Ярилцлага

Б.Буман-Учрал: Үе үеийн хөлбөмбөгчдийн амжилтыг үнэлж, тэднийг төлөөлүүлэн надад Гавьяат цол олгосон юм шүү

Монголын хөлбөмбөгийн бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогч, мэргэн бууч хэн бэ гэж спортын хорхойтнуудаас асуувал цөөнгүй нь Болдын Буман-Учралыг онцлох нь лавтай. Үндэсний шигшээ багт 12 жил (1993-2005 онд) зүтгэхдээ 2000-2001 онд багийн ахлагч байсан тэрбээр ДАШТ, Азийн АШТ, Зүүн Азийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолт, Азийн наадам, Зүүн Азийн наадамд оролцсон манай шилдгүүдийн нэг яах аргагүй мөн. Тэгэхдээ албан ёсны 27 тоглолтод өрсөлдөхдөө ес, албан ёсны бус 48 тоглолтод хүч сорихдоо 17 гоол оруулж, Монголын хөлбөмбөгийн спортын түүхэнд бүх цаг үеийн мэргэн буучаар тодорсон гавьяатан. Үүний сацуу Үндэсний лигт тав, УАШТ-д хоёр, Монголын бүх ард түмний спартикиад, МХБХ-ны цомын тэмцээнд тус бүр нэг удаа түрүүлж, аваргын цом өргөж явсан авьяастан. Өдгөө ч хөлбөмбөгийн спортыг эх орондоо хөгжүүлэхийн төлөө зүтгэн, залгамж халаагаа бэлтгэж яваа Б.Буман-Учрал энэ жил улсын наадмын өмнө Монгол Улсын Гавьяат тамирчин хэмээх эрхэм хүндтэй цолоор энгэрээ мялаасан юм. Монголын хөлбөмбөгийн спортоос мэндэлсэн хоёр дахь (түүнээс мөн Л.Сандагдорж гавьяат дасгалжуулагч болсон), тамирчдаас анхны Гавьяат цолтон түүнтэй ярилцлаа.

НАЙМДУГААР АНГИД БАЙХДАА “ХӨДӨЛМӨР” НИЙГЭМЛЭГИЙН ШИГШЭЭД БАГТСАН

-Та эхээс гурвуулаа, бүгд эрэгтэй юм билээ. Дэрсхэн өссөн ах дүү хоёртойгоо хөлбөмбөг тоглон, эл спортод хорхойсож, амьдралаа холбосон бага насны тань дурсамжаар ярилцлагаа эхэлье.

-Хөлбөмбөгийн спортод хорхойсон, тоглож өссөн бага нас минь үйлдвэр комбинаттай салшгүй холбоотой. Би бусад хүүхдийн адил хөлбөмбөг тоглож, дэгдэж өссөн. Тоглох талбай тэр бүр олдох нь ховор. Нийслэлийн 15, 18 дугаар сургуулийн гаднах талбайд ихэвчлэн тоглоно. Тавдугаар ангид сурч байхдаа нэг удаа хөдөө явав. Буцаад ирэх нь ээ манай ангийн хүүхдүүд “Хөдөлмөр” нийгэмлэгийн дугуйланд бүртгүүлчихэж. Бүртгэл нь дуусан, ганцаараа үлдсэндээ зөндөө харамссан. Аавд хэлсэн чинь ашгүй намайг “Хөдөлмөр” нийгэмлэгт дагуулж очин Түмэндэмбэрэл багшаас гуйж байгаад бүртгүүлсэн юм. Гудамжинд л шуугиулж явсан би тэгж хөлбөмбөгийн техник, сууриа заалгаж байлаа. Бөмбөг хэрхэн эзэмших, тогтоохоос авхуулаад бүхнийг багшаараа заалгасан. Тухайн үед бөмбөг нүдний гэм. Олон байрнуудын дунд ганцхан бөмбөг байх нь энүүхэнд. Тэгэхэд “Хөдөлмөр” нийгэмлэгт олон бөмбөг байсан нь их гоё санагдаж билээ.

Аав минь сагсан бөмбөгөөр хичээллэдэг, Дархан-Уул аймгийн шигшээд тоглодог байсан, нэгдүгээр зэрэгтэй. Аав, ах, дүү гуравтайгаа хамт зурагтаар хөлбөмбөгийн тэмцээн их үзнэ. Бас Оросын сэтгүүл их уншина, тэгж л спортын цангаагаа тайлдаг байв. Алдартай одуудын тухай уншаад тэдэн шиг болохсон гэж мөрөөднө. Манайх зуны улиралд Шадивлан руу зусландаа гарна. 1982 оны ДАШТ-ийг зурагтаар үзсэнээ ер мартдаггүй. Зуслангийн хүүхдүүд ДАШТ-д өрсөлдсөн 24 багийг хувааж авна. Тэгж хуваагдсанаараа хоорондоо өрсөлдөнө. Би лав Италийг сугалж байсан юм даг. Түүнээс хойш өнөөг хүртэл Италийн шигшээ багийг дэмжиж байгаа. Одоо бодох нь ээ хөлбөмбөг тоглохын бөөн хүслэн байж. Хичээл 13.00 цагт орох байлаа гэж бодоход би 11.00 цаг гэхэд сургууль дээрээ аль хэдийнэ оччихно. Формоо буруу харуулан, цагаан цамцныхаа захыг дотогш нь нугалж байгаад л ангийнхантайгаа хөлбөмбөг тоглоно. Тэр бүхэн намайг эл спортод хөл тавих, хөлбөмбөгчин болоход их нөлөөлсөн. Би 15 дугаар сургуульд сурч байхдаа хамгийн анх тэмцээнд оролцож байлаа. Зургаадугаар ангийнхнаас баг бүрдүүлэн дээд ангийнхантай өрсөлдсөн юм. Довтолгооны ямар нэг хувилбар байхгүй, бөмбөг авсан нь шууд л өрсөлдөгчийнхөө хаалга руу довтолно. Нөгөө талаар аргагүй ээ, зургадугаар ангид байсан юм чинь, бид.

Би 52 дугаар сургуульд элссэнийхээ дараа “Хөдөлмөр” нийгэмлэгийн аваргад оролцоод хоёрдугаар байрт шалгарсан, 1986 онд. Тухайн үед би наймдугаар ангийн сурагч байлаа. Тэгэхэд Рендо багш тус тэмцээнээс “Хөдөлмөр” нийгэмлэгийн шигшээг бүрдүүлэхэд би багтсан нь их аз. Тэр жил намайг тэмцээнд оролцуулаагүй. Яалт ч үгүй надаас туршлагатай тамирчид олон байсан л даа. 1987-1989 онд “Хөдөлмөр” нийгэмлэгийн бүрэлдэхүүнд тоглосон. Тэгэхдээ Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд 1987, 1989 онд түрүүлж, 1988 онд УАШТ, Улаанбаатар хотын АШТ-д хоёуланд нь гуравдугаар байрт шалгарав.

ОХУ-д СУРАХЫН ХАЖУУГААР МОНГОЛЫНХОО ТЭМЦЭЭНД ОРОЛЦДОГ БАЙВ

-Хөлбөмбөгөөр тууштай хичээллэх итгэл төрсөн, амжилт гаргах боломж, нөөцтэйгөө мэдэрсэн тэмцээн аль нь вэ?

-Би 52 дугаар сургуулийг төгссөнийхөө дараа ОХУ-ын политехникийн дээд сургуулийн далд уурхайн ашиглалтын инженерийн ангид элссэн. Чөлөөт цагаараа сургуулийнхаа хажуу талын талбайд үргэлж тоглоно. Сургуулийнхаа шигшээд багтан, Эрхүү хотын аварга шалгаруулах тэмцээнд олон жил тоглсон. Доод курсийн оюутан сургуулийн шигшээд багтах амаргүй. Ямартай ч намайг оросууд тоосон юм даг. Тэнд миний нүд нээгдсэн.

Намайг хөлбөмбөгийн спортоор тууштай хичээллэхэд нөлөөлсөн, амжилтын минь үүдийг нээсэн нэг тэмцээн бий. Тэр нь манай улсад 1991 онд болсон оюутны универсиад наадам. Тэр жил би тус наадамд Эрхүүд сурдаг монгол оюутнуудаар багаа бүрдүүлээд өрсөлдсөн юм. Бид эхний тоглолтдоо Цэргийн ерөнхий сургуулийг хожоод ер нь давгүй хүч сорьсон. Лав хэсгээсээ нэгээр гараад хагас шигшээд Анагаахын их сургуулийн багт, хүрэл медалийн төлөөх тоглолтод Техникийн их сургуулийн хөлбөмбөгчдөд хожигдоод IV байрт шалгарсан юм. Тэр үеэр Батсайхан багш надтай уулзан, “Оюутан” багтаа тоглуулах санал тавьж билээ. Би дуртайяа зөвшөөрсөн. ОХУ-д сурахынхаа хажуугаар Монголынхоо тэмцээнд өрсөлдөнө. Сурахын хажуугаар хөлбөмбөг тоглох амаргүй. Тэр тусмаа ОХУ-д сураад хажуугаар Монголдоо ирж тэмцээнд оролцох бүр ч хэцүү. Эрхүү ойрхон болохоор ихэвчлэн онгоцоор ирж, буцна.

-Улаанбаатарт онгоцоор ирээд Эрхүү рүү буцах оюутан хүнд амаргүй байсан нь мэдээж. Санхүүгийн асуудлаа хэрхэн зохицуулдаг байв. Тухайн үеийн хүмүүс наймаанд их явдаг байсан. Та ер нь наймаа хийдэг байв уу?

-Хийлгүй яах вэ. Юм юм хийсээн. Монголоос тарваганы арьс аваачиж зарна. Эрхүүгээс манай найзууд БНХАУ руу наймаанд явна. Тэдэнд бараа захина. Тухайн үед тусдаа гараагүй байсан болохоор олсон мөнгөө өөртөө л зориулдаг байлаа. Тухайн үед Монголд “Од”, Ц.Чомбуугийн нэрэмжит тэмцээн, Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн, УАШТ, МХБХ-ны цомын тэмцээн болно. Заримдаа наадмын тэмцээнийг зохион байгуулна. Ихэнх тэмцээн олондоо долоо хоног болдог байв. Эдгээр тэмцээнд оролцохын тулд хичээлээ таслаад эх орондоо ирнэ. Буцаж очоод нөхнө. Заримдаа багшдаа загнуулах энүүхэнд. Тухайн үед би “Оюутан” багийн бүрэлдэхүүнд тоглодог байв. Одоо ч гэсэн “Оюутан” багт тоглон, тэмцээнд оролцож байгаа.

ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГТ БАГТААД ОРОЛЦСОН АНХНЫ ТЭМЦЭЭНДЭЭ ХОЁР ГООЛ ОРУУЛСАН

-Та 1993 онд Монголын үндэсний шигшээ багт анх удаа багтсан бил үү?

-Тэгсэн. Тухайн үед би оюутан, ОХУ-д сурч байлаа. Ер нь “Оюутан” багт намайг багтахаас авхуулаад Батсайхан багш надад их итгэж, дэмжсэн. Надад 10 дугаар өгөөд, үзүүрийн довтлогчийн байрлалд өрсөлдүүлсэн юм. Үндэсний шигшээ багт багтсаны дараа Сандаг (Л.Сандагдорж) багш намайг төвийн хагас хамгаалагчийн байрлалд тоглуулсан. Тэгж шигшээ багийн тамирчин болонгуутаа найруулагч нь болж байлаа.

Бид 1993 онд Зүүн Азийн наадамд өрсөлдсөн. Эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнд оролцох хэчнээн сайхан байсан гэж санана. Тэр хэрээр хариуцлагатай, нэр хүндтэй байв. Анх удаа гэрэлтэй, тэгээд дүүрэн үзэгчтэй, тарьмал зүлэгтэй цэнгэлдэхэд тоглоод шоконд орж билээ. Бид эхний тойрогт Хятадын багт 6:1-ээр хожигдсон. Тэр тоглолтод Баярын Болдбаатар гоол оруулсан юм. Манай багийнхан хоёрдугаар тойрогт БНАСАУ-д 7:0, дараа нь БНСУ-д 10:0, Японд 9:0-ээр хожигдсон.

Хамгийн сүүлд Макаогийн хөлбөмбөгчидтэй өрсөлдөх болов. Тоглолтын өмнө МҮОХ-ны удирдлага бидэнтэй уулзаад “Өчигдөр Монголын сагсан бөмбөгчид Макаогийн шигшээд хожигдсон. Та нарт чухал үүрэг ногдлоо. Заавал хожиж, Монголын багийн спортын нэр хүндийг өргөх ёстой” гэсэн. Тэр тоглолтод бид Макаог 4:3-аар хожиход би хоёр гоол оруулсан. Би эхний, дараа нь Тэрбаатар, Эрдэнэбат хоёр тус бүр нэг гоол оруулсан. Цаг дуусах дөхчихсөн, тоглолт 3:3-ын харьцаатай тэнцүү байхад би дахин гоол оруулж, макаочуудыг хожиж билээ. Эх орныхоо төлөө олон улсын тэмцээнд өрсөлдөн, гоол оруулахаас илүү сайхан зүйл гэж юу байх вэ. За, ямар ч байсан МҮОХ-ноос өгсөн даалгаврыг биелүүлээ, Зүүн Азийн наадамд өрсөлдөгчөө хожлоо гээд их баярласан.

Шигшээ багийнхан Монгол руу буцахдаа ёстой хөглөсөөн. Шанхайгаас Бээжинд иртэл галт тэрэгнээсээ хоцорчихов. Бээжин, Улаанбаатарын хооронд галт тэрэг одоогийнх шиг элбэг явахгүй. Бид аргагүйн эрхэнд дараагийнх нь галт тэрэг явахыг хүлээн тэнд долоо хоносон. Шигшээ багийнхан БНХАУ-д суугаа Монголын элчин сайдын яамны гаднах зүлгэн дээр унтах энүүхэнд болсоон. Тийм л цаг үед, нөхцөлд шигшээ багийнхан тэр жил Зүүн Азийн наадамд оролцож байлаа.

-Ер нь эх орноо төлөөлөн албан ёсны хэдэн тэмцээнд оролцсон бэ?

-ДАШТ, Азийн АШТ-ий урьдчилсан шат, Зүүн Азийн наадам тэргүүтэй албан ёсны долоон тэмцээнд өрсөлдөхдөө есөн гоол оруулсан.

2002 ОНЫ ДАШТ-ий УРЬДЧИЛСАН ШАТАНД ГООЛ ОРУУЛСНЫГАА ҮРГЭЛЖ ДУРСАХ ДУРТАЙ

-Эдгээрээс хамгийн дурсамжтай нь 2002 оны ДАШТ-ий урьдчилсан шатны тэмцээн болов уу. Тэр жил Монгол Улс Бангладештай тэнцэн, ДАШТ-ий урьдчилсан шатанд түүхэндээ анх удаа нэг оноо авсан шүү дээ. Тэгэхэд та гоол оруулж, тэнцүүлсэн.

-Тэгсэн. 2001 оны хоёрдугаар сард Саудын арабт болсон ДАШТ-ий урьдчилсан шатны тэмцээнд бид өрсөлдөхөөсөө өмнө Зүүн Азийн наадам, цөөнгүй нөхөрсөг тоглолтод оролцоод, туршлага нэлээд хуримтлуулчихсан байв. Шигшээ багийнхан тус тэмцээнд хүч сорихдоо Саудын арабт хоёуланд нь 6:0-ээр, Вьетнамд эхний тоглолтод 1:0, дараагийнхад нь 4:0-ээр хожигдсон. Бид Багшладештэй өрсөлдөхдөө эхний тоглолтод 3:0-ээр дийлдсэн. Хариу тоглолтод бүхнээ шавхаад хүч сорилоо. Ямар ч байсан 36 дахь минутад Баярзориг гоол оруулж, бид тоглолтыг тэргүүлж эхлэв. Гэтэл бангладешчууд сөхөө өгөлгүй довтолсоор байгаад хоёр гоол орууллаа. Цаг дуусахын өмнө буюу 90 дэх минутад би гоол оруулж, тэнцүүлсэн юм. Эх орноо төлөөлөн оролцсон тэмцээнүүдээс хамгийн дурсамжтай нь тус тэмцээн, тэр гоол. Тэгэхэд Монголын шигшээ багийнхан ДАШТ-ий урьдчилсан шатанд анх удаа тэнцэн, нэг оноо авсан юм.

-Танд бөмбөг дамжуулах үед шууд довтлох уу, эсвэл бусад руугаа дамжуулах уу гэж эргэлзсэн үү?

-Мэдээж тухайн үед яах вэ гэж бодсоон. Гэхдээ дамжуулахаасаа илүү яаж довтлох вэ гэж бодсон юм уу даа. Шууд мөргөх гэхээр бөмбөг хүч султай оччих гээд болдоггүй. Тэгэхээр нь бөмбөгөө зөөлхөн буулгаад, шууд гуядсан. Бөмбөгний эргэлт их эвтэйхэн таарсан л даа, довтлоход. ДАШТ-ий урьдчилсан шатанд гоол оруулснаа үргэлж дурсах дуртай. Тус тэмцээнд Монголын шигшээ багийнхан өрсөлдөхөд сурвалжлагчаар “Таван цагариг”-ийн Ц.Энхтүвшин явсан юм. Түвшээ хөлбөмбөг тоглодог байсан, авьяастай.

1991 ОНД УАШТ-д ӨРСӨЛДӨХДӨӨ АРХАНГАЙ АЙМГИЙН БАГИЙН ЭСРЭГ 12 ГООЛ ОРУУЛСАН

-Гавьяат нэг тоглолтод хамгийн олондоо хэдэн гоол оруулж байв?

-1991 онд УАШТ-д өрсөлдөхдөө Архангай аймгийн багийн эсрэг тоглоод 12 гоол оруулсан. Саяхан би нэг статистик харлаа. Лав 1995 онд таван тэмцээний дөрөвт нь оролцоод 32 гоол оруулсан байна лээ. Тэгэхээр жилд дунджаар 30 гаруй гоол оруулдаг байж.

-Мэргэжлийн хөлбөмбөгчин болох, гадаадын лигт тоглох боломж танд байсан уу?

-Надад гадаадын ямар нэгэн клубээс санал ирж байгаагүй. Ер нь надад мэргэжлийн хөлбөмбөгчин болох боломж байсан, бусад орныхноос дутахгүйгээ “Челси”-д ажиллаж байхдаа мэдэрсэн. Ер нь өнөөгийн хөлбөмбөгчдөд их боломж бий. Хамгийн гол нь бүхнээ дайчилж, уйгагүй хөдөлмөрлөх хэрэгтэй. Үүнийг “Пушкаш”-т шуугиулж буй Ганбаярын амжилтаас бэлхнээ харж болно.

МЭРГЭЖЛЭЭРЭЭ ХОЁРХОН ЖИЛ АЖИЛЛАСАН

-Та ОХУ-ын политехникийн дээд сургуулийг 1995 онд төгссөн. Ер нь мэргэжлээрээ ажилласан уу?

-Яг мэргэжлээрээ хоёр жилийн өмнө хоёрхон жил ажилласан юм байна, “Оюу толгой”-н төсөл дээр. ОХУ-д дээд сургууль төгссөнийхөө дараа Цахилгаан станцын зуухны өргөтгөлд хоёр жил ажилласан. Тэгж байхад 1998 онд Монголын хөлбөмбөгийн холбооныхон намайг урьсан юм. МХБХ-нд ажиллаж байгаад боловсролдоо анхаарахын тулд Английг зорьж, тэнд 2011 он хүртэл 10 жил амьдарсан. Тэнд байхдаа сурахын хажуугаар “Челси” клубийн хөлбөмбөгийн академийн хүүхдийн ангийн хангамжийн ажилтны алба хашиж байлаа. Би тус байгууллагад хоёр жил ажилласан. Монголынхоо тэмцээнд Англиас ирээд оролцдог байв. Дээд лигээс 2002 онд мөнгө, 2004 онд алтан медаль авахдаа “Хангарьд” багийн бүрэлдэхүүнд хүчин зүтгэсэн. Тэгж яваад дээд лигт 2009 онд түрүүлж, 2011 онд дэд аварга болохдоо “Унаганууд” багт тоглосон. Ер нь тэгж дээд лигт 2011 онд 40 настайдаа өрсөлдөөд зодог тайлсан юм. Одоо би ахмадын тэмцээнд үргэлж тоглож байгаа, “Оюутан” багийнхаа бүрэлдэхүүнд. 2011 онд Монголдоо ирснийхээ дараа мэргэжлээрээ хоёр жил ажилласан гэж түрүүн хэлсэн. Тэгж байгаад 2015 онд Монголын хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдон, дөрвөн жил ажиллалаа.

-МХБХ-ны их хурал энэ жил болж, ерөнхийлөгчөөр А.Ганбаатар улиран сонгогдсон. Та яагаад дахиж өрсөлдөөгүй юм бэ?

-Гадаадаас ирсэн техникийн захиралтай хамт ажиллан, туршлага хуримтлуулах, залгамж халаагаа бэлтгэхийн тулд нэр дэвшээгүй. Би одоо МХБХ-ны Хүүхдийн хөгжил, “Элит” академийг хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна.

МОНГОЛЫН ҮЕ ҮЕИЙН ХӨЛБӨМБӨГЧИД, ЭЛ СПОРТЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЖ ЯВАА ЭРХМҮҮДИЙГ ТӨЛӨӨЛӨӨД НАМАЙГ ШАГНАСАН ЮМ ШҮҮ

-Та энэ жил улсын наадмын өмнө Монголын хөлбөмбөгийн спортоос мэндэлсэн анхны гавьяат тамирчин болсон. Ер нь Гавьяат цолоор энгэрээ мялаахсан гэх хүлээлт танд байсан уу?

-Үнэнийг хэлэхэд нэг их айхтар хүлээлт байгаагүй ээ. “Багийн тэр тусмаа хөлбөмбөгийн спортыг дэмжээд манай тамирчдын нэгийг нь Гавьяат тамирчин цолоор шагнахгүй юм байх даа. Тэгвэл бусдад нь их урам өгнө” гэж л боддог байлаа. Түүнээс биш намайг шагнана гэж бодоогүй ээ. Ойр дотны хүмүүс, Соёлын гавьяат зүтгэлтэн Ото ах (Ж.Отгонцагаан) “Бумаа маань ард түмний гавьяат тамирчин” гэдэг байсан. Наадмын өмнө Швейцараас ирсэн ахмадын багтай нөхөрсөг тоглолт хийсэн юм. Тэдэнтэй тэнцчихээд гар утсаа харах нь ээ зөндөө олон дуудлага ирчихэж. Тэгж байтал Ерөнхийлөгчийн тамгын газраас дахиад залган “Монголын хөлбөмбөгийн спортын анхны Гавьяат тамирчин болсонд тань баяр хүргэе. Долоодугаар сарын 08-ны 11 цаг 40 минутад Төрийн ордонд бэлэн байгаарай” гэсэн. Бөөн баяр бололгүй яах вэ. Баярт мэдээгээ хамгийн түрүүнд гэр бүлийнхэндээ, аавдаа, Батсайхан багшдаа, найз нартаа хэлсэн. Гавьяат тамирчин цолоор энгэрээ мялаагаад Төрийн ордноос гарч ирэхдээ үе үеийн хөлбөмбөгчдөөрөө, хөлбөмбөгийн спортоор хичээллэснээрээ үнэхээр бахархсан.

Монгол Улсад хөлбөмбөгийн спорт өндөр түвшинд хөгжиж, тамирчдын амжилт ахиж байгаа. Манай улсын үеийн хөлбөмбөгчид, эл спортын төлөө сэтгэл зүрхээ зориулж яваа зүтгэлтнүүдийг төлөөлөөд намайг шагнасан юм шүү. Монгол Улсад хөлбөмбөгийн спорт үүсэж, хөгжсөний 60 жилийн ой тохиож буй жил Гавьяат болсондоо бэлгэшээж байна.

ХОЁР ХҮҮ МИНЬ ХӨЛБӨМБӨГТ ҮНЭХЭЭР ДУРТАЙ, ХОЁУЛАА ХИЧЭЭЛЛЭДЭГ

-Та хэдэн хүүхэдтэй билээ. Хөлбөмбөгөөр хичээллэн, аавынхаа үргэлжлэл болж яваа хүүхэд бий юү?

-Би хоёр хүүтэй, хоёулаа хөлбөмбөгийн спортод үнэхээр дуртай. Хоёулаа хөлбөмбөгөөр хичээллэдэг, “Челси” клубийг дэмждэг. Том хүү Ууганбаяр минь АНУ-д сурдаг, хичээлийнхээ хажуугаар Монголынхоо лигт тоглодог. Бага хүү минь 16 настай, “Хараацай” клубт хүчин зүтгэдэг.

-Б.Буман-Учрал гавьяатыг спортын хүрээнийхэн “Бум хурандаа” гэдэг. Яагаад тэгж дуудах болсон юм бэ?

-Дээхнэ үед Бум хурандаа гэж олонд хүндлэгдсэн Г.Бумцэнд гэдэг хурандаа байсан юм билээ. Тэгээд л намайг ингэж дуудах болсон байх. Яг яагаад ингэж дуудах болсныг би мартчихаж. Нэг л мэдэх нь ээ хүмүүс намайг “Бум хурандаа” гэх болсон. 1990-ээд оны сүүлчээс хойш өнөөг хүртэл ингэж дуудуулж явна.

ӨНӨӨГИЙН ХӨЛБӨМБӨГЧДӨӨР ҮНЭХЭЭР БАХАРХДАГ, СЭТГЭЛ ХАНГАЛУУН ЯВДАГ

-Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийнхан ДАШТ-ий хоёрдугаар шатанд өрсөлдөж байна. Ер нь улсынхаа хөлбөмбөгчдийн амжилт, ур чадварыг та хэрхэн дүгнэдэг вэ?

-Би сэтгэл хангалуун явдаг. Залуучуудаараа үнэхээр бахархдаг. Үүнээс илүү яах вэ дээ. Монголын өнөөгийн хөлбөмбөгчдөд их сайхан ирээдүй байна, олон сайн тамирчин бэлтгэгдэн, торнисоор байгаа. Манайхан ДАШТ-ий эхний шатыг даваад, саяхан Японтой өрсөлдлөө, энэ бол яах аргагүй том амжилт. Азидаа шилдэгт тооцогддог Японы багтай өрсөлдөхийг хараад шигшээгийнхээ залуусаар их бахархсан. Япончууд гуравдугаар сард Монголд тоглоно. Монголын хөлбөмбөгийн спорт ямар ч байсан нэг шат ахилаа. Одоо тэгээд бүр сайхан болно гэдэгт итгэлтэй явдаг. Монголын үе үеийн хөлбөмбөгчид, зүтгэлтнүүддээ, МХБХ-ны хамт олондоо, монгол түмэндээ манай улсад хөлбөмбөгийн спорт үүсэж, хөгжсөний 60 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Б.БУЯНДАЛАЙ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button