Энэтхэгт хөл хориог эсэргүүцсэн бүлэг иргэд цагдаа руу халджээ

Бүгд Найрамдах Энэтхэг Улсад байгаа Монгол Улсын иргэдээс Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга бөгөөд Улсын онцгой комиссын орлогч дарга Т.Бадрал, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нарт хандан 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр гурав дахь удаагаа өргөдөл гаргасныг манай сайт өнгөрсөн долоо хоногт бүрэн эхээр нь хүргэсэн билээ.
Тэд өргөдөлдөө Энэтхэг Улс дахь коронавируст халдварын тоо эрчимтэй нэмэгдэж, цар тахалд нэрвэгдэж болзошгүй байгаагийн дээр ирээдүйд бодитой нүүрлэж болзошгүй өлсгөлөн, үймээн самууны золиос болох эрсдэлээс өдөр ирэх тусам түгшиж байгаа талаар өгүүлсэн. Энэтхэгт 3 дугаар сарын 22-ноос 4 дүгээр сарын 15-ныг хүртэл тогтоосон бүх нийтийн хөл хориог 4 дүгээр сарыг дуустал байхаар урьдчилсан байдлаар сунгаад байгаа юм.
Тэгвэл тус улсын нийслэл Шинэ Дели хотоос холгүй орших Панжаб мужид өчигдөр /2020.4.12/ хөл хориог эсэргүүцсэн бүлэг иргэд хүнсний ногооны захын хориглолтыг машинаар дайран гарч, хөл хорионы дэглэм сахиулж байсан цагдаа нарын биед халдаад, зугтсан хэрэг гарчээ. Энэ үеэр нэг цагдаагийн гар халдлага үйлдэгсдийн сэлэмд өртөн цавчигдаж, хоёр цагдаа шархтаж, гараа цавчуулсан цагдаагийн ажилтан 8 цаг орчим үргэлжилсэн хагалгаанд орсон байна.

Халдлага үйлдсэн этгээдүүдийг цагдаагийн тусгай хүчнийхэн 2 цаг гаран үргэлжилсэн тусгай ажиллагааны үр дүнд буулган авч, баривчилжээ. Тэдгээр иргэд нэгэн шашны бүлэглэлийнхэн байсан ба сэлэм, хутгаар зэвсэглэсэн байснаас гадна тэсрэх бодисын зориулалтаар газын баллон тээвэрлэж явсныг илрүүлсэн байна.
Тус улсад өвчин тахал, хөл хорио, хоол хүнсний хомсдолоос улбаатайгаар үймээн самуун дэгдэж болзошгүйг илтгэх үйл явдлууд энд тэнд гарч байгаа аж. Ийм учраас энэ байдлаас сэргийлэх зорилгоор нийт цагдаа, хамгаалалтын ажилтнуудаас гадна 1 сая орчим явган цэргийг хөл хорионы үеийн хамгаалалт, дэглэм сахиулахаар гаргаж байгаа гэх мэдээлэл бий.
Энэтхэгт байгаа монгол иргэдийн өргөдөлд үймээн самууны аюул нүүрлэж болзошгүй талаар “Энэтхэгийн ард түмэн бид өөрсдөө биш, гадаад хүмүүсээс коронавирус гарсан, тэд бидэнд энэ тахлыг авчирсан гэсэн итгэл үнэмшилтэй байгаа юм. Энэ бол тус улсад суралцаж байгаа гадаад оюутнуудад, тэр дундаа ази төрхтэй хүмүүст сургуулийн захиргаанаас нь хүртэл онцгойлон анхааруулж байгаа анхааруулга болно. Иймд өвчин тахал хяналтаас гарч, хоол хүнсний хомсдолд орж, өлсгөлөнд нэрвэгдээд, нөхцөл байдал хүндрээд ирвэл гадаад иргэдийн амьдран суугаа газар луу дайрч халдах вий гэдгээс тус улсад коронавирус илэрсэн цагаас эхлэн элдэв төрлийн ялгаварлан гадуурхлыг өөрийн биеэр мэдэрч, туулсаар байгаа иргэд бид болгоомжилж, өдөр ирэх тусам түгшиж байна” гээд, тус улсад нөхцөл байдал харьцангуй хяналтад, эрсдэл бага байгаа дээр нь, улс орондоо эрсдэл болохоосоо өмнө нутаг буцахыг хүсэж байгаа талаар бичжээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.