УРЛАГ

Гэрээгээ зөрчсөнгүй гэж монголчууддаа шүүмжлүүлсэн “The Hu”

“THE HU” хамтлагийг наадмаар дуулаад өгчихөөгүй юм байж одоо эх орондоо ирэх гэлээ гэж зарим хүн шүүмжилж байна.

Ганцхан гишүүнийх нь тухай ярихад тэр Завханаас аав, ээжээсээ ирэх, очих замын зардал л гуйж аваад гадаа хонон өнжин байж СУИС-д шалгалт өгсөн, лимбэ хөгжимд илүү их суралцахыг хүссэн. Нэгт жагсаж чадсан.

Чуулгад ажиллахын хажуугаар суралцаж, хичээлээ тараад бэлтгэлээ хийсээр дотуур байрны хаалга “барьсан” байхад нь ирж, гуйсаар орно. Халаасны мөнгөгүй гудманд алхаж явсан ч лимбэ хөгжмийнхөө соёлыг өвлөн авч залгамжилж яваадаа баярлана.

Та бүхний “Авьяаслаг Монголчууд” шоугаар анх үзэж гайхсан битүү амьсгааны урлагийг тань ЮНЕСКО-д бүртгүүлэхийн тулд түүнээс олон жилийн өмнө рентгенд орж хүний бие хэрхэн ажиллаж тасралтгүй лимбэ үлээдэг гэдгийг харуулсан нэгэн. Түүнийх нь хүчинд Лимбэний битүү амьсгааг ЮНЕСКО-ийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвөөр бүртгэн авч байв.

Тэрбээр 10 жилийн турш ХБК-д багшилж, олон хүүхдүүдэд тасрах дөхсөн соёлын өвөө уламжлуулан үлдээсээн. ХБК-ийн 23 номерийн өрөө буюу анхны долоон гавъяатын нэг үхэрчин хүү хэмээх Л.Цэрэндоржийн ажиллаж амьдарч байсан нэрэмжит өрөөг хүн шиг авч явсан. Тэр өрөө бол энэ цагийн бүх лимбэчдийн суралцаж, амьдарч ирсэн гал голомт гэж хэлж болохоор хүндтэй өрөө гэдэг... Миний яриад байгаа хүн бол Хү хамтлагийн Нямжанцан.

Энэ мэт тэр, тэд ардын урлагийнхаа төлөө бүх насаа, бүх амьдралаа, бүх сэтгэл зүрхээ зориулж ирсэн юмаа. Ардын урлагийг мөрөөдлөө болгож суралцаж, өвлөж, өвлүүлж ирсэн тэдэнд наадам дээрээ дуулна гэдэг мэдээж нэр хүнд, бахархал аа. Наадмын дэвжээн дээр, Монголчуудынхаа өмнө дуулахыг та нараас илүү их хүсэж, түүний төлөө хөдөлмөрлөж ирсэн хүмүүс ээ.

Гэвч гэрээ гэдэг Монголчуудын ярьдаг шиг зөрчих гэж байгуулдаг юм бишээ. Энэ хатуу гэрээний ачаар тэд эх орныхоо урлаг соёлыг түгээж яваа юмаа. Монголын аль ч компани урлаг соёлынхныг, ялангуяа ардын урлагаа ингэж дэмжиж чаддаггүй юм аа. Та ч гэсэн ажлынхаа гэрээг зөрчөөд хүссэн үедээ амраад явж чадахгүй л байх даа. Хоногийн хоолноосоо салахаас айдаг биз дээ.

“Монгол тв”-ийн шоуны оролцогчид ч хүссэн газраа ярилцлага өгөөд, хүссэн газраа дуулаад явж болдоггүй хатуу гэрээтэй байдаг. Тиймээс ардын урлагийг энгийн үед тоодоггүй та бүхэн хатуу гэрээний ачаар жаахан олонд танигдаад буй хэдийгээ зулгаахаа болино уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button