ФИЛОСОФИЙН ЖҮЖГҮҮД

ЖҮЖИГ №6: “Солиорол 4:48” моно драм – Бид сүнс үү, сүнсийг агуулдаг махан биет үү

EGUUR.MN сайт “BLACK BOX” театрын жүжгүүдийг албан ёсны онцгой эрхтэйгээр цувралаар хүргэж байгаа. Тус театр нь 2013 онд байгуулагдсан цагаасаа хойш 20 гаруй жүжиг тавьсан байдаг. Өнгөрсөн удаад бид Нобелийн шагналт зохиолч Самуэль Бэкэтийн “Годог хүлээсэн нь” , Нобелийн шагналт Щвейцарийн зохиолч Фредрих Дюренматтын “Хатагтайн айлчлал”, Японы нэрт зохиолч Р.Акутагавагийн Ширэнгэнд, Абсурд театрын хамгийн том төлөөллүүдийн нэг Эжен Ионескогийн “Хирс”, “Сандлууд” жүжгийг хүргэсэн.

Харин энэ удаа бид Black box театрын жүжигчин Л.Эрдэнэ-Очирын тоглосон моно драм, зохиолч Сара Кэйний “Солиорол 4:48” жүжгийг тайлбар, ярилцлага, нэвтрүүлгийн хамтаар нийтэлж байна.


Жүжгийн үргэлжлэх хугацаа: 01:12:41

СОЛИОРОЛ ЯАГААД 4:48 ЦАГТ ЭХЭЛДЭГ ВЭ

Нэр: Сара Кэйн

Төрсөн он: 1971.02.03

Иргэншил: Их Британи

Мэргэжил: Зохиолч

Шүтлэг: Христ, сүүлд шүтлэгээсээ татгалзсан

1999.02.20-нд 28 настайдаа 4:48 цагт амиа хорлосон.

Сара Кэйн гэгч бүсгүй амиа хорлох хүртлээ Лондонд байрлах сэтгэцийн Maudsley эмнэлэгт хэвтэн эмчлүүлж айлаа. Тэрээр сэтгэлзүйн хүнд дарамтад орсноос өөрийгөө энэ ертөнц дээр оршдоггүй, магадгүй энэ ертөнцөд оршиж байгаа цоо эрүүл ганц хүн гэж өөрийгөө сэтгэнэ. Энэ нь сэтгэлзүйн шинжлэх ухаанд Котардсын синдром нэрээр нэршжээ. Котардсын синдромтой хүн өөрийгөө оршин байгаа гэдгийг үгүйсгэдэг учраас бодит байдлыг утгагүй, биегүй хэмээн үгүйсгэдэг байна. Шөнө бүр нэг л цагтаа сэрдэг зохиолч бүсгүйд 4:48 цаг гэдэг үхлийг сэрүүлэг мэт болно. Энэ ертөнц нэг л биш, нэг л юм нь буруу, магадгүй бүгд буруу, хүмүүс нь ч буруу. Хүмүүс үнэний өмнө үргэлж хөшиг унжуулж бүгд хуурамчаар амьдарна.

Ийнхүү Сара Кэйн өөрийн “Солиорол 4:48” зохиолоо бичсэнийхээ дараахан амиа хорлосон бөгөөд түүний оршихуйн талаарх гүн бодлууд эрхгүй экзистенциалист философи руу хөтөлдөг. Герман хэлний “Existence” болон англи хэлний “existence” гэдэг нь оршихуй гэж орчууландагдан “Existentialism” буюу оршихуйн философийг хэлнэ. Харин манайд “To be or Not to be” буюу байх эсвэл байх биш гэх ухагдахууныг орших уу, эс орших уу хэмээн эндүүрдэг аж.

...19-р зууны хоёрдугаар хагаст гарч ирсэн байгалийн механик үзэл баримтлалыг эсэргүүцэж, хүн төрөлхтөний мэдэж байгаа зүйлс зөвхөн танин мэдэх аргаар хязгаарлагддаг гэж үзэн, өмнөх онолуудыг үгүйсгэж эхэлжээ. Нэг ёсондоо материйн оронд амьдралыг чухалчилж хүн төрөлхтөн “Би хэн бэ”, “Би яагаад амьдарч байна вэ”, “Би юуны төлөө амьдарч байна вэ” зэрэг асуултыг өөрсдөдөө тавих болсон нь оршихуйн философийн эхлэл болж. Энэ үеийн урлаг объекьтийг тэр чигт нь дүрслэх бус харин илэрхийлэх тухай болж хувирав. Өөрөөр хэлбэл, гарт баригдаж, нүдэнд харагдахгүй, шинжлэх ухаанаар хэмжих боломжгүй, томъёолж, товъёог хийх боломжгүй сэтгэлийн үзэгдлүүдийг илэрхийлж эхэлсэн юм.

ЖҮЖИГЧИН Л.ЭРДЭНЭ-ОЧИР:

БИД УГ ЧАНАРТАА ХЭН ЮМ БОЛ ОО? СҮНС НЬ ЮМ УУ, СҮНС АГУУЛЖ БАЙГАА МАХАН БИЕТ НЬ ЮМ УУ

Зохиолч бүсгүй маань амьд ахуйдаа нийтдээ таван зохиол бүтээл бичсэний хамгийн сүүлд бичигдсэн нь энэ жүжиг юм. Энэ жүжгээ бичиж дууссаны дараа яг 4:48 цагт өөрийнхөө амийг хорлосон. Сэтгэцийн эмнэлэгт хэвтэж байхдаа...

4:48 цаг. Яг энэ цагт дандаа сэрдэг. Зохиолч бүсгүйг сэтгэцийн өвчтэй гэж дүгнэсний улмаас сэтгэлзүйн эмнэлэгт удаан хугацаагаар хашиж хорьсон байдаг. Өөрөө үүнийгээ эсэргүүцэж, өөрийнхөө бүхий л бодол санаа, оюун ухаандаа тунгааж боддог зүйлсээ, сэтгэл санааны бүх зүйлсээ энэ жүжигтээ өдрийн тэмдэглэл маягаар буулгасан. Иймл бүтээл.

Хамгийн сүүлд нь энэ бүсгүй үнэхээр эрүүлийн дээд эрүүл, ухаалаг бүсгүй байж гэдгийг зохиол дээр ажиллаж байх хугацаандаа ойлгосон. Тэр олон сэтгэлийн ньюансууд, уйлах инээх, бачимдах, гомдох, үзэн ядах, үхлээс айх айдас, тэр айдастаа эзэмдүүлчихсэн тэр л бүсгүйн сэтгэлгээ, үхэлд өөрийгөө хүргэж өгөхөд бэлэн болсон оюун ухаан, сэтгэл хөдлөлд өөрийгөө аваачина гэдэг миний хувьд үнэхээр хүнд байсан уу гэвэл, тийм.

“Бодлын минь ёроолд зүс нь хувилагдаж үлдсэн, энэ яваа насандаа хэзээ ч учирч байгаагүй тэр бүсгүй бол би өөрөө байж” гээд жүжиг төгсдөг. Тэгэхээр хүн гэгч амьтан их л төөрөлдөж явдаг юм болов уу. Үнэнийг олохын тулд тэр шүү дээ. Үнэн нь аль юм, худал нь аль юм, буян нь аль юм, нүгэл нь аль юм? Нүгэл гэхээр хав харанхуй зүйл юм уу, гэдэг ч эргэлзээтэй. Тэгээд л тэр хоёр тэнэгийн завсарт хавчуулагдсан адсага гэж өөрийгөө хэлнэ. Бид уг чанартаа хэн юм бол оо? Сүнс нь юм уу, сүнс агуулж байгаа махан биет нь юм уу, ямар бодгалиуд юм бол гэдэгт эргэлзэнэ.

Энэ бүх сэтгэлзүйг үзэгчдэд хүргэнэ, зохиолчийн бодол санаа, зохиолчийн бодож бичсэн сэтгэлзүйн байдлыг яг тэр чигт нь үзэгчдэд хүргэхийн тулд би өөрөө тэрэн дотор орж амьдрах ёстой. Тэгж байж л тэр хүний үнэн гэж бодсоныг тэр чигт нь үзэгчдэдээ хүргэнэ. Зохиолынхоо үг бүрийг уншихад, тэр байдал руу өөрийн эрхгүй л татагдаж, өөрийн эрхгүй түүн рүү яваад орчихсон. Тэгэхээр тийм л өндөр сэтгэлзүйгээр бичсэн зохиол юм болов уу. Яг тоглолтын бэлтгэл дээр бүр ч их хүндрэлтэй зүйл тохиолдсон.

“Би тэр бүсгүйд хайртай, тэр бүсгүй бол хэзээ ч миний дээр нь хэвтэхгүй буйдан, тэр бүсгүйг би энэ яваа насандаа хараагүй мөртлөө өчнөөн олон удаа үнссэн, би ганцхан тэрийг л хайрладаг, яагаад бурхан би хэзээ ч учрахгүй тэр хүнийг надаар хайрлуулсан юм бэ, энэний чинь төлөө бурхан чамайг би үзэн ядаж байна” гэж сюжет зангилаа төгсгөлдөө илэрч, жүжиг маань дуусдаг даа.

НЭВТРҮҮЛЭГ – СОЛИОРОЛ 4:48 ЖҮЖГИЙН ТУХАЙ ДЭЛГЭРЭНГҮЙ

https://www.youtube.com/watch?v=8SzR9moC1Ks

УРАН БҮТЭЭЛЧИД:

Найруулагч: М.Боролдой

Жүжигчин: Л.Эрдэнэ-Очир

Орчуулагч: Б.Цацрал

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button