ДЭЛХИЙ

Өнөөдрөөс иргэдээ вакцинжуулж буй Япон улсын туршлагаас

Ерөнхий сайд Сүга Ёшихэдэ аль болох хурдан, нэг өдрийн ч болов өмнө иргэддээ аюулгүй, үр дүнтэй вакциныг хүргэхийн төлөө бүх хүч чадлаа дайчилж ажиллахаа мэдэгдсэн билээ. Энэ ажлыг гардан зохион байгуулж гүйцэтгэх орон нутгийн засаг захиргаанд хандаж мэдээллийн шуурхай байдлыг хангаж ажиллах, үүнд хэрэгцээтэй зардлыг бүгдийг улс хариуцна гэж ч мэдэгдсэн.

Цар тахлын вакцины асуудлыг Сайд Коно Таро хариуцаж ажиллаж байгаа юм. Тэрбээр “Ашиг тус болон эрсдэлийг, аль алиныг нь бодолцож аль болох вакцинжуулалтад өргөн хамрагдахыг ард иргэдээсээ хүсэж байна” гэж онцолжээ.

Холбогдох яам энэ сарын 15-ны ням гарагт АНУ-ын Файзерын вакциныг Япон Улсад үйлдвэрлэх, ашиглахыг зөвшөөрчээ. Өнөөдөр эрүүл мэндийн 40 гаруй мянган ажилтнуудад хийж эхлэх юм. Вакцины төлөвлөгөө аль эрт гарсан байна. Дөрөвдүгээр сараас эхлэн 65-аас дээш настай ахмад хүмүүстээ тарих гэх мэтээр төлөвлөсөн ёсоор вакцинжуулалтын үйл ажиллагаа явагдана.

Вакциныг 16-аас дээш насны хүмүүст тарих аж. Гурван долоо хоногийн дараа дахин нэг тунг хийнэ. Жирэмсэн болон бие муутай өндөр настан, элэг болон бөөрний өвчтэй хүн эмчтэйгээ сайн ярилцаж, эмч эрсдэлээс илүү ашиг тус танд илүү тусах талаар шийдвэр гаргавал, түүнийг хувь хүн өөрөө зөвшөөрвөл вакцин хийлгэх нээлттэй юм. Хүнд өвчтэй бас халуурч байгаа хүнд хийхгүй гэж үзэж байна.

Файзерын вакциныг 40 мянга гаруй хүн дээр туршсан, туршилт судалгаанд оролцогсдын 95% -д үйлчилгээ өндөр байгаа нь батлагдсан. Японы эрүүл мэнд, хөдөлмөрийн яам 160 хүн дээр туршилт судалгаа явуулж байж 15-ны өдөр иргэддээ тарихыг албан ёсоор зөвшөөрч байна. Түүнээс гадна уг вакциныг гадаад орнуудад хийж эхэлсэн цагаас эхлэн тухайн улс оронд амьдарч байгаа япон иргэд, тэнд эмчээр ажиллаж байгаа япон эмч нартай байнга холбоотой байж эрсдэл, дагалдах гаж нөлөөг өдөр тутам ярилцаж мэдээлэл авч ирсэн. Үүнд Японы хэвлэл мэдээллийн байгууллага маш үүрэгтэй оролцлоо. Ингэснээр япончууд тариулахаасаа өмнө маш их мэдээллэлтэй болж дагалдах эрсдэлийг бууруулах чиглэлээр хангалттай арга хэмжээ авах бэлтгэлээ базаасан гэсэн үг юм.

Японы Засгийн газар ковид гарсан цагаас эхлэн дэргэдээ мэргэжилтнүүдийн зөвлөл байгуулж тэдний хүчтэй оролцоотойгоор шийдвэрээ гаргаж ирлээ. Өнөөдрийн байдлаар дагалдах гаж нөлөө, эрсдэлийн талаарх мэдээллийн стандартыг тогтоож хэлэлцэж баталсан байна. Энэ бүхэн Дархлаажуулалтын хууль, бусад хуульд тодорхой тусгагдсан байна.

Саяхан Фүкүшимад хүчтэй газар хөдлөлт болж цахилгаан, ус тасарсан газрууд цөөнгүй бий. Вакцины тухайд тэнд ч төлөвлөгөө ёсоор явагдана, газар хөдөлвөл яах вэ, байгалийн гамшиг нүүрэлвэл яах вэ гэдгийг бодолцож бэлтгэлээ хангасан байна.

Японы томоохон бизнесийн байгууллагууд иргэддээ, төр засагтаа маш их нөмөр нөөлөг болж байна.  Вакцины тарилга явуулах талбай танхим гаргаж өгөх, хүн хүч, сайн дурын ажилтнуудаар туслах гэх мэтээр хамтарч ажиллаж байна. Вакцин хийлгэхэд  цалинтай чөлөө өгч байна. Зөвхөн өнөөдөр 10 мянган хүнд вакцин тарих нь.

Вакциныг дор хаяж гурван хувилбартай хийж байна. Том танхим бэлтгэсэн байна.

  • Нэг доор олон хүнд хийх. Хийлгээд 15-20 минут сууж хүлээж байдлаа харах. Үүнд явуулын эмч нар түргэн тусламж үзүүлэх, харшил, хүндрэл гарвал арга хэмжээ авахад бэлэн.
  • Мөн эмнэлгүүдээр хувь цөөнөөр хийлгэх. Эрсдэлээ бодоод эмнэлэгт очиж эмчийн дэргэд хийлгэнэ гэвэл боломжтой.
  • Гэрээрээ хийлгэх. Фпайзерын -70-аас дээш хэмтэй хадгалах зөвлөмж ёсоор мини хөргүүрүүд бэлтгэсэн байна. Иймэрхүү төгс гэмээр бэлтгэлтэй ажиллаж байна.

Иргэдийн хувьд “хүчин чармайлт гаргах үүрэг”-тэй. Үүнийг хуулиар баталгаажуулж өгсөн. Энэ үүргээ биелүүлэх л ёстой гэж үзэж байна.

Вакцин хэдийгээр сайн дурын хэрэг боловч нийгмийн гоц аюултай халдварт өвчин болох цар тахлаас сэргийлэх одоогоор дэлхий дахинд хамгийн найдвартайд тооцогдож буй дархлаажуулалтын энэ үйл ажиллагаанд оролцохгүй, хийлгэхгүй гэх нь хувь хүмүүсийн эрх боловч, үүргийн хувьд хэрвээ хийлгэхгүй бол өөрөө халдварлахгүй, бусдад халдаахгүй, эрсдэл гаргахгүй байх нь чухал болж байна. Энэ бүхнийг хувь хүн өөрөө хариуцах үүрэгтэй. Бусдыг уриалах, турхирах нь ч бас хуулиар хориотой юм.

Япон судлаач, орчуулагч О.Жаргалсайхан

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button