Йоханнесбург хотод барилга шатсаны улмаас 74 хүн нас баржээ
Өмнөд Африк улсын нийслэл Йоханнесбургт барилга шатсаны улмаас 74 хүн нас барсан талаар эх сурвалжууд мэдээлжээ. Гал гарсан барилга олон жилийн өмнө хаягдсан тул дотор нь орон гэргүй хүмүүс амьдардаг байсан аж.
Галаас хүүхдүүдээ аврахын тулд барилга дотор байсан хүмүүс гадаа зогсож буй хүмүүс рүү хүүхдүүдээ цонхоор шидэж байсан тухай гэрчүүд ярьжээ. Нас барсан хүмүүсийн 12 нь хүүхдүүд байсан бол тэдний хамгийн бага нь 1 настай балчир байсан юм. Галын улмаас 50 гаруй хүн бэртэн эмнэлэгт хүргэгдсэнээс зургаан хүний биеийн байдал хүнд байгааг албаны хүмүүс мэдэгджээ.

Йоханнесбургийн Онцгой байдлын албаны хэвлэлийн төлөөлөгч Роберт Мулаудзи хэлэхдээ "20 гаруй жил ажиллахдаа би ийм зүйлтэй таарч байгаагүй" гэсэн байна. Одоогоор мэргэжилтнүүд галын шалтгааныг тогтоогоогүй байгаа.
Гэхдээ орон нутгийн засаг захиргааны ажилтан Мгчини Тшваку хэлэхдээ, анхан шатны баримтуудаас харвал гал лааны дөлөөс эхэлсэн байх магадлалтай гэжээ. Тус хаягдсан барилгад орогнодог байсан хүмүүс орой болоход лаа асааж орчноо гэрэлтүүлдэг гэж Тшваку нэмж хэлсэн юм.
Эх сурвалж: AP News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.