Гадаад мэдээДЭЛХИЙ

RFI: Европ, Азид хэт халж, ойн түймрийн тохиолдол нэмэгдэж буй нь COP17-г улам бүр чухал болгож байна

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дахь бага хурал даваа гарагт /2026.08.17/ Улаанбаатар хотноо эхэлсэн. Тус конвенцын талаар Францын "Radio France Internationale" агентлаг оруулсан нийтлэлийг орчуулж хүргэе.


НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дахь бага хурал (COP17) Монгол Улсын нийслэл Улаанбаатарт наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд “Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” уриатай явагдаж байна.

Цөлжилттэй тэмцэх конвенцын бага хурал хоёр жил тутамд болдог. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлт болон Биологийн олон янз байдлын асуудлаарх бага хурлуудтай харьцуулахад энэхүү хурал нь олны анхаарлыг төдийлөн татаад байдаггүй. Гэвч сүүлийн үед дэлхийн бөмбөрцгийн хойд хагас, Европ, Азид хэт халалт явагдаж, ойн түймрийн тохиолдол нэмэгдэж буй нь уг уулзалтыг улам бүр чухал болж байна.

“NASA”-гийн мэдээлснээр Хойд Америк, Африк, Азид өнгөрсөн долоодугаар сар бүртгэгдсэн түүхэн дэх хамгийн халуун долоодугаар сар байв.

2024 онд болсон COP16-ын үеэр Саудын Арабын санаачилгаар “Riyadh Global Drought Resilience Partnership”-ыг байгуулсан. Монгол Улсад болж буй COP17-ын үеэр 196 улс болон Европын Холбоо энэхүү түншлэлийг бодит ажил болгох тухай хэлэлцэх юм.

Тус түншлэлийн хүрээнд улс орнууд болон байгууллагууд 74 улсад дэмжлэг үзүүлэхээр амласан. Тодруулбал тэдгээр оронд ган гачиг болон түүнээс үүдэх газрын доройтлыг даван туулахад зориулж долоон жилийн хугацаанд нийт 12 тэрбум ам.долларын санхүүжилт олгох болсон билээ.

Гэрэл зургийг: О.Улсболд

Гэвч энэ мөнгө шаардлагатай хөрөнгийн хэмжээтэй харьцуулахад маш бага юм. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын тооцоолсноор 2030 он гэхэд доройтсон газрыг нөхөн сэргээх, цөлжилтийг зогсоох, ган гачгаас хамгаалах, хөрсний үржил шимийг сэргээхэд 2.6 их наяд ам.доллар шаардлагатай байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн хуурай газрын 40 хувь нь цөлжилт, газрын доройтолд оржээ. Мөн жил бүр 100 сая га эрүүл, үржил шимтэй газар ашиг шимээ алдан, үр ашиггүй болж байна. Нөхцөл байдлыг хэд хэдэн хүчин зүйл улам дордуулж байгаа юм. Үүнд уур амьсгалын өөрчлөлт, ой модгүйжилт, газар тариалангийн буруу арга барил, нэг төрлийн ургамал давамгайлсан тариалан багтана.

Эдгээр хүчин зүйлсийн улмаас хөрсний үржил шим муудаж, ургац буурч, 3.2 тэрбум хүний амьжиргаанд шууд заналхийлж байна. Мөн жил бүр ойролцоогоор 880 тэрбум ам.долларын эдийн засгийн хохирол учруулдаг гэх тооцоо бий.

Өндөр орлоготой орнуудад газрын доройтлыг их хэмжээний бордоо ашиглан түр хугацаанд нөхөж чаддаг. Гэвч бордоог хэтрүүлэн хэрэглэх нь удаан хугацаандаа хөрсийг улам доройтуулдаг.

Харин орлого багатай орнууд, ялангуяа Сахарын цөлөөс өмнө орших Африкийн орнуудад нөхцөл байдал бүр хүнд байна. Тус бүс нутагт ургац бага, бордооны хүртээмж хязгаарлагдмал байдаг юм. Тиймээс Сахарын цөлөөс өмнө орших Африкийн орнуудын хүн ам нь ган гачиг, газрын доройтлын нөлөөнд хамгийн өртөмтгий байдаг

Доройтсон газрыг сэргээх нь

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын тооцоолсноор доройтсон хөрсийг сэргээхэд өдөр бүр 1 тэрбум ам.доллар шаардлагатай. Үүнийг нь дан ганц зардал гэж харж болохгүй. Газрыг сэргээхэд оруулсан хөрөнгө оруулалт нь эргүүлээд эдийн засгийн үр өгөөж авчирдаг.

Францын Хөгжлийн агентлагийн (AFD) Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил, биологийн олон янз байдлын хэлтсийн дэд дарга Сандра Руллиер “Санхүүжилтийн хэрэгцээ асар их байна. Гэхдээ эдгээр санхүүжилт нь эдийн засгийн үр өгөөж авчирна” гэж хэлжээ.

Тэрбээр “RFI” агентлагт “Доройтсон газрыг сэргээхэд оруулсан нэг ам.доллар тутамд 7-30 ам.долларын ашиг хүртэх боломжтой. Тиймээс энэ нь нийгэмд мөн дэлхийд ч үр өгөөжөө өгдөг хөрөнгө оруулалт” гэж хэлсэн юм.

Сандра газрын эрүүл мэндэд хөрөнгө оруулна гэдэг нь хүнсний аюулгүй байдалд хөрөнгө оруулж буй хэрэг гэж хэлжээ. Мөн эрүүл хөрс нүүрстөрөгчийг хуримтлуулдаг тул уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх ач тустай.

Тиймээс COP17-гийн гол зорилтуудын нэг нь газрыг нөхөн сэргээлтэд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх явдал юм. Үүний зэрэгцээ хөрсийг доройтуулдаг эрчимжсэн газар тариалангийн арга барилд олгодог татаасыг зогсоохыг засгийн газар, хөдөө аж ахуйн банкнууд болон хувийн хэвшилд уриална.

Бэлчээрийн мал аж ахуйг онцолж байна

Монгол Улсад болж буй COP17-гийн үеэр бэлчээрийн мал аж ахуйн асуудал мөн гол сэдвүүдийн нэг байх төлөвтэй байна. Монголын нийт газар нутгийн 77 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртөөд байгаа юм. Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2026 оныг Олон улсын бэлчээр ба малчдын жил болгон зарласан.

Энэхүү шийдвэр нь бэлчээрийн мал аж ахуйн ач холбогдлыг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрсөн алхам болж байгаа юм. Бэлчээрийн мал аж ахуй нь хөрс, эмзэг экосистемийг хамгаалахад чухал үүрэгтэй. Мөн хуурай болон хагас хуурай бүс нутгийн эдийн засгийн хөгжил, нийгмийн тогтвортой байдлыг дэмждэг билээ.

Эх сурвалж: RFI

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дэлхий нийтээр халалт, ган, цөлжилт нэмэгдэж байгаа энэ үед COP17-г Монголд зохион байгуулж байгаа нь маш чухал. Харин хурлаар ярьсан зүйлээ бодит ажил болгох, тэр дундаа Монголын 77 хувь доройтсон газрыг сэргээх бодит шийдэл хэрэгтэй байна

Зочин
Зочин

Монголын бэлчээр, малчдын асуудлыг дэлхийн анхаарлын төвд авчирч байгаа нь зөв. Гэхдээ зөвхөн хуралдаж, тунхаг гаргаад өнгөрөх биш бэлчээрийн менежмент, ус, хөрс хамгаалал дээр бодит хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй

Зочин
Зочин

delhii dayar halt, ganchig nemegdej baihad gazraa hamgaalah ni zugeer neg baigaliin asuudal bish boljee. Hunsee, ediin zasag, malchid bugd gazartai holbootoi

Зочин
Зочин

Нэг ам.долларын хөрөнгө оруулалт 7-30 ам.долларын үр өгөөж өгч болно гэдэг нь газрын нөхөн сэргээлтийг зардал биш хөрөнгө оруулалт гэж харах ёстойг харуулж байна

Зочин
Зочин

Нэг ам.долларын хөрөнгө оруулалт 7-30 ам.долларын үр өгөөж өгч болно гэдэг нь газрын нөхөн сэргээлтийг зардал биш хөрөнгө оруулалт гэж харах ёстойг харуулж байна

Зочин
Зочин

Mongolchuud bid belcheer nutgaa heden zuun jil ashiglasan uls. Gehdee suuliin jil uudiin uul uurhai, usnii homsdol, beltcheeriin daatsiin asuudal deer bodit bodlogo heregtei bolj bn

Зочин
Зочин

Европ, Ази хүртэл хэт халж, түймэр олширч байгаа нь цөлжилт, газрын доройтол зөвхөн цөлийн бүсийн асуудал биш гэдгийг харуулж байна. Одоо арга хэмжээ авахгүй бол хохирол улам нэмэгдэнэ

Зочин
Зочин

COP17 Монголд болж байгааг улс орноо сурталчлах боломж гэж харахаас гадна өөрсдийн газрын доройтол, бэлчээрийн асуудлаа дэлхийд бодитоор хэлж, шийдэл санхүүжилт татах боломж гэж ашиглах хэрэгтэй

Зочин
Зочин

ene hurlaas hamgiin ih huleej bgaa zuil bol yaria bish heregjilt. 77 huvi gazar doroiotson gej yarij baigaa uls odoo ooroo bodit ajil hiih tsag ni bolson

Зочин
Зочин

Дэлхийн хуурай газрын 40 хувь доройтсон гэдэг үнэхээр анхаарах тоо байна. Хөрсөө алдана гэдэг ирээдүйд хүнсээ, амьдралын баталгаагаа алдана гэсэн үг

Зочин
Зочин

Ган гачигт тэсвэртэй болох, хөрсөө сэргээх, бэлчээрээ зөв ашиглах асуудал Монголд бүр ч чухал. Уур амьсгалын өөрчлөлтийг бид холын зүйл гэж харахаа больсон шүү дээ

Зочин
Зочин

manai malchid belcheereesee hamaaraltai uchraas belcheer hamgaalal gedeg ni zuvhun baigaliin yamnii ajil bish. Malchdiin amidral, orlogiin asuudal gedgiig bodlogod ni shingeeh heregtei

Зочин
Зочин

Бордоогоор хөрсний доройтлыг түр хугацаанд нөхөхөөс илүү үндсэн шалтгааныг нь засах хэрэгтэй гэдэг санаа зөв. Монголд ч гэсэн газар ашиглалтаа илүү ухаалгаар төлөвлөх шаардлага байна

Зочин
Зочин

RFI hurtel Mongold bolj bui COP17-g ontsolj, delhiin haltalt bolon tsuljiltiin asuudaltai holboj yarij baigaa ni anhaaral tataj bn. Ene bol bidnii huvid bas tom hariutslaga

Зочин
Зочин

Газраа сэргээхэд зарцуулсан мөнгө буцаад эдийн засгийн үр өгөөж өгдөг гэдгийг бодлого боловсруулагчид сайн ойлгоосой. Байгаль хамгааллыг эдийн засгийн эсрэг зүйл мэт ойлгодог хандлага өөрчлөгдөх хэрэгтэй

Зочин
Зочин

2.6 их наяд ам.долларын хэрэгцээтэй харьцуулахад 12 тэрбумын санхүүжилт бага сонсогдож байна. Тиймээс мөнгөний хэмжээ төдийгүй тэр хөрөнгийг хамгийн үр дүнтэй газарт хүргэх механизм чухал

Холбоотой мэдээ

Back to top button