Top StoriesНийгмийнНИЙГЭМСурвалжилга

Сурвалжилга: Зун хөрсөндөө +70 хэм хүрдэг Эхийн голын тариаланчид

Улаанбаатар хотоос 1070 километр засмал, шороон замаар давхисаар Баянхонгор аймгийн Шинэжинст сумын IV багийн нутаг Эхийн голын Баянбүрд гэх буйдхан сууринд хүрнэ. Эхийн гол нь Говийн их дархан цаазат газрын "А" хэсэгт хамаардаг тоорой, сухай гэх мэт модлог ургамлаар хүрээлсэн байгалийн үзэсгэлэн бүрдсэн нутаг.

Видео үзэх бол:

Одоогоос 50 гаруй жилийн өмнө буюу 1975-1989 оны хооронд Говь-Алтай, Баянхонгор, Ховд аймгуудаас Илгээлтийн эзэд Эхийн голд тариаланчаар ирж суурьшжээ. Тухайн үед энд амьдрал ид бужигнаж бага сургууль, спорт заал, уурын зуух хүртэл баригдаж байв. Хүн байтугай амьтан ч үл харагдах энгүй их говь нутагт амь, амьдрал тээж буй мэт орших энэхүү Баянбүрдэд одоо 10 гаруй айл өрх л эцэг эхийнхээ гал голомт, унасан нутгаа түшин, аж төрөн үлджээ.

Монголын хамгийн дулаан газар гэгддэг Эхийн гол зуны ид халуунд +44, 45 хэм хүрч хална. Хөрсөн дээрх гадаргын температур бол +70 хэм хүрнэ. Зуны улиралд гаднаас ирсэн улс идээших янзгүй буцдаг тухай нутгийн тариаланчид ярьж байлаа. Харин Баянбүрд өвөлдөө их дулаан агаад хачин зөөлөн уур амьсгалтай. Хамгийн хүйтэндээ л -26, 27 хэм хүрч, тэр нь хэдхэн хоног л үргэлжлэх бөгөөд бусад өдрүүдэд -17-20 хэмтэй өвөлждөг байна. Тиймдээ эндхийнхэн дан дээлтэй өвлийг бардаг аж.

Ийм л уур амьсгалтай газрын тариаланчид улаан лооль, амтат гуа, газрын алимаас эхлээд арав орчим төрлийн жимс, ногоо тариална. Илгээлтийн эздийн гараар бараг л сумын төв аятай сүндэрлэн босож байсан эл сууринд өдгөө голомтоо сахин үлдсэн цөөн хэдэн хүний нэг бол Б.Загдсумьяа. Тэрбээр Эхийн голын унаган хүү. 2012 оноос Эхийн голын цаг уурын станцад техникчээр ажиллаж, 2016 оноос ахлах техникчээр дэвшин өдийг хүртэл ажиллаж байна.

-Тариалахад асуудал алга, борлуулалт л хүнд байна-

Байршил: Баянхонгор аймгийн Шинэжинст сумын IV баг, Эхийн гол

Энэ тухай Б.Загдсумьяа "Манай аав, ээж Эхийн голын сууриныг байгуулагдсан цагаас нь ирж ажилласан илгээлтийн эзэд. Энд танилцаж, гэр бүл болон амьдарч би төрсөн. Би сургууль, соёл гэж явж байгаад 2009 оноос хойш эндээ тогтвор суурьшилтай амьдарч, аав, ээжийнхээ гал голомтыг манан сууж байна.

-1970-аад оноос энд илгээлтийн эзэд олноороо ирж тариалан эрхэлж байсан гэдэг. Одоо бол хүн хөл багатай болсон юм байна. Эндхийн айлууд бүгд л ногоо тарьж аж төрж байна уу?

-Социализмын үед Эхийн голд заал, нэгдсэн шугамын халаалт, бага сургууль хүртэл байсан. Өнөөдөр бол тогтвортой аж төрөн, амьдардаг 12 өрх бий. Тэдний ганц айл нь л малтай. Энэ их өвс ногооноос мал нь гарахгүй, хариулга шаардлагагүй. Хааяа ногооны талбай руу орж хэрэг хийнэ. Зун болохоор сумын төвөөс 7-8 айл ирж ногоо тарина. Тэд намар ургацаа хураагаад буцдаг.

-Эхийн голын улаан лооль их гоё амттай юм, бүс нутгийн онцлог байх шиг. Таны хувьд хэдэн төрлийн ногоо тарьж байна вэ?

-Улаан лооль, гашуун чинжүү, газрын алим, төмс, лууван, манжин гээд бараг арван төрлийн ногоо тариална. Манайхаас бусад газар улаан лоолийг ногоон байхад нь авч хураан дарж байж болгодог. Энд бол яг талбай дээрээ, нарны илчээр өнгө орж улайдагт л гол амт, чанар нь байгаа юм. Хүмүүс эндхийг Монголын хамгийн нам дор газар гэж ярьдаг. Дулаан байдаг нь үүнтэй ч холбоотой байх. Тийм учраас нарны илчээр улаан лооль өнгө нь өөрчлөгдсөн байдаг. Амт нь ч илүү байдаг. Мөн амтат гуа, газрын алим тарьж байна. Долоодугаар сарын 20-ноос есдүгээр сарын 20 хүртэл амтат гуагаа хураадаг. Бас их гоё амттай шүү.

-Та хэд сумынхаа ногооны хэрэгцээг бол бүрэн хангахаар юм байна. Магадгүй аймаг, ойролцоо сумдын хэрэгцээг хангах боломжтой санагдлаа. Жимсээ борлуулах тал дээр ямархуу боломж нөөц байна вэ?

-Шинэжинст сумынхаа хэрэгцээг бүрэн хангадаг. Тодорхой хэсгийг нь Баянхонгор аймаг руу явуулж байна. Мөн Баян-Өндөр, Баянцагаан, Богд, Жинст, Баянговь, Баянлиг сумдад нийлүүлнэ. Сүүлийн үед хот руу ч захиалгаар явуулах болсон. Мөн "Эрдэнэ Монгол ХХК" нийгмийн хариуцлагын хүрээнд тариаланчдад бордоо, бензин шатахууны дэмжлэг үзүүлж, ногоо худалдан авч байгаа нь их нэмэр болж байгаа.

-Цаашид илүү өргөжиж улсын хэмжээнд жимс ногоогоо нийлүүлэх боломж бий юу?

-Тариалан дээр ямар ч асуудал байхгүй. Борлуулалт л нэлээд асуудалтай байна. Сумын төвөөс хол учраас тээвэрлэхэд зардал их гардаг. Энэ жилийн хувьд бензин шатахуун олдохгүй, нэлээд хүндрэлтэй байлаа. Ургац ид гарч байх үед нь ихээр авч, хот руу оруулж борлуулдаг хүн байвал бидэнд их хэрэгтэй. Энд бол бүх төрлийн жимс тарих боломж хангалттай байгаа.

Эхийн голын тариаланчдын ногоо, жимсийг "Эрдэнэ Монгол ХХК" худалдан авч өөрсдийн ажилчдын хүнсэнд хэрэглэдэг байна. Энэ тухай тус компанийн Орон нутгийн харилцааны менежер Ц.Энхтөр "Бид орон нутагт хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийг зорьж ажиллаж байгаа. Тиймээс Эхийн голын тариаланчдаа дэмжиж улаан лооль, газрын алим зэрэг жимсийг нь худалдан авдаг. Бид орон нутгийн тариаланчидтайгаа ойр ажиллаж бордоо, бензин шатахууны дэмжлэг үзүүлж байгаа. Мөн Эхийн голын энэ сайхан сууринд интернэт тавьсан. Хамгийн гол нь ажилчдадаа эрүүл чанартай жимс, эх орны хөрсөнд ургасан хүнсний ногоо хэрэглүүлэхийн сацуу орон нутгийн иргэдийн бичил бизнесийг дэмжин ажиллаж буйгаараа давуу юм. Тариаланчидтайгаа хамтран ажиллахад сайхан байдаг" хэмээн ярилаа.

Эхийн голын Баянбүрдэд 1977 онд байгуулсан хиймэл нуурыг бургас, сухай тойрон ургаж, тоорой модтой зохицон нүүдлийн шувууд буудаллах болжээ. Энэ нутагт нүүдлийн шувуу шиг ирсэн илгээлтийн эздээс одоог хүртэл ногоогоо тарьж байгаа хүн бол Х.Нина. 1982 оны Илгээлтийн эзэн "Эхийн гол"-ын тариаланч тэрбээр Өмнөговь аймагт төрж өссөн. 44 дэх намраа энд үдэж буй тэрбээр "Эхийн гол бол үнэхээр сайхан нутаг. Манай аав, ээж Өмнөговь аймгийн харьяат хүмүүс. Би илгээлтээр ирсэн цагаасаа хойш энэ газраас холдоогүй. Холдож чаддаггүй юм. Гадна, дотноос ирсэн хүмүүс халуун хэцүү газар байна гэдэг. Бид бол одоо дассан нарыг бол огт тоохгүй шүү дээ" хэмээн дотночлон ярих нь сайхан.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ehiin gol-d iim saikhan tarialan erkhleed yabj baigaa humuust unen bas l talarhmaar bna

Зочин
Зочин

Тээвэрлэлтийн зардал болон бензин шатахууны асуудлаас болоод ногоо нь борлогддоггүй л дээ

Зочин
Зочин

Улаан лооль нь яг байгалиараа нарны илчээр улайдаг гэхэд үнэхээр идмээр санагдчихлаа

Зочин
Зочин

Goviin dund iim saikhan Bayanburd bdag gehed l baigali nutgiin gaihamshig yum daa

Зочин
Зочин

Хэрэглэгчдэд борлуулах тал дээр л төрийн болон хувийн хэвшлийнхэн тусалмаар санагдлаа

Зочин
Зочин

Erdene Mongol company-s iim oрон нутгийн тариаланчдыг дэмжиж bgaa ni mash zov ajil

Зочин
Зочин

Зундаа хөрс нь +70 хэм хүрч халдаг энэ газар юм тариад амьдарч байгаа хүмүүс бол баатрууд

Зочин
Зочин

Igeeltiin ezed gej hvmvvs l ene goviin goliig avch uldsen shd, odoo ch ztgeseer l bna

Зочин
Зочин

Ehiin goliin ulaan loolih gej yag unendee dandaa amttai baij gedgiig humuus buh ni medne

Зочин
Зочин

Ганцхан малтай, 12-хон өрх үлдсэн гэхээр л энэ буйдхан сууринг тордож яваа нь бишрэмтгий

Зочин
Зочин

Zasgiin gazar bolon aimguud iim gazar tarialan erkhlegchdid trveriin hongololt uguh yostoi

Зочин
Зочин

Өвөлдөө дан дээлтэй өвөлждөг гэхээр бас л сонин сайхан дулаахан бичил цаг агаартай юм

Зочин
Зочин

Ehiin gol-iin baigali, tooroi, suhai modod ni unendee mongolyn nutgiin neg uzegdel shd

Зочин
Зочин

Хөдөлмөрч тариаланчдынхаа гаргасан ургацыг хотод авчирч борлуулахад нь дэмжлэг үзүүлмээр байна

Зочин
Зочин

Erdene Mongol-oos internet tavij ugsun ni bas l niigmiin haruulagaar hiisen zuv ajil bna

Зочин
Зочин

Төвөөс хол гээд л орхичихгүйгээр эдгээр хүмүүст туслах бодлого төрөөс гаргамаар юм

Зочин
Зочин

Ийм ажилсаг хүмүүсийн ажил хөдөлмөрийг өөрийн эрхгүй хүндэтгэх юм

Зочин
Зочин

Ногоо тариад зарна гэдэг асуудал зардлаа нөхөн төдий ашигтай

Зочин
Зочин

Онцгой баянбүрд дээ.????

Холбоотой мэдээ

Back to top button