Тал хээрийн экосистемийг Дэлхийн өвд бүртгүүлэх ажлын явцыг танилцуулна

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн болон бүртгүүлэхээр нэр дэвшүүлж буй газруудаар дамжуулан говь хээрийн экосистемийг хамгаалах чиглэлээрх олон улсын хамтын ажиллагаа, оролцоог бэхжүүлэх зорилготой аргам хэмжээ өнөөдөр СОР17 хурлын Цэнхэр бүсийн МЕТ-07 танхимд болно.
Тухайлбал, Монголын говь хээрийн бүсийг Дэлхийн өвд бүртгүүлэхээр нэр дэвшүүлж буй үйл явцын жишээн дээр иргэний нийгэм, төрийн болон олон улсын байгаль хамгаалах байгууллагуудын хамтын ажиллагааг танилцуулах юм.
Эдгээр газар нутаг нь дэлхийн хэмжээнд бүрэн бүтэн байдлаа хадгалсан, хамгийн томд тооцогдох хуурай бүсийн болон бэлчээрийн экосистемүүдийн нэг бөгөөд биологийн олон янз байдал, экологийн өвөрмөц үйл явцаараа онцгой ач холбогдолтой.
Тус эвент нь 15:00-16:30 цагт болох бөгөөд олон улсын шагналт "Их говийн манаач" баримтат киноны продюсер Ж.Мядагбадам уригдан оролцож бүтээлийнхээ тухай мөн танилцуулах юм.
Үүний зэрэгцээ ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд нэр дэвшиж буй Монголын их говь цөлийн бүс нутаг болон Дорнын тал хээрийн экосистемийг хамгаалах олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхийг зорьж буй билээ.
Дэлхийн өвд бүртгэгдэх энэ хоёр нутаг бол манай гараг дээрх хүний гар хүрээгүй, хамгийн уудам орон зай бөгөөд байгалийн анхдагч төрхөө хадгалсан ховор нандин экосистемийг агуулж байдаг.
Р.БОЛОР













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.