
Коронавирусийн халдварын тархалт ихэсч байгаатай холбогдуулан Японы Засгийн газар онцгой дэглэм тогтоосон. Энэ удаад дахин найман мужид онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргалаа. Эдийн Засгийг Сэргээх сайд Нишимүра Ясүтоши өнөөдөр лхагва гараг /2021.08.25/-т шинжээчдийн комиссын хуралдаан дээр мэдэгдсэн байна.
Сайдын хэлснээр, онцгой дэглэмийг Айчи, Гифү, Миэ, Мияги, Окаяма, Шига, Хирошима, Хоккайдо мужид тогтоохоор болжээ. Хязгаарлалтыг наймдугаар сарын 27-ноос эхлэн хүчин төгөлдөр мөрдөж эхлэх бөгөөд есдүгээр сарын 12 хүртэл үргэлжлэх аж.
Одоогийн байдлаар оцгой дэглэмийг Токио, Оосака, Киото, Окинава зэрэг Японы өөр 13 бүс нутагт хэрэгжүүлж байгаа юм. Тиймээс, энэ удаагийн хязгаарлалт Японы 47 мужаас ийнхүү 21 нь хамрагдахаар боллоо.
“Эдгээр найман мужийн хувьд коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа тул бид онцгой байдлын дэглэм хэрэгжиж буй нутаг дэвсгэрт мөн хамруулахаар шийдлээ. Түүнчлэн, эмнэлгийн орны эзлэх хувь өндөр, эрүүл мэндийн системд асар их ачаалал өгч байна” гэж Нишимүра хэлэв. Энэхүү шийдвэрийг халдварын тархалттай тэмцэх Засгийн газрын штабын өдрийн хуралдаанаар авч хэлэлцэн албан ёсоор батлах юм байна.
Эрх баригчид онцгой дэглэм гэхээсээ илүүтэй коронавирусийн эсрэг хавьгүй сайжруулсан арга хэмжээг өргөжүүлэх бодолтой байгаа аж. Ийм дэглэм хамарч байгаа мужуудын тоо найм байсан бол энэ удаад ийнхүү 12 болж нэмэгдэх юм. Аль аль дэглэм нь хоолны газруудыг оройн 20:00 цагаас өмнө хааж, архи согтууруулах ундааных нь худалдааг хязгаарлахаар болж байгаа юм. Компаниуд ажилчдынхаа 70 хүртэлх хувийг алсын зайнаас ажиллахыг уриалж байгаа аж.
(Эх сурвалж: tass)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.