Б.Жаргалан: Бид 145 их наядын өртэй амьдарч байна. Төсвийн тодотгол батлагдвал энэ өр улам ихэснэ
Ардчилсан Намын төлөөллүүд 2026 оны төсвийн тодотголын талаар ээлжит 4/11 мэдээллийн цагаараа дараах байр суурийг илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан 2026 оны төсвийн тодотголыг “Эдийн засгийн алдаатай бодлого” хэмээн тодорхойлоод батлахыг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Мөн “2026 оны төсвийн тодотголоор урсгал зардлыг 1 их наяд 152 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж байгаа явдлыг бид эрс шүүмжилж байна. Энэ төсөвийг танаж багасгах бүрэн боломжтой гэж АН үзэж байна. Тэгэхийн тулд ЗГ өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотгож, хэрэггүй давхацсан төсөл хөтөлбөрүүдийг хасах замаар ажиллах ёстой. Гэтэл Ерөнхий сайд чуулганы хурал дээр “Би ард түмнээсээ харамлахгүй ээ” гээд хувийн хөрөнгөө тарааж өгч буй аятай мэдэгдлүүдийг хийж байна. Хэрэв төсвийн тодотголоор төсвийн алдагдал 2 их наядаар нэмэгдсэн байдалтай батлагдах юм бол улсын өрийн хэмжээ 2 их наяд төгрөгөөр нэмэгдэнэ. Улсын өр сүүлийн жилүүдэд огцом нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар манай улсын гадаад өрийн хэмжээ 40.2 тэрбум ам.долларт хүрээд байна. Энэ нь 145 их наяд төгрөгтэй тэнцэнэ. Энэ бол нэг Монгол хүнд ногдох өрийн хэмжээг 40 сая төгрөгт хүргэсэнтэй тэнцэнэ гэсэн үг. Төсвийн тодотгол батлагдвал энэ хэмжээ дахин өснө” гэв.
Э.БҮЖИНЛХАМ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.