ФИЛОСОФИЙН ЖҮЖГҮҮД

ЖҮЖИГ №2: Монголын дүр төрх “Хатагтайн айлчлал” постмодерн жүжгийг албан ёсны эрхтэйгээр, анх удаа нийтэлж байна

EGUUR.MN сайт “BLACK BOX” театрын жүжгүүдийг албан ёсны онцгой эрхтэйгээр цувралаар хүргэж байгаа. Тус театр нь 2013 онд байгуулагдсан цагаасаа хойш 20 гаруй жүжиг тавьсан байдаг. Өнгөрсөн удаад бид Нобелийн шагналт зохиолч Самуэль Бэкэтийн “Годог хүлээсэн” нь жүжгийг бүрэн эхээр нь хүргэсэн. Харин энэ удаа Нобелийн шагналт Щвейцарийн зохиолч Фредрих Дюренматтын “Хатагтайн айлчлал” жүжгийг нийтэллээ. Бид жүжгийг бүрэн эхээр нь хүргэхээс гадна тус жүжигтэй холбоотой мэдээлэл, жүжигчидтэй хийсэн ярилцлагыг уншигч танд зориулан бэлдэв. 


Жүжгийн үргэлжлэх хугацаа: 02:09:59

СҮЙРЛЭЭ ХҮЛЭЭЖ БУЙ БЯЦХАН ХОТ ОРОЙ БҮР НАРГИАН, НААДАМТАЙ

Өгөө аваа тэнцэхийг ШУДАРГА ЁС гэнэ /Жон Роулс/

Сүйрлээ хүлээж буй бяцхан хотод тэрбум төгрөгийн хандив өгөхөөр баян хатагтай айлчлах гэж буй сонордуулгаар жүжиг эхэлнэ. Гэхдээ хатагтай нэг тэрбум төгрөгийнхөө хариуд шударга ёсыг худалдаж авахыг хүсдэг.  Хатагтай охин байхад нь дурласан залуу нь түүнийг жирэмсэн болгоод хаясныг нь, эцэгтээ гологдсон хүүхэд нь хэрхэн нөхчсөн болохыг яриад “амийг амиар солих” тухай шаардлага хүргүүлнэ. Тэр үүнийгээ “Шударга ёс” гэж нэрлэсэн байв. Гэвч хотын иргэд мөнгөний төлөө хүн алж, шударга ёсыг чухалчлах уу? Эсвэл хотоо сүйрүүлж хүнлэг ёсыг чухалчлах уу? гэсэн дэнсэн дээр ирнэ.

Нэг хүний амиар олон хүний амийг аврах нь шударга ёс мөн үү? Бид бүгд л амьд явах эрхтэй биш үү?  - Энэ бол Жон Роулсын асуулт.

Яг л өнөөгийн Монголын шиг.Хэн ч халаасандаа мөнгөгүй мөртлөө байхгүй мөнгөнд найдаж зээл авдаг, хэн ч халаасандаа мөнгөгүй байхад “байхгүй” мөнгөнд найдаж зээл өгдөг, хэн ч халаасандаа мөнгөгүй мөртлөө бүгд алтан гутал өмсдөг, хэн ч халаасандаа мөнгөгүй мөртлөө орой бүр баяр наадам хийдэг. Тэгээд ч хотын бүх иргэд хувь тавилан, заяа төөрөгт найдаж амьдардаг детерменистүүд, хөгжих боломжгүй. Мөнгөтэй боллоо ч тун удахгүй сүйрэх нь тодорхой хот.

Харин найруулгын хувьд үзэгчдийг татан оролцуулдаг модерн дүрэм энд яригдана. Бидэнд жүжигчдийнх гэж өндөрлөсөн тайзны хэсэг, үзэгчдийнх гэж намсгасан тусгай суудал байхгүй. Чухам аль нь тайз, аль нь үзэгчид болохыг ялгахад бэрх. Өөрөөр хэлбэл үзэгч нь жүжигчин мэт, жүжигчин нь харин үзэгчдийг үзэх үзэгч мэт. Бодит амьдрал, жүжиг хоёр тусдаа биш, ердөө л бие биенийхээ тусгал болохыг мэдрүүлнэ. Зөвхөн тайзан дээр л, эсвэл төсөөлөл дунд “амилдаг” дүрүүд бидний дунд орж суучихаад надаас элдэв хэрэггүй, дэмий зүйл асууж, өөрт нь туслахыг хүсч, гарт минь хүрч, бэлэг өгч байхад би өөрийгөө энэ зохиолд бичигдсэн мэтээр, эсвэл кинонд тоглож байгаа жүжигчин, олны танил алдартай эрхмээр төсөөлж болно. Энэ нь үзэгчийг автор болгож жүжигтээ татан оролцуулах модерн дүрэм. Бас жүжигчид жүжгийн турш жүжиглээгүй, дүр бус жүжигчин өөрөө ч автор болох аж.


ЖҮЖИГЧИД ЖҮЖГИЙН ЗОХИОЛЫН ТУХАЙ ЮУ ХЭЛЭВ

Жүжигчин Б.Чулуунсүх: Энэ зохиол дэлхийн олон улс оронд тайз, дэлгэцийн бүтээл болон тавигдаж байсан. Дюренматтын намтрыг уншиж байхад гойд санагдсан зүйл нь Монгол улсад 1921 онд хувьсгал болж байхад төрж, 1990 онд өөр нэгэн хувьсгал эхлэхэд төрж байсан юм билээ. Ийм түүхэн цаг, уялдаа холбоотой зохиолч. Юм бүхэн өөрийн орон зай, цаг хугацаатай, учрал тохиолтой гэж ойлгодог. “Хатагтай айлчлал” зохиол ч санамсаргүй таарчихсан зохиол бус, манай театрт тавигдах ёстой, манай театраар дамжуулан үзэгч түмэнд хүрэх ёстой зохиол мөн байсан.

Жүжигчин Л.Эрдэнэ-Очир: Манай театрын урын сангийн бүтээлүүд нэг зүйлийг дуугарахыг хүсдэг гэж бий ойлгодог. Тэр нь ахуйдаа дарамтлуулж байгаа хүн төрөлхтний нийгмийн асуудал.   

Жүжигчин Д.Оюунзул: Миний ойлгосноор “Хатагтайн айлчлал” жүжиг хүн чанарын тухай, шударга ёс, үйлийн үрийн тухай. Хайр сэтгэлээс үүдсэн эмэгтэй хүний атаа хорсол яван явсаар эцэст нь юунд хүргэж буй тухай үйл явдал гардаг.

Жүжигчин Г.Мөнхжаргал: Сайн зохиол эхлээд уншихад ойлгомжгүй байдаг. Түүнийг дахин дахин уншиж, үгний цаана ямар их под текст явж байна вэ гэдгийг олж харж, түүгээрээ баяжигддаг. Тайзны уран бүтээлчид тайзан дээрээ тоглох тусам дүрээ улам их ухаж ойлгодог. Яг үүн шиг зохиол ч тэр дайны байж сайн уран бүтээл болдог бололтой.

Жүжигчин Л.Эрдэнэ-Очир: Энэ удаагийн дуугаралт бол Үйлийн үрийн тухай гэж би боддог. Хүн амьдралд сайн, муу үйлийг хийдэг. Бид ямар нэгэн зүйлийг сайн, муу гэж тодорхойлдог боловч, бидний муу гэж тодорхойлсон зүйл яг муу зүйл мөн үү? Гэсэн хэрнээ бид сайн үйлийн үр сайнаар, муу үйлийн үр муугаар ирнэ гэж үздэг. Хүн гэтэл өөр өөрсдийн амьдралын урсгалаар, хүсэл мөрөөдлөөрөө, тухайн цаг мөч дөх сэтгэл хөдлөлөөр зохицож амьдардаг болохоос сайныг хийе, мууг хийе гэж зорьдоггүй болов уу.

Найруулагч Л.Амарзаяа: Уг жүжгийн талаар бид үзэгчидтэй хэлэлцүүлэг өрнүүлэхэд “Та бүхэн энэ жүжгээр хэдэн асуудал дэвшүүлсэн бэ” гэж асуусан. Тоолж үзээгүй. Үг болгон цаанаа агуулгатай, ухаан зарсан тексттэй.

Жүжигчин Г.Мөнхжаргал: Найруулагч маань бидэнд өнөөгийн нийгмийг ажиглаж ажилла гэх зөвлөгөө өгсөн. Бид ч тэр тал руу их хөгжүүлж, ухаж ойлгож бодохыг хүссэн. Үнэхээр л бидний өнөөдөр амьдарч буй нийгэм тэр чигээрээ харагдаж эхэлсэн.

Жүжигчин Б.Чулуунсүх: Хүн төрөлхтөн оюун санаа төлөвшөөгүй, хөгжөөгүй үед хүн бүр сайхан амьдрахын тулд, аз жаргалыг олохын тулд мөнгөтэй л байвал болчих юм шиг бэлэнчлэх сэтгэлгээтэй болдог аж. Оюун санаа нь хомс ард иргэд дээр асар их мөнгөтэй хүмүүс ирэхэд хот тэр аяараа шуугьж, биенээ хөнөөж байгаа нь оюун ухаан асар дор, эд материалыг дээр үнэлж байгаа ялгаа энэ зохиолд гайхамшигтай тод дүрслэгдэж чадсан.

Жүжигчин М.Батмагнай: Хайр сэтгэл гэж юу юм бэ, харин мөнгө гэж юу вэ? Хүний амь нас хэдэн төгрөгийн үнэтэй юм, мөнгөний төлөө хүн алж болдог уу, хайр сэтгэл ямар үнэтэй юм бэ гэх асуултууд уг жүжгээс урган гардаг. Хатагтай тэр хотод нэг тэрбум төгрөг хандивлалаа гэхэд хотын бүх иргэнд хувааж өгвөл нэг иргэнд хэдэн төгрөг оногдох вэ. Тэгэхээр хүний амь өчүүхэн байгаа биз? Шүүх хурал дээр хоёр хүнд нэг шил архи өгөөд л худлаа яриулчихдаг.

Жүжигчин Г.Мөнхжаргал: Мөнгөтэй хүн юу ч хийж чаддаг юм байна гэдгийн илэрхийлэл энэ жүжигт гардаг. Хуулийн байгууллага нүдээ аньсан, шашны төлөөлөл алга болж, бууж өгсөн. Тэр хот чигээрээ байдаг бүхнээ баян эмэгтэйд барьж гүйж байгаа юм.  

ЖҮЖГИЙН ТУХАЙ НЭВТРҮҮЛЭГ

УРАН БҮТЭЭЛЧИД:

Ерөнхий найруулагч, зураач С.Мягмар

Найруулагч Ж.Амарзаяа

Дууны найруулагч М.Боролдой

Хатагтай Хорлоо буюу бэлэвсэн баян хатагтай жүжигчин Ж.Амарзаяа

Хотын дарга - Гэгээн муза шагналт жүжигчин Л.Эрдэнэ-Очир

Юндэн буюу хатагтайн анхны хайр жүжигчин М.Батмагнай

Хотын цагдаагийн дарга, гэрч, лам - Гэгээн муза шагналт жүжигчин Г.Мөнхжаргал

Хотын эмч ба Юндэнгийн эхнэр, сурвалжлагч хотын сургуулийн захирал, гэрч - Гэгээн муза наадмын жүжигчин Д.Оюунзул

Хатагтайн 7,8,9 - р нөхөр,шүүгч,тасалбар шалгагч Жүжигчин Ч.Чулуунсүх

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button