ВИДЕО МЭДЭЭФИЛОСОФИЙН ЖҮЖГҮҮДЯРИЛЦЛАГА

ЖҮЖИГ №1: “Black Box” театрын “Годог хүлээсэн нь” жүжгийг албан ёсны эрхтэйгээр, анх удаа нийтэлж байна

EGUUR.MN сайт “BLACK BOX” театрын жүжгүүдийг албан ёсны онцгой эрхтэйгээр цувралаар хүргэх гэж байна. Тус театр нь 2013 онд байгуулагдсан цагаасаа хойш 20 гаруй жүжиг тавьсан байдаг. Харин бид энэ удаа Нобелийн шагналт зохиолч Самуэль Бэкэтийн “Годог хүлээсэн” нь жүжгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Монгол улсын мэргэжлийн театрын тайзнаа анх удаа буюу 2017 онд тавигдсан “Годог хүлээсэн нь” жүжгийн бүрэн хэмжээний бичлэг өмнө нь хаана ч нийтлэгдэж байгаагүйгээрээ онцлог юм. Бид жүжгийг бүрэн эхээр нь хүргэхээс гадна тус жүжигтэй холбоотой дэлгэрэнгүй АНАЛИЗ, жүжгийн найруулагч М.Боролдойтой хийсэн ярилцлагыг ПОДКАСТ хэлбэрээр хүргэж байна.


Жүжгийн үргэлжлэх хугацаа: 02:42:46

ГОДОГ ХҮЛЭЭСЭН НЬ БУЮУ “ГУТЛАА ҮЛ ТАНИГСАД” – АНАЛИЗ

Энэ бямба гаригт ирэхээр цаг товлосон Годо гэгчийг хүлээж буй Эстрагон, Владимир хоёрын түүх дэлхий дахинд түгжээ. Үйл ажиллагаа явуулж буй театр бүрийн чансааг сорьдог гэх энэ зохиолыг “Black box” театр Монголдоо анх удаа дэглэн, тавилаа.

Бидний хувьд пост модерн жүжгүүдийн орчуулгыг эрж хайн уншихаас өөрөөр хилийн чанадад биш л бол үзэх, харах боломжгүй байв. Улсын театр ихэвчлэн сонгодог болоод уламжлалт жүжгүүд найруулан тавьдаг тул бид тэнд постмодерн, пост постын талаар ярих боломжгүй.

Тус жүжгийн Эстрагоны дүрд “Гэгээн муза” наадмын шагналт жүжигчин Г.Мөнхжаргал, Владимирийн дүрд “Гэгээн муза” наадмын шагналт жүжигчин Д.Оюунзул, Лакигийн дүрд жүжигчин Ч.Чулуунсүх, Поззогийн дүрд жүжигчин М.Батмагнай, хүүгийн дүрд Г.Есүй тоглосон бол найруулагчаар “Гэгээн муза” наадмын шагналт найруулагч М.Боролдой ажилласан байна.

Үргэлж л саарал, дүнсгэр орчин, энгийн нэг модноос бүтдэг тайзыг тэд энэ удаа хөх болон шаргал өнгөөр салган ерөнхийдөө бараан уур амьсгал бүхий театрын орчныг өөрчилжээ. Ингэхдээ тайзанд ач холбогдол өгдөггүй абсурд театрын дүрмээр жүжигчид үзэгчидтэй аль болох ойрхон байхыг л чухалчилсан нь харагдана. Минимал тайзан дээр ганц мод, хоёр чулуу, хэсэг элс байх. Үзэгчдийн хөлний ойролцоохон Гогогийн хоёр гутал харагдана. Тэгээд л боллоо.  

Жүжигчдийн хувцас бусад орны тавилтуудтай харьцуулахад өнгөлөг, гэгээлэг байлаа. Тэд энгийн нэг тэнүүлчид биш тул хэт нооронхой, халтар хувцас сонгоогүй гэж бодно. Магадгүй Гого, Диди хоёр тайзан дээр гоё ганган хувцастай байсан ч жүжиг яг энэ агуулгаа барьж чадна. Харин өмссөн малгайны эдэлгээ, загвар нь хангалттай ихийг өгүүлэх биз.

Жүжигчид ч өөрсдийгөө илэрхийлэх гэж хэтийдсэн нүүрний хувирал, хэт жүжигчилсэн ярианууд гаргалгүй, аль болох натурал өнгө аяс, нэг хэвийн дуу хоолойгоор харилцан ярих нь абсурд театрын “гайхамшиг” нь билээ.

Зохиолын бүтэц нь:

-Владимир, Эстрагон хоёр

-Поццо, Лаки хоёр ирэх

-Владимир, Эстрагон хоёр

-Хүү ирэх

-Владимир Эстрагон хоёр аль аль үзэгдэл /2 үзэгдэл бүхий жүжиг/ яг л ийм бүтэцтэй байна.

Илүү, дутуу өрнөл, халил, уран сайхан, эхлэл, төгсгөл гэж байхгүй энэ жүжигт текстүүд чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд тайзан дээр байгаа жижиг хэрэглэлүүд болох малгай, гутал, мод зэрэг нь ихээхэн үүрэгтэй.

Текст. ХАРАМСАЛТАЙ НЬ БИД ТИЙМ Ч УРАН ЯРУУ ҮГС СОНСОХГҮЙ

Товчхондоо театр бидний амьдралын үнэнийг дэлгэн харуулах зорилготой. Сонгодгууд илүү эмх цэгцтэй, сайхнаар хүүрнэдэг, тиймдээ ч энд Хегелийн, Кантын абсолют эстетикийн тухай ярих боломжгүй. Харин абсурд нь бидний өдөр тутмын залхаг, заваан амьдралын тухай хүүрнэлийг бидний нүүрний өмнөөс “шидчихдэг”. Энд шал өөр эстетик яригдана. Тийм ч сайхан биш, таатай биш, гоё биш. Гоё сайхан үгнүүдийг хэлхдэг уламжлалт аргыг хэрэглэвэл зохиолч хэзээ ч өмнөө тавьсан зорилгодоо хүрч чадахгүй гэж Ж.П.Сартр хэлсэн нь бий. Нээрэн л бид өнөөдөр гоё сайхан үгэнд хууртахаа больсон. Үнэн үг л гоё, сайханд тооцогдоно. Абсурд текстэнд хов жив, түүх домог, амиа хорлох тухай бодол, идэх уухын зовлон, өөрийг нь ойлгохгүй байгаад гомдоллох, өөрийгөө дөвийлгөх, бусдыг шоолох, элийрэл,өдөр болж өнгөрсөн явдлууд, заримдаа гүн ухааны, судалгаа шинжилгээ, эрдэмтэн мэргэдийн үг гээд л дуусашгүй яриа бий. Гэлээ гээд хүмүүс өдөр тутамд, цаашлаад амьдралын туршид ямар ч утгагүй яриа ярьж өнгөрүүлдэг гэвэл энэ жүжгийг ч утгагүй гэж хэлж болох юм.

Хоёр үзэгдлийн туршид ихэнх текстүүд давтагддаг. Тухайлбал, “Чи ахиад л ирчихээ юу”гэж Эстрагон хэлснээр тэдний харилцан яриа эхэлдэг бол хоёрдугаар үзэгдэл ч яг л энэ үгээр эхэлнэ. Төгсгөл ч мөн ялгаагүй, нэгдүгээр үзэгдэлд:

Э: -За тэгвэл явцгаах уу?

В: -Тэгье, явцгаая;

Хоёрдугаар үзэгдэлд:

Э: -За, тэгвэл явцгаах уу?

-В: -Тэгье, явцгаая хэмээн өндөрлөнө.

Энэ удаагийн тавилтын текстэд “Наад бөндгөрөө ажлуул л даа, тэрэндээ тулж миарах юм уу, өнгөрсөн баларсан юм яриад бай, шал тэнэг юм чи араас нь харагдаад байна шүү дээ, сая ёстой тэнэгтэж өглөө шүү” гэх мэтээр зарим үед хар ярианы үгсийг ашигласан нь байв. Энэ нь жүжгийг амьдралаас хэт тасархай байхаас сэргийлэх гэсэн оролдлого болов уу гэлтэй. Текст бүртэй ажиллаж байгаа үзэгчдийн хувьд хааяа ийм энгийн хэсгүүд амралт болох нь бий.

Иймэрхүү энгийн хэллэгүүд байхад, философийн нарийн асуултуудтай хэсгүүд ч бий. Тухайлбал, Лакигийн чангаар бодох хэсгийг дурдаж болно. Лаки малгайг нь толгой дээр нь тавьсны дараа:

“Бурхныг бодит оршдог, хэн нэгэн нэгэн шиг бүтээдэг, ойлгодог, тэр тэнгэрээс биднийг хайрладаг, гэхдээ гадуурхаж хайрладаг. Яагаад гэвэл тэр биднийг ойлгох ч үгүй, хайхардаг ч үгүй, учрыг нь цаг хугацаа хэлнэ. Хөөрхий тэрний хайранд гадуурхагдсан бидний амьдрал яг там шиг, аймшигтай тамын гал шатаж байна. Мөнхийн амар амгалан, цэвэр цэнхэр диваажин, аймшигтай тамын гал шиг бодит амьдрал, дэндүү ялгаатай. Энэ ч эрдэмтэн, тэр ч эрдэмтэн, энэний ч дуусгаагүй судалгаа, тэрний ч гүйцээгээгүй туршилт нээлт, хамгийн чухал нь хадуурцгаана. Хажуугаар нь хөл бөмбөг, сагсан бөмбөг, теннис, гар бөмбөг, хоккей, усанд сэлэлт, дугуй унана, нисдэг, нисдэггүй бүх спортын төрлөөр өвөл хамар намаргүй хөөцөлдөнө. Гэлээ ч оюун санаагаараа, бие хаагаараа улам бүр доройтсоор. Нөгөө сохор, дүлий бурхныхаа хайранд ууссаар, доройтсоор, улам бүр жижгэрч, үнэгүйдсээр. Хүйтэн харанхуй дэлхий дүүрэн чулуу, гавлын яс, гавлын яс, цөл, элсэн цөл, гавлын яс… гавлын яс, теннис.. теннис.. үргэлжилсээр…” хэмээн орилсоор малгайг нь авах үед дуугүй болно. Энэ хэсэг жүжгийн тайлал ч байж болох. Учир нь энэ хэсгийг жүжгийн оргил үе хэмээн хэд хэдэн судлаачид дурдсан нь бий. Ер нь хүлцэнгүй, дорой Лакигийн үг яриа бага боловч, үйл хөдлөл, “Тор” хэмээгч бүжиг нь хүртэл текст болно.

Нөгөөтэйгүүр, жүжгийн орчуулга текстэд чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд заримдаа уран яруу эх хэлнийхээ гайхамшгийг харуулах гэж жүжгийн агуулгыг баллуурдчихдаг гэм бий. Ялангуяа театрын жүжгүүд уран яруу, үеэ элээсэн үгнүүдээс биш өндөр түвшний ойлголт бүхий үгнүүдээс бүрдэж байх хэрэгтэйг текстлогичид өгүүлдэг.Сонгодог урлаг сонирхогчид, харамсалтай нь, “Black box”-ын “Годо-г хүлээсэн” нь жүжгээс тийм ч уран, гоё үгнүүд олж сонсохгүй биз ээ.

Онол.АБСУРДЫН ТУХАЙ ЦӨӨН ХОРОМ ЯРИАД, ЦААШ НЬ

Хэн ч, хаана ч, ямар ч замаар хүрсэн үхэлтэй нүүр тулдаг.Тиймдээ ч хүмүүс амьдралыг абсурд гэх нь бий. Гэтэл абусрд гэдгийг бид утга учиргүй хэмээн хялбарчлан ойлгодог.Гэхдээ амьдрал гэдэг утга учиргүй, хоосонг сэрээж бий болсон утга учир.Хэрвээ амьдрал байгаагүй бол бодох “утга” байхгүй, “учир” үгүй. Тэгэхээр абсурд гэдэг утга учиргүй биш харин, утга учиргүйн тухай хүүрнэл юм. Хүмүүс ямар нэгэн зүйлд утга учир өгөхийг хүсдэг. Гэтэл нь тэр нь ямар ч боломжгүй. Учир нь тэр бүхэн нь зүгээр л идей. Хэн нэгнийг хамгаална гэсэн “идей”-н цаана өөр нэгэн рүү “дайрах” зөрчил үүсдэг тул утгагүй.

Хүн төрөлхтний урлаг хоёр мянганд, зуу зуун жилээр шинэ шатанд гарч, хүмүүс улам л илүү энгийн боловч илүү нарийн урлагт шимтэх болж. XVIII зуунд байсан ертөнцийг хэт механик, материаллаг харах хандлагыг үгүйсгэсэн нь рациональ хэв шинжид бус иррациональ шинжийг түлхүү авч үзэх шалтгаан болсон гэдэг. Шууд дүрслэх боломжгүй, биегүй, дүрсгүй зүйлс болох санаашрал, уйтгар гуниг, зовнил, гэмшил, айдас, түгшүүрээс төрөх сэтгэлийн “юм”-ыг үндэслэгээгээ болгов.

“Би хэн бэ? Би яагаад амьдарч байна? Би юуны төлөө амьдарч байна” зэрэг асуултыг өөрсдөдөө  тавих болсон хүн төрөлхтөн ЭКЗИСТЕНЦИАЛИЗМ*-тай танилцсан нь энэ байв.

Estragon: Nothing to be done.

*Экзистенциализм нь ХТӨ 4-р зуунд Аристотелийн асууж байсан “Бид хэрхэн амьдрах ёстой вэ?” гэх асуултаас эхлэн 1840 он Серен Кьерогер “Эсвэл, эсвэл” хэмээх номоноо амьдралыг хэрхэн хэлбэржүүлдэг болох тухай асуудлаар үргэлжлэн, 1920 онд Мартин Хайдеггерийн бидний өөрсдийн байхын тухай асуудлууд, Жан Поль Сартрын “Экзистенциализм ба хуманизм”, “Байх ба биш” номуудад энэ тухай дэлгэрэнгүй өгүүлэгдэнэ.Хайдеггер БАЙХ (Being-eng, Sein-ger)-ын тухай зургаан капитал, 400 гаруй хуудас ном бичиж ОРШИХУЙ ба БАЙХ-ын ялгааг сайтар гаргасан байдаг. Үүнд, Байгаанууд Оршиж, оршихуйгаас салж “БАЙХ” гэсэн ойлголтыг дэвшүүлдэг. Хайдэггерийн БАЙХ-ын философоор Годог хүлээгчид БАЙГААГҮЙ гэдгийг хэлэх гэсэн санаа. Тэд зүгээр л оршигчид, ертөнц дээр шидэгдсэн дазайнууд. Хүн биш. Байсан шиг байж чадаагүй тул тэд зүгээр л дазайнууд. Учир нь БАЙХ боломжит байгаануудыг бид Дазайн гэдэг билээ.

Энэ бүх бодлууд Абсурд урлаг үүсэх суурь нь болсон байдаг.Хүмүүс илүү их бодож эхэлсэн цагаас л хоосрол, юу ч үгүй байдал, эзгүйрэл, шийдвэргүйтэл зэрэг абсурдын гол хэллэгүүд “сэрэв”. Хэлээгүй юу, энэ мэтээр бид амьдралыг утга учиргүй гэж утга өгч байгаа биз.

Утга.ТЭГЭЭД ЯГ ЮУГ ӨГҮҮЛЭХИЙГ ХҮССЭН ЮМ БЭ?

Бурхны тухай

Зарим судлаачид “Годо” /Godot/ хэмээх нэр нь англи хэлний “бурхан” /God/ гэсэн үгийн төсөөт дуудлага хэмээн үздэг.

Беккетийн оюун санааны ертөнц нийгмийн гүн гүнзгий хямрал, тогтворгүй байдал, нийт нийгмийг хамарсан гутралын цаг үетэй давхцаж төлөвшсөн. Тухайн үед эх оронд нь үндэсний үзэл гаарч, шашин сүм хийдийн ноёрхол хэмжээ хязгаараас хальсан үе байсан. Тэрээр Францад төвхнөөд байх үеэрээ энэ жүжгийг бичсэн. Тиймдээ ч шашинд хэт авдаж, бурханд бүхнээ найдах болсон хүмүүст зориулан энэ жүжгийг бичсэн гэх. Нөгөөтэйгүүр, бурхны элч болох хүүг ирэхэд Владимир асууж шалгаасаар Годогийн гадаад төрхийг өчүүхэн дүрслүүлнэ. Годо нь цагаан сахалтай тул яг л эцэг бурхныг санагдуулдаг хэмээн зарим судлаачид өгүүлнэ.

Түүнчлэн Лакигийн хэлсэн үгэнд ялгавартай бурхны тухай дурдаад, бурхан биднийг ойлгодоггүй, хайхардаггүй хэмээдэг. Иймд хүн төрөлхтөнд тэрээр “бурханыг чи хүлээж болно, тэр чамд байгаагаа мэдрүүлж болно, гэхдээ тэр хэзээ ч ирэхгүй, байхгүй, та нар бурхныг хүлээсээр үхэлтэй л нүүр тулна” гэсэн утгыг уг зохиолоор илэрхийлсэн гэх нийтлэг тайлбар байдаг.

Харин автор өөрөө энэ талаар “Хэрэв би бурхны тухай бичих гэж байсан бол элдэв нэр томъёо хэрэглэлгүй зүгээр л бурхан гэх байсан. Би жүжгээ франц хэлээр бичсэн” гэж байв.

Хүлээж байгаа зүйл чинь юу ч биш

Тэгвэл франц хэлээр энэ үгийг хайж үзэхэд “гутал” /godillot/гэсэн үгнээс гаралтай байна. Найруулагч Рожер Блинд “Годо гэдэг франц хэлний гутал гэсэн үгнээс гаралтай бөгөөд жүжгийн хамгийн чухал объект нь хөл” хэмээн ам алдаж байсан түүхтэй. Үнэхээр жүжигт гутал нэлээдгүй чухал байр суурийг эзэлдэг. Тэгвэл гутал юуг илэрхийлдэг вэ? гэх нэгэн асуулт урган гарч ирснийг /1.3/ хэсэгт тайлбарлана.

Доорх тайлбараас үзэхэд, Беккет эцэст нь “Юу ч биш зүйл нь л ЮМ байжээ” гэдгийг хэлж, биднээр тохуурхсан байж таарах нь.

1.ДҮРҮҮД

1.1Владимир, Эстрагон

-Оптимист , Пессимист хоёр

Владимир, Эстрагон хоёр амьдрал дахь оптимист, пессимист хоёр дүрийн илэрхийлэл. Нэг нь асуудалд аль болох өөдрөг, нөгөөх нь гутрангуй хандана. Тухайлбал, Владимир модонд навч байхгүйг хараад улирал нь биш юм гэхэд Эстрагон үүнийг сөөг гээд өөрсдийгөө буруу газар хүлээж байна гэх. Тэлээгээрээ өөрсдийгөө боомилох асуудалд ч Эстрагон ямар нэгэн болохгүй, бүтэхгүй шалтаг олж тэд зүгээр л сууж байсан нь дээр юм гэдэг шийдэлд хүрнэ.

Владимир оптимист тул Годог ирэхэд итгэж байгаа. Тэрээр Годог ирнэ гэдэг итгэл Эстрагонд өгнө. “Гого, битгий ийм бай л даа. Маргааш бүх зүйл сайхан болно” гээд Годог ирж тэднийг аварна, ямар нэгэн зүйл хэлнэ гэдэгт үргэлж л итгэлтэй байна. Эстрагон эсрэгээрээ, гомдоллоно, залхана, явах гэж оролдоно, үгүйсгэнэ, уйлна, хашгирна. Владимир Эстрагонд дуу дуулж өгнө, хоол олж өгнө, олон зүйлийг заана, ярьж өгнө гээд яг л хүүхэд шигээ хандана.

Гэсэн ч бид оптимист гэдгийг шууд өөдрөг гээд зөв хандлагад тооцох нь учир дутагдалтай. Тэд ихэвчлэн аливаад хэт өөдрөг, итгэлтэй хандсанаараа буруудах, алдах нь их. Нөгөө талаар пессимист буюу бидний гутранги гэж нэрлэгсэд асуудалд илүү ул суурьтай хандаж, байж болох эрсдэлийг тооцсоноороо зөвдөх нь олонтаа.

-Ид Эго хоёр

Психоанализмыг үндэслэгч Зигмунд Фрейдийн онолоор тэдний зан төлвийг тайлбарлах нь ч бий. Эстрагоны хураангуй нэр болох Гого бол Эгог (э)го-(э)го илэрхийлж, харин Владимирийн Диди гэх товчилсон нэр Идийг (Ид-ид)төлөөлж байгаа гэх таамаг ч бий. Поццо болон Лаки, Гого болон Диди нар шиг “хамтарсан” дүрүүд нь ихэвчлэн характерын хоёр эсрэг туйлыг харуулдаг.

-Хүйсийн харилцаа

Театрууд ихэвчлэн Диди, Гого хоёрын дүрийг эрэгтэй жүжигчдээр шийддэг. “Black box” театрын зоригтой шийдэл нь тэднийг эрэгтэй, эмэгтэйгээр төсөөлсөн явдал байв. Нэг талаар энэ нь хүйсийн харилцаа буюу эр эмийн дурлалын тухай жүжиг болж, үндсэн агуулга, үндсэн асуултуудыг хоёрдугаарт тавигдах эрсдэлийг бий болгосон. Гэвч тоглолтын явцад ямар нэгэн эр эмийн гэх харилцаа олж харагдаагүй, гол асуудалдаа анхаарлаа хандуулах боломжтой байв.

Ингэхээр тэд их эрсдлийг хүлээснээрээ илүү ололтыг авсан ч байж болох юм. Учир нь Гого болон Дидиг зарим судлаачид “гомосексуаль” харилцаатай хэмээн үздэг бөгөөд энэ нь ч жүжгийн агуулгад заримдаа хэт буруугаар нөлөөлөх нь бий.

1.2 Мод:

Модны тухай ярихад шууд л “Библи”-ийн тухай яригддаг. Есүсийн цовдлогдсон хэрээсийг заримдаа мод хэмээн тэмдэглэдэг бөгөөд Владимир, Эстрагон хоёр модноос дүүжлэгдэхээр бодлогоширч буй нь цовдлыг ишилсэн байх магадлалтай хэмээн үздэг. Гэхдээ энэ хоёрыг Есүс биш Есүстэй хамт цовдлогдсон хоёр хулгайчийг гэж бодож болно. Энэ нь Владимирын ярьдаг түүхтэй сайхан таардаг;

Түүний ярьснаар хоёр хулгайч байх бөгөөд нэг нь аврагдаж, нөгөөх нь хараагдах ёстой. Энэ агуулгаар авч үзвэл ирээдүйд Диди болон Гого нарт аврагдах тавь тавин хувийн боломж бий. Тэгээд ч Библид “Амьдралын мод” /Tree of life/-ны тухай өгүүлсэн байдаг.

Нэг болон хоёрдугаар үзэгдлийн дунд модны навч соёолсон нь бидэнд хачирхалтай санагдаж буй ч энэ нь сэргэн мандалт: итгэл найдвар, өсөлт, амьдралыг бэлэгдэж байж болох талтай. Гэхдээ хоёр үзэгдэлд гарч буй үйл явдлуудаас мод ганцаараа эсрэг байна. Нэгдүгээр үзэгдэлд байсан зүйлс хоёрдугаар үзэгдэлд ихэвчлэн уналтад орж, мууддаг. Тэдний хүнс багасаж, улам л зовж, Поццо, Лаки нар сохорч, дүлийрсэн зэргийг дурдаж болно. Харин мод л ургаж, нахиалсан байна.

1.3 Гутал

Гуталнууд нь Эстрагоны элемент бол малгай нь Владимирын элемэнт юм. Малгай нь Владимирын бодогч болон философич дүрийг илэрхийлдэг бол гутал нь Эстрагоны “газарт буусан”, илүү сэтгэлийн хөдөлгөөнтэй, илүү реалист, суурьтай боддогдүр болохыг бидэнд харуулдаг. Мөн  Эстрагон нь Годо-г ирнэ гэдэгт итгэл муутай, үнэмшил багатай хандана. “Газардсан” дүрийн хувьд тэрээр Владимирээс илүү тухайн мөчдөө л санаа зовнидог тул өөрийнхөө зовлон шаналлаас амархан сатаардаг.

Эстрагоны гуталнууд нь хэтэрхий бариу бөгөөд хөлийг нь өвтгөдөг. Гутлыг хэрэв соёл, нийгэм гэж үзвэл энэ нийгэмшил нь хүнийг хязгаарлаж, ганцаардал, тусгаарлалтад оруулж өвдөлт үүсгэнэ. Эстрагон гуталнаасаа болж өдөр тутамд зовдог зовлон нь хүмүүсийн ахуй амьдралын зовлонгууд юм. “Чи олон юм ярьж байхаар энэ гутлыг тайлахад туслаач” гэж Гого хэлнэ. Өөрийн зовлон шаналалд хэн нэгэн заавал буруутан болж, хэн нэгэн заавал туслах ёстой гэсэн хүмүүсийн хандлагыг энэ үгээр илэрхийлнэ.

Диди хариуд нь “Надад ч бас зовлон байгаа шүү дээ, бүр тоо томшгүй. Миний оронд чи байсан бол юу гэх байсан болдоо, сонсох юмсан” гэхэд Гого “Чиний сэтгэл тэгээд өвдөөд байгаа юм уу” гэж асуух нь үүнийг нотолно. Гого уйлна.

Гэвч маргааш нь Гого өчигдрийнхөө гутлыг буюу зовлонг мартчихаад, дахиад л шинээр өмсчихнө.

Годо гэдэг нь ердөө гутал байж гэж гэсэн нэг шийдлийг бид өмнө ярилцсан. Тэгэхээр гутал бол бидний өдөр тутмын зовлон байж. Бидний хүлээгээд байгаа зүйл бол маргаашийн л зовлон, нэг үгээр хэлбэл “маргааш”. Тиймээс л найруулагч Рожер бидэнд “Жүжгийн маань хамгийн чухал объект нь хөл юм” хэмээн хэлээд байж. Хөл гэдэг нь бид л байж.

1.4 Малгай:

Энэ жүжигт таван дүр байх бөгөөд хүүгээс бусад нь бүгд малгай өмсөнө. Гутал нь малгайтай адилаар нийгэмшил болон хүний байдлыг бэлэгддэг. Нийгэмшил нь гутал бол амьдралын чухал хэсэг хэмээн хэлдэг. Лакки малгайгүйгээр бодож чаддаггүй, малгайг нь тавихаар гүн ухаанч аятай аяглана. Тэд явахдаа Лаккигийн малгайг орхичхоод явчихна, харин маргааш нь тэр дүлийрсэн байна. Харин жүжгийн явцад Лаккигийн хаягдсан малгайг Владимир, Эстрагон хоёр солилцон өмсөх бөгөөд эцэст нь Эстрагон өөрийнхөө малгайтай, Владимир Лаккигийн малгайг өмсөнө. Ингэснээрээ Владимир өөрийгөө Лакки мэт сэтгэнэ хэмээн бодох бөгөөд юм ярих бүрдээ л малгайгаа авч дотогш өнгийн харна.

1.5. Лакки

Лакки гэсэн нэр нь азтай гэсэн агуулгыг энэ зохиолд илэрхийлж буй. Бүгд л хийх ёстой зүйлсээ хайж, хэрхэн цагаа өнгөрүүлэх тухай бодож байхад Лаккигийн хийх зүйлийг Поццо бодож олно, бас өөрийнхийгөө бодно. Гэхдээ Поццогийн тушаалгүйгээр Лаки хаашаа ч хөдлөхгүй, Лакигүйгээр Поццо урагшлах боломжгүй. Тэд бие биеийхээ амьдралын үнэ цэнэ нь болж байна. Судлаачид тэдний дүрээр ихэвчлэн морал болон улс төрийн агуулгыг илэрхийлэх гэж зорьдог тул энд дэлгэрэнгүй бичихийг азная.

Life is not what we live, it is what we imagine we are living” гэдэгчлэн бид төсөөллөө л амьдрал гэж байгаа биш үү.


ПОДКАСТ

Ярилцлагын хэсгээс:

-Үзэгчийн хувьд би тэр гутлыг нийгмийн асуудал, зовлон юм уу даа гэж ойлгосон. Өнөөдөр өөрийг нь өвтгөж байхад тайлж шидчихээд маргааш нь ахиад л тэр гутлаа танихгүй аваад өмсчихөж байгаа нь бидний амьдрал мэт. Нэгэнт үзэгчдийг өөрийнхөөрөө ойлгож болно гээд сануулчихсан тул найруулагчийн хувьд хэрхэн харж, шийдсэн тухай ярьчихвал болохгүй юу? 

-Гутал. Байх ёстой юу байх ёстой, өмсөх гэхээр хэцүү. Зовлон. Ямар ч зовлон байж болно. Нийгэмтэй, шашинтай, хувь хүнтэй өөртэй нь ч холбоотой байж болох. Би тайлбарлах сонин биш. Үзэгчид л юу гэж харах сонин. Та тухайлбал, нийгмийн асуудал гэж харсан байна. Харин би муухайгаар тайлбарлахад, зохиолч гуталтай байна гэж бичсэн учраас гуталтай байлгах гээд л оруулсан. /инээв. сурв/

УРАН БҮТЭЭЛЧИД :

Найруулагч М.Боролдой

Дүрийн найруулагч Л.Эрдэнэ-Очир

Орчуулсан Б.Цацрал

Эстрагон – Г.Мөнхжаргал

Владимир – Д.Оюунзул

Лаки – Ч.Чулуунсүх

Поззо – М.Батмагнай

Хүү – Г.Есүй

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

1
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
1 Сэтгэгдлүүд
0 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Зочин
Зочин

Jvjig toglogdohu

Back to top button