СПОРТСурвалжилга, Нийтлэл

Допинг тойрсон хардлагыг арилгах ХОЁР АРГА

Монголчуудын шүдний өвчин болоод буй асуудал бол бөхийн допинг. Үндэсний их баяр наадмаар зодоглож, амжилттай барилдсан бөхчүүдийг цолныхоо найрыг тэмдэглэснээс нь өчнөөн сарын дараа шинжилгээнийх нь хариу ирдэг. Допинг илэрсэн бөхчүүдийн нэрийг зарласны дараа хүндлэгдэн шагшигдаж байсан нэгэн хөлийн гишгүүр болтлоо нулимуулдаг. Цолных нь найрт очсон хүмүүс өгсөн бэлэг сэлтээ буцаагаад авалтай нь биш хэрүүлийн тоосон дунд хэдэн сар "өнждөг".

Энэ жил ч мөн ялгаагүй. Наадам болоод нэг сар өнгөрч байхад бөхчүүдийн шинжилгээний хариу ирээгүй л байна. БНСУ-ын лаборатори дараалал ихтэй учраас гэх тайлбарыг холбогдох албаныхан өгсөөр. Харин нөгөө талд манай улс үнэ төлбөргүй шинжилгээ хийлгэх гэж хүлээлгэд ордог тул ийн уддаг гэх мэдээлэл өгч буй хүмүүс ч байна.

Уг нь жил болгон наадмын төсөвт допингийн зардал гэж тусгадаг ч эл мөнгийг яг юунд зарцуулдгаа, БНСУ-ын лабораторид төлбөр гэж хэдийг шилжүүлдгээ тайлагнадаггүй. Энэ мэт явдал чирэгдэл ихтэйн хар гайгаар допингийн шинжилгээний хариуд бөхчүүд болон иргэдийн итгэл ч алдарсаар. Иймд бид допинг тойрсон хардлагыг арилгах хоёр арга байгааг энэ удаа онцлон хөндөж байна.

НЭГ. МОНГОЛДОО ЛАБОРАТОРИ БАЙГУУЛЖ БОЛОХГҮЙ ГЭЖ ҮҮ?

-Үндэсний их баяр наадамд зодоглосон бөхчүүдийнхээ сорьцыг яагаад заавал гадаад руу явуулах ёстой гэж. Монголдоо лаборатори байгуулж болох юм биш үү. Лаборатори байгуулчихвал цаг хугацааны хувьд ч хэмнэлттэй. Хоёрдугаарт их мөнгө гадагшаа урсахгүй.

Манай улс дан ганц бөхчүүдийн сорьц биш харваачдын сорьцыг ч шинжлүүлэхээр БНСУ руу илгээдэг. Энэ жилийн тухайд дөрөв давсан 64 бөх болон үндэсний сурын харвааны эрэгтэй, эмэгтэй тус бүр эхний найман байр гээд 16 харваачийн сорьцыг илгээсэн байгаа юм. Нэг сорьцыг хэдээр шинжлүүлдэг тухай Допингийн эсрэг үндэсний төв, Монголын үндэсний бөхийн холбоо, Засгийн газар, Үндэсний бөхийн салбар хороо зэргээс тодруулахад үнийг дүнг хэлэхгүй бүгд л "зугтааж" байх юм. Спортын төрөлжсөн мэдээ, мэдээлэл бэлтгэдэг олон улсын сайтуудад дурдсанаар, ДДЭА /WADA/-ийн итгэмжлэгдсэн лабораториуд UFC зэрэг баян холбоодтой нэг сорьцыг 2000-2500 ам.доллараар шинжлэхээр гэрээлдэг бол нийтийн марафон гэх мэт төсөв багатай байгууллагуудад 500 ам.доллар санал болгодог аж. Дээж авах, тээвэрлэх, шинжлэх, хадгалах зэрэг бүх л үйл явц нь нарийн горим, орчин нөхцөл шаарддаг өртөг өндөртэй нарийн ажил гэдгийг энд заавал хэлэх ёстой. Гэсэн ч манайх сүүлийнхэд нь буюу 500 орчим ам.доллараар шинжлүүлдэг хэсэгт хамаарах магадлал өндөр. Өчигдрийн /2022.08.10/ ам.долларын ханшаар тооцоолоод үзэхээр энэ нь монгол мөнгөөр 1,589,500 болж байна. Үүнээс манай улс 80 сорьцыг 127,160,000-аар шинжлүүлж буй гэх махчилсан тооцоолол хийж болох нь.

Нэг жилд сорьц шинжлүүлэхэд ийм хэмжээний мөнгө улсын төсвөөс гардаг гэж бодоод, дахин нэг тооцоолол хийгээд үзье л дээ!

Манай улс 2002 оноос бөхчүүдийн сорьцыг шинжлүүлэхээр гадагш нь илгээж буй талаар холбогдох албаны хүн хэлж буй. Тэгэхээр 2002 оноос хойш 20 жилийн хугацаанд 2,543,200,000 төгрөгийг допингийн шинжилгээнд "үржээ". Энэ бол зөвхөн олон улсын хамгийн бага жишгээр бодсон дүн бөгөөд бодит байдал дээр үүнээс 2-4 дахин өндөр гарахыг үгүйсгэхгүй. Цаашид ч жил бүр допингийн шинжилгээнд улсын төсвөөс мөнгө "цацна". Гадагш нь ийм их мөнгө урсгаж байхаар монголдоо лаборатори барьчихвал зүгээр юм биш үү.

Албаны эх сурвалжууд бүгд мэдээлэл өгөхөөс татгалзсан учир ингэж таамаг дэвшүүлэхэд хүрсэн болохыг уншигчид ойлгох буй за. Зардлаа нууцална гэдэг өөрөө хардлага үүсгэх хангалттай шалтгаан мөн.

Жижиг айдсын цаана бэлэг ч байж мэдэх юм

ДДЭА лабораторийг байгуулсан ч жилд доод тал нь 3000 тамирчнаас допингийн шинжилгээ авах шаардлага тавьдаг, энэ шалгуурыг нь манай улс биелүүлж чадахгүй гэдэг мэдээлэл бий. Гэхдээ эл шаардлагыг хангалттай л биелүүлж чадахаар санагдах юм. Жилд улсын баяр наадмаас гадна өчнөөн л наадам болдог. Тэдгээрт зодоглож буй бүх бөхчүүдээс шинжилгээ авч болно. Шинжилгээний зардлын тодорхой хувийг нь өөрөөр нь төлүүлэх системтэй байж ч болно. Мөн нөгөөтэйгүүр Азийн бусад орнуудаас ч тамирчдын сорьц авч шинжилж болох юм. WADA буюу Олон улсын допингийн эсрэг агентлагийн итгэмжлэгдсэн 29 лабораторийн жагсаалтаас ОХУ-ын РУСАДА хасагдсан байна. Энэ нь манайх лабораторитой болчихвол ОХУ-ын ойр мужуудтай хамтарч ажиллах боломжтой гэдгийг илтгэнэ.

Допингтой тэмцэх ажил нь спортыг цэвэр шударга өрсөлдөөн хэвээр байлгах гэсэн ариун зорилготой боловч басхүү цаанаа их мөнгө эргэлддэг том бизнес юм. Дэлхийн хэмжээнд 300 саяас 1 тэрбум ам.доллар эргэлддэг гэсэн багцаа тоо бий. Лабораторио байгуулж чадвал эдийн засгийн хувьд ашигтай ажиллах боломж бий. Асар нарийн шинжилгээнүүдийг хийдэг учир боловсон хүчний чадвар болон шинжлэх ухааны хөгжлийн түвшин эрс ахих болно гэдгийг баталгаатай хэлж чадна.

ХОЁР. СОРЬЦ ШИНЖЛҮҮЛДЭГ УЛСАА СОЛЬЖ БОЛОХГҮЙ ГЭЖ ҮҮ?

Допингийн шинжилгээний хариу удаж байх завсар хардаж сэрдсэн олон яриа гардаг. Тэдгээрийн дотор "Манай Допингийн агентлаг БНСУ-ын лаборатори олон жил хамтарч байгаа, хоорондоо тохироотой байж мэднэ" гэсэн хардлага нэлээд жин дардаг. Яг тийм гэсэн баталгаа байхгүй, гэхдээ олон хардлагын нэгийг ч гэсэн үгүй болгох боломж Монголын Допингийн эсрэг үндэсний төвд байна. Шинээр лаборатори байгуулахыг бодвол "Өнөөдрийн уушги" ч гэсэн илүү хурдан гэдгээрээ давуу талтай энэ арга бол дээж шинжлүүлэх лабораторийг жил бүр өөрчилж байх явдал юм. Цэрэг цагдаа, эмнэлгийн ажилчдыг тодорхой хугацаанд /3-5 жил орчим/ ажиллуулаад буурийг нь сэлгэдэг нь нэг газраа олон жил болбол "догширч", авлига хээл хахууль цэцэглүүлдэгтэй нэг талаар холбоотой. Допингийн шинжилгээг ч энэ маягаар жил бүр өөр газар шинжлүүлж болно. ДДЭА-аас итгэмжилсэн 29 лаборатори дотор Ази тивээс Япон, БНСУ, БНХАУ, Тайланд, Катар, Энэтхэг гэсэн таван улсын лаборатори байна. Манай улстай шууд нислэгтэй Туркт ч лаборатори байна. Олон жилийн гэрээ байхгүй учраас үнэ өртөг өндөр л гарах байх. Гэхдээ эхний ээлжинд БНСУ-ын лабораториос ямартай ч больё, өөр газар шинжлүүлье гэсэн санаа юм. Энэ журмыг нэвтрүүлж чадвал хардлага сэрдлэг бага ч гэсэн намжих нь тодорхой.

СЭТГҮҮЛЧ: Э.БУЛГАН, Х.БАТСАЙХАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 11, 2022 09:03

Ёстой зөв санаа дэвшүүлжээ

Hurelee
Hurelee
8 сар 11, 2022 10:54

Buhund tsol chimeg uguhgui baibal yasiin.shubgiin durubt uldsen buhunduu alt,mungu,hurel medalaa uguud bai shagnalaa dabhar garduulaad.Hurdan morinii uyachid bas adil tsol chimeg hereggui sanagddag.

зочин..
зочин..
8 сар 11, 2022 18:03

Монголдоо лаброторийг нь байгуулах нь маш зөв,�##�ийн болгон хүний царай харж суух билээ дээ.

Зочин
Зочин
8 сар 12, 2022 10:10

монголд бол хахууль өгөөд л бүгд ок.

Зочин
Зочин
8 сар 12, 2022 10:11

Мөнгөгүй нь допингтай ккк

Зочин
Зочин
8 сар 12, 2022 16:01

Зөв санаа байна. Дэмжиж байна.

Гумбаа
Гумбаа
8 сар 13, 2022 12:25

Энэ эмч нар яагаад дуугай бнаа . Манай орон том том хаг�##�гаа хийж чаддаг болоод удаж бна нөхөдөө. Энгийнээр бодоод үз. Тэр хаг�##�гаануудыг цусны нарийн шинжилгээндээр үндэслэж хийнэ биз аан. Тэгэхээр допинг мэтийн шинжилгээ юу вэ ? Сүржигнээд бх юм . Бөхчүүд будилуулах гэсэн үүднээс гадаадад шинжилгээ явуулж бгаа гэж ойлгодог . Сайхан наадмаар бна шүү

Холбоотой мэдээ

Back to top button