Дэлхийн 19 орны малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах асуудлаар шийдэл хэлэлцлээ

Дэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулж буй говийн бүсийн малчдын хэлэлцүүлэг өнөөдөр Говьсүмбэр аймагт эхэллээ. Хэлэлцүүлэгт 18 орны 26, Говийн бүсийн аймгуудын 35 малчид, нийт 60 гаруй төлөөлөгчид оролцож байна.
Монголын говийн малчдын хувьд байгаль, цаг уурын эрс тэс нөхцөлд бэлчээрийн нөөцийг зохистой ашиглах, мал сүргээ улирлын онцлогт тохируулан маллах, уламжлалт мэдлэг, арга ухаанаа хадгалан хөгжүүлэх нь нүүдлийн мал аж ахуйн тогтвортой байдлыг хангах чухал үндэс болдог. Тиймээс ч говийн бүсийн малчид бэлчээрийн ургамлын онцлог, хуурай уур амьсгалд сөрөн тэсвэрлэх чадвар, мал сүргийн онцлог болон нүүдлийн мал аж ахуйтай холбоотой уламжлалт өв соёлоо олон улсын малчдад танилцуулав.
Мөн олон орны малчдын туршлагаас суралцаж, өөр өөр нөхцөлд хэрэгжүүлсэн шинэлэг арга, сайн туршлагыг нутагшуулах боломж бүрдэх аж. Ийнхүү малчид зөвхөн өөрсдийн мэдлэг, туршлагыг бусдад түгээхээс гадна харилцан суралцаж, бэлчээр, мал сүрэг, байгаль орчноо хамгаалах нийтлэг шийдлийг эрэлхийлж байна.
Монголын говийн малчдын олон зуун жилийн турш хуримтлуулсан байгальтай зохицон амьдрах ухаан, мал маллагааны уламжлалт арга туршлага ийнхүү олон улсын малчдын мэдлэг, туршлагатай нэг дор хүрч, бэлчээрийн тогтвортой менежмент, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, нүүдлийн мал аж ахуйн ирээдүй зэрэг асуудлаарх олон улсын хэлэлцүүлэгт тусгалаа олж буйгаараа онцлог уулзалт боллоо гэдгийг оролцогчид хэлж байна.
Б.АЛТАНГЭРЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.