СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

Б.Төрөө: “НОМТОЙ ХУДАГ” хийх санааг хүү минь надад анх хэлсэн

Энэ удаа бид “Номтой худаг” ажиллуулдаг гэх нэгэн иргэнтэй ярилцахаар Налайх дүүргийн гуравдугаар хороонд байрлах буйдхан газрыг зорилоо.  Халуун нартай өдөр хаягийн дагуу биднийг очиход хүйтэн усаар дайлан, явахад халуун цайгаар үдсэн Б.Төрөө хэмээх хөдөлмөрч, шинийг санаачлагч эмэгтэйтэй хийсэн ярилцлагаа уншигч та бүхэндээ хүргэж байна.

-ГЭРЭЭРЭЭ ДҮҮРЭН НОМТОЙ БОЛОХООР АНХ ХАМААТНУУДЫГАА УНШ ГЭДЭГ БАЙСАН-

-Сайн байна ууЯрилцлагын эхэнд өөрийнхөө тухай товчхон танилцуулахгүй юу?

-Сайн, сайн байна уу, Намайг Төрөө гэдэг. Налайхын голомтод 1996 онд наймдугаар анги төгссөн. Манайх малчин болохоор хөдөө амьдарч байгаад нөхөртэйгөө танилцан нүүж ирээд 21 жил хамт амьдарч байна. Ам бүл дөрвүүл.

-Та анх худаг нээж байсан түүхээсээ хуваалцахгүй юу? 

-2015 оны 12 сарын 15-нд анх ашиглалтанд оруулсан. Цаанаасаа тендер зарлаад энэ худгийг хүмүүс барьж, ус сувгаас усыг нь ажиллуулж эхэлсэн. Одоо ардчилсан намын дарга Дашхүү гэж мундаг хүн бий. Тэр намайг  анх “Чи л энэ хавиас чадах хүний нэг, чамд итгэж найдаж байна. Энийг ажиллуулаач” гэж хэлсэн. Манай охин тэр үед дөнгөж нэг нас хүрч байсан. Одоо бол таван настай сэргэлэн охин бий. Анх худгийн маань дотор хана цэцэрлэг шиг л байсан. Би зурганд авьяастай болохоор бамбарууш хүүхэлдэйн баатруудыг ханаараа нэг зурчихдаг байсан. Одоо бол бүгдийг нь арилгачихсан, хананы дээд хэсэгт кетти муурны толгойн зураг л үлдсэн байна. Будаг нь олддог бол эндээ байгалийн зураг зураад суумаар санагддаг.  Айлууд будаг, плита, тавилга гээд янз бүрийн үлдэгдэл зүйлсээ авчирж өгдөг. Энэ хавийн бүх айлууд эндээс усаа авдаг. Хэцүүхэн айлууд ч бий, гайгүй айлууд ч бий. Зарим нь өртэй. Усны мөнгөө зээлж авна шүү дээ.

-Номнуудынхаа тухай яриач. Анх яагаад худагтаа номнууд цуглуулах болсон бэ?

-Номнуудын тухайд том хүү маань санаачилсан. Одоо 18-тай барилгын инженерээр сурдаг оюутан хүү бий. Уран зохиолын болон хэлний ном сайн уншдаг, фэйсбүүкийн “Тархи цэнэглэгч номын клуб”-д явдаг шүү дээ. Гэрт ном хөглөрөөд байсан болохоор хамаатнуудаа ирэхээр “аваад яв, ном унш” гээд их “шахдаг” байсан. Харин нэг өдөр хүү маань “Та ингэж байхаар гоё номтой худаг ажиллуулаач” хэмээн зөвлөсөн. Тэгээд л номнуудаа худагтаа аваад ирсэн чинь хүмүүс их сонирхож уншдаг болсон.

-НЭГ НОМ ДОЛОО ХОНОГИЙН 1000 ТӨГРӨГИЙН ТАРИФТАЙ-

-Ихэвчлэн ямар насны хүмүүс авч уншиж байна вэ?

-Бүх л насны хүмүүс уншина даа. Уран зохиолын номнууд их эрэлттэй байдаг. Хүүхдүүд хэлний ном аваад л явна. Хүнд зүгээр ном өгөөд явуулахаар буцааж авчрахгүй хэцүү шүүдээ. Тийм учраас долоо хоногийн 1000 төгрөг гэсэн тарифтай. “Аль болох оройтуулахгүй уншаад өгөөрэй. Өөр унших олон хүн байгаа шүү” гэж захиад явуулдаг. Хүмүүс зөндөөг авч уншсан, одоо энд 40-50 ширхэг ном үлдсэн байна. Сүүлийн үеийн залуусын сонирхож уншдаг гоё номнууд зөндөө бий.

-Та их найрсаг хүн шиг санагдлаа. Учир нь энэ хавиар өнгөрсөн хүн бүр тантай мэндлэх юм.

-Тэгэлгүй яахав. Найз нөхөд, айл өрхүүд гэрээсээ алчуур, чихэр гэх мэт жижигхэн зүйлс бариад ирнэ.  Түүнээс гадна жилийн жилд худагтаа хандив цуглуулж өгдөг. Үүнийг нь тэмдэглэдэг дэвтэр хүртэл нээсэн. Заавал өг гэж шаарддаггүй, хүмүүс санаачилгаараа “худагтаа тус нэмэр болно” гээд мөнгө өгдөг. Цугласан хандиваараа шинэ ном, будаг гээд худагтаа хөрөнгө оруулна. Номын шүүгээ тавиурыг бас энэ хавийн айлууд маань өгсөн. Хажуугаар өнгөрөхдөө элдвийг хөөрөлдөж суусаар жигтэйхэн сайн найзууд болцгоосон. Заримдаа ээж нь хүүгээ, эхнэр нь нөхрөө асууж ирнэ. Хөгжилтэй явдал их тохиолдоно шүүдээ. Намайг энэ худагт ажиллаж эхэлснээс хойш энэ хавийн хүмүүс их хайрлаж, сайхан хандаж байгаа. Тийм ч учраас саяхан Гордокоос ажлын санал ирэхэд нь татгалзсан. Цалин хөлсийг нь бодохоор тийшээ явж ажилламаар байгаа ч нэгэнт дасчихсан энэ худгаа, надад дассан хүмүүсээ орхиод явж чадахгүй шүүдээ. Өвөл болохоор худаг тойроод мөсөн бүрхүүл үүсчихнэ. Энэ хавийн айлууд ирээд хусаад л өгнө. Намайг “жиндчихнэ, наанаа сууж бай” гээд өөрсдөө бүгдийг нь хийж өгдөг.

-ХУДГИЙНХАА ГАДНА ХАНАН ДЭЭР АНГЛИ ҮСЭГ БИЧНЭ ГЭЖ БОДДОГ-

-Танд ирээдүйд худагтаа хийхээр төлөвлөсөн ажил бий юу?

Байлгүй яахав. Худгаа тойруулаад хашаа хийхийг хүсдэг. Хашаатай болчихвол янз бүрийн жимсний мод, цэцэг тарина. Өдөртөө илүүдсэн усаа буцаалгүй хааяа цэцэг модоо услаад сайхан ургууна даа гэж боддог. Би цэцэг тарих их дуртай хүн. Худгаасаа гадна гэртээ зөндөө цэцэгтэй. Жижигхэн саванд хийгээд үрслүүлнэ. Энэ хавийн хүүхдүүд намар сургууль руугаа авч явна шүүдээ. Түүнээс гадна худгийнхаа гадна хана дээр англи үсэгнүүд бичихийг хүсдэг. Би чинь англи хэл бас мэднэ ээ.

-Худгийнхаа гадна англи үсэг бичих төлөвлөгөөтэй гэлээ. Энэ санаагаа хаанаас олж авсан бэ?

Танай сайт дээр бүүр дээр нийтлэгдсэн байсан. Гаднаа монгол бичигтэй худаг гээд. Түүнийг уншаад битүүхэн “цагаан атаархал” төрсөн. Нас дээр гарсан хүн санаачилгаараа ийм сайхан зүйл хийсэн байхад би юугаараа дутхав дээ гэж бодогдсон. Хэрвээ үсэгнүүдээ биччихвэл ус авах гэж ирсэн хүүхдүүд ч бас цээжлээд хичээлд нь хэрэгтэй шүүдээ.

Танд ямар нэг хобби бий юу?

Би зүгээр суух их дургүй хүн, болж өгвөл төрөл бүрийн юм хийж үзмээр санагддаг. Анхандаа ус түгээдэг ганцхан цонх байсан. Хүмүүс ус авахаар ус нь доошоо урсаад настай хүмүүс амьдардаг айлын хашаа руу ороод хэцүү байсан. Тийм учраас нөгөө талдаа нэг цонх нүхлээд хийсэн. Цонхны тавцан дээрх ганган бөглөөнүүдийг хүүхдүүд авчирч өгсөнийг нь би хадаад хийчихсэн чинь их гоё болсон. Бас дуулж бүжиглэх сонирхолтой. Налайхад бүжгийн хоёр ч клуб бий. Чөлөөт цагаараа бүжиглэнэ. Илүүдэл жин хэнд ч хэрэггүй. Хааяа найз нөхдөө уриалдаг боловч явахгүй юм байна шүүдээ. Өнөөдөр орой аав охин гурвуулаа гэр бүлээрээ бүжиглэнэ. Охин нь ордныхоо гадаа тоглоно, аав нь орон гаран тэгээд ээж охин хоёрыгоо ажиглаад явна байхдаа /инээв. сурв/. 

-ХҮҮХДҮҮДИЙН АВЧИРСАН БӨГЛӨӨГӨӨР ЦОНХНЫХОО ТАВЦАНГ ЧИМЭГЛЭСЭН-

-Ихэвчлэн хүүхдүүд ус авч байгаа харагдлаа. Та илэн далангүй хүн учраас тэд өөрт тулгарсан асуудлуудынхаа тухай танд хэр хэлдэг вэ?

-Хүүхдүүд надад их “дуртай” байдаг. Сургууль гэр гээд л өөрт тохиолдсон сонирхолтой зүйлсээ ярьж өгнө. Хааяа их халтар саваар ус авч байвал дараа нь аав ээжид нь хэлж угаалгадаг. “Хүүхдүүдээрээ усаа авахуулж байж ядаж саваа угааж бай” гээд л хэлж орхино. Ихэнх нь миний сайн таньдаг хүмүүс. Өвлийн цагт хүүхдүүдээ битгий усанд явуулаарай гэж захидаг. Хааяа ойрхон гарч явахдаа худгаа нээлттэй орхиод цонхон дээрээ “Ухаант хүн та ус авахдаа битгий асгаарай, цэцэрлэг түр хаасан байна” гээд хөгжилтэй зүйл бичээд орхидог. Ингэвэл хүмүүс их сайнаар хүлээж аваад усаа болгоомжтой авдаг.

-Та хүүхдүүдээ ямар хүн болоосой гэж боддог вэ?

-Нийгэмд хэрэгцээтэй сайн хүн болоосой гэж боддог. Ажиглаад байхад охид жаахан хэцүү болжээ. Ирээдүйд би чинь нэг бэр, нэг хүргэнтэй болох хүн шүүдээ. Ирээдүйдээ жаахан санаа зовж байна. Архидалт тамхидалт залуусын дунд их болсон байна. Үеийн ээжүүдийг сонсохнээ “хүүхэд оюутан яанаа” гээд л их санаа зовж байгаа харагддаг. Миний хувьд хүү маань хотод байр түрээслээд хол байгаа ч хичээнгүй, мундаг, зөв төлөвшилтэй учраас санаа зовох асуудал байдаггүй. Харин охиноо сургуульд дориун сайхан оруулчихвал болно доо.

-Бидэнд цаг гарган ярилцсан танд баярлалаа. Ярилцлагын төгсгөлд танд хэлэх зүйл бий юу?

-Худагтаа л  хашаатай  болчихвол миний хүсэл мөрөөдөл биелэнэ шүүдээ. Охин маань ойрхон цэцэрлэгт явдаг учраас их удаан ажилласан. Тэрнээс би чинь суудаг ажил хийдэг хүн биш, хөдөлгөөнтэй байх дуртай. Юманд баригддаггүй хүн гэж байхгүй юм даа. Залуу хүн байж даралт ихтэй. Саяхан эмчилгээнд явахад хүү маань өөрөөсөө мөнгө өгсөн. Их мундаг. Одоо гамаа сайн барьж байна. Заримдаа ч гайхдаг шүү, сахал үсэндээ баригдсан хүн ирээд л аниа гэхээр инээд хүрээд л явчихна. Би тийм хөгшин харагддаг юм болов уу, хүмүүс хүндлээд байдаг юм болов уу мэдэхгүй /инээв. сурв/. 

С.ХОНГОРЗУЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ч.ОТГОНБАЯР

Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close