Байгаль орчин

Нөмрөгийн түймэр унтарсан ч төрөөс нэхсэн хариуцлагын гал дүрэлзэж байна

Монголын зүүн хязгаарын байгалийн хосгүй үзэсгэлэн бүрдсэн нутаг, манайд төдийгүй дэлхийд ховор ан амьтан, араатан жигүүртэн, ургамлын аймгийн өлгий болсон Нөмрөгийн дархан цаазат газрын 80 хувь нь түймэрт өртөөд 20 дахь хоногтойгоо золгож байна.

Урьдчилсан мэдээллээр 468,965.7 га талбай шатсан гэдэг энэ тоо бол зүгээр нэг статистик биш. Гагц манай улсаар тогтохгүй, Төв Азийн эко системийн үнэт өв, амьд байгалийн оршихуйд учирсан асар том гарз хохирол байтал Монголын төр экологид учирсан хохирлыг үнэлэх, бодитоор тооцоолох, нөхөн төлүүлэх, байгаль хамгааллын тогтолцооны алдааг илрүүлэх тухайтад тун хойрго хандаж байна. "Тэрбум мод" хэмээн НҮБ-ын индрээс зарласан байгальд элэгтэй Ерөнхийлөгчөөсөө эхлээд УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УОК-ын дарга, Шадар сайд, байгаль орчны асуудал эрхэлсэн сайд болон холбогдох байгууллагууд энэ асуудалд өөр өөрийн чиг үүргээр хариуцлагатай хандаж, яаравчлуулах учиртай.

Нөмрөгийн дархан цаазат газрыг хуйхалсан эзэн холбогдогч нь нэгэнт тодорхой асуудалд Монголын төр ийм үлбэгэр, сул дорой байж хэрхэвч таарахгүй. Олон нийтийн шуугиан, шаардлага аясаараа намжихыг хүлээх бус, хохирлын үнэлгээг бодитоор тогтоох, нөхөн төлүүлэх, тухайн газар орчныг сэргээх ажлыг шуурхай зохион байгуулах нь төрийн үүрэг. Гэтэл 20 хоногийн дараа байгаль орчинд учирсан хохирлыг нисдэг тэргээр дээрээс нь харж, үнэлэх боломжийг судалж, холбогдох байгууллагуудад хүсэлт тавьсан тухайгаа амралтын өдрөөр БОУАӨЯ-ныхан мэдэгдэл гаргаад сууж байх.

Гол асуудал нь нисдэг тэрэг ашиглах эсэхдээ бус, түймрийн дараах үнэлгээ, экологийн судалгаа, нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг яагаад шуурхай эхлүүлээгүй вэ гэдэгт байгаа юм. Нэгэн цагт Монгол төр хууль цаазаараа дархалсан шигээ Нөмрөгийн сав газарт учирсан үлэмж хэмжээний хохирлыг даруй үнэлж тогтооход өнөөдөр яагаад ажлаас хойш суудаг хашин морь шиг хандана вэ.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Нөмрөгийн дархан цаазат газарт очиж ажиллаад ирснийхээ дараа "Ойн тухай хуулийн дагуу 30 хоногт багтаан хохирлыг тогтоохоор хамтарсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлыг зөвхөн шатсан газар нутгийн талбайн хэмжээгээр тооцохгүй, тухайн бүс нутгийн ан амьтан, ургамал, хөрс, агаар орчин бүгдийг хамруулан авч үзнэ" хэмээсэн. Хохирол тогтоох хуулийн 30 хоногоос талаас илүү нь өнгөрчхөөд байхад хүчний байгууллагуудаас нисдэг тэрэг гаргуулахаар хөөцөлдөж байна гэхээр төрийн дэндүү удаан, назгай байдлыг л илтгэнэ.

Япончууд тэнд бидний өмнөөс хариуцлага нэхэж байхад Монголын төр хаана байна вэ?

Үнэлгээ хийхээр боллоо гэдэг нь хохирол барагдууллаа гэсэн үг биш. Үнэлгээний эцсийн хугацаа, нөхөн төлбөрийн хариуцагч, байгаль орчныг сэргээх ажлын төлөвлөгөө, санхүүжилт тодорхой байх ёстой. Үүнийг төр олон нийтэд ил тод мэдээлэх шаардлагатай.

2023 онд Нөмрөгийн Дархан цаазат газарт мөн их хэмжээний гал гарч байсан ба тухайн үед тус дархан цаазат газрын нийт 587.7 га газраас 76 хувь нь буюу 447.0 мянган га орчим талбай шатаж нийт 3.6 тэрбум төгрөгийн хохирлын үнэлгээ гарч байжээ.  

Монголыг төр ийнхүү дүлэгнэж байх зуурт япон, солонгосчууд тэнд түймрийн асуудлаар бүх түвшинд шаардлага тавьж, холбогдох байгууллагууд, албан тушаалтнуудаасаа хариуцлага нэхээд эхэлчхэж. Тухайлбал, "Мобиком"-ын Япон дахь толгой компани KDDI-гийн зүгээс албан ёсоор уучлал хүсэж, хохирлыг барагдуулахад хамтран ажиллахаа илэрхийлсэн ч хувьцааны ханш нь савлаж, олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад буйг орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.

Монголын зүүн хязгаарт учирсан энэхүү гамшиг Японд холбогдох компанийн нэр хүнд, удирдлагын хариуцлагын асуудлаас хальж, төр засгийн түвшинд хүртэл өндрийг авхуулж мэдэх сэдэв болжээ. Шатсан машин нь "Ниссан патрол" байсантай холбоотой "Ниссан"-ы үйлдвэрлэсэн автомашинуудын аюулгүй байдлын асуудлыг ч хөндөх зэргээр "мөрөөр нь орж, мөчийг нь тоолох" нь холгүй нэхэл хатуу шаардлага тавьж буй аж. Гэтэл бид энд гадаадын компанийн нэр хүнд, хөрөнгө оруулагчдын итгэл, бизнесийн түнш гэх мэт хэвшмэл хандлагаараа байгаль экологийн ноцтой асуудлыг хойшлуулаад байж болохгүй.

Хилийн зурвас дагуух 200-гаад км газарт торон саадаа ч хийгээгүй, шалгаагүй алмай Монгол

Нөмрөгийн дархан цаазат газрын түймрийн дараах нөхцөл байдалтай газар нь очиж танилцсан сайдын мэдэгдэл дунд нэгэн ноцтой мэдээлэл бий. Монгол Улсын зүүн хил дагуух 188 км урттай газарт хилийн зурвас торон саадгүй байгаа бөгөөд үүний улмаас түймрийн үеэр цөөнгүй ан амьтад хил давсан гэдэг мэдээлэл үнэхээр жир бус шүү. Хэрэв сая Нөмрөгт түймэр гараагүй бол, хэрэв тэнд Ц.Сандаг-Очир сайд очоогүй бол зүүн хил 200-гаад км газраа торгүй байгаа асуудал Засгийн газрын хуралдаанд танилцуулагдахгүй байсан уу. Угаасаа торгүй юм чинь түймэртэй түймэргүй Нөмрөгийн ховор ан амьтад Хятад, Монгол гэсэн ялгалгүй дуртай газраараа бэлчээрлэж байсан хэрэг үү.

Дархан хилийн харуул хамгаалалт, дархан цаазат газрын менежмент, ан амьтдын тооллого, байгаль орчны асуудал, түймрээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг өөр өөр байгууллагад хамаардаг ч гэлээ холбогдох байгууллагуудын ажлын уялдаа холбоо, хяналт, гүйцэлтгэл, хариуцлага гэж юм байх ёстой сон. Яагаад энэ тухай урьд нь дээшээ мэдэгдээгүй хэрэг вэ. Эсвэл мэдэгдсэн ч дарга даамлууд нь тоогоогүй юм уу.  

Эцэст нь, Нөмрөгийн түймэр маргааш, нөгөөдөр гэхэд өөр мэдээгээр солигдоод замхарч мэднэ. Гэвч хуйхлагдаж шатсан байгаль нэг сар, нэг жилийн дотор сэргэхгүй. Тиймээс олон нийтийн анхаарал буурсан ч хохирол барагдуулах, нөхөн сэргээх, дахин ийм гамшиг гаргахгүй байх үүрэг хариуцлага төрд хэвээр үлдэнэ шүү.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Л. Ганчимэг

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. "Өнөөдөр" сониноос ажлын гараагаа эхэлж, хэвлэл мэдээллийн салбарт өдгөө 17 дахь жилдээ ажиллаж буй. Өдгөө Eguur мэдээллийн сайтын Ерөнхий редактороор ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button