Нийгэм мэдээЭРҮҮЛ МЭНД

Өнөөдөр сүрьеэгийн эсрэг өдөр: Монголд гурван хүн тутмын нэг нь өвчилжээ

Жил бүрийн гуравдугаар сарын 24-ний өдрийг Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жилийн хувьд "Тийм ээ. Бид сүрьеэ өвчнийг устгаж чадна" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм.

Уг өвчин нь дэлхий даяар хамгийн олон хүнийг хамардаг өвчлөлийн нэг. Тодруулбал, дэлхийн дөрвөн хүн тутмын нэг нь сүрьеэгийн халдвар авсан гэж үздэг билээ. Тэр тусмаа цар тахлаас хойш дэлхийн нас баралтын голлох шалтгааны хоёрдугаарт сүрьеэ өвчин эрэмбэлэгддэг байна.

Манай улс өвчлөл өндөртэй орнуудын тоонд ордог. Улсын хэмжээнд 2022 оны байдлаар сүрьеэгийн 2354 шинэ тохиолдлыг бүртгэжээ. Үүний 174 буюу 7.4 хувийг нь хүүхдүүд эзэлдэг байна. Уг өвчнөөр өвчлөгсдийн 60 хувийг 15-44 насныхан эзэлдэг юм. Салбарын мэргэжилтнүүдийн судалгаагаар манай улсад гурван хүн тутмын нэг нь сүрьеэгийн халдвар авжээ.

Уг өвчин нь эдгэдэг өвчин. Манай улсад эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчнийг хоёр жил хүртэлх хугацаанд эмчилдэг байсан бол одоо есөн сарын хугацаанд эмчилдэг болжээ. Мөн эмчилгээндээ тарилгагүй горимыг нэвтрүүлсэн байдаг. Манай улс сүрьеэгийн эмчилгээний үзүүлэлтээр дэлхийн дундаж болон өвчлөл өндөртэй орнуудтай харьцуулахад дээгүүр жагсдаг юм. Тодруулбал, эмчилгээний амжилтын үзүүлэлт нь 90 хувьтай байдаг ажээ.

-Сүрьеэ өвчний талаар-

Сүрьеэ гэдэг нь сүрьеэгийн савханцар хэмээх жижиг нянгаар үүсгэгддэг халдварт өвчин юм. Энэ нян нь ихэвчлэн уушгийг сонгомлоор гэмтээх боловч бөөр, тархи нугас, булчирхай, яс гэх мэт хүний биеийн бусад эрхтнүүдийг ч өвчлүүлдэг байна.

Хүн сүрьеэ өвчин туссанаа мэдээгүй үедээ ханиах, найтааж ярихдаа их хэмжээний нянг агаарт цацаж байдаг ажээ. Тиймээс агаараар дамжин бусад хүмүүс халдвар авдаг байна. Гэвч сүрьеэгийн халдвар авсан хүн бүр өвчилдөггүй ажээ.

Учир нь хүний биеийн дархлааны эсүүд сүрьеэгийн нянг дарангуйлж, унтаа хэлбэрт оруулдаг тул хүн бүхэн өвчилдөггүй гэсэн үг. Харин дархлаа муудах, сульдах, хоол тэжээлийн дутагдалтай байвал сүрьеэгийн нянг дарангуйлж чадаагүйн улмаас өвдөх тохиолдол байдаг аж.

Мөн манай улсад бүртгэсэн сүрьеэгийн тохиолдлуудын 40 хувийг уушгины бус сүрьеэ эзэлж байна. Энэ нь бусдад халдвар тараах эсрдэлийн хувьд бага гэсэн үг юм. Уг төрлийн сүрьеэнд булчирхайн, цээжний гялтангийн болон ясны сүрьеэ тэргүүлэх байрыг эзэлжээ.

Харин үлдсэн 60 хувийг нь уушгины сүрьеэ эзэлдэг ажээ. Үүний 75 хувь нь халдвартай, үлдсэн нь халдваргүй хэлбэрийн сүрьеэ аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button