НийгмийнНИЙГЭМ

Халдварын сацуу өлсгөлөн, үймээн самууны золиос болох аюул Энэтхэгт гацсан монголчуудад тулгарчээ

Коронавирусийн халдварын улмаас Энэтхэг улсаас эх орондоо ирэх боломжгүй болоод байгаа монгол иргэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд бөгөөд УОК-ын дарга Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга бөгөөд УОК-ын орлогч дарга, хошууч генерал Т.Бадрал, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нарт хандан өргөдөл гаргажээ. Эл өргөдлийг бүрэн эхээр нь хүргэе.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ, МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА Ө.ЭНХТҮВШИН, ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА БӨГӨӨД УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ОРЛОГЧ ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Т.БАДРАЛ, ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР НАР ТАНАА

2020.04.06 №03 Энэтхэг Улс

Өргөдөл гаргах нь

Бүгд Найрамдах Энэтхэг Улсад байгаа Монгол Улсын иргэдийн төлөөллөөс 2020 оны 3 дугаар сарын 23 болон 30-ны өдөр төр, засгийн холбогдох байгууллагуудад хандан өргөдөл хүсэлт гаргасан. Үүнээс хойш тус улсад шинэ төрлийн коронавируст (COVID-19) халдвар эрчимтэйгээр тархаж, өдөр ирэх тусам нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа тул ийнхүү дахин хандаж байна.

Юуны өмнө Энэтхэгт байгаа монголчууд бол коронавируст халдварын үеэр дэлхийн өнцөг булан бүрд хүнд нөхцөл байдалд байгаа олон монголчуудын л нэг хэсэг нь юм гэдгийг хэлэх нь зүйтэй. Энд эмчилгээ хагалгаанд ирсэн, тэднийг асран халамжилж байгаа, ахмад настай, нялх нярай хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, шашны ном үзэж байгаа хүүхэд багачууд, лам хувраг, хувиараа болон Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан урт болон богино хугацаагаар суралцаж байгаа оюутан залуус, төрийн албан хаагчид, түр хугацаагаар зорчиж явсан гээд олон төрлийн шалтгаан нөхцөлтэй хүмүүс бий.

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2332531390387846&id=100008930231563
https://www.facebook.com/ganbaa.qwe/posts/2955960857799724

Бид өдөр тутамдаа ялгаварлан гадуурхалд өртөх, халдлага дайралтын золиос болох, сэтгэл санааны хохирол амсах, хоол хүнсний хомсдолд орох, өвчин тахлын халдвар авах эрсдэл, мөнгө санхүү дуусах, орон байр олдохгүй байх гээд олон бэрхшээлтэй тулгарч байгаа хэдий ч улс эх орон маань удахгүй иргэдээ авна гэсэн итгэлээр асуудал эрсдэлийг даван туулж байна. Хэдий тийм боловч тус улсад ирээдүйд бодитой нүүрлэж болох дараах хэд хэдэн аюул гамшгаас энд байгаа хүн бүр өдөр ирэх тусам түгшиж, улс орон, төр засгийнхаа шийдвэрийг хүлээж байгаа учраас ийнхүү ахин дахин хандаж байгаа учиртайг ойлгуулахыг хүсэж байна.

Өвчин тахлын аюул

Дэлхий дахинд коронавируст халдвар тархаж байгаа жишээ, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын 1.3 тэрбум хүн амын нягтаршил, түүний ихээхэн хувийг ядуус эзэлдэг, эрүүл мэнд, халдвар хамгааллын дэглэм барих боломж хомс нийгэм, соёлын байдал, тус улсад халдвар илэрч буй тоон үзүүлэлтээс харахад Энэтхэг Улс дэлхий дахинаа коронавируст халдварын томоохон голомт болох, цар тахлын гамшиг нүүрлэх нь цаг хугацааны л асуудал болж байна. Энэтхэгийн халдвар судлаачид 2020 оны 4 дүгээр сарын 15 гэхэд халдварын тоо огцом нэмэгдэнэ, түүнчлэн Энэтхэгийн нийт хүн амын 10 хувь нь халдвар авах магадлалтай байна хэмээн тооцоолж, нөхцөл байдал хамгийн хүнд орон болж магадгүй гэдгийг аль эрт анхааруулчихаад байгаа юм.

Өлсгөлөнгийн аюул

Энэтхэгийн Засгийн газраас онцгой байдлын үеийн гамшгийн сургалтыг 2020 оны 3 дугаар сарын 22-нд нэг өдрөөр зохион байгуулж, хөл хорио тогтоомогцоо үргэлжлүүлэн ямар ч анхааруулга, бэлтгэлгүйгээр 1.3 тэрбум хүнд шууд хөл хорио тогтоосноор улс нийтээрээ хоол хүнсний хомсдолд орох, өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэл рүү шилжсэн. Томоохон хотуудад цагийн ажил хийж амьдралаа залгуулдаг олон зуун мянган хүн гудамжинд хоног төөрүүлж, хотод үлдвэл өлсөж үхэх учраас орон нутгийн нийтийн тээврийн буудал, вокзалууд дээр хэдэн мянгаараа цугларч, төрөлх тосгон руугаа явахыг оролдох, олон зуун километрийг явганаар алхах зэрэг томоохон эрсдэлийг хаа сайгүй туулж байгааг мэдээлж байна. Хөл хориог 4 дүгээр сарын 15-наас 5 хоног нээгээд цаашид 2 сарын хугацаанд үргэлжлүүлэх шийдвэр гарах нь ихэнх сувгаар баталгаажиж байна. Энэтхэгийн болон дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хөл хорио удаан хугацаагаар үргэлжилбэл тус улсын олон сая хүн коронавирусний тахалтай зэрэгцэн өлсгөлөнд нэрвэгдэж үхэх аюул нүүрлэж болзошгүй гэдгийг анхааруулж байна.

https://www.facebook.com/www.Tug.mn/videos/563029464368986/?v=563029464368986

Үймээн самууны аюул

Өвчин тахал, өлсгөлөн зовлонгийн нэрвэгдлээс улбаатайгаар тус улсад үймээн самууны аюул нүүрлэж болзошгүйг илтгэх үйл явдлууд энд тэнд гарч байна. Ийм учраас энэ байдлаас сэргийлэх зорилгоор 1 сая орчим явган цэргийг хөл хорионы үеийн хамгаалалтад гаргаж байгаа гэх мэдээлэл бий. Энэтхэгийн ард түмэн бид өөрсдөө биш, гадаад хүмүүсээс коронавирус гарсан, тэд бидэнд энэ тахлыг авчирсан гэсэн итгэл үнэмшилтэй байгаа юм. Энэ бол тус улсад суралцаж байгаа гадаад оюутнуудад, тэр дундаа ази төрхтэй хүмүүст сургуулийн захиргаанаас нь хүртэл онцгойлон анхааруулж байгаа анхааруулга болно. Иймд өвчин тахал хяналтаас гарч, хоол хүнсний хомсдолд орж, өлсгөлөнд нэрвэгдээд, нөхцөл байдал хүндрээд ирвэл гадаад иргэдийн амьдран суугаа газар луу дайрч халдах вий гэдгээс тус улсад коронавирус илэрсэн цагаас эхлэн элдэв төрлийн ялгаварлан гадуурхлыг өөрийн биеэр мэдэрч, туулсаар байгаа иргэд бид болгоомжилж, өдөр ирэх тусам түгшиж байна.

Дэлхий нийт Энэтхэгт коронавирусний халдвар нэгэнт тархаж эхэлбэл хяналтаасаа алдаж, цар тахал, өлсгөлөн зовлон, үймээн самууны гамшиг нүүрлэж болзошгүй эрсдэлийг тооцоолж, Энэтхэгийн талын тусламжтайгаар иргэдээ шуурхай татаад үндсэндээ дуусаж байна. Энэтхэг Улсаас бусад улсууд иргэдээ чөлөөтэй авч байгаа туршлага байгаа учраас манай улсаас тусгай үүргийн нислэг үйлдэх талаар харилцан тохиролцох боломж нээлттэй байгаа гэж үзэж байна.

Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин зөвхөн агаарын хэлэлцээртэй орноос иргэдээ татан авах боломжтойг мэдэгдэж байгаа бөгөөд сүүлийн үеийн жишээ татахад Далай лам ном айлдах үеэр Энэтхэгийн Дарамсала руу хэд хэдэн удаа, 2019 оны 9 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Энэтхэг Улсад Төрийн айлчлал хийх үеэр Монгол Улсаас Энэтхэг Улс руу шууд нислэг үйлдсэн, манай улстай “Агаарын харилцааны тухай хэлэлцээр”-тэй 40 улсын нэг нь тус улс мөн.

Гадаадаас тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн манай улсын иргэдээс илэрсэн коронавируст халдварын 11 тохиолдол нь тухайн оронд нөхцөл байдал хүндрэхээс өмнө иргэдээ татан авах нь иргэндээ болон улс орондоо учрах эрсдэлийг төдий чинээ бууруулах, урьдчилан сэргийлэх боломжтой болохыг зүй ёсоор ойлгуулж байна. Бид Энэтхэг оронд нөхцөл байдал харьцангуй хяналтад, эрсдэл бага байгаа дээр нь, улс орондоо эрсдэл болохоосоо өмнө нутаг буцахыг л хүсэж байна. Заавал улсынх нь иргэд нь өвчин тахал, өлсгөлөн зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулсан хойно, халдлага дайралтад өртөж, эрүүл мэнд, амь насаараа хохирсон хойно манай төр засгаас анхаарч, арга хэмжээ аваасай гэж хүсэхгүй байна.

Иймд Бүгд Найрамдах Энэтхэг Улсад нөхцөл байдал улам дордохоос өмнө иргэдээ татан авах асуудлыг яаралтай судалж, шийдвэрлэх шаардлагатай байгааг Та бүхэнд ахин сануулж, аль боломжит ойрын хугацаанд тус улс руу тусгай үүргийн нислэг үйлдэж өгнө үү хэмээн улс эх орондоо учрах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн үүднээс дахин хичээнгүйлэн хүсэж байна.

Бүгд Найрамдах Энэтхэг Улс дахь шинэ төрлийн коронавируст (COVID-19) халдварын бүртгэлийг өргөдөл гаргах үеийн тоон үзүүлэлтээр мэдээлэв.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсад 2020 оны 01 дүгээр сарын 30-нд шинэ төрлийн коронавируст (COVID-19) халдварын 3 тохиолдол анх бүртгэгдсэн ч тун удалгүй халдварласан тохиолдлууд эдгэсэн гэсэн мэдээлэл гарсан билээ.

2020 оны 3 дугаар сарын 03, 04-ний орчимд тус улсад ахин коронавируст халдварын 30 орчим шинэ тохиолдол нэгэн зэрэг шахам бүртгэгдсэн. Үүнээс хойш илэрсэн халдварын тоо эхлээд өдөрт дундажаар 20 орчмоор нэмэгдэж байсан бол биднийг анх өргөдөл гаргаж байхад 100, 100-гаар нэмэгдэж, 2020 оны 3 дугаар сарын 23-ны өглөөний байдлаар 428 тохиолдол байснаас 7 хоногийн дараа биднийг 2 дахь удаагаа төр, засгийн холбогдох байгууллагуудад хандахад 200, 200-гаар нэмэгдэж, 3 дугаар сарын 30-ны өглөөний байдлаар 1071 болж, өмнөх 7 хоногоос 643-аар нэмэгдсэн байлаа.

Одоо 7 хоногийн дараа биднийг 3 дахь удаагаа хандаж байгаа энэ үед халдварын тоо өдөрт 500, 600-гаар нэмэгдэж, 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өглөөний байдлаар 4067 болж, 7 хоногийн өмнөхөөс 3000-аар нэмэгдээд байна.

Бид цаашид манай улс Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас иргэдээ татан авах шийдвэр гаргах, эс гаргахаас хамааран 7 хоног бүр өргөдлөө хүргүүлэх болно гэж төлөвлөж байна. Хэрэв дараагийн 7 хоногт дахин өргөдөл гаргахаар болсон тохиолдолд дээрх тоо 10 мянга байх уу, 20 мянга байх уу гэдэг нь тоон үзүүлэлтээс тодорхой болж байна.

Өргөдлийн дугаар Өргөдлийн огноо Энэтхэг Улс дахь халдварын тоо Нас барсан Эдгэрсэн Өмнөх 7 хоногоос нэмэгдсэн тоо Сүүлийн өдрүүдэд шинээр нэмэгдсэн халдвар тоо /өдрийн дундаж/
№ 01 2020.3.23 428 7 24 112 100
№ 02 2020.3.30 1071 25 87 643 200
№ 03 2020.4.06 4067 109 292 2996 600
№ 04 2020.4.13          

Жич: Бүгд Найрамдах Энэтхэг Улс дахь шинэ төрлийн коронавируст (COVID-19) халдварын бүртгэлийг өргөдөл гаргах үеийн тоон үзүүлэлтээр гаргаж хавсаргав.

БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСАД БАЙГАА МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button