ДЭЛХИЙ

ЯПОНД: Бизнесүүдийг зогсоохгүй, “бяцхан” хязгаарлаж, өдөр бүр 40-60 мянган иенээр дэмжинэ

Өчигдөр (2021.01.17) Япон улсын Токио хотод “КОВИД-19”-ийн 2447 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх өдрөөсөө 800-гаар ихэссэн тоо байв. Харин улсын хэмжээнд 7,500 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн нь рекорд хэмжээ болсон байна. Илүү халдварлах чадвартай коронавирусийн хувилбарын тархалтыг тогтоохын тулд Ерөнхий сайд Ёшихидэ Сүга Токио хот, Канагава, Сайтама болон Чиба мужид онцгой байдал зарласан юм. Онц байдал өнөөдрөөс эхлээд дор хаяж ирэх сарын 7-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Тус мужуудад эмнэлгийн ачаалал, халдвар шинээр бүртгэгдэх хэмжээ хангалттай бууртал цуцлахгүй аж.

Японы Засгийн Газрын коронавирусийн эсрэг авж буй арга хэмжээг удирдан явуулж буй Нишимура Яасүтоши онцгой байдлыг цуцлах нөхцөлүүдийн нэг нь Токио хотод өдөрт шинээр бүртгэгдэх тохиолдол 500 хүртэл буурах хэмээсэн юм.

Сүга онц байдлыг зарласан хэвлэлийн бага хуралдаа “Бид цар тахлыг ялан дийлнэ гэдэгт итгэлт дүүрэн байгаа. Гэхдээ тэгэхийн тулд бид хүн болгоныг тодорхой хэмжээний хязгаарлагдмал нөхцөлд амьдрахыг гуйж байна. Би нэг сарын дотор нөхцөл байдлыг сайжруулахын тулд чадах бүхнээ хийх болно” хэмээсэн. Японд өмнө нь дөрөвдүгээр сарын 15-нд улс даяар онц байдал зарлаж байсан.

Тэгвэл энэ удаа зарлагдсан онц байдлын дор ямар арга хэмжээ авч байгааг харцгаая

Токио хот, Канагава, Сайтама, Чиба мужийн иргэдийг 20:00 цагаас хойш гэртээ байхыг зөвлөсөн. Харин ресторан, паб, кафе гэх мэт согтууруулах ундаа худалдаалдаг үйлчилгээний газруудад 11:00-оос 19:00 хүртэл ажиллаж 20:00 гэхэд хаалгаа барьж байх хүсэлт гаргажээ. Хэрвээ бизнесүүд уг хүсэлтийг хүлээн авалгүй 20:00-оос хойш үйл ажиллагаагаа үргэлжлүүлбэл тус мужийн удирдлага эрт хаалга барьж байх шаардлага тавих юм. Тэдгээр бизнесүүдийн эсрэг хэрэгжүүлэх хамгийн хүнд үйл ажиллагаа бол олон дахинд тус байгууллагын нэрийг дэлгэн “ичээх” арга хэмжээ ажээ.

Харин удирдамжийг даган ажлын цагаа багасгасан бизнес эрхлэгчдэд өдөрт 40-өөс 60 мянган иений нөхөн олговор өгөх юм. Төв Засгийн Газраас компаниудад оффис дээр ажиллах ажилчдын тоог 70 хувиар бууруулж алсаас ажиллуулах хүсэлт гаргах аж. Олон нийтийн арга хэмжээг тал багтаамжтай явуулах бөгөөд дээд талдаа 5 мянган хүн оролцох зааг тогтоожээ.

Кино театр, их дэлгүүр, соёл амралтын хүрээлэнгүүд ажиллах боловч 20:00 гэхэд хаалга барихыг чиглэл болгосон юм. Сургууль, ясли, коллежууд ажиллах боловч хичээлээс гадуур үйл ажиллагаа явуулахгүй байх аж.

Сүга хэлэхдээ тун удахгүй Засгийн Газар онцгой байдлын үед авах арга хэмжээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан тавьсан саналыг хүлээн аваагүй бизнесүүдэд торгууль тавих арга хэмжээ авдаг болгоно гэсэн юм.

Японы Засгийн Газар хатуу хөл хорио тогтоож үзвэр, үйлчилгээ, боловсролын байгууллагуудыг хаалгүй оронд нь онцгой байдал зарлан уян хатан нөхцөл тавьж өгснөөрөө эдийн засгаа хэт уналтад оруулахгүй байх арга хэмжээ авав.

Өмнө жил Токио болон өөр зургаан мужид дөрөвдүгээр сарын 4-ны өдөр онцгой байдал тогтоож байсан. Тун удалгүй тэр сарын 15-ны өдөр улс даяараа онцгой байдалд шилжсэн юм. Тэр үед Шинзо Абэ хөл хөдөлгөөнийг 80 хувиар бууруулахын тулд бизнесүүдийг сайн дураараа хаалгаа барихыг уриалсан. Мөн Засгийн Газраас иргэддээ “Three Cs” буюу “Close spaces/давчуу орон зай”, “Crowded places/хүн ихтэй газрууд”, “Close contact settings/ойрын зайнаас харьцах” гэсэн гурван зүйлсээс зайлсхийхийг зөвлөсөн юм.

Мөн Японы судлаачид дэлхий дээрх хамгийн хурдан суперкомпьютер “Fugaku”-г ашиглан янз бүрийн нөхцөл байдлыг загварчилсан байна. Японы Засгийн Газрын коронавирусийн эсрэг авж буй арга хэмжээг удирдан явуулж буй Нишимура Яасүтоши хэлэхдээ хүн ихтэй метронууд цонхоо онгойлгож, зорчигчид нь амны хаалт зүүвэл эрсдэл бага хэмээсэн. Тэрбээр мөн кино театрт диагональ хэлбэрээр зөрөлдөж суувал халдвар авах эрсдэлийг 75 хувиар бууруулдаг үзэгчид юм идэж байсан ч гэсэн аюул бага гэж хэлсэн юм.

Нишимура Яасүтоши

Японы ард түмэн иймэрхүү дүрмийг сайн баримталж гэртээ байснаар өнгөрсөн жилийн тавдугаар сар гэхэд шат шаттайгаар онцгой байдлаа сулруулсан байдаг. Япон “G7”-ы орнууд дундаас хамгийн бага нас баралт, батлагдсан тохиолдолтой улс юм.

Эх сурвалж: Economist, Kyodo News, Japan Times

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button