Алтныхны хэрэг: Б.Чинбатыг яллагдагчаар татсан ч шүүх хорихоос татгалзаж, В.Ганзоригийг суллан шалгаж байна
Дөнгөж сарын өмнө хагас их наядын л хөрөнгө эргүүлдэг В.Ганзориг, Урьханы Б.Чинбат гэх алтны хоёр босс газрын лицензээ булаацалдан, зодолдохдоо нэгнээ хуулийн өмнө "чирж" очиж шалгуулсан. Энэ үест ХЗДХ-ийн сайд асан С.Амарсайхан тэдгээр албан тушаалтнуудыг шалгаж, үнэн мөнийг тогтоохыг ЦЕГ-ын дарга Ж.Болдод даалгаж, нөгөө талд Шүүхийн ерөнхий зөвлөл субъектүүдээ хамгаалж, мэдэгдэл гаргахад хүрч байв.
В.Ганзориг, Урьханы Б.Чинбат хоёрын “Вайнд майнд” гэх компани дээрх 31.75 га талбай бүхий ашигт малтмалын лицензтэй холбоотой маргаан сүүлийн таван жилийн хугацаанд өрнөж буй.
В.Ганзоригийг Урьханы Б.Чинбатын бизнесийн хамтрагч Г.Ариунболдын гомдлоор шалгаж байгаа бөгөөд |2026.09.11|-|2026.10.11| хүртэл цагдан хоригдоод суллагдсан. Ингэхдээ хилийн хориг тавьж, хэргийг оролцогч нартай уулзахыг хориглосон юм.
Харин Б.Чинбатыг прокурорын байгууллагаас яллагдагчаар татаж, цагдан хорих хүсэлтээ шүүхэд илэрхийлсэн ч шүүх прокурорын саналыг хангаж шийдвэрлээгүй байна. Цаг хугацааны хувьд, Г.Тэмүүлэн ХЗДХ-ийн сайдаар томилогдож, ЦЕГ-ын дэд дарга нарыг сэлгэн томилоход үест өрнөсөн байна. Мөн түүний хамтрагч Г.Ариунболдыг яллагдагчаар татан шалгаж байгаа билээ.
Алтныхны хэрэг олон нийтийн анхаарлын төвд орсноос хойш юу өрнөв?
#Нэг. С.Амарсайхан шөнөөр ЦЕГ-ын удирдлагуудыг дуудаж алтны боссуудын хэрэгт нэрлэгдсэн хуулийнхныг дотоод хяналтаараа шалгах чиглэл өгч, маргааш нь Экологийн цагдаагийн албаны дарга Т.Оюутболдыг чөлөөлж байв.
#Хоёр. Ер С.Амарсайхан хар тамхи болон алтныхны маргааны сэдэв рүү өнгийсөн нь түүнийг сайдаас огцрох шалтгаан болсон гэж хөшигний ард яригдсаар байна. Түүний тушаалаар тэднийг шалгаж байсан ЦЕГ-ын дэд дарга нарыг ч шинэ сайд Г.Тэмүүлэн буулгаж, Б.Энхбаярын үед томилогдож байсан хүмүүсээр сэлгэчихсэн. Яг энэ цаг хугацаанд Урьханы Б.Чинбат цагдан хоригдохоос мултарч чадсан нь анхаарал татна.
Лицензийн маргаантай "Вайнд майнд" ХХК | В.Ганзориг, Г.Ариунболд, Б.Чинбат нарын маргасан шалтгаан

“Урьхан”-ы хэмээгддэг Б.Чадраабал, Б.Чинбат, Б.Ганбат гэх ах дүү гурав бий. Баярмагнайн Ганбат нь Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгч асан. Б.Чадраабал нь Саппорогийн уулзвар дахь барилгын материалын “Гурвалжин-1”, “Гурвалжин-2” худалдааны төвүүдийн эзэн бөгөөд “Урьхан санаа” ХХК-ийн захирал. “Ид шидийн орон”-оор танигдсан Ч.Ганжавхлангийн аав. Баярмагнайн Чинбат нь алт, нүүрсний бизнесмен. Тэрбээр алтны, нүүрсний, газрын гэхчлэн хэргүүдэд нэр холбогдон бичигдэж ирсэн түүхтэй нэгэн.
Нээлттэй мэдээллээс харахад, "Ид шидийн орон"-ы Б.Ганжавхлан 6171346 регистрийн дугаартай “Вайнд майнд” ХХК-ийг 2017.04.11-нд үүсгэн байгуулж, дөрвөн жилийн дараа буюу 2021.05.06-нд авга ах Б.Чинбатдаа шилжүүлсэн. Мөн онд Ганболдын Ариунболд хувьцаа эзэмшигч болсон байна. Өдгөө Гүйцэтгэх захирлаар Волоожийн Ганзориг гэх нэр бүртгэлтэй байна.
Нээлттэй мэдээлэл гэвэл ийм. Харин хэрэг учир хаана өрнөснийг энд өгүүлье.

Зүүн талын зурагт, "Вайнд майнд" ХХК-ийн хувь эзэмшлийн хуанли. Баруун гар талд буй зурагт, лиценз олгогдсон талбай.
В.Ганзориг Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт байрлах 31.75 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-021972 дугаартай тусгай зөвшөөрлөө Х.Нямбаатарын нөлөөллөөр өөртөө авсан байж болзошгүй баримт
30 хоног цагдан хоригдоод гарч ирсэн В.Ганзоригоос эхэлье.
Нээлттэй мэдээллийн санд 30 гаруй компанид хувьцаа эзэмшдэг бүртгэлтэй, өдгөө 30 хоног цагдан хоригдоод буй В.Ганзориг /2021.09.09/-ны өдөр Х.Нямбаатарыг Монголын боксын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдох үед, холбооны дэд ерөнхийлөгч болж байсан түүхтэй.
Боксын холбооны дэд ерөнхийлөгч болсныхоо маргааш |2021.09.10| “Глиймстар” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 10 хоногийн дараа |2021.09.20| тус компанийн хувьцаа эзэмшигч болсон байна. Улмаар |2021.09.29|-ны өдөр “Туулын Их тохойрол” хэмээх шүүх дээр маргаантай байсан газрын лиценз “Шижир-Алт” ХХК-иас “Глиймстар” ХХК-д буюу В.Ганзоригт шилжжээ.
Нэг үгээр хэлбэл одоо маргаан дагуулаад байгаа олборлолтын газрын лицензийг Х.Нямбаатарыг ХЗДХ-ийн сайд байх үеийн нөлөөллөөр авсан байж болзошгүй кейстэй аж.
В.Ганзориг нь өөрийн “Глиймстар” ХХК-иараа эзэмшдэг Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт байрлах 31.75 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-021972 дугаартай тусгай зөвшөөрөл буюу лицензээ “Вайнд майнд” компанийн захирал асан Г.Ариунболдод 5 сая ам доллар буюу 14.7 тэрбумаар 2022 оны гуравдугаар сард шилжүүлжээ. Улмаар тус оны аравдугаар сард "Вайнд майнд” ХХК-ийн захирал Г.Ариунболдыг хууль бусаар алт олборлож байгаа мэтээр уурхайг нь битүүмжлэн, эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж эхэлсэн байна. Харин энэ үест В.Ганзориг долоон сарын өмнө 5 сая ам доллароор зарсан лицензээ эгүүлэн авахдаа 5 мянган төгрөг өгсөн гэгдэж байна.
Ийн гурван жилийн дараа Г.Ариунболд В.Ганзоригийн эсрэг гомдол гаргаж, хэрэгт ЦЕГ-аас хамтарсан баг шалгалтын ажил явуулж байна.
Одоо Б.Чинбат, Г.Ариунболд нарын тухай өгүүлье.
“Вайнд майнд” ХХК нь Булган аймгийн Бүрэгхангай сумын Туулын их тохойрол гэх газарт хууль бусаар алт олборлож, усаа Туул гол руу цутгаж байсныг 2022 онд зогсоосон тухай мэдээлэл цацагдаж байв. Гэхдээ тэр үедээ ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээлгээгүй, байгаль орчинд учруулсан хохирлыг нь ч нөхөн төлүүлээгүй өнгөрсөн байдаг. Энэ үед тус компанийг Б.Чинбат эзэмшиж байв.
Угтаа "Вайнд майнд" ХХК нь Туулын их тохойрол гэх газарт 31.75 га газарт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийн хугацаа нь |2036.10.08|-нд дуусна. Ноцтой нь, тусгай зөвшөөрөл бүхий газраасаа хэтэрч лицензгүй, Туул голын хамгаалалтын ай сав газар бүхий 6,8 га-д алт олборлолт явуулсан байна. Улмаар 500 кг орчим алт хууль бусаар олборлож, 100 гаруй тэрбум төгрөгийн асуудал хөндөгдсөн гэх боловч Булганы цагдаагийн газар гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хаах саналыг прокурорт хүргүүлж, прокурор нь хааж байсан түүхтэй. Ингэж лицензгүй газраас олборлосон алтны орлогоороо Б.Чинбат, Г.Ариунболд нарыг “Эрдэнийн босго” ХХК-ийн "Хулман нуур" нүүрсний уурхайг худалдаж авсан байж болзошгүй талаар ч бичигдэж байсан билээ.
"Эрдэнийн босго" ХХК нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд байрлах Хулман нуур хүрэн нүүрсний ордод MV-017480 дугаартай ашиглалтын лицензтэй аж. Тус компанийн хувьцаа эзэмшигчээр 2012 оны үед А.Энхээ, 2016 онд Ё.Байгаль нар бүртгэлтэй байж байгаад 2024 оноос Б.Чинбат, Г.Ариунболд нар бүртгүүлсэн нь нээлттэй мэдээллийн санд ил буй юм.
"Вайнд майнд" ХХК, "Эрдэнийн босго" ХХК гэх хоёр компанидаа Б.Чинбат, Г.Ариунболд нар хос автортой, нэг халаастай.
Алтныхны хэргийн өрнөлийг бид эргэн мэдээлсээр байх болно.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.