.

ТАВ: Б.Орхонбаяр 2019 онд Төрийн наадамд анх удаа барилдахдаа, тэгээд бүр 21 насандаа улсын начин цол хүртэн, монгол түмнээ баярлуулсан. Түүний амжилтыг өмнө нь дархан аварга Д.Дамдин, Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, улсын арслан Ө.Эрдэнэ-Очир, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй наймхан бөх гаргаж байсан юм. Б.Орхонбаярт их ирээдүй байгаа, багаасаа юм дуулгаж буйг нь эндээс бэлхнээ харж болно.

ЗУРГАА: Б.Орхонбаяр 2019 онд улсын начин болсон хамгийн залуу хүчтэн. Улмаар тухайн жил начин болсон хамгийн залуу бөхөд олгодог дааганы эзэн болж байв.

ДОЛОО: Тэрбээр 2020 онд улсын наадамд барилдахдаа зургаагийн даваанд шинээр улсын харцага болсон Б.Бат-Оршиход өвдөг шороодсон. Улмаар Б.Бат-Оршихоос допинг илэрсэн тул хэдхэн хоногийн өмнө түүнд улсын харцага цол нөхөж олгосон юм.

НАЙМ: Ховд нутгийн хүргэн Б.Орхонбаяр 2022 онд 24 насандаа үзүүрлэн, улсын арслан цол хүртлээ.

ЕС: Тэрбээр улсын арслан болохдоо тавын даваанд аймгийн арслан Б.Бадамгаравыг, зургаагийн даваанд аймгийн арслан О.Цэцэнцэнгэлийг, долоогийн даваанд улсын арслан Ц.Содномдоржийг, наймын даваанд улсын заан болсон Б.Бат-Өлзийг, есийн даваанд даян аварга Н.Батсуурийг өвдөг шороодуулсан юм.   

АРАВ. Б.Орхонбаяр Сэлэнгэ нутгийн анхны Даян аварга цолтон боллоо.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ жил Хангай аварга маань л жаахан сэтгэл гонсойлгов. Ийм хариуцлагатай барилдаанд аймгийн начинд унаж балрав. Ядаж улсын цолтой бөхөд арай өндөр даваанд унасан болч яахав гэж өмнөөс нь бодож баахан халаглав. Хангай аваргыг түрүүлэнэ гэж дэмжин бодож байсан мань мэтийн хацар, бөгс хоёр зэрэг улайж, өмнөөс нь жаахан ичив...Гэхдээ яахав бөх хүн бүдүүн өвсөнд гэдэг дээ.

Зочин
Зочин

Сэлэнгэ нутгийнхны олон жилийн хүсэл биелж, анхны Даян аварга төрсөнд үнэхээр баяртай байна

Зочин
Зочин

Орхонбаяр аварга энэ цолдоо бүрэн хүрсэн барилдаан үзүүллээ, баяр хүргэе

Зочин
Зочин

Сэлэнгийн зон олон ёстой бахархаж байгаа байх даа

Зочин
Зочин

Олон жил тогтвортой барилдсан хөдөлмөр нь сайхан үр дүнгээ өглөө

Зочин
Зочин

Өргөн Сэлэнгэ дуу эгшиглэх мөч үнэхээр сэтгэл хөдөлгөм байлаа

Зочин
Зочин

Ийм сайхан барилдаан үзүүлсэн аваргад халуун баяр хүргэе

Зочин
Зочин

Залуу бөхчүүдэд хөдөлмөрлөж чадвал боломж байдгийг харууллаа

Зочин
Зочин

Наадмын хамгийн сайхан түүхүүдийн нэг болж үлдэхээр сайхан түрүүллээ

Зочин
Зочин

Бөхийн хорхойтнуудын хүсэн хүлээсэн түрүү байлаа

Зочин
Зочин

Барилдаан бүртээ хичээж, алдаа бага гаргасан нь ялгааг гаргалаа

Зочин
Зочин

Монгол бөхийн түүхэнд дахин нэг сайхан хуудас нэмэгдлээ

Зочин
Зочин

Үзэгчдийн итгэлийг алдалгүй аваргын дайтай барилдлаа

Зочин
Зочин

Наадам ийм сайхан өрнөхөөр улам л бахархал төрөх юм

Зочин
Зочин

Цаашдаа ч эрүүл саруул байж, олон сайхан барилдаан үзүүлэхийг ерөөе

Зочин
Зочин

Шинэ Даян аваргад баяр хүргэж, улам их амжилт хүсье

Холбоотой мэдээ

Back to top button