Чуулганы дэгээ сахиулж дөнгөхгүй спикер, Засгийн сайд нараа "базаж" хүчрэхгүй ЕС

2016 оноос хойш гурван сонгууль дараалан олонх болж, засаг төрийн бүх шатны эрх мэдлийг 10 жил дураараа гардаж хэрэгжүүлсэн МАН-ынхан эрхээрээ хатаж, улсаараа тоглож гүйцэв.
30/38-аараа хуваагдсан МАН-ын бүлэг УИХ-ын 2026 оны намрын чуулган дөнгөж нээсэн энэ өдрүүдэд гэдсэндээ хөлөө жийлцээд чуулганы хуралдаандаа ч суухгүй, улсын төсвөө ч хэлэлцэхгүй, улс орны ажлыг ч явуулахгүй гацаасаар байна.
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг Н.Учрал кабинетаасаа явуулж, МАН-ын генсек Я.Содбаатар нь “Намын бодлогын эсрэг ажилласан хүмүүсийг намаасаа хөөнө” гэж сүрдүүлсэн үйл явдлуудын дараах УИХ-ын ээлжит чуулган ирц хүрэхгүйн улмаас гурвантаа хойшиллоо.
Өчигдөр гэхэд л чуулган 14.00 цагт хуралдах товтой байсан ч 17.50 гэхэд хамгийн сүүлд С.Даваасүрэн гишүүн орж ирснээр ирц дөнгөж 50%-д хүрч, арайхийн 63 гишүүнтэй болсон юм. Гэвч дахиад нэгийг нь хэзээ морилно гэж хүлээх цаг үлдээгүй тул УИХ-ын дарга чуулганыг хойшлуулж, өнөөдөр (2026.09.22) 14.00 цагт хуралдуулахаа зарласан. С.Даваасүрэн гишүүн даргыгаа даапаалж байгаа аятай зориуд цаг дуусахын өмнө царайгаа харуулчхаад талийна лээ.
“Бүх амьтан тэгш эрхтэй, гэвч гахай ганцаараа давуу эрхтэй” гэдэг шиг Монголын ард түмнийг төлөөлж төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон 126 гишүүн бүгд эрх тэгш боловч МАН-ынхан зөвхөн өөрсдийгөө л гагц давуу эрхтэй гэж эрддэг бололтой.
Тиймдээ ч өнөөдөр 30/38-ын талынхан “Засгийн газраа унагасан ч бидний дур, УИХ-аа тараасан ч манай таалал шүү” хэмээн гэдийчхээд, чуулганы ирцэндээ орохгүй нэгнээ бойкотолж сууна. Аль өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийн хүрээнд сүрийг үзүүлэн “авч хаясан” ХЗДХ-ийн сайдын суудал энэ зуурт эзгүй, оронд томилогдохоор нэр нь тодорсон Г.Тэмүүлэн чуулганы ирц бүрдэхийг харуулдаастай.
Эрх биш намын дарга нь юм болохоор Ерөнхий сайдыгаа 30-ийн талтайгаа тохирчих байх гэхээр чаддаггүй, УИХ-ын чуулганы дэг сахиулах учиртай спикер нь парламентын ирцээ бүрдүүлж хүчрэхгүй хий дэмий л индэр дээрээс шаардах, гуйхын завсар хэдэн үг дайгаастай.
Засгийн газрын боож оруулж ирсэн 2026 оны төсвийн тодотгол болон 2027 оны Төсвийн төсөл, хэт өндөр зардалтай холбоотой асуудлаар АН-ынхан хойш суучихсан, гүйцэтгэх засаглалын тэргүүнийг өөрт нь итгэл үзүүлэх, эсэх асуудлыг чуулганд оруулж ир гээд шахаанд оруулчихсан. Институцийн хямрал, задрал гээчийг утгаар нь харуулсан хөгтэй ч намрын чуулган болж байна даа.
Одоогоос яг жилийн өмнө Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Учрал 2025 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр УИХ-ын даргаар сонгогдоод, ердөө 100 гаруйхан хоногийн дараа өөрийн хүсэлтээр спикерээсээ чөлөөлөгдсөн түүхтэй. Улмаар тэр өдөртөө буюу 2026 оны гуравдугаар сарын 30-нд Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томилогдсон тэрбээр жил хүрэхгүй хугацааны дотор төрийн гурван өндөрлөгийн хоёр албыг нь хашаад үзчихсэн.
39 настайдаа түүн шиг гэрлийн хурдаар албан тушаалын өндөрлөгт заларсан улстөрч ойр хавьд үгүй. Гэтэл Засгийн газрынхаа сайд нарын ч, намынхаа гишүүдийн ч аргыг олж барахгүй, бүр өөртөө ч итгэж чадахгүй, сандрахаараа энд тэнд очиж олон нийттэй уулздаг, уулзалт бүр дээрээ “Би цалин, тэтгэвэр нэмэх гээд байна” гэдэг ганц амны уншлагатай болж. Хэрэв Ерөнхий сайд зангарагтай сан бол өчигдөр танхимын гишүүдээсээ Н.Номтойбаяр, Ч.Номин хоёрыг оруулаад ирэхэд л ирц эрт бүрдэх байв.
Улс эх орныхоо эрх ашгийг үнэхээр боддог Засгийн газрын тэргүүн бол өдийд ядаж 30-ийн талтайгаа нүүр тулж ярилцаад, юу хүсээд байгааг нь сонсоод харилцан тохиролцож шийдэл олж болдоггүй хэрэг үү. Эсвэл АН-ын шаардлагын дагуу өөртөө итгэл үзүүлэх эсэхийг чуулганд оруулаад ирэх залуу хүний эр зориг, улс төрч хүний манлайлал алга уу.
МАН-ынхныг мангуурч зунгаарч байх хооронд АН-ынхан сүүлийн 5-10 жилийн ТӨХК-иудыг тойрсон санхүүгийн луйвар, булхай, авлига, албан тушаалын асуудлыг ухаад эхэлчихлээ. Энэ асуудлаар УИХ дээр хяналтын сонсгол хийхээр болбол МАН-ынхан хуйгаараа чирэгдэх хэмжээний будлиан гарч ирэх бий вий.
Л.АРГАМЖИН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.