Сурвалжилга, Нийтлэл

Эко алтан заамар амиа алдсан ажилчдын гэр бүлд нөхөн олговор өгсөн үү

“Эко Алтан Заамар” компанийн уурхайн нуранги болж дөрвөн иргэний амиа алдсан харамсалтай хэрэг гарснаас хойш нэг сар өнгөрч байна. Онцгой байдлын газрын аврах багийнхан осолдсон иргэдийг ес хоног хайсны эцэст дөрвөн иргэний цогцсыг гарган авч, аврах ажиллагааг дуусгасан билээ. Бид уг хэргийн талаар албаны хүнээс тодруулга авахыг хүссэн ч хэрэг мөрдөн шалгагдаж байгаа учир ямар ч мэдээлэл өгөх боломжгүй хэмээсэн юм.


-ОСОЛДСОН АЖИЛЧДЫН ГЭР БҮЛИЙНХЭНД НӨХӨН ОЛГОВОР ӨГСӨН, УДАХГҮЙ АМЬ ДААТГАЛЫН МӨНГӨ ОЛГОГДОНО-

Харин “Эко Алтан Заамар” компанитай холбогдон лавлахад, Осол гарсны дараа аврагчдын багийг шаардлагатай техник тоног төхөөрөмжөөр хангаж бүрэн ажилласан. Мөн нурангид амиа алдсан ажилчдын гэр бүлд нөхөн төлбөр  олгосон хэмээн “Эко Алтан Заамар” компанийн хуулийн зөвлөх бидэнд ярьсан юм.

Тэрээр “Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн /2019-03-20/ байдлаар амиа алдсан дөрвөн иргэний гэр бүлийнхэнд 36 сартай тэнцэх цалин болон хоёр өрөө байрыг худалдан авч өгсөн байгаа. Гурван ширхэг хоёр өрөө байрыг Улаанбаатар хотод, нэг ширхэг хоёр өрөө байрыг Эрдэнэт хотод худалдан авч тус тус өгсөн. Үүнээс өмнө буяны ажлын зардлыг өгсөн бөгөөд одоо удахгүй ажилчдын амь даатгалын асуудал шийдэгдэж, ар гэрийнхэнд нь даатгалыг мөнгийг өгөх байгаа” гэлээ.  

Осолдсон иргэдийн хоёрынх нь гэр бүл Улаанбаатар хотод оршин суудаг бөгөөд харьяаллын дагуу Улаанбаатар хотод байр авсан бол Баянхонгор аймагт оршин суух иргэний гэр бүлийнхэн мөн нийслэлд байр авчээ. Бид нийслэлд суурьших гэж байгаа гэр бүл болон бусад гэр бүлийн хүүхдийн сургууль цэцэрлэг нийгмийн асуудалд анхаарч ажиллахаа санал болгосон хэмээн нэмж хэллээ.  

П.Ууганчимэг: Хамгийн сүүлд тухайн өдрийн 14 цагийн үед хоолондоо орчихлоо,  одоо ажилдаа гарлаа гэж ярьсан

Бид амиа алдсан дөрвөн иргэний нэгнийх нь гэр бүлийн хүнтэй холбогдлоо. Талийгаач нь эксковаторын оператор байсан бөгөөд аврах багийн эрлээр хамгийн сүүлд олдсон иргэн юм. 38 настай талийгч залуугийн эхнэр гурван хүүгийн хамт Баянхонгор аймагт амьдарч байна.

-“Эко Алтан Заамар” компани Карьерын хана нурж амиа алдсан ажилчдын ар гэрт нөхөн төлбөр олгосон хэмээн мэдэгдсэн. Энэ талаар бидэнд мэдээлэл өгөөч?

-Өнгөрсөн долоо хоногт /2019-03-20/ байрны бичиг баримтыг бүрдүүлж, манай гэр бүлийн гишүүдийн нэр дээр болгон түлхүүрийг өгсөн. Харин 36 сарын цалинтай дүйцүүлэх мөнгийг түрүү долоо хоногт хийчихсэн байсан. Мөнгө хийсэн гэдгийг нь ч мэдээгүй л явж байсан. Тэгээд хотод ирж амьдрах бол хэлээрэй. Хүүхдүүдийн сургууль цэцэрлэгийн асуудлыг шийдэж өгнө. Бас намайг ажилд оруулж өгөх үү гэж байсан. Гэхдээ хүүхдүүд маань одоохондоо бага анги учир хот хараахан шилжихгүй. Аажимдаа хүүхдүүдийнхээ ирээдүйг бодоод суурин газар орно. Одоохондоо бол хотод яг суурьшихгүй ч боломжтой үетэй байрандаа очиж хүүхдүүдээ байлгана л гэж бодож байна.

-Талийгаач нөхөр тань “Эко Алтан Заамар” компани хэдийд ажилд орсон бэ?

-Яг нарийн он сарыг нийгмийн даатгалаас нь харна даа. Хичээл орохоос өмнөхөн найм дугаар сард явсан. Манай хүн чинь өмнө нь жижиг жижиг уурхайд ажилладаг байсан. Эдний ажлын зарыг фэйсбүүкээс хараад уулзаж энэ ажилдаа орсон. Мэргэжилтэй болоод түүгээрээ ажиллаж байгаа ихэд баярлаж байсан. Мастер нь өөрт нь их сайн ханддаг гээд л ажилдаа дуртай байсан.

-Тантай хамгийн сүүлд хэзээ холбогдсон бэ?

-Осол гардаг өдрийнхөө /2019-02-18/14 цагийн орчим хоолондоо орчихлоо,  одоо ажил  руугаа явлаа гэж хэлсэн. Тэгээд ахиж холбогдоогүй.

-Танд ямар нэгэн байдлаар нурангитай байгаа ч юм уу тухайн үеийн нөхцөл байдлын талаар ярьсан уу?

-Ер нь бол ярьж байгаагүй. Би ч өөрөө ажилтай байсан болохоор тэр үед тэгж чухалчилж ярьж чадаагүй. Манай хүн тэр талаар надад юм хэлээгүй. Өөрөө ч мэдээгүй байсан байж магадгүй. Ослын дараа  нэлээд хугацааны дараа нурангитай байхад нь оруулсан гэх мэдээлэл сонссон.

-Ослын талаар, танай хүнийг нурангид дарагдсан талаарх мэдээллийг компани нь хэзээ мэдэгдсэн бэ? Ослын талбайд очсон уу?

-Осол гарсан өдрийн 18-19 цагийн хооронд хэлсэн. Ханийн минь ар гэрийнхэн болон би  хүүхдүүдтэйгээ бүгд очсон. Хадам эгч,  аав хоёр маань нөхрийн маань цогцосыг гаргаж ирэх хүртэл тэнд байсан. Би хүүхдүүд зутраад хэцүү байсан учир хоёр гурав хоноод, эрэл дуусаагүй эргээд ирсэн л дээ.

-Та бүхнийг очиход компани болон эрлийн багийнхан юу гэж мэдээлж байсан бэ?

-Онцгой байдлынхан, ослын талбайд дахин нуранги үүсэх магадлалтай байгаа учир биднийг нуранги руу оруулахгүй байна. Өмнөх өдөр нь газар хөдлөлт болсон. Маргааш нь энэ осол болчихлоо гэж байсан. Харин сүүлд нь хуулийн зөвлөх н.Эрхэмбаяр гэдэг хүн би осол гарсан талбайд нэвтэрч мэдээллийг та бүхэнд ойр ойрхон өгч байна гэж хэлсэн.


-ХАНЬ МИНЬ АМЬД БАЙСАН БОЛ ҮҮНЭЭС ИЛҮҮ Л БАЙХ БАЙСАН, ГОМДОЛТОЙ Л БАЙНА-

-Компанид гомдолтой байна уу?

-Мэдээж тэгэлгүй яахав хүний амь гэдэг чинь чухал шүү дээ. Өдийд эсэн мэнд байсан бол бидэнд өөр байх байсан шүү дээ. Гэлээ гээд одоо...

-Бусад амиа алдсан ажилчдын гэр бүлийнхэнтэй уулзаж холбогдсон уу?

-Нэг л хүнтэй уулзсан одоо бол холбоогүй. Бусад гэр бүлийнхэн талийгаачдыг олдсоны дараа явцгаасан. Манай хүн хамгийн сүүлд олдсон шүү дээ. Ганц нэг хүн нь хадам эгчтэй маань холбогддог гэсэн.

-Хүүхдүүд нь энэ талаар хэр хүлээж авсан бэ? Сэтгэл зүйн хувьд ямархуу байна. Аавтайгаа сүүлд хэзээ холбогдсон бэ?

-Есөн настай дунд хүүд маань хүндээр туссан. Аавын амин хүүхэд гэж хэлж болно. Намайг уйлж, хямрахаар аавынхаа талаар ярихаа больчихдог. Сүүлийн үед түргэн ааштай, ширүүн болчихсон. Харин бага хүү одоохондоо сайн ойлгоогүй л байх. Том хүү ч нөгөө хоёрыгоо бодоход арай юмны наана цаана ойлгох юм даа.  

-Нөхрийн тань зорилго, төлөвлөгөө, мөрөөдөл нь юу байсан бэ?

-Манайх гэр хороололд жижигхэн байшинд амьдардаг. Байшингаа томруулаад, хүүхдүүдийнхээ ирээдүйд бага багаар мөнгөн хуримтлал үүсгэнэ гэж ярьж байсан. Үүний дараагаар дараа жилээс гэр бүлээрээ ойр ч хамаагүй гадаад улсаар аялна гээд ярьчихсан байсан.

-Талийгчтай гэр бүл болоод хэр удаж байна. Ямархуу зан ааштай хүн байсан бэ?

-Их тусархаг, нийтэч даруухан л хүн байсан. Бид ханилаад арван хоёр гурван жил болжээ.

-Танд нэмж хэлэх зүйл байна уу?

-Хүмүүс компани нь харж үзэж байна. Хохирлыг нь барагдуулж байна, болж байна л гэж байна. Хүний амь нас, хүний хань, хүүхдүүдийн минь аавыг орлох зүйл энэ хорвоо дээр байхгүй шүү дээ. Хань минь амьд байсан бол гэж бодохоор л гомдол төрдөг.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button