Япон улс онцгой байдлаа нэг сараар сунгаж магадгүй

Одоогийн байдлаар “КОВИД-19”-ийн халдварын улмаас Токио болон хэд хэдэн газарт онцгой байдал зарласан байгаа билээ. Тус онцгой байдлаар ямар дэглэм баримталж байгааг ЭНД дарж уншина уу. Тэгвэл Японы Ерөнхий сайд Ёшихидэ Сүга онцгой байдлыг дахин нэг сараар сунгах мэдэгдэл өнөөдөр хийх магадлалтай байна. Онцгой байдал үйлчилж буй газруудад Токио хот болон Канагава, Чиба, Сайтама, Точиги, Осака,Хёого, Кёото, Айчи, Гифү, Фүкүока мужуудад үйлчилж байгаа юм. Тус улсын Засгийн Газар Хойд Канто мужид “КОВИД-19”-өөр өвчлөх хүмүүсийн тоо буурсан тул Точигид онцгой байдлыг цуцлахаар төлөвлөж байгаа аж. Хэрэг явдал төлөвлөснөөр явсан бол ирэх ням гарагт (2021.02.07) тус газруудад тавьсан онцгой байдал цуцлагдах байсан билээ.
Өнөөдөр үдээс хойш Ёшихидэ Сүга Парламентын Доод танхимын хороонд “Энэ жилийн нэгдүгээр сарын 7-ны өдөр бид онцгой байдал зарлаж, төв засгийн газар болон мужууд иргэдтэйгээ хамтран дэглэмийг сахисан билээ” хэмээсэн юм. Тэрбээр нэмж хэлэхдээ “Үүний үр дүнд улс даяарх “КОВИД-19”-өөр өвчлөх хүмүүсийн тоо буурч байгаа, гэхдээ бид энэ эрчээ хадгалан эмнэлэгт хэвтэж буй хүмүүс болон биеийн байдал нь хүнд байгаа өвчтөний тоог бууруулах хэрэгтэй” гэжээ.
Гуравдугаар сарын 7-ны өдөр хүртэл одоо үйлчилж буй онцгой байдлын дэглэмүүдийг баримтлах боловч шинэ тохиолдол болон эмнэлгийн ачааллаас хамааран үүнээс өмнө султгаж эсвэл цуцалж болно. Гэхдээ нэгэн шинэ зүйл нэмэгдсэн нь энэ долоо хоногоос эхлэн Японы Засгийн Газар дэглэм баримтлаагүй хүмүүст торгууль тавьж эхлэх аж.
Эх сурвалж: Japan Times, Reuters
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.