Гадаад мэдээДЭЛХИЙ

Нэг дороос | 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад оруулав

Цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар дэлхийн улс орнуудын шийдвэр гаргагчид, эрдэмтэд, бизнесийн төлөөлөл, иргэний нийгэм болон малчид нэг дор чуулж, шийдэл эрэлхийлэх Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлж буй билээ.

Хурлын эргэн тойрон дахь үйл явдлуудыг Eguur News агентлагийн сурвалжлах баг газар дээрээс нь бэлтгэн хүргэх болно.


Нэмэлт: 14:00 цаг

“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад оруулав

Засгийн газрын “Чөлөөлье” Үндэсний санаачилгын хүрээнд "Моннис" групп 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх боломжтой "Ногоон өртөө"-г Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн авто зогсоолын талбайд ашиглалтад орууллаа. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Засгийн газрын гишүүд, нийслэлийн төлөөлөл оролцов. 

Ерөнхий сайд Н.Учрал хэлсэн үгэндээ, "9 дүгээр сар гарахаас өмнө ойрын хугацаанд 36 ногоон өртөө ашиглалтад оруулна. Цаашдаа 500 цэнэглэгчтэй үндэсний сүлжээ байгуулна. Төр хувийн хэвшлийг бүх талаар дэмжинэ. Саад болохгүй. Ногоон чөлөөлөлт түлш эрчим хүчний хараат байдлыг бууруулахад чиглэж байна. Мөн айл өрхүүд сэргээгдэх эрчим хүч ашиглаж, илүү гарсан эрчим хүчээ улсад нийлүүлж 400 сая гаруй төгрөгийн орлого олсон" гэв. 

“Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд тавдугаар  сард Булган аймагт анхны “Ногоон өртөө” үүдээ нээсэн. Мөн хувийн хэвшил наймдугаар сарын 7–9-ний өдрүүдэд Улаанбаатар–Замын-Үүд–Улаанбаатар чиглэлийн 1,400 километр орчим авто замд хүнд даацын бүрэн цахилгаан автомашинаар ачаа тээвэрлэж туршаад байгаа аж. 

Засгийн газар түлш шатахууны асуудлыг шийдвэрлэх хүрээнд дараах ажилд онцгой анхаарч байна. 

Үүнд: 

-Нэгдүгээрт, шатахууны нийлүүлэлт, нөөцийн савны асуудлыг шийдвэрлэж байгаа

-Хоёрдугаарт, олон жил яригдсан Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг гацаанаас гаргаж, 2028 онд ашиглалтад оруулах

-Гуравдугаарт, тээвэр, уул уурхайн салбарт ногоон шилжилт бий болж байна.

Тухайлбал, цахилгаан автомашин худалдан авах иргэн, аж ахуйн нэгжүүдэд зориулсан ногоон зээлийн хүүг 4–6 хувиар бууруулж, хугацааг 60 сар хүртэл нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Бүрэн цахилгаан автомашинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх зохицуулалт  хэрэгжүүлж байна.

Нэмэлт: 13:00 цаг

СОР17 хурлын эхний өдрийн хөтөлбөр үргэлжилж байна

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын эхний өдөр үргэлжилж байна.

Дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүн, сайд нар, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаач, бизнес, иргэний нийгэм, залуучуудын төлөөлөл “ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ. ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ” уриан дор Монгол Улсад арван хоёр хоног чуулах билээ.

Нэмэлт: 11:00 цаг

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг СОР17 хурлын ерөнхийлөгчөөр сонгогдов

Тэрбээр зочид төлөөлөгчдөд хандаж,

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёд оо,

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ыг Монгол Улсад зохион байгуулж, Та бүхнийг хүндэтгэн хүлээж авч байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг юм.
Бид олон талт хамтын ажиллагаа болон дэлхийн газрын нөөцийн асуудалд онцгой ач холбогдол бүхий цаг үед эл бага хурлыг зохион байгуулж байна. Өнөөдөр газрын доройтол, цөлжилт, ган гачиг нь дэлхийн олон бүс нутагт эрчимжиж, эдгээр нь хүнсний аюулгүй байдал, усны нөөц, амьжиргаа, биологийн олон янз байдал, тэсвэрлэх чадвар болон тогтвортой хөгжилд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байна. Дэлхийн газрын хөрсний 40 хүртэл хувь нь доройтолд орж, 3.2 тэрбум гаруй хүний амьдралд нөлөөлж буйгаас үзвэл энэ асуудал байгаль орчны төдийгүй нийгэм, эдийн засаг, геополитикийн бодит сорилт болжээ.

Ийм нөхцөлд COP17 бага хурал нь олон талт хамтын ажиллагаа практик үр дүнд хүрэх боломжтойг нотлон харуулах чухал талбар болох учиртай. Бага хурлын Даргаар томилогдсоны хувьд энэхүү чуулганыг хүртээмжтэй, тэнцвэртэй, ил тод, үр дүнд чиглэсэн байдлаар зохион байгуулахыг зорьж байна. Чингэснээр Талуудын хоорондын итгэлцлийг бэхжүүлж, харилцан ойлголтыг гүнзгийрүүлэн, цаашдын хэрэгжилтийг хангахад бодит хувь нэмэр оруулах нөхцөл бүрдэх юм.

Монгол Улс оролцогч бүх талтай нягт хамтран ажиллаж, COP17 бага хурлыг хуурай бүс нутгийн орнуудын хэрэгцээ шаардлагад нийцсэн, шинжлэх ухаанд суурилсан, орон нутгийн бодит нөхцөл байдлыг тусгасан шийдлүүдийг дэмжсэн, газрын нөхөн сэргээлт, ган гачгийг тэсвэрлэх чадвар, газрын тогтвортой менежмент, хэрэгжилтийн үр нөлөөг нэмэгдүүлэхэд бодит ахиц гаргахуйц индэр болгохын төлөө ажиллах болно. Өнөөдөр ган гачиг дэлхий даяар 1.8 тэрбум хүний амьжиргаанд нөлөөлж, ялангуяа хамгийн эмзэг, ядуу бүлгийнхэнд хамгийн их дарамт учруулж байгаа нь энэ асуудлын тулгамдсан байдлыг илтгэж байна.

Бидний нийтлэг үүрэг бол зөвхөн сорилтын цар хүрээг хүлээн зөвшөөрөхөд бус, зорилт ба хэрэгжилт хоорондын зөрүүг багасгахад оршино. COP17 бага хурлын яриа хэлэлцүүлэг нь хамтын ажиллагааг бэхжүүлэх, түншлэл болон санхүүжилтийг дайчлах, газрын доройтолд нэрвэгдээд буй иргэдийн амьжиргааг сайжруулах бодит шийдлүүдийг дэмжихэд чиглэх ёстой.

Монгол Улс энэхүү эрхэм үүрэг, хариуцлагыг хүндэтгэн хүлээж авч, Бага хурлын Даргын хувьд бүх талтай идэвхтэй харилцан яриа өрнүүлж, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө ажиллах болно.

Бид хамтын хүчин чармайлтаар COP17 бага хурлыг тодорхой үр дүнд хүргэж, итгэлцлийг сэргээж чадна гэдэгт итгэлтэй байна.
Газрын төлөө, хүний төлөө, бидний хамтын ирээдүйн төлөө бодит үр дүн, шийдэлд хүрэхийн төлөө Монгол Улсад хуран чуулахыг Та бүхэнд уриалж байна" гэв.

Нэмэлт: 09:45 цаг

Хурлыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал үг хэллээ

Гэрэл зургийг: С.Боргил

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал үг хэллээ. Тэрбээр,

Эрхэм хүндэт төлөөлөгчдийн тэргүүн нар аа,

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Ясмин Фуад, Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө, Хатагтай, ноёд оо!

Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд тавтай морилохыг хүсье.

Юуны өмнө Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 4 дэх хурлыг 2000 онд даргалж байсан Монголын төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайд асан, Байгаль орчны гавьяат ажилтан, Төрийн шагналт Замбын Батжаргал гуай 2026 оны 8 дугаар сарын 6-ны өдөр зуурдаар таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлэн 1 минут хүндэтгэл үзүүлэхийг хүсье.

Эрхэм хүндэт төлөөлөгчид өө,

Бид дэлхий гэх нэгэн гэр оронтой нэгэн гэр бүл. Бид 8,2 тэрбумуулаа дэлхийн ээжийн үр хүүхэд. Эх дэлхийдээ энх мөнх оршихуйд улс орон бүрийн хичээл зүтгэл хэрэгтэй. Дэлхийн энд тэндгүй гамшигт халуун болж, гал түймэр асаж, гол мөрнүүд ширгэж, эсвэл цочир хүйтэн болж, мөнх цас, туйлын мөс хайлж байна. Та бидний хэл, соёл, үндэс угсаа, шашин шүтлэг өөр хоорондоо өөр боловч эх дэлхийдээ энх мөнх орших ирээдүйгээ хамгаалах хүсэл зориг нэгтэй. Тийм ч Та бид манай улсад цөлжилтийн эсрэг эв санал нэгдэн, бүгдийн гэр орон болсон эх дэлхийнхээ төлөө, өөрсдийнхөө, ирээдүйнхээ төлөө хуран цуглаад байна Өнөөдөр бид эх дэлхийнхээ газрын нөөцийг хэрхэн хамгаалах, нөхөн сэргээх, ирээдүй хойч үедээ ямар дэлхий үлдээх тухай хамтын шийдвэрийн шинэ үеийг эхлүүлж байна. 1994 онд батлагдаж, 1996 онд хүчин төгөлдөр болсон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын хүрээнд дэлхийн улс орнууд цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлыг улс орны хилийн зурвасаас үл хамаарсан, хүн төрөлхтний хамтдаа шийдэх сорилт гэдгийг хүлээн зөвшөөрч ирлээ.

Энэ хугацаанд олон улсын хамтын нийгэмлэгийн хүрсэн хамгийн том амжилт бол “газрыг” хөгжлийн асуудлын төвд авчирсан явдал юм. Өнөөдөр газрын доройтол 1 зөвхөн хөрс, ургамлын асуудал биш; хүнс, ус, амьжиргаа, ядуурал, эрүүл мэнд, шилжилт хөдөлгөөн, эдийн засаг, энх тайван, аюулгүй байдалтай салшгүй холбоотой цогц экосисистемийн асуудал гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байна.

Улс орнууд газрын доройтлыг тэглэх зорилтоо үндэсний бодлогодоо тусгаж, шинжлэх ухаан, мониторинг, тайлагналын тогтолцоогоо хөгжүүлж, газрын нөхөн сэргээлтэд төрөөс гадна хувийн хэвшил, иргэний нийгэм, орон нутгийн иргэдийг оролцуулах болсон нь Конвенцын чухал үр дүн юм.

Гэвч өнөөдөр бид өөрсдөдөө нэгэн асуултыг зоригтой, нээлттэй тавих цаг иржээ. Бид их ярьж, их тунхаглаж бол чадсан. Харин үгээ үйлдэл болгож чадаж байна уу?

Саудын Арабын Эр-Рияд хотноо болсон Талуудын 16 дугаар бага хурал газрын доройтол, ганг тэсвэрлэх чадвар, газрын нөхөн сэргээлт, санхүүжилт, шинжлэх ухаан, инновац, бэлчээр болон малчдын асуудлыг дэлхийн бодлогын түвшинд ахиулахад чухал алхам болсон. Үүний дараа Панама хотноо болсон Конвенцын хэрэгжилтийг хянан хэлэлцэх хорооны 23 дугаар хуралдаан үндэсний түвшинд хэрэгжилтийг улам бэхжүүлэх, тайлагнал, чадавх, шинжлэх ухаан-бодлогын уялдааг сайжруулах шаардлагыг улам тодорхой харуулж өгсөн. Өмнөх хурлууд бүгд үр дүнтэй болсон ч дэлхий нийт зорилго, амлалтаар дутаагүй нь бас үнэн. Амлалтыг харин бодит үр дүн болгох нөөц бололцоо, санхүүжилт, технологи, институцийн орчин бидэнд одоо илүү хэрэгтэй байна.

Тиймээс COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртайг би онцолмоор байна.

Эрхэм хүндэт төлөөлөгчид өө,

Дэлхий нийтийг хамарч буй сорилтод хамгийн ихээр өртөж буй улс орны нэг бол уудам Монгол орон. Нэг ам дөрвөлжин км газар нутагт 2 хүн ноогддог уудам улс орны маань 77 хувь нь, өөрөөр хэлбэл арван алхам газрын найм нь цөлжилт, доройтолд өртөж, элсний нүүдэлд дарагдан дарагдсаар байна.

Монгол Улс Конвенцод нэгдсэн цагаасаа хойш газрын доройтол, цөлжилттэй тэмцэх бодлогоо тууштай хэрэгжүүлж ирсэн. Бид газрын доройтлыг тэглэх үндэсний зорилтоо тодорхойлж, бэлчээрийн тогтвортой менежмент, ой, ус, хөрсний хамгаалал, газрын нөхөн сэргээлтийг хөгжлийн бодлоготойгоо уялдуулж байна. Уур амьсгалын өөрчлөлт, ган, зуд, усны хомсдол, бэлчээрийн доройтол манай уламжлалт нүүдлийн аж ахуйн малчин өрхийн амин зуулга, хүнсний, үндэсний аюулгүй байдал, хөдөөгийн хөгжил, эдийн засаг, нүүдлийн соёлын дархлаанд хор уршиг дагуулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан өрнүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн бол үүний нэг тод жишээ. Бид зөвхөн мод тариад зогсохгүй экосистемийг 2 нөхөн сэргээх, хөрс, ус, биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах урт хугацааны үр дүнгийн төлөө ажиллаж байна.

Монголчуудын оюуны соёл байгаль дэлхийгээ аргадан хайрлахаас эх ундаргатай. Дэлхийн сүүлчийн нүүдэлчдийн нэг монголчууд ан хийхдээ ч илүүг авахгүй чононд хүртэл үлдээдэг, нэг мод, цэцэг авсан ч аргадан гуйдаг, байгальд илүүдэл орхилгүй амьдраад төгсдөг, нэг үгээр хэлбэл идэхийн тул амьдардаггүй, амьдрахын тулд л иддэг үндэстний онцлогоо хадгалж ирсэн ард түмэн. Монголчууд уул, ус, гол нуураа маш их дуулж шүлэглэж, төрийн цол зэрэг өгч, тахиж хүндэлдэг. Харин цэлэлзсэн цэнхэр нуурууд, мяралзсан тунгалаг гол горхинууд өнөөдөр зөвхөн дуунд, хуучны зураг, дүрсэнд л мянга мянгаараа үлдэж байна. Монголчууд бидний дэлхий нийтэд харуулах, таниулах, хуваалцах хамгийн үнэтэй хийгээд өвөрмөц соёл бол бэлчээр болон нүүдлийн мал аж ахуйтай холбоотой олон мянган жилийн мэдлэг, уламжлал юм.

Нүүдлийн мал аж ахуй бол байгальтайгаа тэмцэж бус, байгальтайгаа зохицон амьдрах ухаан дээр тогтсон өнө эртний соёл иргэншлийн өв уламжлалаа үргэлжлүүлж, бэлчээр нутгаа зөв ашигласнаар хүнсний тогтолцоо, малчдын амьжиргаа, биологийн олон янз байдал, хөрс, ус, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэрлэн зохицохын төлөө чармайн зүтгэх болно.

Монгол Улсын санаачилгаар НҮБ-аас 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарласан нь энэ асуудлыг дэлхийн бодлогын түвшинд ахиулах түүхэн боломжийг бүрдүүлж байна.

Энэ боломжийг COP17-той уялдуулваас Монгол Улс бэлчээрийг зөвхөн доройтож буй газар нутаг бус, хөрөнгө оруулалт шаардсан, эдийн засгийн үнэ цэн бүтээдэг, хүнс, байгаль, малчдын амьжиргааг холбож байдаг чухал экосистем хэмээн дэлхий нийтэд түгээх, ойлгуулах зорилго биелнэ.

Бидний хувьд газрыг нөхөн сэргээх нь хөгжлийн бодлоготой сөргөлдөх асуудал биш, харин хөгжлийн чанар, хүртээмжийн тухай ойлголт хандлагаа өөрчлөх асуудал юм.

Байгаль орчныг хамгаалах асуудлыг эдийн засгийн өсөлтийн хөшүүрэг болгож, байгалийн нөөцийг зохистой ашиглаж, инновац, технологи, хөрөнгө оруулалтад тулгуурласан урт хугацааны тогтвортой хөгжлийн суурийг бий болгох нь бидний зорилго.

Манай Засгийн газар иргэд, бизнес эрхлэгчдийг хүнд суртал, шаардлагагүй зохицуулалт, төрийн хэт оролцооноос чөлөөлж, эдийн засгийн эрх чөлөө, хувийн 3 хэвшлийн өсөлт, чөлөөт өрсөлдөөнийг дэмжих зорилгоор “Чөлөөлье” үндэсний санаачилгыг хэрэгжүүлж байна.

Энэхүү санаачилгын нэг чухал чиглэл болох “Ногоон чөлөөлөлт”-ийн хүрээнд Уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуулийг батлуулж, эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлж, иргэд, хувийн хэвшил, орон нутгийн оролцоонд тулгуурласан байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн шинэ эринг бүтээж байна. Хамгийн чухал нь Монгол Улс шиг далайд гарцгүй хөгжиж буй орны хувьд ногоон шилжилт нь бидний эдийн засгийг боомилж буй суурь асуудал болох түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах гарц болж байна.

Нар, салхины сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлж, дутагдлаа нөхөх, , өрх бүр эрчим хүч үйлдвэрлэгч байх, хөрөнгө оруулагчдын сонирхол, идэвхийг татахын бид шат дамжлагыг 5 дахин цөөлж, зөвшөөрлийн хугацааг 6 сараас 11 өдөр болгон бууруулсан. Энэ жил бид сэргээгдэх эрчим хүчний олон төсөл бодитой эхлүүлж, олон зуун айл эрчим хүч үйлдвэрлэгч болж эхлээд байна. Нүүрснээс нар руу шилжих бидний Ногоон хөгжлийн чөлөөлөлтийн гараа эрч хүчтэй эхэлсэн.

Геополитикийн олон шалтгаанаас үүдэн шатахууны олдоц буурч буй энэ үед цахилгаан тээврийн хэрэгслийг хувь хэрэглээ, нийтийн тээвэр, уул уурхай, ачаа тээвэрт нэмэгдүүлэхээр бодлогын болон санхүүжилтийн олон арга хэмжээ авч байна. Үүний үр дүнд хүмүүсийн зан үйл, хандлага өөрчлөгдөж, хүмүүс сонголттой болж, ногоон тээвэр лүү шилжиж байна. Энэ зун хувийн хувийн хэвшилтэй хамтран анхны 60 цахилгаан машин түргэн цэнэглэх станц байгуулсан нь уудам улс орноо ногоон өртөөгөөр сүлжих эхлэл юм. 13-р зуунд дэлхийн талыг хэрсэн өртөө байгуулж байсан үүх түүхээ санаж, улс орноо ногоон өртөөгөөр сүлжиж чадна гэдэгт итгэл төгс байна.

Шинээр батлагдсан Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль, бидний карбон зах зээлд оролцох боломжуудыг түшиглэн бид “Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг боловсруулаад байна. Уг хөтөлбөрийн хүрээнд малчин өрхийн амьжиргаа, бэлчээрийн тогтвортой менежмент, малын эрүүл мэнд, бүтээгдэхүүний чанар, зах зээлийн хүртээмж, экспортын өрсөлдөх чадварыг нэг цогц тогтолцоонд уялдуулахыг зорьж байна.

Бидний зорилго бол бэлчээрээ хамгаалж, зохистой ашигласан малчин илүү орлоготой байх; чанартай, үнэ цэнтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн малчин илүү өгөөж хүртэх; экосистемээ нөхөн сэргээж, сэргээгдэх эрчим хүчийг дэмжсэн орон нутаг эдийн засгийн үр шимийг хүртдэг тогтолцоог бий болгох явдал юм.

Түүнчлэн хиймэл оюун ухаан, зайнаас тандан судалгаа, газарзүйн мэдээллийн систем, хиймэл дагуулын технологийг газрын мониторинг, байгалийн нөөцийн удирдлагад үе шаттайгаар нэвтрүүлж байна. Бидний зорилго бол байгаль орчны 4 асуудлыг зөвхөн хэмждэг бус, эрсдэлийг урьдчилан тооцож, бодлого, хөрөнгө оруулалтаа нотолгоонд тулгуурлан төлөвлөдөг тогтолцоог бүрдүүлэх явдал юм.

“Ногоон чөлөөлөлт”-ийн хүрээнд хэрэгжүүлэх бас нэгэн чухал санаачилга бол “Ухаалаг ногоон сургууль”-ийн сүлжээг улс даяар үүсгэж, ирээдүй хойч үедээ байгальд ээлтэй орчин, дэд бүтэцтэй орчинд тогтвортой хөгжлийн боловсрол олгох явдал юм. Цаашлаад сэрүүн хээрийн бүс дэх экосистемийн онцлогтоо тулгуурлан “ногоон дата төв” хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, дэлхийн иноовац, технологийн хөгжилд хувь нэмрээ оруулахыг зорьж байна.

Ингэж чадвал байгаль хамгаалал, хүний амьжиргааны хооронд сонголт хийх шаардлагагүй болно. Харин байгалиа хамгаалах тусам орлого нэмэгдэж, орлого нэмэгдэх тусам байгалиа хамгаалах сонирхол нь бэхждэг, нэг нь нөгөөгөө дэмждэг хөгжлийн шинэ загварыг бий болгож чадна.

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

COP17-оос бидний хүсэж буй хамгийн том өөрчлөлт бол ярианаас үйлдэл рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас хэмжигдэхүйц үр дүн рүү шилжих явдал юм. Тиймээс Монгол Улс энэ бага хурлаас дараах асуудлуудаар бодит ахиц гаргахыг уриалж байна.

  • Нэгдүгээрт, газар, уур амьсгал, биологийн олон янз байдлыг салангид бус, харилцан уялдаатай цогц асуудал болгон авч үзье.
  • Хоёрдугаарт, газрын нөхөн сэргээлтийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, төр, олон улсын санхүүгийн байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргая.
  • Гуравдугаарт, ганд тэсвэртэй байдлыг зөвхөн байгаль орчны бодлого бус, хөгжлийн бодлогын үндсэн хэсэг болгоё.
  • Дөрөвдүгээрт, бэлчээр, малчид, нутгийн иргэдийн мэдлэг, оролцоог дэлхийн газрын менежментийн бодлогын төвд гаргая.
  • Тавдугаарт, шинжлэх ухаан, технологи, инновацыг бодит шийдэл, бодит хөрөнгө оруулалт болгон хувиргая.
  • Зургаадугаарт, амлалтыг хэмжигдэхүйц үр дүн болгох хэрэгжилтийн орчныг хамтдаа бүрдүүлцгээе.

Үүний тулд хөгжлийн түншүүд, олон улсын санхүүгийн байгууллагууд, хувийн хэвшил, улс орнуудтай хамтран санхүүжилт, технологи, чадавх болон зохицуулалтын саадыг арилгах шинэ түншлэл бий болгохыг уриалж байна.

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Тогтвортой хөгжлийн зорилтуудыг 2030 он хүртэл хэрэгжүүлэх хугацаа улам бүр богиносож байна. Өнөөдөр бид энд хуран чуулсны хамгийн чухал үр дүн нь олон цаг ярьж хэлэлцсэний дүнд сулхан амлалт бүхий баримт бичиг батлахаас илүүтэй дараагийн алхмыг тодорхой болгосон бодит тохиролцоо, хэмжигдэхүйц үр дүн, хэрэгжихүйц түншлэл байх ёстой.

Тухайлбал, СОР17 хурлын бэлтгэлийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас төр, хувийн хэвшлийн түншлэлийн платформ болох Үндэсний Ногоон Лабыг байгуулсан нь манай улсын бэлчээрийн экосистемийг хамгаалах, тогтвортой удирдах, сэргээхэд чиглэсэн ногоон төслүүдийг хөрөнгө оруулалт авахад бэлдэж, олон улсын санхүүжилттэй холбон зуучлах чухал үүрэг гүйцэтгэж байна.

Миний зүгээс бүх төлөөлөгч, түнш байгууллагуудыг эдгээр төслүүдтэй танилцаж, Монголын шинэлэг ногоон санаачилгуудыг дэмжихийг уриалж байна. Энэ онд зохион байгуулагдах Рио-гийн гурван конвенцын Талуудын бага хурлуудаас анхныхыг эх орондоо зохион байгуулж, даргалж буй улсын хувьд Монгол Улс бусад хоёр конвенцын даргалагчидтай нягт хамтран ажиллаж, бодлогын уялдаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийг эрмэлзэж байна.

Монгол Улс энэхүү бага хурлыг шийдлийн индэр байлгахыг зорьж байна. Бид бүх талын дуу хоолойг сонсож, ялгаатай байр суурийг хүндэтгэн, зөвшилцөлд суурилсан, нээлттэй, ил тод, хүртээмжтэй хэлэлцээг дэмжин ажиллана.

Монголын уудам тал нутагт эхэлж буй Талуудын 17 дугаар бага хурал дэлхий нийтээрээ газрыг нөхөн сэргээхийг байгаль хамгааллын нэг зорилт бус, хүн төрөлхтний хөгжил, амьжиргаа, хүнсний аюулгүй байдал, энх тайван, хамтын хөгжил цэцэглэлтийн үндэс хэмээн хүлээн зөвшөөрсөн түүхэн эргэлтийн цэг болно гэдэгт итгэж байна. Хүн төрөлхтөний төрөлх өлгий хүж дэлхийгээ хайрлан хамгаалж, энх мөнх оршихын төлөө хамтдаа бүтээснээсээ ихийг бүтээе.

Эх байгалиа сэргээе

Итгэл найдвараа бадраая

Ирээдүйгээ хамтдаа бүтээе

Эхлэл: 08:45 цаг

Нээлтийн эхэнд Монгол Улсын төрийн далбаа болон НҮБ-ын далбааг мандууллаа

Гэрэл зургийг: Г.Золбоо

Монгол Улсын төрийн далбаа болон НҮБ-ын далбааг мандуулснаар СОР17 хурал албан ёсоор нээж байна. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцлоо.

Мөн КОП17-ын анхны хуралдаанаар чуулганыг албан ёсоор нээж, Ерөнхийлөгчийг сонгоно. Мөн шинээр сонгогдох КОП17-ын Ерөнхийлөгч, UNCCD-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад, бүс нутгийн болон сонирхлын бүлгүүд, иргэний нийгмийн төлөөлөгчид үг хэлнэ. 

Цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дахь бага хурал гэж юу вэ, ямар хүлээлт тавигдаад байгаа вэ

Гэрэл зургийг: О.Улсболд

Өнөөдөр /2026.08.17/ НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дахь бага хурал эхэлж, олон мянган засгийн газрын төлөөлөгч, эрдэмтэд, идэвхтнүүд хэлэлцэнэ. Цөлжилтийн улмаас амьдрах орчин доройтон, ургац хураалт муудаж, хоол хүнсний үнэ өсөж, эдийн засгийн үйл ажиллагаанаас жил бүр олон арван тэрбум ам.доллар арчигдаж байна.

Гэвч СОР17 гэж юу болох, ирэх хоёр долоо хоногийн хугацаанд тэнд юу хэлэлцэж, юу зарлах талаар харцгаая.

COP17 гэж юу вэ?

COP17 гэдэг нь НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын (UNCCD) Оролцогч талуудын бага хурал юм. Тус конвенцод 197 оролцогч тал нэгдэн орсон байдаг. 1992 онд болсон Рио-де-Жанейрогийн дээд хэмжээний уулзалтаар Цөлжилттэй тэмцэх конвенцыг үүсгэн байгуулсан. Тухайн үед уур амьсгалын өөрчлөлт болон биологийн олон янз байдлын асуудлаарх хоёр том конвенц мөн байгуулагдсан юм. Эдгээр конвенцыг нийлүүлээд “Риогийн гурвал” гэж нэрлэдэг.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенцын COP жил бүр болдог бол Цөлжилттэй тэмцэх конвенцын COP хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг. Тиймээс COP17 нь тус конвенцын 17 дахь удаагийн хурал юм.

Цөлжилт гэж юу вэ?

Цөлжилт гэдэг нь газрын хөрс доройтож, бага багаар элсэн цөлтэй төстэй болох үйл явц юм. Цөлжилтийн улмаас тухайн газарт тариалан эрхлэх, мал бэлчээх улам хүндрэлтэй болж, зарим тохиолдолд огт боломжгүй болдог.

Уур амьсгалын өөрчлөлтөөс гадна хүний үйл ажиллагааны улмаас цөлжилтийн үйл явц улам эрчимжиж байна. Цөлжилт нь ядуурал, өлсгөлөн, эрүүл мэндийн асуудал, биологийн төрөл зүйл устах гэх мэт олон асуудал дагуулдаг юм.

НҮБ-ын тооцоогоор 1980-аад оноос хойш цөлжилтөд өртсөн бүс нутагт 500 сая орчим хүн амьдарч байна. Мөн дэлхийн нийт хуурай газрын 40 орчим хувь нь доройтолд оржээ.

COP17-гоор ямар асуудлыг хэлэлцэн тохиролцох вэ?

Энэ удаагийн конвенцын гол асуудлын нэг нь ган гачигтай тэмцэх шинэ санаачилгыг ямар хэлбэрээр хэрэгжүүлэх вэ гэдэг юм. Саудын Арабын Эр-Риядад болсон өмнөх COP-ын үеэр Африкийн орнууд энэхүү санаачилгыг протокол болгохыг дэмжиж байжээ. Протокол гэдэг нь конвенцын хүрээнд байгуулдаг, улс орнуудыг хууль эрх зүйн хувьд заавал дагаж мөрдөх гэрээ юм.

Зургийн эх сурвалж: AFP

Гэвч АНУ, Европ, Аргентин гэх мэт оролцогч талууд протокотол боловсруулахад хугацаа шаардагдаж, зардал их гарч, бодит байдал дээр хэрэгжүүлэх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийг бууруулна гэж үзсэн. Тэд протоколоос илүү хууль эрх зүйн хувьд сул, уян хатан хүрээний баримт бичиг боловсруулахыг дэмжиж байна.

Эр-Риядын хэлэлцээний сүүлийн өдөр хүртэл энэ асуудлаарх яриа хэлэлцээ явагдсан юм. Саудын тал албан бус зөвлөлдөх уулзалтууд зохион байгуулсан ч оролцогч талууд шийдэлд хүрч чадалгүй хэлэлцээг COP17-гоор хэлэлцэх болжээ.

Энэ удаагийн конвенцоор улс орнууд бэлчээрийн газар болон малчдыг газрын доройтлоос хамгаалах шинэ бодлого хэлэлцэнэ. Дэлхийн хуурай газрын тал орчим хувийг бэлчээрийн газар эзэлдэг билээ. Монгол Улс НҮБ-д 2026 оныг “Бэлчээрийн газар болон малчдын олон улсын жил” болгон зарлах санаачилгыг дэвшүүлж, амжилттай батлуулсан юм.

Тиймээс Монгол Улс COP17-гийн зохион байгуулагчийн хувьд бэлчээрийн газрын талаар улс орнуудыг ямар нэгэн шийдэлд хүргэхийг зорьж буй. Оролцогч талууд  2030 оноос хойш Цөлжилтийн эсрэг конвенц стратегийн ямар хүрээ баримтлахыг хэлэлцэнэ. Тус стратегийн хүргээгээ 2028 онд болох COP18-аар хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж байна.

Өмнөх COP дээр Саудын Арабын санаачилгаар “Riyadh Global Drought Resilience Partnership” хэмээх санаачилгыг байгуулсан. Тус санаачилга дэлхийн хамгийн буурай 80 оронд ган гачгийн эрсдэлийг даван туулахад туслах зорилготой.

Улс орнууд тус санаачилгад нийтдээ 12 тэрбум ам.долларын санхүүжилт олгох амлалт өгсөн. Энэ санхүүжилтийн ихэнх хэсгийг Персийн булангийн орнуудын хөгжлийн санхүүжилтийн байгууллагууд амласан юм. Саудын Араб энэ удаагийн COP-оор амласан санхүүжилтүүд бодитоор олгогдсон эсэх, цаашид уг санхүүжилт шаардлагатай хүмүүст хэрхэн хүрэх талаар тайлагнах төлөвтэй байна.

Мөн засгийн газрууд Монгол Улсын санаачилсан “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”-д (Rangelands Flagship Initiative) санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ зарлах төлөвтэй байгаа юм. Энэхүү санаачилга нь газрын доройтолтой тэмцэх төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт татах зорилготой юм.

Хэлэлцээ ямар зарчмаар өрнөх вэ?

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын хүрээнд үндсэн зургаан хэлэлцээний бүлэг байдаг. Үүнд Африк, Ази, Латин Америк ба Карибын орнууд, Хойд Газар дундын тэнгисийн орнууд, Төв болон Зүүн Европын орнууд, хөгжингүй ивээн тэтгэгч орнууд багтдаг. Мөн улс орнууд харьяалагддаг бүлгийн нэрийн өмнөөс бус, өөрсдийн байр суурийг бие даан илэрхийлэх боломжтой.

Цөлжилттэй тэмцэх конвенцын COP-уудын үеэр дэлхийн Хойд ба Өмнөдийн орнуудын хооронд санал зөрөлдөөн гардагч ч уур амьсгалын COP шиг хурц байдаггүй. Дэлхийн Өмнөдийн орнуудын гол төлөөллийн бүлэг болох 77-гийн бүлэг ба БНХАУ ихэвчлэн санхүүжилтийн асуудлаар байр суурь илэрхийлдэг. Санхүүжилтийн асуудал дээр хөгжиж буй орнуудын байр суурь харьцангуй нэгдмэл байдаг юм.

Иргэний нийгмийн байгууллагууд мөн хуралд оролцдог ч уур амьсгалын COP дээрх шиг дуу хоолойгоо идэвхтэй өргөж, эсэргүүцэл илэрхийлээд байдаггүй аж.

АНУ ямар байр суурьтай оролцох вэ?

АНУ НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенцоос гарсан ч Цөлжилтийн эсрэг конвенцын гишүүн хэвээр байгаа. Тиймээс тус улсын Хөдөө аж ахуйн яам болон Төрийн департаментын албан тушаалтнуудаас бүрдсэн төлөөлөгчид COP17-д оролцоно. Африкийн орнууд ган гачигтай тэмцэх протокол байгуулах тухай санаачилгаа дахин хүчтэй тавивал АНУ эсэргүүцэх төлөвтэй байна.

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ: Г.ЗОЛБОО,

С.БОРГИЛ

П.ДАВААЖАРГАЛ

О.ОНОН

Р.БОЛОР

Б.БУЯНДОРЖ

РЕДАКЦИАС: Ц.ТАМИР

О.УЛСБОЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Монголд зохион байгуулж байгаа нь өөрөө том боломж байна. Гэхдээ хурлаар гоё ярьснаас илүү бэлчээрийн доройтол, усны асуудал дээр бодит ажил үлдэх нь чухал

Зочин
Зочин

Belcheer, malchid 2-iig hamtad ni harj bodlogo gargahgui bol tseljilttai temtseh yariltsaa tsaasan deer l uldene shuu

Зочин
Зочин

COP17 Монголд болж байгаа нь сайхан хэрэг. Одоо дэлхий нийтэд Монголын бэлчээрийн асуудлыг зөвөөр ойлгуулж, бодит хөрөнгө оруулалт татах хэрэгтэй

Зочин
Зочин

Yarij baigaad l ungurdug bish, ene udaa malchid deer buuj heregjih bodlogo, sanhuujilt gargaj uguusei

Зочин
Зочин

Цөлжилт гэдэг зөвхөн байгаль орчны асуудал биш юм байна. Хүнс, эдийн засаг, малчдын амьдралтай шууд холбоотой гэдгийг илүү сайн ойлгуулах хэрэгтэй

Зочин
Зочин

Цөлжилт гэдэг зөвхөн байгаль орчны асуудал биш юм байна. Хүнс, эдийн засаг, малчдын амьдралтай шууд холбоотой гэдгийг илүү сайн ойлгуулах хэрэгтэй

Зочин
Зочин

Mongol ulsiin belcheer delhiin hemjeend yarigdaj baigaa ni sain hereg. Gehdee bid uurсduu belcheeree zuv ashiglah tal deer bas hariutslagatai

Зочин
Зочин

12 тэрбум долларын амлалт бодитоор хэрэгжсэн эсэхийг шалгах нь хамгийн чухал хэсэг юм байна. Амлалт их, үр дүн бага байж болохгүй

Зочин
Зочин

Ene hural Mongold bolj baigaagaas iluu, daraa ni yamar uldets uldeh ve gedeg ni chuhal. Sanhuujilt, tusul, bodit ajil heregtei

Зочин
Зочин

Бэлчээрийн асуудлыг олон улсын түвшинд гаргаж ирсэн нь Монголын хувьд боломж. Малчдын бодит хэрэгцээг шийдэхэд чиглүүлж чадвал бүр сайн

Зочин
Зочин

Tseljilttei temtsehdee zuvhun mod tarih geed baih bish us, belcheer, m#l aj ahui, gazar ashiglaltaa bugdiig ni tsogtsoor ni harah heregtei

Зочин
Зочин

Дэлхийн хуурай газрын 40 хувь доройтсон гэдэг тоо үнэхээр анхаарал татаж байна. Энэ асуудлыг хойшлуулсаар байвал дараагийн үеийнхэнд улам хүнд үлдэнэ

Зочин
Зочин

COP17-g Mongold hiij baigaa ni zugeer neg olon ulsiin hural bish baih heregtei. Mongoliin belcheer deer yamar bodit uurchlult garahig huleej bn

Зочин
Зочин

Gants udaa tom hural hiigeed tseljilt zogsohgui l dee. Gehdee uls ornuud negdej, sanhuu bolon technologiin demjleg gargaval ur dun garah bolomjtoi

Зочин
Зочин

Энэ хурлаас Монгол Улс зөвхөн нэр хүнд биш, бодит төсөл хөтөлбөр, санхүүжилт авч чадвал хамгийн том үр дүн тэр байх

Зочин
Зочин

3.5 HAN SAY HUNEE SHINGEEHGUI BAINA CH GEJ YU BAIHAW ENE TOM GAZAR NUTAG6 MALAA ERCHINJUUL TEGEEEL BOLOOO

Зочин
Зочин

НҮБ-ын томоохон арга хэмжээ Монгол улсад маань болж байгаад талархаж байна. ЕС Монголын уламжлалын талаар хэллээ. Энэ бол уг нь туйлын чухал асуудал. Харамсалтай нь даяаршлын улмаас байгаль дэлхийгээ сүйтгэх нь ихэсч, чөлөөт эдийн засгийг хөгжүүлэх нэрийдлээр оновчтой бус бодлого баримталсанаа, уул уурхайг шүтсэнээр иргэдийн баян, хоосны ялгаа хэт нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь эргээд байгаль орчиндоо маш хортой нөлөөтэй. Энэ мэтчилэн системийн шинжтэй асуудлын талаар ярих хэрэгтэй. Шийдэл олох хэрэгтэй байна.

Зочин
Зочин

Ganboldiin gantuya gadaad hariltsaanii yamnd bugusuuruu ajild orson y####n

Холбоотой мэдээ

Back to top button