МХБХ-ны Техникийн захирлаар Б.Буман-Учралыг томиллоо

Монголын хөлбөмбөгийн холбооны Зөвлөлийн хурал энэ сарын 17-ны өдөр болж, хэд хэдэн чухал зүйлүүдийг баталлаа.
МХБХ-ны бодлого тодорхойлох чухал ажилд Гавъяат тамирчин, үндэсний шигшээ багийн ахлагч асан, AFC A ангиллын дасгалжуулагч Б.Буман-Учрал томилогдлоо.
Тунис мэргэжилтэн Хатем Соусси ажлаа хүлээлгэн өгсний дараа Б.Буман-Учрал Техникийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан бөгөөд энэ удаагийн зөвлөлөөр албан ёсоор ийнхүү томиллоо.

Тус хурлаар Төв аймаг дахь шигшээ багуудын бэлтгэлийн төвтэй хэд хэдэн асуудал шийдсэн. Тухайлбал уг бэлтгэлийн төвийг Монгол улсын хөлбөмбөгийн анхны гавьяат тамирчин, дасгалжуулагч Л.Сандагдоржийн нэрэмжит болгох шийдвэр гарлаа.

Мөн бэлтгэлийн төвийн үйл ажиллагааг МХБХ-ны дор тусгаарлагдсан ТББ-аар дамжуулан үйл ажиллагааг нь авч явахаар баталлаа.
Түүнчлэн МХБХ-ны хүүхэд хамгааллын бодлого ба журам тэргүүтэй хэд хэдэн журам, МХБХ-ны тэмцээний хуваарийг шинэчлэн баталж, байнгын хороодын бүрэлдэхүүнийг өөрчлөн томиллоо.
Мөн уг хурлаар ОУХБХ-ны их хурал тавдугаар сард болохтой холбоотойгоор МХБХ-ны Ээлжит их хурлын товыг 2021 оны VI сарын 14-нд болгон зарласан байна.
Б.Буман-Учралыг Гавьяат тамирчин цол хүртсэнийх нь дараа ярилцсаныг ЭНД дарж сонирхоно уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.