Ардчилсан Ерөнхийлөгчтэй болохын өмнөх АН-ын Засгийн газарт багтах, эсэх "өгөөш"
"Арчаагүй". Ч.Лодойсамбуу гишүүн Засгийн газарт орно, орохгүй гэж хоёр талдаа чулуу үсэргэж яваа АН-ын дотоод нөхцөл байдлыг ингэж томьёолов. Өөр нэг зүйлийг оновчтой хэлсэн нь "МАН дахин битгий эрх бариасай гэж хүссэн хэсгийн итгэлийг АН ингэж сонгууль бүрийн өмнө навс унагадаг" гэх тодорхойлолт байлаа. Харин худал залсан өнцөг нь "Манай намын ах нар ингэж зодолдоод..." хэмээсэн явдал байлаа.
Муу сайн нэртэй, системийн бус болтлоо задарлаа гэгддэг ч Ардчилсан Нам бол МАН биш. Нэг ёсондоо эрх баригчдын толхилцоон 2-5 лидерийн төвшинд л өрнөчихдөг бол АН-ын хэрүүл хүрээ нь дэлгэмэл шинжтэй, залуу гишүүн Ч.Лодойсамбуугийн үүрэг ч тэр дунд явж л байдгаараа онцлогтой. Үүгээрээ л тэд Ардчилсан Нам билээ.
Ингээд тэд яг яачхаад байгаа талаарх нюанс бичье.
Нэг талд, ЗГ-т багтаж, өөрсдөдөө сайдын суудал хүртэл хуваарилсан С.Баярцогт, Ерөнхийлөгчийн "цэнэгтэй" АН дахь жигүүр
Санаж буй бол, Ардчилсан Намын эрх баригчдад тавьсан эхний шаардлага нь, Батлан хамгаалахын сайд Л.Батлутыг огцруулах. Удаахдаа тэд, Н.Учралын Засгийн газрыг огцруулахаар бүлгийн шийдвэр гаргасан явдал. Хаврын чуулганы үе юм, энэ нь. Гэтэл эдүгээ бүр эсрэгээрээ эргээд, "Засгийн газарт орно, орохгүй" дээрээ тултал байр суурь нь өөрчлөгдөв.
Нэг талд АН дахь Ерөнхийлөгчийн жигүүр болох Б.Пүрэвдорж Ж.Батсуурь О.Амгаланбаатар, Ц.Баатархүү, П.Батчимэг, Д.Ганбат, Ж.Баярмаа, Д.Энхтуяа, П.Мөнхтулга, С.Одонтуяа, Р.Сэддорж, Р.Эрдэнэбүрэн, Д.Жаргалсайхан, Г.Хосбаяр нарын Засгийн газарт орох ажлыг идэвхийлэн өрнүүлж, өөрсдөдөө сайдын суудлууд хүртэл хуваарилчхаад байна.
Үүний ард АН-ын генсек С.Баярцогт ажиллаад, бүр дийлдэхээ болиод ирэнгүүт нь АН-ын Хяналтын хороо түүнийг генсекээс чөлөөлөх шийдвэр гаргаатхав. АН-ын дүрмийг харахаар, яах аргагүй 95.1.2-тоо "ЕНБД-ыг Хяналтын ерөнхий хороо огцруулж болно гэж заажээ. Гэхдээ АН дотооддоо генсекээ огцруулах чадамжтай эсэх бол жинлэж ярих асуудал аа.
МАН-аар бол Хяналтын хороонд багтсан 13 нөхөр нь Удирдах зөвлөл, Хяналтын хороо хоёрыг нийлүүлсэнтэй тэнцэх эрх мэдэлтэй юм байх. Өнөөдүүл нь ч гэж, өнөөдүүл шөнө оройн цагаар гэнэт гарч ирээд л "С.Баярцогтыг генсекээс чөлөөлж байна" гэж гудамнаас ордно руу чиглэж тэмцэж буй аятай авирлав. Эргүүлээд "Женкогийнхон" нэр зүүлгээтэхлээ.
Холимог сонгуулийн тогтолцооны онцлог өөрөө парламентад суудалтай улс төрийн намууд хамтарсан засгийн газар байгуулж байж, том төслүүдээ хөдөлгөдөг, ажлаа явуулдаг жишигтэй. С.Баярцогтын жигүүрийнхэн "Угаас 2028 онд ч хамтрах тул Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг эффект үзүүлэхгүй" гэсэн тайлбар хийж байгаа.
Томилогдохоосоо өгсүүлээд л "буруу зүйл буруу л байдаг" жимээр явсан Б.Түвшин бүлгийн хурлаа хийчих л юм бол "Засгийн газрыг огцруулахаа байцгаая, харин дотор нь орж сууя" гэх томьёолол ялчих гээд байгаа тул нөгөө талдаа гэдийгээд суучхав. Б.Түвшингийн хувьд гаднаа баахан үлхгэр дүр бүтээж, бүлгээ хуралдуулж чадахгүй хэдэн долоо хоног дамнаж буй нь энэ.
Нөгөө талд, "АН Засгийн газарт хамтрахгүй, Ерөнхийлөгчийн сонгуульд ялах ёстой" гэж гүрийсэн хатуу байр суурьтай хэсэг бүлгийн хурлаа гацаав
"Манай нам МАН-ын засгийн газарт орох бол Ерөнхийлөгчийн сонгуулийг тэдэнд тавьж өгч байгаа хэрэг" гэж Э.Бат-Үүл дуугарсан. Мөнхүү АН доторх Ерөнхийлөгчийн жигүүрийн нэгэн төлөөлөл Ж.Батсуурьтай тойрог нэгт АН-ын генсек асан Н.Ганибал Засгийн газарт сөрөг хүчин багтахыг эсэргүүцжээ. Нэг ёсондоо АН дотроо С.Баярцогтыг огцруулсан хэсэг, Засгийн газарт орохыг дэмжиж буй хэсгээрээ хуваагдсаныг эндээс харж болно.
Бүлгийн даргын суудлаа удтал хамгаалж, нэг эвтэйхэн шиг л хүнд өгчих гэж явсаар эцэст нь Ерөнхийлөгчийн талд алдсан О.Цогтгэрэлийн зовлон эдүгээ улам нэмэгдэв. Намын даргын алтан түшээ нь өөрөө генсек, бүлгийн дарга байх учиртай атал тэр хоёуланг нь өрсөлдөгч намынхаа хүчтэй талд алдчхаад байна. Тэдний улс төр нь хүчрэгдэхгүй болонгуут О.Цогтгэрэл бүлгийн ирц хүргэхгүй байх нэг муухан арга л үлдээд байна.
Одоо О.Цогтгэрэл намын даргын хувиар Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтад бэлдэх пландаа л бэлдэх учиртай. Атал намын бүлэг нь хуралдах аваас шуудхан засгийн газарт дагаар орчих зовлонд орж, түүнээс сэргийлэх ажилтай болчхов. Гэхдээ бөөндөө ч бас АН-ын бүлэг тавиуд туучихсан юм биш ээ. Засгийн газарт орохгүй гэж эсэргүүцэж буй бараг 50 хувьтай тул юу юугүй сайд нарын томилгоо нэрлэгдчихгүй өдийг хүрэв.
Товчхондоо О.Амгаланбаатарын ахалдаг "Ардчилсан сэргэлт", С.Баярцогтын "Гранд Монгол", Б.Пүрэвдоржийн байгуулсан "Мондэ"-гээс бусад фракцууд ирцэндээ орохгүй байснаар АН-ыг засагт оруулах операцид хориг тавьж байгаа юм.
МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учралын хувьд удирдаж буй танхимаа бүрэн хөмрүүлчихгүй шиг он мэнд давах нь чухал байна. Тиймээс АН-ын хэсэг нөхдийг танхимдаа аваад, шүүмжлүүлээд байгаа Л.Батлутыг явуулснаар өөрөө үлдэх боломж нээлттэй байх замыг тэр тооцоолно.
Тэр Б.Чойжилсүрэнг Эдийн засгийн хөгжлийн сайдаар томилж, 30 талынхантай эвлэрэх хэлмэрчээр тавихаар ажиллаж буй. Цаанаа "Норинка"-тай нүүрсний хэлцэл хийх ганцхан даалгавартай томилогдох Б.Чойжилсүрэн дээр нэмэгдээд АН-аас хэдхэн гишүүд оруулж, парламентаараа нэг Гүйцэтгэх засаглалаа хувааж алхам хөшигний ард яригдаж байгаа нь энэ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.